Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

         Улсын яллагч Б.Батцоож

          Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

          Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136000720131 дугаартай,178/2022/0143/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч  мэргэжилтэй, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт аврагч,гал сөнөөгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын  хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 9-12 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулж буй “Итгэл” баарны гадна 2022 оны 03 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хохирогч С.*******ийн цээжин тус газарт нь гараараа түлхэж газарт унагасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 30-ны орой манай ажлын газрын , , , бид нар эмч нарын баяр тэмдэглээд Итгэл бааранд уулзаж 2 шил архи аваад суусан. Нэг шил архиа уугаад дуусч байхад , нар гэр лүүгээ явсан. , бид гурав үлдээд 1 шил архиа ууж байтал баар хаах цаг болоод бид гурав баарнаас гарсан. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна, нэг мэдсэн эмнэлэг дээр ухаан орсон.Бааранд намайг зодож цохисон хүн байхгүй, Онцгой байдлын газарт ажилладаг ******* гэдэг залуу миний цээж рүү түлхсэнээс би газарт унасан гэдгийг надтай хамт байсан хүмүүс болон манай эхнэр хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаартай ...С.*******ийн биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай болон дагзны хэсэгт субдурал / хатуу хальсан доорх/ баруун талын дух, зулайн хэсэгт эпидурал / хатуу хальсан дээрх/ их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт эпидурал болон субдурал, чамархайн хэсэгт субдурал цус хуралт, цээж болон баруун талын тохойнд тус бүр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.*******ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 27-28-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай ...С.*******ийн биед учирсан их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай болон дагзны хэсэгт субдурал буюу хатуу хальсан доорх цус харвалт,  баруун талын дух, зулайн хэсэгт эпидурал буюу хатуу хальсан дээрх цус харвалт,  их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цус харвалт,чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь шинжээч эмч,Цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гаргасан №298 дугаартай дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 35-36-р хуудас/

Шүүгдэгч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Итгэл бааранд сууж байгаад 00 цагийн үед баарнаас гараад харих гэж байтал ахтай нэг залуу маргаад байхаар нь очоод “ больцгоо” гээд тэр хүний цээж хэсэг рүү санамсаргүй түлхтэл газарт уначихсан.Тэгтэл нэг хүн “наад хүн чинь бие муутай хүн, урьд нь харваж байсан хүн шүү эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй” гэхээр нь би сандраад тэр хүнийг нэг хүнтэй өргөж машинд суулгах гэж байтал цагдаагийн машин ирээд С.*******ийг эмнэлэг рүү аваад явсан.Хохирогчид эм тарианы мөнгө болох 650000 төгрөг төлсөн, цаашид нэхэмжилсэн бодит хохирлыг төлнө... гэх мэдүүлэг / хэргийн 94-95-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 108-110-р хуудас/

СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 111-р хуудас/

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...,******* бид гурав бааранд архи ууж байгаад баар хаахаар гадаа гараад иртэл гадаа Онцгой байдлын газарт ажилладаг зогсож байхаар нь уулзаад юм ярьж байгаад тамхи асаах гэж байтал гэнэт “******* уначихлаа. Битгий ойртоорой” гэж хашгирахаар нь эргээд хартал Итгэл баарны гадна цементэн дээр ******* дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд байж байтал эмнэлэг, цагдаа ирээд *******ийг аваад явсан. бид хоёр такси бариад эмнэлэг дээр очсон... гэх мэдүүлэг / хэргийн 116-117-р хуудас/

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би тамхи татаад зогсож байтал нэг хүн “ битгий ойртоорой” гэж хашгирахаар нь эргээд иртэл нэг хүн баарны гадна цементэн дээр дээшээ хараад уначихсан байхаар нь би Даштай очоод  босгох гэтэл тэр хүн хурхирч байсан.Тэгтэл нэг хүн утсаараа бичлэг хийгээд “ битгий ойртоорой, цагдаа эмнэлэг дуудсан байгаа” гэж байтал эмнэлэг цагдаагийн машин ирээд *******ыг аваад явсан... гэх мэдүүлэг/ хэргийн 119-120-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... шөнийн 01 цагийн үед С.******* их согтолттой ирсэн. Ухаантай, ухаангүйг мэдэх боломжгүй унтаа байдалтай хурхирч байсан.Биед нь үзлэг хийхэд ил харагдах шарх сорвигүй, их цус алдсан зүйлгүй,хүнд ноцтой гэмтлийн шинж бүдэг илэрнэ. Асуултанд хариулах боломжгүй байсан...гэх мэдүүлэг / хэргийн 112-113-р хуудас/зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны орой ажлын газрын хүмүүстэйгээ ”Итгэл” бааранд сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ баарны гадна түүнтэй хамт явж байсан тэй маргалдаж байсан С.*******ийг цээж хэсэг рүү нь түлхэж цементэн талбай  дээр  унагаснаар С.*******ийн биед хүнд гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******ийн цээж рүү түлхэхэд согтолттой байсан хүн унаж гэмтэл авах боломжтой гэдгийг мэдэх боломжтой байсан бөгөөд шүүгдэгч М.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.

Шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 298 дугаартай шинжээчийн дүгнэлт, нэмэлтээр хийгдсэн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Хохирогч С.*******  “...М.******* нь миний эмчилгээ, эм тарианы үнэ болон зардлыг төлж барагдуулсан...” гэх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 99-р хуудас/  тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч Т.Балжиннямын өгсөн...М.******* нь эцэг эхээс зургуулаа, айлын 4 дэх хүүхэд. Аливаа юманд буурь суурьтай ханддаг, хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан ааш нь өөрчлөгдөөд байдаггүй.2016 онд Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд аврагч, гал сөнөөгч мэргэжлээр суралцаж төгссөн.Аав ээж нь ******* суманд амьдардаг, өөрөө дүүтэйгээ аймгийн төвд амьдардаг... гэх мэдүүлэг /хэргийн 113-114-р тал/

Гэрч Б.Даваажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.******* нь тусдаа гараагүй,аймгийн төвд дүүгийнхээ хамт амьдардаг, Онцгой байдлын газарт аврагч гал сөнөөгчөөр ажилладаг... гэх мэдүүлэг /хэргийн 117-р хуудас/, М.*******ын байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, болон хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,тус хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч М.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие нь хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх санал, тайлбар,

Шүүхээс: Шүүгдэгч М.*******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн сэдэл зорилго, хохирогчид учруулсан гэмтэл, хор уршиг, хохирол төлбөр төлсөн байдал болон улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, хувийн байдлуудыг харгалзан үзлээ.

 Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 10000000 төгрөгийг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д тайлбарлаж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 / арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 10000000 төгрөгийг шүүгдэгч М.*******аар 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******д  тайлбарласугай.

5.Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.ГАНТӨГС