| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0084/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/62 |
| Огноо | 2022-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/62
2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2022/ШЦТ/62 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******од холбогдох 2230000000106 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг Гангын 11-04 тоотод оршин суух *******, **************.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутагт иргэн ******* гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* зодож эрүүл мэндэд нь гэмтлийн гаралтай тархи доргилт, хамар, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, эрүү, баруун чихний болон цээж, баруун мөр, баруун гарын бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч *******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч П.Болорчимэгийн: “...Би Түвшинширээ сумын 1 дүгээр баг Гангын 11-04 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 02-нд манай нөхөр бид хоёр гэр бүлийн найз болох Ууганбаатарын гэх айлд очиж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ууганбаатарынд бид нар 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Тэр архинаас Ууганбаатар уугаагүй. Харин Ууганбаатарын эхнэр Сэрээнэндорж мөн манай нөхөр бид гурав хувааж уусан. Би нар архиа ууж дуусаад Сэрээнэндорж бид хоёр унтсан. Намайг унтаж байхад манай нөхөр гэнэт намайг татаж босгоод шууд миний нүүр лүү 2 удаа гараараа цохиж миний биеийг базаж чимхээд байсан. Тэгтэл Сэрээнэндорж босож ирээд манай нөхрийг надаас салгах гээд дийлэхгүй байсан. Сэрээнэндорж гэрээсээ гарч Ууганбаатарыг буюу нөхрөө гаднаас дуудаж манай нөхрийг надаас салгасан. Тэгээд манай нөхрийг Ууганбаатар тайвшруулаад унтуулсан. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн дүү П.Идэрбат сумын цагдааг дагуулж ирсэн. Тэгээд би сумын эмнэлэгт үзүүлсэн. Манай нөхөр бид хоёр 2000 онд гэрлэлтээ батлуулж байсан. Албан ёсны гэр бүл мөн. Манай нөхөр урьд өмнө намайг зодож цохиж байгаагүй. Харин архи уугаад гэртээ ирэхээрээ хэрүүл маргаан үүсгэж, намайг янхан, гичий, пизда, банзал минь гэх мэтээр хэл амаар доромжлоод байдаг. Манай нөхөр архи уух их дуртай. Нэг архи уухаараа 1-2 хоног архи уудаг. Тэгээд 5-6 хоног өнжөөд эргээд архи уугаад явчихдаг. Архи уух болгондоо намайг хэл амаар доромжилдог. Олон удаа болж байгаа. Би он, сар, өдрийг нь нарийн сайн санахгүй байна. Би энэ талаараа хэн нэгэн хүнд хэлээд байдаггүй. Тухайн үед Ууганбаатар түүний эхнэр Сэрээнэндорж хоёр байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр миний нүүр лүү гараараа 2 удаа цохиж мөн миний биеийн энд тэндээс базаж чимхээд байсан. Нүүр лүү цохисноос болж тухайн үедээ миний хоёр нүд хөхөрч хавдсан. Одоо миний толгой их өвдөж байна. Мөн шилэн хүзүү хөшөөд даралт ихсээд байна. Миний хоёр гарын шуу, суга мөн цээжин хэсэгт хөхрөлт үүссэн байгаа. Миний хувьд гомдолтой байна. Би шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлнэ. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлж байна. Манай нөхөр надаас уучлалт гуйсан. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-13-15/,
Гэрч *******: “..Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр баг Дэнжийн 9-3 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймаг яваад 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө гэртээ байхад манай төрсөн эгч П.Болорчимэгийн бага хүү Дашпунцаг залгаад ээжийг аав зодсон байна. Ээжийн нүүр нь хөхөрч няцарсан байна. Та манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгснийхөө дараа би хүргэн *******ынд очиход манай эгчийн нүд хөхөрсөн байсан. Тэгээд эгчийгээ сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн. Эгчийгээ гэрээс нь аваад эрүүл мэндийн төвд хүргэж өгөх замд манай эгч миний толгой их өвдөж байна, ******* намайг зүгээр унтаж байхад зодсон гэж хэлсэн. Яг хэдэн сарын хэдний өдөр ямар байдалтай зодуулсан талаар нь сайн мэдэхгүй байна. Манай хүргэн *******, төрсөн эгч Болорчимэг нар нь Түвшинширээ сумын иргэн Ууган гэх айлд очиж архи ууцгаасан юм шиг байна лээ. Би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна. Манай хүргэн ******* урьд өмнө архи уусан үедээ ар гэртээ агсан согтуу тавьж байхад нь би гэрт нь очиж ******* ахыг тайвшруулж унтуулж байсан. Тэгээд ******* ахыг эрүүл болсных нь дараа та ар гэртээ агсан тавиад байна, энэ асуудлаа болих хэрэгтэй гэж хэлж байсан. Би одоо гомдолтой байна. Би яг нарийн он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар байсан 2021 онд 2 удаа ар гэртээ агсан тавьж байсан. Тэр үед нь би гэрт нь очиж ******* ахыг тайвшруулж унтуулж байсан. Би ******* ахыг урьд өмнө архи уусан үедээ ар гэртээ агсан согтуу тавьж байсан талаар нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Энэ удаа хандаж байна. Би эгчийгээ зодуулсандаа гомдолтой байна. ******* гэх хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 х/,
Насанд хүрээгүй гэрч *******ийн: “...2022 оны 03 дугаар сарын 01-нд билүү 02 билүү /өдрийг нь сайн санахгүй байна/ манай аав, ээж хоёр Ууган гэх найзынх руугаа явсан. Аав, ээж хоёрыг айл руу явахаар нь би эмээгийндээ байсан. 2022 оны 03 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчимд хичээлээ тараад гэртээ очиход манай аав, ээж хоёр гэртээ ирсэн байсан. Намайг гэртээ ороход ээжийн хоёр нүд нь бага хөхөрсөн байсан. Тэгээд би ээжээс яагаад нүд нь хөхөрсөн талаар нь асуухад ээж надад аав чинь архи уугаад ээжийг нь цохисон гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө ээж надад “Ээжийнх нь толгой өвдөөд босож чадахгүй байна, Идэрээ ахдаа хэлчих” гэхээр нь би ээжийн төрсөн дүү болох П.Идэрбат ах руу залгаж “та манай гэрт хүрээд ир, аав ээжийг зодсон байна” гэж хэлсэн. Идэрбат ах сумын цагдаад дуудлага өгсөн. Манай аав ээжийг урьд өмнө зодож байгаагүй. Харин манай аав архи уухаараа агсан тавьж ээжийг янхан, гичий, пизда минь гэх мэтээр хэл амаар доромжилдог. Манай ээж, аав гэртээ байхдаа ердийн харилцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 х/,
Гэрч *******: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны манай гэр бүлийн найз ******* түүний эхнэр П.Болорчимэг нар манай гэрт ирсэн. Тэр оройгоо *******, П.Болорчимэг хоёр манай гэрт хоносон. Маргааш өдөр нь бид нар манай зунжаан дээр аргал буулгачхаад гэрт ирээд *******, П.Болорчимэг, манай эхнэр П.Сэрээнэндорж гурав 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед тэр архинаас уугаагүй. Тэгээд тэр гурав архиа ууж дуусахад орой 19 цаг болж байсан. ******* арай их согтсон байсан. Манай эхнэр П.Сэрээнэндорж, П.Болорчимэг хоёр арай гайгүй байсан. Би тэр гурвыг унтуулчхаад гарч хонио хашчихаад хажуу айлынх руу орсон. Тэгээд айлд байхад манай эхнэр гэнэт намайг Ууганаа гэж дуудсан. Тэгэхээр нь би айлаас гараад гэр лүүгээ ороход манай эхнэр надад “******* эхнэрээ зодоод байна” гэсэн. Тэгээд *******, П.Болорчимэг нарыг унтуулсан. Намайг гэрээс хонио хаших гээд гарахад *******, П.Болорчимэг нар хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл байгаагүй. ******* ямар шалтгаанаар эхнэрээ зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин П.Болорчимэг ярихдаа *******ыг архи уухыг нь багасгамаар байна гэж ярьж байсан. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Би *******ынд гэрт архи ууж байгаагүй. ******* эрүүл үедээ хүнтэй зан харилцаа сайтай байдаг. Хүнд их тусархуу хүн. Архи уусан үедээ гэр бүлдээ ямар зан ааш гаргадаг талаар нь би сайн мэдэхгүй байна. Ер нь бол архи уух их сонирхолтой хүн....” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 х/,
Гэрч ,: “...Манай нөхөр бид хоёр *******, П.Болорчимэг хоёр гэр бүлийн найзууд. *******, П.Болорчимэг хоёр манайхаар цагаан сарын хэслээ хийгээгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр бид хоёр сумын төвд ирээд явж байхад П.Болорчимэг залгаад хоёр найз нь танайхаар цагаан сараар хэсэж амжаагүй, өнөөдөр завтай байгаа дээрээ танайхаар хэсье та хоёр манай гэр лүү ирээд бид хоёрыг авчих гэсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр сумын төвд ажлаа амжуулчхаад хөдөө гэр лүүгээ явахдаа *******ын гэрээр очиж *******, П.Болорчимэг хоёрыг авч явсан. Тэр өдрөө бид нар архи уугаагүй. Харин маргааш нь манай зунжаан дээр бид дөрөв аргал буулгачхаад гэртээ ирээд хоол цай идэж уучхаад *******, П.Болорчимэг бид гурав 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. П.Болорчимэг түрүүлээд тасраад унтчихсан. Дараа нь ******* унтсан. Тэгээд би зүүн орон дээр хэвтэж байгаад хэсэг хугацаанд унтсан ба гэнэт нэг хүн дугараад байх шиг болохоор нь босож харахад ******* эхнэрээ зодоод эхнэр нь үснээс нь зулгаагаад байж байсан. Тэгэхээр нь би *******ыг салгах гээд дийлээгүй. Тэгээд би нөхрөө дуудах гээд гэрээс гараад буцаж орж ирэхэд П.Болорчимэгийн хамраас нь цус гарчихсан байсан. Манай нөхөр орж ирээд *******ыг унтуулсан. Маргааш өглөө нь босоход П.Болорчимэгийн хоёр нүд нь хөхөрсөн байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр эмнэлэгт очиж үзүүлье гэхэд П.Болорчимэг эмнэлэг явахгүй гэсэн. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. ******* эрүүл саруул үедээ хүнтэй зан харилцаа сайтай байдаг. Хүнд их тусархуу хүн. Архи уусан үедээ гэр бүлдээ ямар зан ааш гаргадаг талаар нь би сайн мэдэхгүй байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад хэлье гэхэд П.Болорчимэг өөрөө цагдаад мэдэгдээд хэрэггүй гээд байхаар нь би хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 163 дугаартай: “... П.Болорчимэгийн биед гэмтлийн гаралтай тархины доргилт, хамар, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, эрүү, баруун чихний болон цээж, баруун мөр, баруун гарын бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”гэх дүгнэлт /хх-ийн 39-40 х/,
7. Яллагдагч *******ын: “... Миний бие 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг “Цагаан хошуу” гэх газар хөдөө найз Ууганбаатарынд эхнэрийн хамт очсон. Тэгээд бид нар 2 шил соёрхол нэртэй 0.75 гр архи ууж согтоод эхнэрээ цохичихсон. Манай эхнэр агсан зантай хүний үгэнд ордоггүй юм тэгээд цохичихсон. Цээжин дээгүүр нь базаад баруун гараараа нүүр лүү нь 2 цохиод 2 нүдийг нь хөхрөөсөн. Урьд өмнө нь Болорчимэгийг зодож цохиж байсан зүйл байхгүй. Миний бие эхнэр Болорчимэгтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хийсэн зүйлдээ гэмшиж байна, хурдан шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 х/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх-ийн 5-7 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 х/
*******ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65, 69 х/
Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого /хх-ийн 65-67 х/
Шүүгдэгч З.Гантулгын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт / хх-ийн 62 х/
Хохирогч П.Болорчимэгийн гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 88 х/
Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 90 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 38 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 95-96 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 38 дугаартай санал /хх-ийн 98-99 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутагт иргэн ******* гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* зодож эрүүл мэндэд нь гэмтлийн гаралтай тархи доргилт, хамар, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, эрүү, баруун чихний болон цээж, баруун мөр, баруун гарын бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч П.Болорчимэг, гэрч П.Идэрбат, Д.Ууганбаатар, П.Сэрээнэндорж, насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дүгээр сарын 07-ны өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* зодож түүний эрүүл мэндэд нь гэмтлийн гаралтай тархины доргилт, хамар, зүүн нүдний зовхи, зүүн чамархай, эрүү, баруун чихний болон цээж, баруун мөр, баруун гарын бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
*******ын үйлдлийн улмаас хохирогч П.Болорчимэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******од ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч П.Болорчимэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******од танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдье.
Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч П.Болорчимэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР