| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0064/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/63 |
| Огноо | 2022-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/63
2022 оны 04 дугаар сарын 06-ны өдөр 2022/ШЦТ/63 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджавын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох 2230000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар *******, *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд манаачийн ажил хийж гүйцэтгэж байхдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн лангуун дээрээс удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр архи согтууруулах ундааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* нийт 1,997,760 хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч *******: “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Баялагийн ундрах” бөөний худалдааны төвд жолоочоор ажилладаг бөгөөд 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би өмнө нь гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн. ******* нь манай байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд орсон байна лээ, надад тухайн хүний ажилд орохыг хүсэгчийн анкет, хөдөлмөрийн гэрээ байна, тус зүйлийг мэдүүлэг өгсний дараа хүлээлгэн өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мөн ******* нь манай байгууллагын хохирлыг 100 хувь барагдуулсан тул тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн манай дэлгүүрийн камерын хяналтын бичлэгээ 10 хоног л хадгалах багтаамжтай учраас *******ы хулгай хийж байгаа бичлэгийг өөрийнхөө гар утсанд бичлэг хийж авсан. Надад болон манай байгууллагын зүгээс *******д холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,
Яллагдагч *******ы: “... Би тус “*******” бөөний худалдааны төвд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манаачаар ажилд орсон. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн байгууллагаас гарсан. Тухайн байгууллагаас халагдах болсон шалтгаан нь 02 дугаар сарын 15-ны өдөр манаачийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж байгаад байгууллагын даргад баригдсан. Тэгээд байгууллагын хяналтын камерыг шүүгээд уг асуудал ил болсон учраас манай байгууллагын дарга уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсаны улмаас би өөрөө уг байгууллагаас гарсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” бөөний худалдааны төвд 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манаачийн ажилд орсон.Тухайн байгууллага нь 3 манаачтай бөгөөд 24 цагаар үүрэг гүйцэтгээд дараа 24 цаг амраад нөгөөдөр өглөөний 09 цагаас 18 цаг хүртэл ажилладаг байсан. Миний санаж байгаагаар 2021 оны 11 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна, ажилтай өдрийнхөө өмнөх өдрийн орой нь гэртээ найзтайгаа архи уугаад маргааш нь ажилдаа явахад уусан архи гараагүй ажилдаа очсон. Ажилдаа очиход манай байгууллагын ажилчид хувцсаа сольж байх хооронд дэлгүүрийн зааланд ямар ч хүн байхгүй байх хооронд архины лангуун дээр очоод өрөөстэй байсан архинуудаас ерөөл нэртэй 0.33 литрийн архийг нууцаар аваад өрөөндөө ороод орныхоо гудасны доогуур хийгээд ажлынхаа зав чөлөөгөөр бага багаар ууж дуусгасан бөгөөд тухайн өдрөө дэлгүүрээс дахин хулгай хийсэн зүйл байхгүй. Би архи хулгай хийгээд байнгын орны доогуур архиа нууж уудаг байсан. Би тухайн үед бодохдоо манай байгууллагад 3 манаач байдаг, зөвхөн манаачийг байгууллагын дарга л шалгадаг, харин үлдсэн хүмүүсийг манаач нар ажлын цаг дууссаны дараа шалгадаг учраас архи хулгайлж ууж болох юм байна гэх бодол толгойд төрсөн. Би ажилд гарсан өдрүүдийн ихэнх өдрүүдэд байгууллагын архины лангуунаас архи хулгайлж архи уудаг байсан. Мөн би 2-3 хоногт заавал нэг өдөр нь архи уудаг байсан. Хамгийн сүүлийн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр саарал шилэн 0.5 литрийн архийг хулгайлж ууссаны дараа байгууллагын удирдлагад архи уусан гэдгээ баригдсан. Тэгээд камерын бичлэгээр уг асуудал маань ил болсон. Би анх ажилд орсноос хойш халагдах хүртлээ маш олон удаагийн давтамжтайгаар олон жил архи ганцаараа ууж байсан болохоор нийт хэдэн шил архи гэдгийг мэдэхгүй байна. Тухайн байгууллага алдагдсан архины тооцоог надад гаргаж өгснөөр нийт 186 шил архи уусан байсан. Миний санаж байгаагаар Хараа, Ерөөл, Эдэн нэртэй архинуудыг уудаг байсан. Мөн жижиг өргөлийн ерөөл нэртэй 100 грамм архи хүртэл хулгайлж уудаг байсан. “*******” бөөний худалдааны төв нь орой хаахдаа ажилчдаа манаач нар нь шалгадаг байсан. Манай байгууллагад хамгаалалтын ажилтан гэж байдаггүй байсан.Манаач нарыг хэн ч шалгадаггүй байсан. Хааяа нэг дарга шалгадаг байсан. Би тухайн байгууллагад ажилд орохдоо анкет бөглөж өгөөд ажилд орсон. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Нэг сарын 550.000 төгрөгийн цалинтай бөгөөд нийгмийн даатгал төлөөд 480-490 мянган төгрөгийн цалин гар дээрээ авдаг байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмшээд тухайн байгууллагын хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” мэдүүлэг /хх-ийн 51-53 х/
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2202098 дугаартай: “...Баялагийн ундрах дэлгүүрийн хулгайд алдагдсан нэр бүхий архины зах зээлийн үнэлгээ нь 1.997.760 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 31-41 х/,
Хохирогч ******* эзэмшлийн Самсунг GALAHY J4 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-03-05/,
Шүүгдэгч *******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 54 х /
*******ы оршин суугаа газрыг хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 58 х/
******* иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 х/
******* Баруун-Урт ХХК-ны дансанд 2,000,200 төгрөгийн хохирол төлсөн Хаан банкны орлогын баримт /хх-ийн 71 х/
Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-75 х/
******* ******* Баруун-Урт ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 85-88 х/
Шүүгдэгч *******ы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 91 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 37 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 92-94 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 37 дугаартай санал /хх-ийн 95-96 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд манаачийн ажил хийж гүйцэтгэж байхдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн лангуун дээрээс удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр архи согтууруулах ундааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* нийт 1,997,760 хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч ******* мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2202098 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, ******* Баруун-Урт ХХК-ны дансанд 1,997,760 төгрөгийн хохирол төлсөн Хаан банкны орлогын баримт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ы Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* дэлгүүрийн лангуун дээрээс удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр архи согтууруулах ундааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч ******* нийт 1,997,760 хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
*******ы үйлдлийн улмаас хохирогч Ч.Боргилчулуунд 2,000,200 төгрөгийн хохирол учирсныг төлж барагдуулсан болох нь ******* Баруун-Урт ХХК-ны дансанд 1,997,760 төгрөгийн хохирол төлсөн Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байна. Хохирогч надад гомдол санал байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ч.Боргилчулуун гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу 1,997,760 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн хохирогч Ч.Боргилчулуун гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР