Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2018/01242

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч:  МҮ

Цахилгаан эрчим хүчээр хангах 102 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэмэлт зардал нэрийн дор үндэслэлгүйгээр 2010 оноос хойш авч байсан 20 хувь болох 39283257 төгрөг, хууль бусаар 110 цаг цахилгааныг хязгаарласнаас олох ёстой байсан орлого 84467750 төгрөг, нийт 123751007 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 60329826 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Н

                                        нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т

                                        хариуцагчийн төлөөлөгч Х.М

                                            хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, Ц.О

                                        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК-ийн ЭБН Телевиз нь 2006 оноос хуулийн хүрээнд үзэгчдэд телевизийн дэлгэцнээ мэдээ, мэдээлэл, танин  мэдэхүйн  болон бусад  төрлийн  нэвтрүүлгүүдийг тасралтгүй хүргэсээр ирсэн. Манай байгууллага нь МҮ-тэй 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 102 тоот "цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулж энэ гэрээний дагуу цахилгааны эх үүсвэрээр хангагдаж  ирсэн.  МҮтэй анх энэ гэрээг байгуулах үед МҮ-ээс цахилгаан хэрэглэсний төлбөрийг тоолуурын заалтын дагуу бодож  тооцоод шугамын алдагдлын коэффициентийг 40 хувиар нэмэгдүүлсэн дүнгийн хамт, мөн 20 хувийн нэмэгдлийг үйлчилгээний нэмэлт зардалд төлж байх нөхцөл тавьсан ба  манай зүгээс МҮ нь Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй хууль ёсны дагуу эрчим хүч хангагч байгууллага гэж ойлгож, уг  саналыг хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан. Тиймээс ч өнөөдрийг хүртэл 11  жилийн  турш гэрээнд заасан төлбөрөө төлсөөр  ирсэн. МҮ нь 2017 оны 03 сараас хойш эрчим хүч ашигласны төлбөрөө төлсөнгүй гэдэг шалтгаанаар  нийт 110  цагаар манай байгууллагын тогийг тасалсан ба 2017 оны 10 сарын 2-ны өдрийн 09 цагаас одоог хүртэл цахилгааныг дур мэдэн хязгаарлаж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үйл ажиллагааг зогсоож, манай олон мянган хэрэглэгч, үзэгчдийн мэдээ мэдээлэл  авах  эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөллсөн. Үүний улмаас манай телевиз хэрэглэгч, үзэгчид болон хамтран   ажиллагч түнш байгууллагуудынхаа итгэлийг алдаж, олон сая төгрөгний бодит хохирол амсаад байна. Хоёр байгууллагын хооронд үүсээд байгаа энэхүү хүндрэлтэй асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс  тусдаа цахилгаан эрчим хүчний  хэрэглээгээ хангахаар манай компани  “УБЦТС” ТӨХК-иас 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн  1262/2017 дугаартай техникийн нөхцөл, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 104/2017 дугаартай барилгын ажлын  зөвшөөрөл авч, Монцахир ХХК-д  боловсруулсан зураг төслөөр, 2*400 кВ чадалтай дэд өртөө,  10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель  шугамын  угсралтын  ажлыг  Азурайз ХХК гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Техникийн нөхцөл, барилгын ажлын зөвшөөрөл, зураг төсөл, гэрээний дагуу цахилгаан дамжуулах кабель шугамын угсралтын  ажлаа  эхлүүлэх гэтэл МҮ-ээс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/2306 дугаартай албан бичгээр цахилгааны  хязгаарлалт хийнэ  хэмээн мэдэгдэж, техникийн нөхцөл, зөвшөөрлийн дагуу дээрх  ажлыг хийж  гүйцэтгүүлэхгүй саад учруулж эхэлсэн бөгөөд манай  компани Мэргэжлийн хяналтын  ерөнхий газар,  Эрчим  хүчний зохицуулах хороо, Улаан Баатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-д уг асуудлаар хандсан юм. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 оны 10 сарын 18-ны өдөр МҮ-ийн дэд захирал Г.Гэрэлд явуулсан “Цахилгаан хангамжийн тухай” албан бичигт "МҮОНТ нь ЭБН телевизтэй 2010 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх /Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ/, 15.8.3 дахь /эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, ...хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх/ хэсэгт заасныг хангахгүй байна. Мөн эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах бусад үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг үүгээр мэдэгдэж байна” гэж Эрчим хүчний зохицуулах хороо, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манайд ирүүлсэн албан бичигт “МҮ нь цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй байх тул хангагч гэж үзэх үндэслэлгүй... . Мөн хэрэглэгчийг эрчим хүчээр хязгаарлах эрх нь Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу хангагчийн эрх бүхий ажилтан, эрчим хүчний хяналтын улсын байцаагчид олгогддог. Иймд МҮ нь танай компанитай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, цахилгааны борлуулалтын үйл ажиллагаа явуулах, цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрхгүй болно. Харин МҮ-тэй байгуулсан гэрээний дагуу үйлчилгээний нэмэлт зардал тооцож асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж хариу ирүүлсэн бөгөөд уг албан бичгүүдээр МҮ нь цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, хангагч биш, эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, цахилгааны борлуулалтын үйл ажиллагаа явуулах, цахилгаан эрчим хүчээр хязгаарлах эрхгүй болох нь тодорхой болсон. Иймд МҮ-тэй байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах” 102 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, гэрээний 5.2(а)-д заасны дагуу үйлчилгээний нэмэлт зардал нэрийн дор үндэслэлгүйгээр 2010 оноос хойш авч байсан 20 хувь болох 39283257 төгрөг, хууль бусаар 110 цаг цахилгааныг хязгаарласнаас олох ёстой байсан орлого 84467750 төгрөг, нийт 123751007 төгрөгийг гаргуулж, ИХШХШТХ-ийн 115.2.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь МҮ болон “С” ХХК-ийн “ЭБН” телевизийн хооронд эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан 20 хувийн нэмэгдлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаатай холбогдуулан үндэслэлгүйгээр 2010 оноос хойш авсан 20 хувийн нэмэгдэл 39283257 төгрөгийг буцаан гаргуулах, 110 цаг цахилгаан хязгаарласанаас олох байсан орлого 84467750 төгрөг нийт 123571007 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. 2006 оноос ЭБН телевиз МҮийн байранд орсон. 2010 онд уг байр ЭБН телевизийн өмчлөлд шилжсэн. Энэ байр өмнө нь МҮийн байр байсан учраас нэг дэд станцаас холбогдоод эрчим хүчээр хангагдаж байсан. Ингээд 2010 оноос хойш байр нь ЭБН телевизэд шилжсэн учраас цахилгааны асуудлаа ярилцаж байгаад 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 102 тоот цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан. Тухайн үед МҮийг эрчим хүчээр хангагч гэж ойлгож гэрээ байгуулсан. Энэ талаар МҮийн ерөнхий захирлын тушаал гарч, зөвлөлийн хурлаа хийгээд, хурлын тэмдэглэл дээр үндэслэж, Эрчим хүчний тухай хуульд нийцүүлээд өөрсдийгөө эрчим хүчээр хангагч субъект гэж үзээд манайх танайхыг эрчим хүчээр хангана гэж гэрээг байгуулсан байдаг. Тухайн үед хариуцагчийг тусгай зөвшөөрөлтэй юм байна, энэ үндсэн дээр Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг барьж, гэрээн дээрээ өөрсдөө зохицуулалттай хангагч гэж тодорхойлж, эрчим хүчээр хангана, гэрээний дагуу төлбөрийг төлнө гэж талууд харилцан тохирч гэрээг байгуулсан. 2017 оны эхэн үеэс эхэлж ЭБН телевиз нь эдийн засгийн хүндрэлээс болж цахилгааны төлбөрөө төлж чадахгүй 1, 2 сараар хоцроож эхэлсэн байдаг. Ингээд хоёр байгууллагын хооронд цахилгааны төлбөрийн асуудал үүсч эхэлсэн. Хавтаст хэрэгт тухайн үед талуудын харилцаж байсан албан бичиг, шаардах хуудас, хүсэлтүүд авагдсан байгаа. МҮээс цахилгааны төлбөрөө төлөөч, цахилгааныг чинь хязгаарлалаа шүү гэдэг байдлаар, харин манай талаас манай нөхцөл байдлыг харж үзээч, адилхан телевизийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас гэрээнд заасан төлбөрийн асуудлаар ярилцъя, төлбөр төлөх асуудлыг түр хугацаагаар хойшлуулж өгөөч гэх мэт байдлаар харилцаа үүсч явсан. Ингэж явж байгаад 2017 оны 1 дүгээр сараас эхэлж цахилгаанаа тасалж эхэлсэн. Ингээд 2017 оны 10 дугаар сар хүртэл хэд хэдэн удаа тог тасалсан. Цахилгаан тасалсан үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газарт хандахад эдгээр байгууллагуудаас нэг ижил агуулга бүхий албан бичгүүдийг МҮийн захирал болон ЭБН телевизийн удирдлагад явуулсан. Уг албан бичигтээ МҮ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл аваагүй байгууллага, хуулиараа тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас эрчим хүчээр хангах, нийлүүлэх, цахилгааныг хязгаарлах эрхгүй, энэ нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг ажиллагаа байна гэтэл МҮ нь тусгай зөвшөөрөлгүй байна, тусгай зөвшөөрөл эзэмшигч биш учраас МҮийн ажилчид дур мэдэж хэрэглэгчийн цахилгааныг хязгаарлах эрхгүй болно. Үүнийг та нар холбогдох байгууллагад нь хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн адил агуулга бүхий албан бичгүүдийг ирүүлсэн. Иймээс МҮ нь тусгай зөвшөөрөлгүй байж, манайхтай гэрээ байгуулж, өөрсдийгөө эрчим хүчээр хангагч гэж тодорхойлж, зохицуулалттайгаар цахилгаан эрчим хүчээр хангасан асуудал үүссэн. 2017 оны сүүлээр энэ асуудал тодорхой болж, шүүхэд хандах зайлшгүй шаардлага үүссэн. Эрх бүхий байгууллагуудаас ирсэн албан бичгээр МҮ нь тусгай зөвшөөрөлгүй, эрчим хүчээр хангагч биш гэдгийг тодорхойлсон бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8.3 дахь хэсэгт эрчим хүч үйлдвэрлэж, дамжуулах, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.8, 12.1.9 дэх хэсэгт заасан эрчим хүчээр зохицуулалттай болон зохицуулалтгүй хангах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах зэргийг зөрчиж эрчим хүчээр хангасан. Иймд цахилгаан эрчим хүчээр хангах 102 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болно. МҮийн захирлын тушаалаар цахилгаанаар хангагдаж байгаа байгууллагуудаас 20 хувиар нэмэлт зардал тооцохоор өөрсдөө тариф тогтоож, тушаал баталсан байдаг. Тэр тушаал дээр үндэслээд гэрээний 5А-д үйлчилгээний нэмэлт зардал 20 хувь гэж гаргаж ирсэн. Эрчим хүчний тухай хууль дээр үйлчилгээний нэмэлт зардал гэсэн ойлголт байхгүй ба тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг. Гэтэл үйлчилгээний нэмэлт зардал гэх тарифыг МҮийн захирал өөрөө баталж, гэрээ байгуулагдаж, 2010 оноос хойш үйлчилгээний нэмэлт зардалд 20 хувийг ЭБН телевизээс авч ирсэн. Иймд 20 хувьтай холбоотой асуудал нь үндэслэлгүй болж байна. Эрчим хүчний хангагчийн эрх бүхий хүмүүс цахилгаан хязгаарлах эрхтэй байтал цахилгаан хязгаарлах эрхгүй этгээдээс цахилгаан хязгаарлаж байгааг хууль бусаар хязгаарласан гэж үзэж хууль бусаар цахилгаан хязгаарласны улмаас олох байсан орлого нэхэмжилсэн байгаа. Бид 2017 оны сүүлээр эрх бүхий байгууллага болох “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д хүсэлт гаргаж, бидний хооронд байгуулсан үйлчилгээний нэмэлт зардал 20 хувь нь зөв эсэх, шугамын алдагдлын коэффициент гэж 40 хувиар бодож байгаа нь ямар учиртайг тогтоолгохоор  хандахад 40 хувь нь трансформаторын сул гүйлтийг ингэж тооцох нь зөв, харин үйлчилгээний нэмэлт зардал 20 хувь авч байгааг манай зүгээс тайлбарлах боломжгүй гэсэн. Ингээд энэ 20%-ийг мэргэжлийн байгууллагаас нь дүгнэх боломжгүй болсон.  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК нь 20 хувийн талаарх асуудлаа МҮээс өөрсдөө тодруул гэсэн. Яагаад 20 хувиар тооцох болсон нь тухайн үеийн захирлуудын зөвлөлийн шийдвэр дээр тодорхой байсан. Үүнийг шүүх хуралдааны явцад нотлох баримтаар гаргуулах хүсэлт өгсөн боловч хариуцагч нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иймд үйлчилгээний нэмэлт зардал 20 хувийг өөрсдөө тогтоож авч байгаа нь үндэслэлгүй байна. Бид 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл 20 хувь төлж байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 2010 оноос өнөөдрийг хүртэл нийт 39283257 төгрөгийг төлсөн байгааг нэхэмжилж байгаа. 2017 оны сүүлээр эрх бүхий байгууллагад хандсанаар эрчим хүчээр хангагч субъект биш болох нь тодорхой болсон. Улмаар МҮ дур мэдэж тогийг хязгаарладаг, тасалдаг. Гэтэл ийм эрх олгогдоогүй. Тог хязгаарласны үр дүн нь телевизийн үйл ажиллагаа 110 цаг тасалдсан. Энэ 110 цагт төлбөртэй зочны цаг, рекламын холбоос, рекламын цаг, ивээн тэтгэлгээр олох орлого гэх зэрэг бидэнтэй гэрээ байгуулж рекламаа цацуулах гэж байсан аж ахуй нэгж байгууллагын рекламын цагууд тасалдсанаар бидэнтэй гэрээ байгуулсан аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдээс гомдлууд маш их ирсэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад манай байгууллага гэрээнд заасан олох ёстой байсан ашиг буюу орлогоо олж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. 110 цаг тог тасалсны улмаас бидний олох ёстой байсан орлого 84467750 төгрөг болж байгаа. Ингээд нэхэмжлэлийн нийт шаардлага нь 102 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, биднээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 39283257 төгрөг, олох ёстой байсан орлого 84467750 төгрөг нийтдээ 123751007 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагч МҮшүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Тус байгууллага нь 2005 онд Олон нийтийн Радио, Телевизийн тухай хууль батлагдсанаар МҮ болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд өмнө нь РТХЭГ-ын мэдэлд байсан объектийн өргөтгөлийн хэсгийг “С” ХХК, ЭБН Телевиз эзэмших болсон. Хоёр байгууллагын цахилгааны хэрэглээ нэг шугамаас эрчим хүчээр хангагдаж ирсэн тул SBN телевизийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр тасралтгүй ханган, цахилгааны төлбөрийг манай байгууллага “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд тогтмол төлж ирсэн билээ. Хоёр тусдаа байгууллагын хоорондын тооцоог зохицуулах зайлшгүй шаардлага гарсан тул Эрчим хүчний тухай хуулийн Хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлсон 30 дугаар зүйлийн 30.1.11-д “өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх” гэсэн заалтын дагуу ЭБН Телевизтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний нөхцлийг харилцан тохиролцож 2010.3.02-ны өдөр 102 тоот гэрээг байгуулсан. МҮ-ийн Ерөнхий захирлын 2010.01.20-ны өдрийн 15 тоот тушаалаар баталсан тарифын дагуу тус байгууллага SBN телевизийг цахилгаан эрчим хүчээр хангах, SBN телевиз нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуураар тооцож ЭХЗГ-ын баталсан тарифаар төлөх, тус байгууллагаас цахилгаан эрчим хүчээр хангахад гарч буй зардлыг “Үйлчилгээний нэмэлт төлбөр” буюу эрчим хүчний тарифын 20%-иар тооцон нэмж төлөхөөр харилцан тохиролцож одоог хүртэл тооцоо хийж ирсэн билээ. ЭБН Телевиз нь 2006 оноос хойш цахилгааны техникийн нөхцлөө авалгүй, манай цахилгааны эх үүсвэрээс хангагдан өдий хүрсэн бөгөөд ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд хүндэтгэлтэй хандан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангаж ирсэн билээ. Гэтэл 2016 оны жилийн эцсийн байдлаар SBN телевизийн өр төлбөр хуримтлагдаж 49685902 төгрөгт хүрсэн, цаашид техникийн нөхцөлгүйгээр цахилгаанаар хангах боломжгүй болсон тул бид зохих шаардлагуудыг тавьж эхэлсэн юм. Үүнд: 2017.01.19-ний өдрийн 2/185 тоот албан бичгээр өр төлөх, техникийн нөхцөл авах тухай “Шаардлага” хүргүүлсэн. Мөн 217.01.26-ны 2/272 тоот, 2017.02.06-ны 6/311 тоот, 217.04.17-ны 6/596 тоот, 2017.04.17-ны 4/603 тоот, 2017.08.29-ний 2/2002 тоот, 2017.09.8.-ны 2/2113 тоот, 2017.10.12-ны 2/2250 тоот, 2017.10.24-ний 2/2290 тоот, 2017.10.30-ны 2/2306 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн. Үүний хариуд SBN телевиз нь 2017.09.13-нд 93/17 тоотоор санхүүгийн хүндрэлтэй байгаагаа дурдаж байсан. ЭБН Телевиз нь 2017.10.16-ны өдрийн 128/17 тоот албан бичигтээ "... танай байгууллага нь Эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан эрчим хүч хангагч байгууллага мөн эсэх нь тодорхойгүй бөгөөд энэхүү гэрээ нь хууль бус гэж үзэж байна “ гэсэн мөртлөө “ .... манай байгууллагын цахилгааныг хязгаарлахгүй байхыг хүсье” гэсэн эсрэг утгатай бичиг ирүүлсэн. МХЕГ шалгалт хийн 2017.10.16-ны 00018151 тоот “Шалгалт хийсэн тухай тэмдэглэл”-дээ “Хангах тусгай зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчээр хангасан” гэсэн дүгнэлт гаргасан. Тиймээс МХЕГ-ын дүгнэлт болон SBN телевизийн үзэж байгаагаар бид эрчим хүчээр хангах боломжгүй болох нь тогтоогдсон тул урьдчилан мэдэгдэж тодорхой хугацаанд цахилгааны хязгаарлалт хийсэн. “С” ХХК-ийн өргөтгөлийн барилгын гадна цахилгаан хангамжийн дэд өртөө, 10 кв-ын цахилгаан дамжуулах кабель шугамын угсралтын ажлыг захиалагч гүйцэтгэгч болон МҮ-ийн гурвалсан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхийг 2017.10.24-ний өдрийн 2/2290 тоот албан бичгээр санал болгосон боловч манай саналыг хүлээн аваагүй өдий хүрсэн. Одоогийн байдлаар ЭБН Телевиз нь 40219884 төгрөгийн цахилгааны өр төлбөртэй байгаа нь тус байгууллагад санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Иймд “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “Цахилгаан эрчим хүчээр хангах” 102 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үйлчилгээний нэмэлт зардал гэж үндэслэлгүйгээр авсан 39283257 төгрөг, 110 цаг цахилгааныг хязгаарласнаас олох ёстой байсан орлого 84467750 төгрөг нийт 123751007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулах болсон шалтгаан нь нэхэмжлэгч байгууллага 2006 оноос хойш манай байранд орж, гэрээгүйгээр манай тог цахилгааныг хэрэглэж эхэлсэн. Мөн цахилгааны төлбөрөө төлөхдөө хоцроож төлж байсан учраас манайд хүндрэлтэй байсан. Иймээс аргагүй эрхэнд гэрээ байгуулсан юм. 2006 оноос 2009 оны хоорондох хугацаанд цахилгааны төлбөрт 4000000 төгрөгийн үлдэгдэлтэй болж эхэлсэн. Ингээд 2010 онд гэрээг байгуулсан. 2006 онд ЭБН телевиз манай байранд орж ирэхэд манай цахилгаан холбоотой байсан чигээрээ үргэлжилж байгаа. Нэгэнт цахилгаан хэрэглэж байгаа учраас аль аль талдаа хариуцлагаа тодорхойлсон гэрээ байгуулах шаардлага гарсан учраас энэ гэрээг байгуулсан. Цахилгааны дэд станцыг ажиллуулахад манайхаас олон зардал гардаг. Энэ зардал болон дэд станцын ашиглалт үйлчилгээнд зориулж үйлчилгээний нэмэлт зардлыг хэрэглэсэн цахилгааны нийт дүнгийн 20 хувь байхаар тохиролцсон. Манайх өөрийнхөө өмч хөрөнгийг ашиглуулсныхаа төлөө түрээсийн үнээ тогтоож, тариф баталж, тарифын дагуу гэрээг хийх санал тавихад нэхэмжлэгч байгууллага зөвшөөрч, цахилгаанаа авч, үйлчилгээний нэмэлт зардал 20 хувийг төлнө гэж тохирсон. Гэтэл манайхыг тариф тогтоох эрхгүй байсан, мөн манай ерөнхий захирлын эрх хэмжээнд халдаж, батлагдсан байгаа тушаалыг хүчингүй гэж ярих нь зохимжгүй байна. Нэхэмжлэгч байгууллага тог тасалсны улмаас олох ёстой байсан ашиг гэж нэхэмжилсэн. Үүнийгээ манайх оны эхэнд бүх гэрээгээ хийж, реклам гаргах хуваариа баталдаг гэсэн боловч тэр цагуудад нь ихэнхдээ кино гарах хуваарьтай, хөтөлбөр болон нотлох баримтаар өгсөн баримтуудын цаг зөрүүтэй, баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллага нь 2005 онд Олон нийтийн Радио, Телевизийн тухай хууль батлагдсанаар МҮ болон өөрчлөн байгуулагдсан бөгөөд өмнө нь РТХЭГ-ын мэдэлд байсан обьектийн өргөтгөлийн хэсгийг “С” ХХК, ЭБН Телевиз эзэмших болсон. Хоёр байгууллагын цахилгааны хэрэглээ нэг шугамаас эрчим хүчээр хангагдаж ирсэн тул SBN телевизийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр тасралтгүй ханган, цахилгааны төлбөрийг манай байгууллага “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд урьдчилан тогтмол төлж ирсэн билээ. Эрчим хүчний тухай хуулийн хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлсон 30 дугаар зүйлийн 30.1.11-д “өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, түгээх” гэсэн заалтын дагуу ЭБН Телевизтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний нөхцлийг харилцан тохиролцож 2010.3.02-ны өдөр 102 тоот гэрээг байгуулсан. МҮ-ийн Ерөнхий захирлын 2010.01.20-ны өдрийн 15 тоот тушаалаар баталсан тарифын дагуу тус байгууллага SBN телевизийг цахилгаан эрчим хүчээр хангах, SBN телевиз нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуураар тооцож ЭХЗГ-ын баталсан тарифаар төлөх, тус байгууллагаас цахилгаан эрчим хүчээр хангахад гарч буй зардлыг “Үйлчилгээний нэмэлт төлбөр” буюу эрчим хүчний тарифын 20%-иар тооцон нэмж төлөхөөр харилцан тохиролцож одоог хүртэл тооцоо хийж ирсэн билээ. Хамгийн сүүлд 2017.04.11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 39114281 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан болно. Бид төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж албан бичгээр харилцаж байсан. Үүний хариуд SBN телевиз нь 2017.09.13-нд 93/17 тоотоор санхүүгийн хүндрэлтэй байгаагаа дурдан, төлбөрийн хуваарь гаргах хүсэлт ирүүлж байсан боловч одоо хүртэл төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар ЭБН Телевиз нь 40219884 төгрөгийн цахилгааны өр төлбөртэй байна. Цахилгаан эрчим хүчээр хангах тухай 102 тоот гэрээний тавдугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу цахилгааны төлбөрийг төлөх ёстой хугацаа хэтэрсэн хоногоос сар бүрийн 14 хоногийг чөлөөлж үлдэх хоногоор алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцоход 2015 оны алданги 197 хоногийн 18180878.18 төгрөг, 2016 оны 198 хоногийн 35502186.44 төгрөг, 2017 оны алданги 197 хоногоор тооцоод 38650969.77 төгрөг, нийт 92334034.38 төгрөг болсон байна. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар нийт гүйцэтгээгүй байгаа үүрэг 40219884 төгрөгийн үнийн дүнгийн 50% буюу 20109942 төгрөг, төлөх ёстой цахилгааны төлбөр 40219884 төгрөгийн хамт нийт 60329826 төгрөгийг “С” ХХК-иас нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Намнансүрэн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэгдүгээрт: МҮ нь “сөрөг нэхэмжпэл”-дээ: “МҮ-ийн Ерөнхий захирлын 2010.01.20-ны өдрийн 15 тоот тушаалаар баталсан тарифын дагуу тус байгууллага SBN телевизийг цахилгаан эрчим хүчээр хангах, SBN телевиз нь цахилгаан эрчим хүчний хэрэглээг тоолуураар тооцож ЭХЗГ-ын баталсан тарифаар төлөх, тус байгууллагаас цахилгаан эрчим хүчээр хангахад гарч буй зардлыг ‘Үйлчилгээний нэмэлт төлбөр’ буюу эрчим хүчний тарифын 20%-иар тооцон нэмж төлөхөөр харилцан тохиролцож одоог хүртэл тооцоо хийж ирсэн билээ” гэж дурдан “Үйлчилгээний нэмэлт төлбөр” гэсэн нэрийн дор 20%-ийг авч байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Хоёрдугаарт: “Цахилгаан эрчим хүчээр хангах тухай 102 тоот гэрээ”-д заасны дагуу алданги тооцох ёстой гэж тайлбарлаад нийт 20109942 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн байна. Гэвч алданги нэхэмжилж буй “Цахилгаан эрчим хүчээр хангах тухай 102 тоот гэрээ” нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8.3, Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.9-г  зөрчсөн Иргэний хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Иймд энэ гэрээгээр алданги нэхэмжлэх эрхгүй болно. Манай байгууллагаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй. Гэхдээ бид төлсөн 20 хувиа нэхэмжилж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд мөн 20 хувь орсон байгаа. 20 хувьтай үнийн дүнгээрээ цахилгааны үлдэгдэл төлбөрийг гаргасан. Тэгэхээр энэ үлдэгдэл төлбөрөөс 20 хувь буюу 8043977 төгрөг нь хасагдах ёстой. Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдсон тохиолдолд алдангийн асуудал яригдахгүй. Алданги хүчин төгөлдөр гэрээний хувьд яригдана. Танай нэхэмжилж байгаа үнийн дүнгээс алданги болон үйлчилгээний нэмэлт зардал 20 хувийг хасаад хассан үнийн дүнгээс манай үндсэн нэхэмжлэлдээ шаардаж байгаа 39283257 төгрөгийг хасахын бол манайх 7107350 төгрөгийг илүү төлсөн дүн гарна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч МҮэд холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэмэлт зардал нэрийн дор үндэслэлгүйгээр 2010 оноос хойш авч байсан 20 хувь болох 39283257 төгрөг, хууль бусаар 110 цаг цахилгаан хязгаарласнаас олох ёстой байсан орлого 84467750 төгрөг, нийт 123751007 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн гүйцэтгэл 40219884 төгрөг, алдангид 20109942 төгрөг нийт 60329826 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талууд 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “цахилгаан эрчим хүчээр хангах” гэрээг бичгээр хийсэн ба уг гэрээгээр хариуцагч МҮ нь нэхэмжлэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах, нэхэмжлэгч 1кв/цагийн үнийг тухайн үед мөрдөгдөж байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан үнэ дээр нэмэгдсэн өртгийн албан татвар, үйлчилгээний зардалд 20%-ийг нэмж төлөх үүргийг тус, тус хүлээсэн байна. Энэхүү гэрээг нэхэмжлэгч тал  хариуцагч нь эрчим хүчээр хангагчийн тусгай зөвшөөрөлгүй үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэн дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хууль зөрчсөнөөс учирсан хохирол буюу үйлчилгээний нэмэлт зардалд төлсөн төлбөрөө буцаан гаргуулах, цахилгаан эрчим хүч хязгаарлах эрхгүй буюу хууль бусаар цахилгаан хязгаарласнаас олох байсан орлого шаарджээ. Харин хариуцагч өөрийн тоног, төхөөрөмжийг түрээслэж буюу эд хөрөнгө түрээслэх гэрээгээр нэхэмжлэгчид цахилгаан эрчим хүчийг дамжуулж байсан, цахилгаан хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч МҮийн өргөтгөл байсан объектод 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаад талууд маргаагүй бөгөөд эдгээр байрны цахилгаан хангамжийн холболт 2006 оноос өмнө хийгдэж, Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасан хэрэглэгчээр МҮ бүртгэгдэж хангагч байгууллагаас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу эрчим хүчээр хангагддаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа байрны цахилгааны холболтыг өөр эх үүсвэрээс хийгдсэнийг салгаж, МҮтэй 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “цахилгаан эрчим хүчээр хангах” гэрээ байгуулсанаар хариуцагчийн эзэмшлийн дэд станцаас шинээр холболт хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүйгээс гадна, талууд өөрсдийн цахилгааны хэрэглээг тус, тусдаа тавьсан тоолуураар тооцож, нэхэмжлэгч тал төлбөрөө хариуцагчид, хариуцагч тал хангагч байгууллагад төлж байгаа үйл баримт тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3 дахь хэсэгт заасан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдаагүй гэж үзэв. Харин хангагч байгууллагаас хариуцагчид зориулан нийлүүлж буй, хариуцагчийн хэрэгцээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчээр нэхэмжлэгч хангагдаж, түүний үнийг хариуцагчид төлж байгаагаас үзвэл зохигчдын хооронд 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захирлын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар МҮ-ээс цахилгаан эрчим хүчээр хангагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ үзүүлсэний төлбөр авахаар шийдвэрлэж, уг төлбөрт нэхэмжлэгчээс хэрэглээний төлбөрийн 20%-ийг авахаар зааж, үүний дагуу 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үнийг тогтоожээ. Иймд гэрээний үнийн талаарх хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийлэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн гэрээний үнийн саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигчид гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Мөн хариуцагч Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18 дахь хэсэгт заасан эрчим хүчний зохицуулалттай хангалтын үйл ажиллагаа эрхлээгүй тул гэрээний үнийг “үйлчилгээний нэмэлт зардал” оруулан тодорхойлсон нь хууль зөрчөөгүй болно. Иймд зохигчдын хооронд 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.   

Иймд цахилгаан эрчим хүчээр хангах 102 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэмэлт зардал нэрийн дор үндэслэлгүйгээр 2010 оноос хойш авч байсан 20 хувь болох 39283257 төгрөг /хууль зөрчснөөс учирсан хохирол/ гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний гол үүрэг нь худалдагч бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, түүний хариуд худалдан авагч үнийг төлөх үүрэг хүлээдэг. Хууль болон гэрээнд заасан үүргээ худалдагч буюу хариуцагч тал биелүүлсэн боловч худалдан авагч “С” ХХК төлбөр төлөх хариу үүргээ гэрээний 4.3, 5.2-т заасан хугацаанд гүйцэтгээгүй болох нь тэдний тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг нэхэмжлэгч тал зөрчсөн тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийг хэрэглэсэн цахилгааны төлбөрөө төлөөгүй үндэслэлээр хариуцагч цахилгаан эрчим хүч нийлүүлэхээс татгалзах эрхтэй. Мөн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч гэм буруугүй болохоо нотлоогүй бол түүнээс гарах үр дагаврыг өөрөө хариуцах болохыг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт зохицуулсныг дурдах нь зүйтэй. Хууль болон гэрээнд заасан үүргээ хариуцагч зөрчөөгүй байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч учирсан хохирол шаардах эрхгүй үндэслэлээр хууль бусаар цахилгаан хязгаарласнаас олох байсан орлого 84467750 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Худалдан авагч “С” ХХК нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн буюу цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 40219884 төгрөгийн үлдэгдэл байгаад маргаагүй боловч үүнээс үйлчилгээний нэмэлт зардал 20% буюу 8043977 төгрөг, буцаан гаргуулах үйлчилгээний нэмэлт зардлын 20% болох 39283257 төгрөгийг хасч тооцвол төлбөрийн үлдэгдэлгүй гэжээ. Дээрх зардлыг хууль бусаар тогтоогоогүй бөгөөд талууд гэрээний чөлөөт байдлын зарчмаар гэрээний үнийг тодорхойлж, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үнийг тохиролцсон тул үйлчилгээний нэмэлт зардал 8043977 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээс хасч тооцох үндэслэлгүй бөгөөд үйлчилгээний нэмэлт зардалд төлсөн 39283257 төгрөгийг буцаан шаардах эрхгүйг өмнө тайлбарласан болно.  

Талууд 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацааг 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тогтоосон ба гэрээний 2.2-т “гэрээний хугацаа дуусахад аль нэг тал гэрээг цуцлах талаар санал гаргаагүй тохиолдолд гэрээг анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж тохирчээ. Энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг гэрээгээр зохицуулагдаж буй зүйл, талуудын хэрэгцээ, шаардлагын үүднээс тайлбарлавал “талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй л бол тухайн гэрээний нөхцлөөр, хэдий ч хугацаанд үргэлжлэх хүсэл зориг” агуулагдаж байх ба харин хэлцлийн хэлбэрийг тохирсон агуулгагүй байна. Иймд зохигчдын бичгээр байгуулсан гэрээний хугацаа Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон гэж үзэв. Харин 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс талуудын хооронд үүссэн харилцаа нь 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн гэрээний 2.2 болон Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43.3 дахь хэсэгт зааснаар бодит үйлдлээр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаагаар үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч алданги шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлээс алданги 20109942 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчээс 40219884 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776705.04 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 459600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 40219884 төгрөгт ногдох 359049 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь хуульд нийцнэ.     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн цахилгаан эрчим хүчээр хангах 102 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл  болохыг тогтоолгох, нэмэлт зардал нэрийн дор үндэслэлгүйгээр авсан 39283257 төгрөг, хууль бусаар цахилгаан хязгаарласнаас олох ёстой байсан орлого 84467750 төгрөг, нийт 123751007 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-иас 40219884 /дөчин сая хоёр зуун арван есөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөг гаргуулан хариуцагч МҮэд олгож, сөрөг нэхэмжлэлээс 20109942 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776705.04 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459600 төгрөгийг тус, тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 359049 төгрөг гаргуулан хариуцагч МҮэд олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА