Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/01481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ү” ХХК  

Хариуцагч: Г.Д

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 1461351 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г

        хариуцагч Г.Д

        гэрч Б.Ш

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ү” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ү” ХХК  нь Монгол Улсын иргэн Г.Дтой харилцан тохиролцож, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр "Зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулан Америк Улсад үйлдвэрлэсэн Pure Pro /цаашид "Ус цэвэршүүлэх төхөөрөмж" гэх/ төхөөрөмжийг эзэмшүүлсэн бөгөөд Г.Д нь уг төхөөрөмжийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон. Уг гэрээний дагуу Г.Д нь төлбөрөө сар бүрийн  17-ны дотор төлсөн байх ёстой. Гэвч Г.Д нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байсан ба энэ үеэс төлбөр төлөх асуудал сунжирч, улмаар "Ү" ХХК-д авлага үүссээр өнөөг хүрсэн. "Ү" ХХК-ийн зүгээс төлбөрийг барагдуулах талаар удаа дараа иргэн Г.Дт утсаар болон уулзаж мэдэгдэж байсан боловч ямарч үр дүн гарсангүй. Иймээс иргэн Г.Доос ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 974234 төгрөг /есөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин дөрөв/, гэрээний 2.4-д заасны дагуу алданги 487117 төгрөг /дөрвөн зуун наян  долоон мянга нэг зуун арван долоо/, нийт 1461351 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү” ХХК нь иргэн Г.Дтай харилцан тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр  зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг эзэмшүүлсэн. Г.Д нь уг төхөөрөмжийн төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сар бүрийн 17-ны өдөр 152666  төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу Г.Д нь төлбөрөө 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сар бүр янз бүрийн хэмжээгээр төлж нийт 1515766 төгрөг төлсөн байдаг. Үүнээс хойш төлөлт хийгдээгүй тул “Ү” ХХК-ийн зүгээс төлбөрийг барагдуулах талаар удаа дараа хариуцагч талд мэдэгдэж байсан боловч үр дүн гараагүй. Төхөөрөмжийг худалдаж авсан талаар хариуцагч тал маргаагүй. Төхөөрөмжийг ашиглаж байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн. Төхөөрөмжөөс гарч байгаа ус нь ундны усны эрүүл ахуйн шаардлага хангасан уу үгүй юу гэдгийг мэргэжлийн хяналтын лабораториор манайх баталгаажуулдаг байгаа. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 974234 төгрөг, алданги 487117 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагч Г.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Д миний бие “Ү” ХХК-тай ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж авсан. Уг төхөөрөмжийг авсны дараа ус цэвэршүүлэх төхөөрөмж удаа дараа ажиллахгүй эвдэрч дуудлага өгөөд ингээд байна гэж хэлэхэд өөдөөс тэгдэг юмаа гэж хэлдэг. Иймд манай зүгээс удаа дараа гэрээг цуцламаар байна гэхэд албан ёсны хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Уг усны төхөөрөмж эрхийн доголдолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Төхөөрөмжөө буцааж, төлсөн мөнгө буцааж авна.

Хариуцагч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Крантны усыг ус цэвэршүүлэгч цэвэршүүлж гаргах ёстой байтал яагаад крантны устай адил гарчихаад байгаа юм. Ус цэвэршүүлэгч нь ажиллаж байхдаа удаа дараа алдаа гарч, чанарын шаардлага хангахгүй байсан учраас төлбөрөө зогсоосон. 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл төлөөд түүнээс хойш төлөөгүй. Төхөөрөмжөө чанарын шаардлага хангасан байдлаар засч өгвөл төлбөрөө төлөх боломжтой.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч Г.Доос ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 974234 төгрөг, алданги 487117 төгрөг нийт 1461351 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурсан байх ба уг гэрээгээр худалдагч “Ү” ХХК 2490000 төгрөгийн үнэ бүхий АНУ-д үйлдвэрлэсэн 8 шатлалт шүүлтүүр бүхий purepro ус цэвэршүүлэх төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх, худалдан авагч Г.Д урьдчилгаа төлбөрт 200000 төгрөг төлж, төхөөрөмжийг хүлээн авч, үлдэгдэл төлбөрийг 15 сарын хугацаанд сар бүрийн 17-ны өдөр 152666 төгрөгөөр төлж дуусгах, төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төхөөрөмжийг захиран зарцуулахгүй байхаар тохирч, эд хөрөнгийн баталгаат хугацааг 5 жилээр тогтоосон байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх нь худалдагчийн үндсэн үүрэг байдаг бол зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилждэг онцлогтой. Дээрх гэрээнд заасан ус цэвэршүүлэгч төхөөрөмж, дагалдах хэрэгслийг хариуцагч хүлээн авсан буюу эзэмших эрхийг шилжүүлэн авсан боловч зохигчид Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжихээр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний нэг төрөл тул Иргэний хуулийн 243-261 дүгээр зүйлд заасан нийтлэг журам нэгэн адил хэрэглэгдэнэ. Иймд зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч үнийг төлөхөөс өмнө шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус, тус хүлээнэ.

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх болон төлбөрийн үлдэгдлийн хэмжээн дээр маргаагүй бөгөөд харин хариуцагч “төхөөрөмж удаа дараа ажиллахгүй эвдэрсэн, халуун ус гарсан, үүний улмаас гэрээг цуцлахаа мэдэгдсэн, усаа цэвэршүүлэхгүй крантны устай адил үзүүлэлттэй ус гарч байгаа” гэж марган үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж, төхөөрөмжийг буцааж, төлбөрөө буцааж авна гэжээ. Худалдагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна.

