Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/148

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа,

 улсын яллагч Э.Ууганзаяа

 шүүгдэгч Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  ******* ургийн овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036000250108 дугаартай, 178/2021/0137/Э/ индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцээд

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бул 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум, багийн ******* тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* ургийн овогт *******ын *******, регистрийн дугаар ПП*******,

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б. ******* нь " мебель" ХХК-ны Ховд аймаг дахь салбар дэлгүүрт жирэмсний амралттай байсан нягтлан бодогч *******гийн оронд түр ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө буюу дэлгүүрийн 103 нэр төрлийн мебель барааг хувьдаа завшиж хохирогч мебель ХХК-нд 38.950.000 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11-20 хуудас/,

- Эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-107-169 хуудас/,

 - Дансны хуулганд узлэг хийсэн тэмдэглэл /хх-170-171 хуудас/, Мебель ХХК-ны Ховд аймаг дахь салбар дэлгүүрт үзлэг хийсэн  тэмдэглэл /хх-172-176 хуудас/, -

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мебель ХХК-ны Ховд аймаг дахь салбар дэлгүүрт Мебель ХХК-ны агуулахын ажилтан болох Мягмар хүргэлтийн угсрагч нарын хамт ирж Ховд аймаг дахь гэрээт салбарын эрхлэгч Д. бас 2 хүргэлтийн ажилтан нарын хамт тооллого хийсэн. Уг тооллогоор Ховд аймаг дахь салбар дэлгүүрээс 110 ширхэг 38.798.000 төгрөгийн бараа дутсан уг барааг Улаанбаатар хотын үнээр бодож гаргасан. Тухайн үед Ховд аймаг дахь гэрээт салбарын худалдааны зөвлөх Б.******* ковид туссан байсан учраас ажилдаа ирээгүй байсан юм. Тухайн тооллогын дараа би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт ирж тус салбарын эрхлэгч, худалдааны зөвлөх нарыг оролцуулан тооллого хийхэд 103 төрлийн 38.950.000 төгрөгийн бараа дутсан юм. Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр тус салбарын эрхлэгч Д. худалдааны зөвлөх Б.******* Улаанбаатар хот дахь салбарын агуулахын ажилтан , хүргэлтийн ажилтан нарын хамт тооллого хийсэн юм...манай компаний ажилтан алба хаагч нар өөрийн хувийн дансаар худалдан авагчаар зарагдсан бараа бүтээгдэхүүний мөнгийг шилжүүлэн авах ёсгүй байдаг. Харин худалдан авагчийн бэлнээр өгсөн бараа бүтээгдэхүүний төлбөрийг манай ажилтан худалдааны зөвлөх нар өөрийн данс руу хийж байгаад компаний данс руу дараа өдрийн 12 цагаас өмнө шилжүүлэх тохиолдол байдаг юм. Б.******* Мебель ХХК-нд учруулсан хохиролоо барагдуулчихвал өөр санал хүсэлт, гомдол байхгүй байна." гэх мэдүүлэг /хх- 34-38 хуудас/,

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн мебель ХХК-ний худалдааны зөвлөх Дарьсүрэгийн байгууллагад учруулсан хохирлыг тодорхойлсон тооцоо, шинжээчийн дүгнэлт "...худалдааны зөвлөх гэх албан тушаалтай Б.******* нь хариуцаж байсан бараанаасаа 38.950.000 төгрөгийн үнийн дүн бүхий 103 ширхэг бараа дутсан зөрчил гаргасан нь анхан шаны баримтаар нотлогдож байгаа ба энэ зөрчлөөс байгууллагад нийт 38.950.000 төгрөгийн хохирол учирсан" гэх /хх-43-48 хуудас/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " ...Манайх нягтлан ажилд авна гэсэн зар тавихад зарын дагуу 2-3 хун ирж уулзсан байсан боловч ажилд орох хүн ирэхгүй байсан. Тэгээд сүүлд нь Б.******* манай ажилд орохоор болохоор нь би чи хэдэн хоног нягтлан Ц.Хишгээг дагаад ажлаа жаахан судлаад ав гэж хэлээд хэдэн хоног Ц.Хишгээг дагалдуулж ажиллуулж байгаад Улаанбаатар хот руу сургалтанд явуулж ирээд ажлыг нь хүлээлгэж өгсөн юм. Би бол Ховд аймаг дахь салбар дэлгүүрийн эрхлэгч ажилтай мебель ХХК-ны зүгээс та наанаасаа нягтлан Ц.Хишгээгийн оронд ажиллах ажилтан аваад ажиллуулаарай гэж хэлсэн. Тэгээд би Б.*******г ажилд авч байсан юм. ...миний мэдэхээр саяны тооллогоор нэг унтлагын өрөөний ор 4 хаалгатай шкабны мөнгийг өөртөө хэрэглэсэн гэж хэлж байсан.." гэсэн мэдүүлэг /хх-207-209 хуудас/,

Гэрч Ц.Хишгээгийн "Би 2018 онд мебель ХХК-ны салбар дэлгүүр Ховд аймагт нээгдэхэд анх худалдааны зөвлөхөөр ажилд ород 2020 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралт аваад 2021 оны 10 дугаар сараас буцаж ажилдаа орсон. Би Б.******* гэдэг хүнд ажлаа хүлээлгэн өгч байсан юм. Би дэлгүүрийн эрхлэгч Д., угсрагч Маралхүү, Ө.Энхбат нартай хамт тоолж хүлээлцэж бараа бүтээгдэхүүнээ Б.*******д хүлэлгэж өгч байсан. Манай салбар сар бүр дотооддоо тооллого хийж мэдээ тайлан хариуцсан нягтландаа чатаар явуулдаг юм. Би 2020 оны 09 дүгээр сарын эхээр 8 сарын тооллогоо хийж хариуцсан нягтлан бодогч А.Жанчив гэх хүн рүү явуулж байсан юм. Тухайн үед Б.******* бид хоёрын ажил хүлээлцэхэд бараа дутсан асуудал байхгүй, бид нэг бүрчлэн тоолж хүлээлцсэн юм. Бид хоёр бараа бүтээгдэхүүнээ тоолж хүлээлцэхдээ компаний системээс тоо хэмжээний тайлангийн бланк нэг нэг хувийг татаж аваад бараагаа тоолж хулээлцсэн, Харин тухайн бараа тоолж хүлээлцсэн баримтан дээр гарын үсэг зураагүй юм. Манай салбар сар болгон бараа татан авалт хийдэг. Бараа ирэхдээ нэг шланз машинаар ирдэг ба ирж байгаа бараа болгон аль агуулахаас гарсан талаар дагалдах падантайгаа ирдэг ба ирсэн барааг салбар дэлгүүр тоолж хүлээж авдаг юм. Манай салбар 2019 оноос НӨАТ-ийн баримт худалдан авагчиддаа өгч эхэлсэн юм. Бэлнээр болон карт уншуулах, мобайлдах зэргээр төлбөр тооцоогоо хийдэг юм. Манай компанид бүх данс байдаг. Харин Ховд аймаг дахь салбар дэлгүүр Хаан банкны 5175008855, Төрийн банкны 241703547109, Голомт банкны 2105108285 данстай бас Хаан, Хас банкны пос машинаар тооцоогоо хийдэг. Харин кассаар буюу бэлнээр авсан төлбөрөө Хаан банкны 5020900284 дансанд тушаадаг юм.." гэсэн мэдүүлэг /хх-214-216 хуудас/,

Гэрч Ө.Энхбатын "Эрхлэгч нягтлан нар зарагдсан бараа бүтээгдэхүүн болон гүйлгээ сайтай байгаа бараа материалаа өөрсдөө хот руу захиалаад авчруулдаг байсан. Түүнээс биш сар бүрийн тэдэнд гэх мэтээр бараа татан авалт хийдэггүй байсан юм.." гэсэн мэдүүлэг /хх-2017-219 хуудас/,

 Гэрч А.Жанчивын " Мебель ХХК-ны Ховд аймаг дахь салбар дэлгүүрийн Ц.Хишгээ нь жирэмсэн байсан тул амралтаа авч шинээр ирсэн худалдааны зевлех болох ******* ажил хүлээн авсан байсан бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн тоо ёсоор байгаа эсэх талаар шалгалт болон тухай оны хоёр дахь тооллого явагдаж байсан тул очсон байсан.." гэх мэдүүлэг /хх-230-232 хуудас/

 Эд зүйл, баримт бичиг хавтаст хэрэгт тусгах тухай /хх-107-169 хуудас/,

 Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-170-171 хуудас/,

Мебель ХХК-ны Ховд аймаг дахь салбар дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-172-176 хуудас/, зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчид 38.950.000 төгрөгийн хохирол учруулж, 17.780.396 төгрөгний хохирол төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн энэ талаар ямар нэгэн маргаангүй болно.

Шүүгдэгч  ******* овогтой ******* нь " мебель" ХХК-ны Ховд аймаг дахь салбар дэлгүүрт жирэмсний амралттай нягтлан бодогч Ц.Хишгээгийн оронд түр ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 09 дүгээр сар хүртэл итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө буюу дэлгүүрийн 103 нэр төрлийн мебел барааг хувьдаа завшиж  мебель ХХК-нд 38.950.000 төгрөгийн хохирол учруул сан хэргийн үйл баримт тогтоогдсон болно.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж байгуулла, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч Б.*******д " мебель" ХХК-ны Ховд аймаг дахь салбарын эрхлэгч нь тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулж хүлээгэсэн нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтаар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эд хөрөнгийг хариуцан борлуулах үүрэг хүлээсэн бөгөөд бараа бүтээгдэхүүн зарж, борлуулсан орлогыг өөрийн өмчийн нэгэн адил хууль бусаар ашиглаж завшсан үйлдэл нь шунахайн сэдэлттэй, санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч " мебель" ХХК-ны захирлаас тус шүүхэд Д., Б.******* нар нь дутаасан бараагаа хүлээн зөвшөөрч 17.780.396 төгрөгийг төлсөн одоо үлдэгдэл 21.169.604 төгрөгийг төлөх үлдсэн...” гэх албан бичиг ирүүлсэн, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгчдийн зүгээс “...Одоо хүүхэд асаргааны чөлөөтэй байгаа тул үлдэгдэл мөнгийг 2 жилийн хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн... гэх мэдүүлгүүдээр, шүүгдэгч үлдсэн хохирлоо төлж барагдуулахаа  илэрхийлсэн байх тул хэрэгт авагдсан тооцооны баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан 21.169.604 төгрөгийг төлүүлэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 56 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Гэрч Б.Даваацэцэгийн мөрдөн шалгах  ажиллагаанд өгсөн... Б.******* нь даруу төлөв зантай, хүнд тусархуу хүн... гэх мэдүүлэг / хэргийн 95-96-р хуудас/, Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн болон оршин суугаа газрын хаягийн лавлагаа зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Мөн “жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч” багийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, гэрлэсний гэрчилгээ, 2022 оны 07 дугаар сарын 05-нд охин төрсөн, төрсний гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******г анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1.1-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов. Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч Б.*******д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар  хойшлуулах, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан " мебель" ХХК-ны   санхүүгийн баримтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгуулах,  шүүгдэгчээс 21.169.604 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж байна гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас: ”...Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрсөн. Одоо төрөөд удаагүй байгаа. Саяхан 4сая 500 мянган төгрөгийг " мебель" ХХК-нд төлсөн болохоороо төлөөд байгаа цаашид ч гэсэн төлж барагдуулах учир шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хугацаандаа төлж барагдуулахаа илэрхийлсэн, төлж барагдуулах болно...”гэв.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******д 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн 02 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан 21.169.604 төгрөгийг 02 жилийн хугацаанд нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн 2036000250108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ Мебель ХХК-аас Ховд салбар дутсан барааны акт 3 хуудас, Дотоод хөдөлгөөн 41 хуудас, 2021 оны 01 сарын тооцооны 21 хуудас, 2021 оны 02 сарын тооцооны 13 хуудас, 2021 оны 03 сарын тооцооны 7 хуудас, 2021 оны 04 сарын тооцооны 5 хуудас, 2021 оны 05 сарын тооцооны 18 хуудас, 2021 оны 06 сарын тооцооны 19 хуудас, 2021 оны 07 сарын тооцооны 11 хуудас, 2021 оны 08 сарын тооцооны 13 хуудас, 2021 оны 09 сарын тооцооны 71 хуудас, 2020 оны 10 сарын тооцооны 18 хуудас, 2020 оны 11 сарын тооцооны 10 хуудас,  2020 оны 12 сарын тооцооны 25 хуудас баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т буцаан олгож, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  хэвээр үлдээв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.*******д 02 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн 02 /хоёр/  жилийн хугацаагаар хойшлуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д гэмт хэргийн улмаас учруулсан 21.169.604 төгрөгийг 02/хоёр/ жилийн хугацаанд нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2,3-д зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

 

6.Эрүүгийн 2236000720131 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  “ Мебель ХХК-аас Ховд салбар дутсан барааны акт 3 хуудас, Дотоод хөдөлгөөн 41 хуудас, 2021 оны 01 сарын тооцооны 21 хуудас, 2021 оны 02 сарын тооцооны 13 хуудас, 2021 оны 03 сарын тооцооны 7 хуудас, 2021 оны 04 сарын тооцооны 5 хуудас, 2021 оны 05 сарын тооцооны 18 хуудас, 2021 оны 06 сарын тооцооны 19 хуудас, 2021 оны 07 сарын тооцооны 11 хуудас, 2021 оны 08 сарын тооцооны 13 хуудас, 2021 оны 09 сарын тооцооны 71 хуудас, 2020 оны 10 сарын тооцооны 18 хуудас, 2020 оны 11 сарын тооцооны 10 хуудас,  2020 оны 12 сарын тооцооны 25 хуудас баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мебель ХХК-ний Ховд аймгийн салбарт хүлээлгэн өгөх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

7.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

8.Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээ  авсныг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.  

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС