Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/01552

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч: Ж.Ө

Хариуцагч: Ө.С

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү 145584068 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, Э.Т

                                хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ө

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ж.Ө, Ө.С нар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ХасБанктай 1790001991 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 1790001991-01 дугаартай Баталгаат Ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 72000000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 36 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлийн хугацааг 2015 оны 12 сарын 25-нд 22276917.81 төгрөгийг нэмж олгож, үндсэн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээлийн дансны дугаарыг 1790004175 болгож өөрчилсөн. Зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгон Улсын бүртгэлийн Ү-.... дугаартай, ..... 80 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч Ж.Ө, Ө.С нар нь барьцаат зээлийн 1790001991, 1790004175 тоот гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч 2015 оны 12 дугаар сараас зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж, банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрээд байна. 1790001991 дугаартай зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлдэгч Ж.Ө, Ө.С нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: Зээлийн үндсэн төлбөр: 72,000,000 төгрөг, 1790001991 зээлийн дансны хүүний үлдэгдэл: 22,276,868 төгрөг, 1790004175 зээлийн дансны хүү: 45,038,466 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 6,268.734 төгрөг нийт 145,584,068 төгрөг болно. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа нийт 145584068 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хэрэв шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын  26-ны өдөр зээлийн хүүг төлөх ёстой байсан боловч 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1847000 төгрөг, дараагийн төлөлтийг 2015 оны 2 дугаар сарын 25, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй байж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр  1370000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр төлөөгүй. Зээлдэгч нар төлбөрөө төлөх боломжгүй байсан учраас 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээнийхээ хугацааг дахин сунгаж өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу банк хугацааг нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сунгасан боловч огт төлөлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү.   

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх шүүхэд өмнө хоёр удаа нэхэмжлэл гаргаж байсан. Эхний удаа хариуцагч оршин суугаа хаягтаа байхгүй гэж буцаагдаад, дараа нь манай зүгээс хурал давхцсан байсан учраас нэхэмжлэлийг буцаасан. Дахин шүүхэд хандах гэсэн боловч хариуцагч талаас түр байж байгаач мөнгө төлөх боломжтой гэснээр өдийг хүрсэн. 2015 оны 12 дугаар сарын 25-нд зээлийн дансны дугаараа өөрчлөхдөө хүүгийн үлдэгдэл 22276917.81 төгрөгийн хэмжээнд зээл аваад өмнөх зээлийнхээ хүүгийн төлбөрийг хийсэн. Энэ хүүг төлсний дараа гэрээний хугацааг сунгах ёстой байсан. Гэтэл зээлдэгч хүүгийн төлбөрөө бэлнээр төлөх боломжгүй байсан учраас өөрийнх нь хүсэлтээр үндсэн зээлийн 72000000 төгрөг дээрээ хүүгийн төлбөр болох 22276917.81 төгрөгийг нэмээд гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн журмаараа бол 90 гаруй сая төгрөгөөс хүү бодох ёстой байсан боловч манайх зээлийн үндсэн төлбөр 72000000 төгрөгөөс хүү бодсон байгаа. Тиймээс хариуцагч нарыг хохироогоогүй. Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан тохиолдолд хүү зогсдог зээлийн хүү одоо болтол бодогдож байгаа ч бид нэхэмжлэл гаргах хүртэл тооцож нэхэмжилж байгаа. Ө гуай дараагийн долоо хоног юм уу сарын дотор мөнгө орж ирнэ гэж хэлдэг боловч орж ирдэггүй энэ 3-4 жилийн хугацаанд үнэхээр мөнгө чинь орж ирээд мөнгөө аваад ирсэн тохиолдолд хүүгийн 50 хувийг чөлөөлж өгье гэдэг боловч одоог хүртэл төлөлт хийгээгүй байгаа учраас бид хүүгийн талаар ярилцах боломжгүй. Үнэхээр яриад байгаа мөнгө нь орж ирсний дараа хүүгийн асуудлыг ярилцах боломжтой.  

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Анх би 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-иас 72000000 төгрөгийн зээл авсан. Ө.Сг хамтран зээлдэгч шаардлагатай гэсэн тул хамтран энэхүү гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ гэрээг дахин сунгаж 22276917 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, надаас үндсэн төлбөр 94276918 төгрөг, хүү 21479584 төгрөг, нийтдээ 115756506 төгрөг нэхэмжилсэн. Энэ асуудлаар шүүх хурал болоход нэхэмжлэгч тал оролцоогүй тул 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хурлаас 102/ШЗ2016/26870 тоот шүүгчийн захирамж гарч Хны нэхэмжлэлийг буцаасан. Энэ талаар банк гомдол гаргаагүй. Гэтэл 2018 оны 2 дугаар сарын 27-нд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн дүнгээ 145584068 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Х нь ард иргэдээс энэ мэтчилэн төлбөр нэмэгдүүлэн залилан хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ банк иргэд болон шүүхээр тоглож, даапаалж байгааг Монголын шүүх зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Х” ХХК-иас 72.000.000 төгрөгийн зээл авсан үнэн. Би тухайн үед нэг жижиг компанитай улаан буудай тариалсан. Улаан буудай маань сайн ургасан учраас улсын нөөцөд будаагаа өгсөн. Тэгээд мөнгөө авах болсон чинь мөнгийг маань он гаргаж өгнө гэсэн учраас ажилчдынхаа цалин, бусад зардлаа банкнаас зээл авсан. Он гаргаад улсаас мөнгөө өгөхгүй болохоор нь манай хамт олон болон бусад компаниуд эсэргүүцэл үзүүлж явсаар байгаад нэг жил өнгөрч, дахин зээлийн гэрээгээ сунгаж, авсан мөнгөө идэж уугаад өдий хүрсэн. Одоо улсаас 100 гаруй сая төгрөг авна. Энэ мөнгөө авахаараа банкны төлбөрөө төлнө. Би 72.000.000 төгрөг авсан гэтэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэг нэмэгдсэн болохоор төлж чадахгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээсээ тодорхой хэмжээгээр хасч өгөөч. Улсаас надад хүү нэмж тооцож өгөхгүй. Иймд би авсан мөнгөнөөсөө илүү хүү төлж чадахгүй. 2015 оны 12 дугаар сарын 28-нд зээл нэмсэн гэж байгаа боловч бэлнээр надад өгөөгүй, энэ мөнгөнөөс хүү тооцсон байгааг зөвшөөрөхгүй, банк үндэслэлгүйгээр хүү нэмэгдүүлж авсан мөнгөнөөсөө 2 дахин илүү мөнгө төлөх болоод байгааг зөвшөөрөхгүй. 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Х нь хариуцагч Ж.Ө, Ө.С нараас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлийн үндсэн төлбөр 72000000 төгрөг, хүү 67315334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6268734 нийт 145584068 төгрөг шаарджээ.

Хариуцагч Ж.Ө, Ө.С нар нь Хнаас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1790001991 тоот зээлийн гэрээгээр 72000000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 365 хоногт 36 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Уг гэрээнд талууд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн хэмжээг 94276917.81 төгрөг болгож, хугацааг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болгохоор тохирчээ. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ж.Ө, Ө.С нарын өмчлөлийн ....тоотын 80м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцаар хангуулахаар талууд тохирч 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1790001991-01 тоот баталгаат ипотекийн гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлж гарын үсэг зуржээ. Уг гэрээнүүд талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна. 

Дээрх гэрээнүүд байгуулагдсан эсэх болон зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд хариуцагч маргаагүй бөгөөд харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэмж олгосон гэх 22276917.81 төгрөгийг олгоогүй, энэ мөнгөнд хүү тооцох үндэслэлгүй, банк үндэслэлгүйгээр хүүг нэмэгдүүлсэн гэж маргажээ. Тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд ашигласан хоногоор хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцжээ. Үүнээс зээлдэгч нь 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүүд 1847000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1370000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 213091.10 төгрөг төлж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн буюу зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс төлөгдөөгүй үлдсэн хүү болох 22276917.81 төгрөгийг төлсөнд тооцож, уг дүнгээр зээлийн хэмжээг нэмэгдүүлж 94276917.81 /72000000+22276917.81/ төгрөгөөс өмнөх гэрээний нөхцлөөр сар бүр ашигласан хоногоор хүү төлөх, зээлийн үндсэн төлбөрөөс 45000000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, үлдсэн 49276917.81 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөхөөр тохирч гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасантай нийцэхгүй боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 22276917.81 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр төлөөгүй үлдсэн хүүд тооцсон ба зээлийн хэмжээг 720000000 төгрөгөөр тогтоож, уг дүнгээс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хүү тооцсныг хууль зөрчөөгүй гэж үзнэ. Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж, зээл болон хүү төлөх хугацааг тохирсон гэж үзлээ.