Худалдагч биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлагыг гаргах эрхтэй ба харин худалдан авагч эд хөрөнгийн доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт “гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж зааснаар биет байдлын доголдол ч худалдан авагчид шилжинэ. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь худалдагчаас эд хөрөнгийг хүлээж авахдаа түүний бүрэн бүтэн байдал, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг худалдан авагч өөрөө хариуцна гэж ойлгоно. Иймд биет байдлын доголдол нь эд хөрөнгийг хүлээж авах үед буюу эрсдэл худалдан авагчид шилжих үед илэрсэн нөхцөлд худалдагч Иргэний хуулийн 254, 256 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээхээр байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт заасан эрсдэл шилжих хугацааг тодорхойлохдоо худалдагч гэрээгээр баталгаат хугацаа тогтоосон бол уг хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол 6 сарын дотор байхыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан ба дээрх хугацаанд доголдлыг илрүүлж, худалдан авагчид мэдэгдсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсэгт зааснаар доголдлыг эд хөрөнгийг худалдан авагч хүлээн авах үед байсан гэж үзнэ.

Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 2.6-д худалдагч баталгаат хугацааг 5 жилээр тогтоосон байх бөгөөд уг хугацааг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоолох ба Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусч байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Харин худалдан авагч дээрх хугацаанд төхөөрөмжийн доголдлыг илрүүлсэн, худалдагчид мэдэгдсэн байх, үүнийгээ нотлох үүрэгтэй.  

Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн биет байдлын доголдлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ”, мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт “хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ”, мөн зүйлийн 251.3 дахь хэсэгт “...эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй, чанарын талаар гэрээгээр тохироогүй ч тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байвал гэрээний зүйл бүхэлдээ биет байдлын доголдолтой, харин эд хөрөнгийн зарим хэсэг нь чанарын доголдолтой боловч үүнийг арилгах боломжтой бол гэрээний зүйлийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй байхаар зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч Г.Д худалдан авсан төхөөрөмж нь гэрээнд заасан чанарт нийцээгүй болохыг олж тогтоон, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тохиолдолд уг доголдлыг эд хөрөнгийг хүлээн авах үед байсан буюу худалдагч үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Хариуцагч нь төхөөрөмжийг хэд, хэдэн байдлаар доголдолтой гэж үзсэн ба тайлбартаа дурдсан төхөөрөмж эвдэрсэн эсэх, халуун ус гарсан нь юунаас шалтгаалсан болох, нэхэмжлэгчид мэдэгдэж байсан талаарх ямар нэг баримт гаргаагүй тул дээр дурдсан байдлаар гэрээний зүйлийг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй.   

Харин зохигчдын байгуулсан гэрээнээс үзвэл хариуцагчийн худалдан авсан ус цэвэршүүлэгч төхөөрөмж нь крантны усыг 8 шатлал бүхий шүүлтүүрээр шүүж крантны усны амт, үнэрийг /усны физик үзүүлэлт/ арилгах, усыг шүлтлэгжүүлэх, эрдэсжүүлэх зориулалттай байх ба энэ шаардлагыг хангаж байвал Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй гэж үзэхээр байна. Хариуцагч нь төхөөрөмж усыг шүүж байгаа эсэхийг нотлох зорилгоор Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Шинэдаваа, Т.Отгон нараар крантны болон ус цэвэршүүлэгчээс гарч буй уснаас дээж авахуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторит шинжилгээ хийлгэж, уг шинжилгээний үр дүнгээр крант болон цэвэршүүлэгчийн усны үзүүлэлт ойролцоо гарсан үндэслэлээр төхөөрөмж усыг цэвэршүүлэхгүй байна гэж тайлбарлаж байна.  

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторийн шинжилгээгээр крант болон цэвэршүүлэгчээс гарч байгаа усны химийн найрлагын үзүүлэлт, хатуулаг, бактерлоги буюу нянгийн хэмжээг тодорхойлсон байх ба эдгээр нь ундны ус эрүүл ахуйн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоож буй үзүүлэлт болохыг гэрч Баянгол дүүргийн Эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч Б.Шинэдаваа тайлбарлажээ. Тодруулбал, крант болон цэвэршүүлэгчээс гарч байгаа ус Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны эрүүл ахуйн стандартыг хангаж байна гэсэн дүгнэлт байх ба харин крантны болон ус цэвэршүүлэгчээс гарч байгаа усны амт, үнэр ялгаатай эсэх, эрдэсжилтийн хэмжээг тодорхойлоогүй байна. Иймд хариуцагчийн худалдан авсан ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул худалдагч “Ү” ХХК-ийг хууль болон гэрээнд заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзлээ. Иймд худалдан авагч буюу хариуцагч хууль болон гэрээнд зааснаар төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй тул төлбөрийн үлдэгдэл 974234 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл төлбөрт 1515766 төгрөг төлж, үүнээс хойш төлөлт хийгээгүйд маргаагүй тул алдангийг 2016 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс буюу гэрээний 2.3-т зааснаар дараагийн төлбөр төлөх өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тооцох үндэслэлтэй байна. Дээрх хугацаанд үлдэгдэл төлбөр 974234 төгрөгөөс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алдангийг 974234 төгрөгийн 50 хувь болох 487117 төгрөгөөр тооцов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38331  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38331 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Доос 1461351 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38331 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Доос улсын тэмдэгтийн хураамжид 38331 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА