Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/410

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Б.С-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2210000000485 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар 03 жил, 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 01 жил, 06 сарын хугацаагаар тэнссэн,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн С,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг худалдааны төв дотор 39 дүгээр лангуун дээр байсан хохирогч Г.Ү-ын Самсунг А51 загварын 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Ү- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн 39 дүгээр лангуунд ажиллаж байгаад Самсунг А51 загварын гар утсаа лангуун дээрээ үлдээгээд ажлаа хийж байхад миний гар утас алга болсон байсан. ...Утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан...” /хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Хосбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр намайг тэр хүмүүсийг буулгачхаад явж байхад араас Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас залгасан ...би Эркаг буулгасан газраараа хайж яваад олж уулзаад хамт явсан хүн чинь утас хулгайлсан байна гэхэд Эрка явахгүй гээд яваагүй. ...Тэр гар утсыг Эркатай хамт явж байсан С- гэх хүн ...21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талын нэг гар утас засвар гэсэн газарт үлдээсэн байсныг авч цагдаад өгсөн...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Би архинд явж байсан чинь зүс таних эрэгтэй дүү таарахаар нь Яармагийн зам ороод бууя гээд гуйгаад машинд суугаад явж байгаад Яармаг худалдааны төв ороод архи аваад ирье гэж хэлээд машинаас нь буугаад Яармаг худалдааны төвийн хүнсний тасаг руу ороход ...нэг лангуун дээр гар утас харагдахаар нь шууд аваад халаасандаа хийгээд зүс таних дүүгийн машинд суусан...” /хавтас хэргийн 77-78 дахь тал/  мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 15-17 дахь тал/,

-  Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 20-24 дэх тал/,

- Шүүгдэгч Б.С-гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 37 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 38-71 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.С- нь 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг худалдааны төв дотор 39 дүгээр лангуун дээр байсан хохирогч Г.Ү-ын Самсунг А51 загварын 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Ү-ын “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг худалдааны төвийн 39 дүгээр лангуунд ажиллаж байгаад Самсунг А51 загварын гар утсаа лангуун дээрээ үлдээгээд ажлаа хийж байхад миний гар утас алга болсон байсан. ...Утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан...” /хавтас хэргийн 10 дахь тал/ гэсэн, гэрч Б.Хосбаярын “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр намайг тэр хүмүүсийг буулгачихаад явж байхад араас Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас залгасан ...би Эркаг буулгасан газраараа хайж яваад олж уулзаад хамт явсан хүн чинь утас хулгайлсан байна гэхэд Эрка явахгүй гээд яваагүй. ...Тэр гар утсыг Эркатай хамт явж байсан С- гэх хүн ...21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талын нэг гар утас засвар гэсэн газарт үлдээсэн байсныг авч цагдаад өгсөн...” /хавтас хэргийн 12 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.С-гийн “...2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Би архинд явж байсан чинь зүс таних эрэгтэй дүү таарахаар нь Яармагийн зам ороод бууя гээд гуйгаад машинд суугаад явж байгаад Яармаг худалдааны төв ороод архи аваад ирье гэж хэлээд машинаас нь буугаад Яармаг худалдааны төвийн хүнсний тасаг руу ороход ...нэг лангуун дээр гар утас харагдахаар нь шууд аваад халаасандаа хийгээд зүс таних дүүгийн машинд суусан...” /хавтас хэргийн 77-78 дахь тал/  мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 15-17 дахь тал/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 20-24 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч Б.С- нь  Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг худалдааны төвийн лангуунаас 450,000 төгрөгийн үнэ бүхий хохирогч Г.Ү-ын эзэмшлийн Самсунг А51 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Г.Ү-ын эд хөрөнгийн өмчлөх эрхэд халдсаны улмаас 450,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.С- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.С- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ү-ын эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж, 450,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210000000485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ү- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус шийдвэрлэв.

 

   Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн С-д 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.С-д оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000485 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ү- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР