| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/00430/И |
| Дугаар | 102/ШШ2018/01307 |
| Огноо | 2018-04-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2018/01307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Азбаяр, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.У
Хариуцагч: М ХХК
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийнхээ хэлбэр, хэмжээгээр албан ёсоор уучлалт гуйх, залруулга хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О
хариуцагчийн төлөөлөгч Э.Х
хариуцагчийн өмгөөлөгч Э.Т
иргэдийн төлөөлөгч Ж.Бейбит
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХКнь өөрийн м.ммсайт болон www.fb.com/niitlel100k цахим хуудсаар дамжуулан 2017 оны 10 сарын 17-ны өдөр “.. Б.У ХОМ-тээ бүртгэлгүй компанийг нөхөртөө авч өгсөн үү” гэсэн гарчиг бүхий үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй нийтлэлүүдийг гаргасан. Дээрх нийтлэлд дараах агуулга тусгагджээ. 1. .. Б.У, ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж, хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг нь шалгаж түүний нөхөр болох К банкны захирал А.А нар өөрийн бүртгэлгүй аж ахуй нэгжийг бусдаас нэхэмжилжээ. 2.Үүнд нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С нар холбоотой. 3.Эдгээр хүмүүс албан тушаал эрх мэдлээ ашиглан авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг Э з ХХК-ийг хувьцаа эзэмшигчдэд нь мэдэгдэлгүйгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийнх нь ямар нэг зөвшөөрөлгүй компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Ингэхдээ тус компанийн 100 хувь хувьцааг эзэмшигчийн гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл үйлдэж, хуулийн шаардлага хангахгүй баримт материалын бүрдүүлэлт хийсэн гэдгийг “Э з” компанийхан өгүүлдэг. 5.ОӨУБГазрын дарга Р.С, .. Б.У нар найз, нөхөд учраас өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр “Э з” компанийн гэрчилгээг төвөггүйхэн шинэчлэн гаргасан гэж хардаж байгаа аж. 6.Цагдаа болон АТГ-ынхны шалгалтын явцад Б.У тэргүүтэй “Б” группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулан авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл бий болсон аж. 7. “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээс авсан тайлбараар 2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас хууль ёсны дагуу “э з” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа, харин .. Б.Уболон түүний нөхөр болох Капитал банкны захирал А.А 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр хуурамчаар гэрчилгээ гаргуулан авсан байна. Тус нийтлэл нь ор үндэсгүй бөгөөд илтэд гүтгэсэн, .. Б.Угийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл болоод байна. Нэхэмжлэгч Б.Унь дээрх нийтлэлд бичигдсэн байдлаар аливаа этгээдийг залилан мэхлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлээгүй, өөр бусад байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй болно. Нийтлэлд дурдагдаж буй “Э з” ХХК-ийг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 12 сарын 08-ны өдрийн 549 тоот тогтоолоор Мо ХХК болон G компанийн консерциумд хувьчилж, 2012 оны 01 сарын 05-ны өрийн 686 тоот тогтоолоор төрийн мэдлийн 48142163 ширхэг хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлж байсан болно. Хувьчилж авсан дээрх этгээдүүдийн хүсэлтийн дагуу холбогдох эрх үүргийг “Э з” ХХК-д шилжүүлсэн бөгөөд Б ХХК нь 2014 оны 02 сарын 18-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээний дагуу “Э з” ХХК-ийг “Э з петролиум групп” ХХК-иас шилжүүлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, Э з ХХК нь холбогдох гэрээ, хэлцэл, хуулийн дагуу 2014 онд Б ХХК-д шилжсэн бөгөөд .. Б.Уболон Б ХХК нь аливаа байдлаар хууль тогтоомж зөрчөөгүй, бусдын хууль ёсны эзэмшлийн хөрөнгийг хууль зөрчиж нэхэмжилсэн асуудал огт байхгүй болно. Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.2-т “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг” гэж заасны дагуу Б.Угийн хуулиар хамгаалагдсан нэр төрд үндэслэлгүйгээр халдсан М ХХКнь хариуцлага хүлээх үндэслэлтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 27.1.4-т “албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч ...хамгаалуулах баталгааг эдэлнэ” гэж заасан байдаг. Б.Унь ..ий сонгуульт ажил буюу төрийн албан хаагчийнхаа хувьд энэхүү “Масс эженси” ХХК-ний үндэслэлгүй гүтгэлгээс хамгаалуулах эрхтэй юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3.1-т “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ" гэж заасны дагуу Өнөөдөр сонин нь өөрийн гаргасан нийтлэлээ нотолж чадаагүй тохиолдолд хариуцлага хүлээх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу “Масс эженси” ХХК-ийн эдгээр бичсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй тохиолдолд Б.Угийн шаардлагаар уг худал мэдээг гаргасан хэрэгслээрээ дамжуулж залруулга хийх үүрэгтэй учраас залруулга гаргах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч гаргаж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн эзэмшлийн масс.мн сайт нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр .. Б.У хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бүртгэлгүй компанийг нөхөртөө авч өгсөн үү гэсэн гарчиг бүхий нийтлэлийн агуулга нь Б.Ухувийн ашиг сонирхол хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бүртгүүлээгүй хоёр компанийг бусдаас нэхэмжилж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар өөрийн нэр дээр “Э з” ХХК-ийг шилжүүлэн авсан. Шилжүүлж авахдаа Б.Унь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С нар найз нөхдийн байдлаа ашиглаж бусдын эзэмшлийн компанийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан мэтээр ийм агуулга бүхий нийтлэлийг гаргасан байсан. Нийтлэл нь огт үндэслэлгүй бөгөөд “Э з” ХХК болон бусад компаниудын маргаанд Б.Ухолбоогүй. Б.Унь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Улсын их хурлын сонгуулиар ..ээр сонгогдож ажилласнаас хойш өөрийн өмнө эрхлэн явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой “Б холдинг групп” ХХК болон түүний охин, салбар компанийн үйл ажиллагаанууддаа өөрөө оролцохгүйгээр зөвхөн төрийн албан үүргээ гүйцэтгэж байгаа. “Э з” ХХК-ийн өмчлөх эрх хэд, хэдэн байдлаар солигдож байсан. Б.Унь “Э з” ХХК-ийг “Б холдинг групп” ХХК-д шилжих асуудалд оролцоогүй. Захиргааны хэрэг болон иргэний хэрэг шийдвэрлэгдэж байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч ярьдаг. Б.У10 жилийнхээ найзыг ашиглаад хуулийн этгээдийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсан уу гэдэг асуудлаар одоогийн байдлаар Монгол Улсын шүүх болон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа зүйл байхгүй, Б.Убусдын гарын үсгийг хуурамчаар ашиглан Р.Сд нөлөөлсөн эсэх талаар гэм бурууг хэлэлцсэн асуудал байхгүй байна. Хариуцагч талыг яриад байхаар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс судалж үзэхэд “Э з” ХХК, Нью даниста рөүд энд констракшн болон Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хооронд маргаан явагдаж байгаа юм билээ. Б.Убол энэ захиргааны хэргийн оролцогч биш. Эрүүгийн хэрэг дээр харин эсрэгээрээ Б.Угийн нөхөр н.А нь Г.Өгийн эсрэг гомдол гаргаад Г.Өг яллагдагчаар татаж, одоо шүүхийн шатандаа шилжих гэж байна. Тухайн үед буцаахн шилжүүлэх болзолтойгоор Г.Өд тодорхой хугацаагаар компаниа шилжүүлж өгсөн гэдэг. Эдгээр маргаануудад Б.Ухолбогдоогүй. Хариуцагчийн төлөөлөгч гэм буруугийн асуудал эцэслэн шийдэгдээгүй гэж байна. Энд яриад байгаа зүйл нь Г.Өтэй холбоотой гэм буруугийн асуудал яригдаж байгаа. Б.Угэм буруутай асуудлаар ямар нэгэн маргаанд оролцоогүй. Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүн бүр эрх зүйн этгээд ба өөр өөрсдийнхөө ажил үүргээ гүйцэтгэж, бие даан хариуцлага хүлээх субъект. Тэгэхээр Масс.мн сайтын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргасан нийтлэл нь өөрөө илт хууль бус, үндэслэлгүй бусдын нэр хүндэд халдсан нийтлэл гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Өгийн 100 хувийн эзэмшилтэй “Э з” ХХК гэж байсан. 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Б.Угийн нөхөр болох н.А нь иргэн Г.Өгийн гарын үсгийг ашиглаж, хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлтэй гэрээ үйлдэж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хандаж тухайн компанийг өөрийн “Б холдинг групп” ХХК руу шилжүүлж авсан. Шилжүүлж авахдаа хууль ёсны дагуу авсан уу, хууль бусаар авсан эсэх талаарх маргаан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа. Би иргэний хэрэг үүсгэсний дараа удаа дараа хүсэлтүүд гаргаж байсан. Маргааны үйл баримт нь өөрөө хууль ёсны юу, хууль бус уу гэдэг нь тогтоогдоогүй байхад өнөөдөр Б.Угийн нэр хүндэд халдсан эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой эсэх дээр эргэлзэж байна. Гаргасан нийтлэл маань өөрөө Б.Ухөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүртгэгдээгүй компанийг гэр бүлийн хүндээ авч өгсөн үү гэсэн гарчигтай. Нийтлэлийн агуулга нь энэ гарчигийн хүрээнд байгаа. Бид нар Б.Уг ямар нэгэн компани авсан гэдэг талаар мэдээлэл гаргаагүй. Харин түүний гэр бүлийн хүн н.А тухайн компанийг авсан, ингэж авсан нь Б.Угийн 10 жилийн ангийн хүүхэд болох Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга болох Р.С ямар нэг байдлаар тусламж үзүүлсний үндсэн дээр энэ хууль бус бүртгэлийг хийлгэсэн гэж хардаж байгаа. Харин уг бүртгэл нь хууль ёсны юу, хууль бус уу гэдэг нь өнөөдөр эцэслэн шийдэгдээгүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт тухайн этгээдийг гүтгэсэн юм уу, нэр хүндэд нь халдсан тохиолдолд сэргээлгэхээр зохицуулалт байгаа. Гэтэл өнөөдөр Б.Угийн нэр төрд халдсан эсэх асуудлыг урьдчилан тогтоож, энэ маргааныг шийдвэрлэх гэж байгаа юм уу эсвэл эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэр гарчихаад энэ асуудлыг шийдэх гэж байгаа юм уу, эргэлзээтэй байна. Энэ талаарх иргэний болон захиргааны хэрэг үүсгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ асуудлын хүрээнд шүүх өөрийн дүгнэлтээ хийж асуудлыг шийдэх байх. Бид Б.Уг компани авсан талаар нийтлэлдээ дурдаагүй. Б.Угэр бүлийн хүндээ хууль бусаар компани авч өгсөн үү гэдэг асуудлыг өөр шүүх шалгаж байгаа. Өөр шүүх дээр явагдаж байгаа асуудал шийдэгдээгүй байхад гүтгэсэн, гүтгээгүй асуудлыг өнөөдөр шүүх шийдвэрлэх боломжтой юу гэдэгт эргэлзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Нэхэмжлэгч Б.Унь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийнхээ хэлбэр, хэмжээгээр албан ёсоор уучлалт гуйх, залруулга хийхийг даалгахыг шаарджээ.
Хариуцагч нь өөрийн эзэмшлийн М.мн сайт дээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “.. Б.УХОМ-тээ бүртгэлгүй компанийг нөхөртөө авч өгсөн үү” гарчигтай нийтлэлийг мэдээллэсэн үйл баримтад маргаагүй боловч уг нийтлэлийг www.paparatsi.mn /папараци.мн/ сайтаас Монголын сайтуудын холбооны харилцан мэдээлэл солилцох ажлын хүрээнд өөрийн сайтад нийтэлсэн, тухайн нийтлэлийн агуулгад дурдсан асуудлаар иргэний болон захиргааны хэргийн шүүхэд маргаан шийдвэрлэгдэж байгаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шалгагдаж байгаа үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна. Өөрөөр хэлбэл дээрх нийтлэлийн эх сурвалж нь өөр сайт бөгөөд нийтлэлийн агуулгад дурдсан Б.Утай холбоотой мэдээлэл үнэн зөв эсэхийг шийдвэрлээгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг ч мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй гэж тунхаглажээ. Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлж буй нэг хэлбэр, нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн талаарх үнэлгээ, алдар хүнд нь хүний нэр төртэй уялдаа холбоо бүхий нийгэмд эзэлж байгаа түүний байр суурийн илрэл юм. Үүнээс үзвэл иргэний эрх зүйн бүх эрхийг иргэн хүн зөвхөн өөрийн нэрээр олж авдаг байна. Иймд тухайн хүнээс өөр бусад этгээд түүний нэрийг ашиглан иргэний эрх олж авах, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэний талаарх бодит үнэнд нийцээгүй мэдээ, мэдээлэл хийх зэргээс иргэний эрх зүй хамгаалж байдаг. Ийнхүү хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр эсвэл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгүүдэд зохицуулжээ.
Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдгийг бодит байдалд нийцэхгүй мэдээллийг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно. Харин мэдээллийнхээ үнэн зөвийг нотлосон бол дээрх ойлголтод хамаарахгүй болно. Нэхэмжлэлийн шаардлага болон нийтлэлд дурдсан “...бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн бол Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын босго, шалгуурыг хэрхэн давсан бэ гэх асуулт зүй ёсоор тавигдана. Үүнийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга Р.С, .. Б.Унар найз, нөхөд учраас өнгөрсөн 8 дугаар сарын 17-ны өдөр “Э з” компанийн гэрчилгээг төвөггүйхэн шинэчлэн гаргасан гэж хардаж байгаа аж” гэсэн мэдээллийг зарим хэвлэлд бичсэн, ийм үйл баримт болсон нь цагдаа болон АТГ-ын шалгалтаар тогтоогдсон гэж бичсэн атлаа энэ талаарх ямар нэг баримтыг шүүхэд гаргаагүй, “...дээрх асуудлыг шалгаж буй цагдаа болон АТГ-ынхны шалгалтын явцад Б.Утэргүүтэй Б группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулан авсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл бий болсон аж” гэсэн мэдээлэлтэйгээ холбогдуулан шүүхэд ямар нэг нотлох баримт гаргаагүй, “...харин .. Б.У...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр хуурамчаар гэрчилгээ гаргуулан авсан байна” энэ асуудлаар 2017 оны 9 дүгээр сараас эхлэн захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан, шүүхийн шатанд явж байгаа гэж тайлбарлан нотлох баримтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШЗ2017/5680 дугаар захирамжийг гаргасан ба уг захирамжаар “Э з” ХХК-ийн нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 8 дугаар сарын 17 болон 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэлүүд хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгох шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байх ба Б.Уд холбогдуулан хуурамчаар гэрчилгээ гаргуулан авсан асуудалд захиргааны хэрэг үүсгээгүй байна. Мөн нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2017/10482 дугаар иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг ирүүлсэн ба уг захирамжааар Г.Өийн нэхэмжлэлээр “Б х” ХХК-д холбогдуулан хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад иргэний хэрэг үүсгэжээ. Уг захирамжаар Б.Уд холбогдуулан ямар нэг маргаанд иргэний хэрэг үүсгээгүй байна. Тодруулбал, нийтлэлд дурдсан мэдээллээс Б.Утай холбоотой тогтоогдсон үйл баримт байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүнд холбогдуулан иргэн, захиргаа, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой өөр маргаан шийдвэрлэгдэж байгаа үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нийтлэлдээ дурдсан мэдээллийн үнэн зөвийг, бодит байдалд нийцсэнийг баримтаар нотлоогүй тул тухайн мэдээллүүд нь Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний сэтгүүлчдийн нийтлэл нь бодит үнэнд нийцсэн байх зарчмыг баримтлах ба өөр хэвлэлийн мэдээг өөрчлөлтгүйгээр нийтлэх тохиолдолд мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягтлах үүрэгтэй. Хариуцагч нь “.. Б.УХОМ-тээ бүртгэлгүй компанийг нөхөртөө авч өгсөн үү” гарчигтай нийтлэлийг www.p.mn /п.мн/ сайтаас авч нийтэлсэн гэж байгаа боловч үүнийгээ нотлоогүй, мэдээллийн үнэн зөвийг нягтлах, шалгах үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэв. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй тул Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.” гэж зааснаар М.мн сайтад нийтэлсэн Б.Утай холбоотой 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээх нь хуульд нийцнэ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, түүнтэй холбоотой мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй. Эдгээр шаардлагууд нь тус, тусдаа бие даасан шаардлага биш бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээсэнтэй холбоотой гарсан үр дагаврыг шийдвэрлэж буй хэлбэр буюу иргэний эрх зүйн хамгаалалт юм. Иймд тус, тусад нь улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй ба энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Харчин овгийн Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, “.. Б.УХОМ-тээ бүртгэлгүй компанийг нөхөртөө авч өгсөн үү” гарчигтай нийтлэлийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч “М” ХХК-д үүрэг болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Уд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД З.ДОРЖНАМЖИН
Б.АЗБАЯР