Зээлдэгч нар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үндсэн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээгээр тогтоосон хугацаа, хуваарийн дагуу төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүргээ зөрчсөн байна. Ийнхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгч нь гэрээний 3.2.7-д “зээлийг ашигласны хариу төлбөр болох хүү болон гэрээний хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлнө”, 4.1-д “зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж заасан хариуцлага буюу хугацаа хэтрүүлсэний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд зээлдүүлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс нэхэмжлэх эрхтэй.

Зээлдэгч нар үндсэн гэрээгээр 72000000 төгрөгийг гэрээний хугацаанд буюу 359 хоног ашигласны хүүд 25493917.80 төгрөг /жилийн хүү 36:365 хоног х 359 хоног х үндсэн зээл 72000000 төгрөг : 100%/, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 3 хоногийн хүү 213041.10 төгрөг төлөхөөс төлсөн 3430091.10 төгрөгийг хасч хүүд 22276868 төгрөг төлөх үүрэгтэй байна. Талууд гэрээгээр хүүг эхэлж төлөхөөр тохирсон байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 3430091.10 төгрөгийг хүүгээс хасч тооцох үндэслэлтэй. Харин нэмэлт гэрээгээр 72000000 төгрөгийг гэрээний хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ашигласны хүүд 24823233 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 427 хоногийн хэтэрсэн хугацааны хүүд 20215233 төгрөг /24:365 хоног х 427 хоног х төлөөгүй зээл 72000000 төгрөг :100%/, нэмэгдүүлсэн хүүд 45000000 төгрөг /2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлөх үүрэгтэй/-ийг төлөх хугацааг 23 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээр 204164 төгрөг /36 хувийн хүүгийн 20 хувь 7.2 : 365 хоног х 23 хоног х 45000000 төгрөг : 100%/, 72000000 төгрөг /2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлөх үүрэгтэй/-ийг төлөх хугацааг 427 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээр 6064570 төгрөг /36 хувийн хүүгийн 20 хувь 7.2:365 хоног х427 хоног х 72000000 төгрөг : 100%/ төлөх үндэслэлтэй байна. Зээлдэгч нар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 363 хоногт 25777972.6 төгрөг /36: 365 хоног х 363 хоног х 72000000 төгрөг : 100%/-ийг хүүд төлөх боловч энэ хугацааны хүүд нэхэмжлэгч тал 24823233 төгрөг нэхэмжилсэн байх ба 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хэтэрсэн хугацааны хүүг жилийн 24 хувиар тооцсон байгааг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч үндсэн гэрээний хүүгийн үлдэгдэл дээр буюу нэмж зээл олгосноор 22276917.81 төгрөгт хүү тооцоогүй байх ба зээлийн төлбөрт үндэслэлгүйгээр хүү нэмж тооцсон үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Ж.Ө, Ө.С нараас зээлийн үндсэн төлбөр 72000000 төгрөг, үндсэн гэрээний хүү 22276868 төгрөг, нэмэлт гэрээний хүү 24823233 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 20215233 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6268734 төгрөг нийт 145584068 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.     

Зохигчид барьцааны гэрээний 1.3.5-д барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тохирсон, энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956071 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 956071 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж. Ө, Ө. С нараас 145584068 /нэг зуун дөчин таван сая таван зуун наян дөрвөн мянга жаран найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ө, Ө.С нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ....тоотын 80м2 талбай бүхий эрх улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956071 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ө, Ө.С нараас улсын тэмдэгтийн хураамжид 956071 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНДИЙМАА