Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 111

 

Mонгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг

     Улсын яллагч Б.Ичинхорол

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд

Шүүгдэгч Б.Батмөнх нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Баатарын Батмөнхөд холбогдох эрүүгийн 201611000285 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 02 сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 18-24 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын  54 дүгээр байрны ** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЯ68022218 регистрийн дугаартай, Хатгин овогт Баатарын Батмөнх.

      Шүүгдэгч Б.Батмөнх нь 2016 оны 6 сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Загач" гэх газраас ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүүгийн 221 кг үндсийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Ялалтын 13-19 тоотод хадгалсны улмаас 11050000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлгээ өгсөн болохоор одоо нэмж ярих зүйл байхгүй, өмнөх мэдүүлэг үнэн зөв. Байгаль орчны хууль мэдэхгүй, өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Ямар зүйл хийснээ ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Эхнэр маань багш мэргэжилтэй. Хоёр оюутан хүүхэдтэй. Миний амьдрал ахуйн байдлыг маань харгалзан үзэж, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгч Б.Батмөнх мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 6 сарын 03-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл нийт 257 орчим кг ургамлын үндсийг ганцаараа аймгийн төвөөс урагш Хан-Уулын баруун талаар түүсэн юм. Ургамлын үндсийг түүх үедээ Хөлөнбуйр сумын танил дүү болох Болдоогийн мотоциклтой явж түүгээд хатаах зорилгоор Эрдэнэцогтын байшингийн баруун талын таамбарт дэлгэж тавьсан байсан. 2016 оны 6 сарын 16-ны өдөр Эрдэнэцогтын эхнэр Болороо миний гар утас руу залгаад ургамлын үндсийг Цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. "...Миний түүсэн ургамлын үндсийг надаас хурааж авч жинлээд 221 кг байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

Хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Батмөнх гэдэг хүнтэй холбоотой хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Манай сумаас намайг хохирогчийн төлөөлөгчөөр томилсон. Би Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай. Би сумынхаа нутаг дэвсгэрт хамаарах шалгалтыг 2016 оны 6 сарын 16-ны өдрөөс эхэлж хийсэн. Ингэж шалгалт хийх явцдаа нутгийн оршин суугч нартаа байнга гарын авлага тарааж явдаг. Нутгийн иргэд маань "Хэрлэн сумаас хүмүүс ирж үндэс түүгээд малын бэлчээр эвдэж байна" гэж хэлдэг юм. Мөн өнгөрсөн онд манай нутгаар түймэр гарч онц ноцтой байдалд хүрсэн байгаа. Б.Батмөнх гэж хүний хувьд Улаанбаатар хотод амьдардаг тул энэ талаар мэдээгүй байж болно. Ер нь ургамлын аймагт учруулсан хохирлын хэмжээ гэвэл 11050000 төгрөгөөр зогсохгүй бөгөөд хохирол тогтоосон ажлын зардал болон байгаль дэлхийд учруулсан нөхөн төлбөр зэргийг оруулан нэхэмжлэх ёстой байдаг боловч одоогоор Б.Батмөнхөөс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

-Эд мөрийн баримтаар: 1 метр урттай, доод талдаа нарын шовх  үзүүртэй, уг үзүүрээс дээш 25 см зайд хажуу тийш 11 см хөндлөн төмөртэй, дээд талдаа 20 см хөндлөн бариултай нарийн төмөр лоом, 9 шуудай Дэрэвгэр жиргэрүүгийн ургамлын үндэс зэргийг шинжлэн судлав.

-Мөн бичгийн баримтаар: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/, эд зүйл хураан авах тогтоол /хх-ийн 10-11, 13-14/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15, 111/, үнэлгээний тайлан /хх-ийн 18-23/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 29-30, 108-109/, нэхэмжлэгч томилох тухай Булан сумын Засаг даргын албан тоот /хх-ийн 32/, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 33/, хохирогчийн төлөөлөгч Ө.Баярхандын мэдүүлэг /хх-ийн 34/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35/, гэрч Н.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч Б.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 37/, гэрч Л.Гэрэлцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 38-39/, Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 7 сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/, шүүгдэгч Б.Батмөнхийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57, 60/, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, Монгол Улсын Засгийн газрын 153 дугаар тогтоол /хх-ийн 69/, Монгол Улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-282 , А/377 дугаар тушаал /хх-ийн 74, 100/, харьцуулсан шинжилгээнд дээж авах тогтоол /хх-ийн 106/, харьцуулсан шинжилгээнд хэв хэлбэр авах тэмдэглэл /хх-ийн 101/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн112/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 113/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 114-115/, Шинжлэх ухааны академийн ерөнхий  болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 9 сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Батмөнх нь 2016 оны 6 сарын 04-ний өдрөөс 2016 оны 6 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Загач" гэх газраас ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр жиргэрүү ургамлын 221 килограмм үндсийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 13-19 тоотод хадгалсны улмаас 11050000 /арван нэгэн сая тавин мянган/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Батмөнхийн болон хохирогчийн төлөөлөгч Ө.Баярхандын  мэдүүлэг, гэрч Ж.Эрдэнэцогт, Б.Ганболд нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 7 сарын 29-ний өдрийн болон Шинжлэх ухааны академийн ерөнхий  болон сорилын биологийн хүрээлэнгийн 2016 оны 9 сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батмөнхөд холбогдох хэргийг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Батмөнхийг ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Б.Батмөнх нь гэмт хэрэг үйлдэхдээ Б.Ганболдын эзэмшлийн улсын дугааргүй, марк нь тодорхойгүй мотоциклийг хэрэглэсэн болох нь шүүгдэгч болон гэрч Б.Ганболдын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийг хууль ёсны эзэмшигч Б.Ганболдод олгож, мотоциклийн үнэ 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг ялтан Б.Батмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 11050000 төгрөгийн хохирол учруулсан байх боловч хохирогчийн төлөөлөгч Ө.Баярханд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс Ү-2204023311 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 54-29 тоотын 61,685 м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Хэргийн газрын үзлэгийн явцад эд мөрийн баримтаар хураан авсан 9 шуудай, жин нь 221 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс нь шүүхэд хэргийг шилжүүлэх үед нийт жин нь 86 килограмм болж хорогдсон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтыг шинжлэн судлах явцад хохирогчийн төлөөлөгч нь 86 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хөгзөрч муудсан, цаашид ашиглах боломжгүй болсон байна, тиймээс устгах нь зүйтэй гэж, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нар мөн адил саналыг тус тус гаргаж байх тул шүүх хуралдаанд оролцогчдын саналыг үндэслэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 шуудай, нийт 86 килограмм жинтэй дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг, мөн нарийн төмөр лоом 1 ширхэг зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ. Харин хэрэгт баримт бичгээр ирсэн ялтан Б.Батмөнхийн ЖЯ68022218 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олговол зохино.

    Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хатгин овогт Баатарын Батмөнхийг ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-д зааснаар шүүгдэгч Баатарын Батмөнхийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Б.Батмөнх нь бусдад төлөх төлбөргүй /хохирогчийн төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэсэн/, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нарийн төмөр лоом 1 ширхэг, 9 шуудай нийт жин нь 86 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн ялтан Б.Батмөнхийн ЖЯ68022218 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.   

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар энэ гэмт хэрэгт битүүмжлэгдэн ирсэн улсын дугааргүй, марк нь тодорхойгүй мотоциклийг хууль ёсны эзэмшигч Б.Ганболдод олгож, мотоциклийн үнэ 150000 төгрөгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын 54-29 тоотод оршин суух, ялтан Б.Батмөнхөөс гаргуулан улсын орлогод оруулсугай. 

7. Мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтаны засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Батмөнхийн эзэмшлээс Ү-2204023311 дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хорооллын **** тоотын 61,685 м2 талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх" тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ялтанд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацааг 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

                         

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б.ЭНХБААТАР