Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 01281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01281                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э /РД: /-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: А /РД:/-д холбогдох,

           2006 оноос хойшхи хүүхдүүдийн зардлын 50 хувь буюу 41,647,240 төгрөг гаргуулан иргэн Д.Эт, бага хүү А.Энхтамирт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож олгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Талууд 1992 онд танилцаж 1993.12.21-ны өдөр том хүүгээ төрүүлсэн. 1994.06.03-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш 12 жилийн хугацаанд хамтран амьдарсан. Энэ хугацаанд Х.А нь нэхэмжлэгч Б.Этай зүй бусаар харьцах улмаар гар хүрэх явдлууд удаа дараа гарч байсан. 2016 онд хариуцагч нь гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаар энэ 2 хүний гэр бүлийг цуцалсан. 2006 оноос хойш буюу өрх тусгаарласнаас хойш хариуцагч Х.А нь хүүхдүүдтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Э нь 2003 оноос хойш өрх толгойлсон эх болж 2 хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролтой холбогдох бүх зардлыг өөрөө дангаараа хариуцаж өнөөдрийг хүртэл хүүхдүүдээ өсгөн сурган хүмүүжүүлж байгаа. Том хүү А.Булгантамир нь 2011 онд Чех улсын Техникийн их сургуульд элсэн суралцаж 2016 онд нано технологийн инженер мэргэжлээр төгссөн. Чех улсад суралцаж байх хугацаанд холбогдох амьдралын болох амьжиргааны бусад зардлуудыг нэхэмжлэгч гаргаж байсан. Энэ холбогдох зардлуудыг нэхэмжлэлд дурдсан байгаа. Бага хүү А.Энхтамир нь 2005 онд төрсөн, өнөөдөр 13 настай. Мөн бага хүүгийнхээ холбогдох бүх өртгийг нэхэмжлэгч Б.Э нь хариуцаж байгаа. Хариуцагч Х.А нь нэхэмжлэл гаргах хүртэл хүүхдүүдийнхээ амьдрал боловсрол хүмүүжилд ямар нэгэн байдлаар анхаараагүй. Тийм учраас нэхэмжлэгч Б.Э нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2,  26.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Агээс хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэнд, амьдралын зардлыг хариуцах үүргийг хуулиар хүлээсний дагуу хүүхдүүдээ тэжээн тэтгэхийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд хариуцагчаас 2006 оноос хойших хүүхдүүдийн зардлын 50% буюу 41,647,200 төгрөгийг гаргуулж, бага хүү А.Энхтамирт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлэг тогтоож олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Хариуцагч Х.А нь 1994 онд эрүүгийн цагдаагийн газарт онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр тухайн үед ажилладаг байсан. Төмөр замын цагдаагийн хэлтэст 1994-2006 он хүртэл ажиллаж, өөрийнхөө эзэмшсэн мэргэжил болон хувийнхаа бизнесийн үр дүнд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26-2 тоот орон сууцыг худалдан авч өөрийн гэсэн гэр оронтой болж, улмаар 2000 онд тус орон сууцыг зарж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр 12 тоот орон сууцыг  худалдан авч гэр бүлийн хамт амьдарч байгаад сууцны нөхцөлөө сайжруулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Нархан хотхон, 21а байр 52 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт амьдрах болсон. Гэвч Б.Э нь мэргэжлийн онцлог болон төрийн албаны ачааллыг ойлгохгүй байсны улмаас Х.А нь 2006 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн. Х.А нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллахаас гадна хувиараа төрөл бүрийн ажил хийж олсон орлогоороо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Нархан хотхон, 21 дүгээр байр, мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороолол дахь байр, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дахь байр зэргийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан буюу гэр бүлийн дундын хөрөнгө байсан. Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны 12 тоот орон сууц болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17-37 тоот орон сууцнуудын бусдад түрээсэлж амьдралаа залгуулдаг байсан. Х.А нь эхнэр Б.Этаа сэтгэл санааны болон бусад зүйлээр таарч тохирохгүй хамтран амьдрах боломжгүй болж 2006 оноос хойш тусдаа амьдарч, 2016.09.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Х.А нь тусдаа байхдаа өөрийн 2 хүүхдийнхээ эдийн засгийн болон бусад хэрэгцээг хангаж байх үүднээс Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байрны 12 тоот орон сууц, мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байрны 47 тоот орон сууцнуудыг эхнэр Б.Э болон 2 хүүхдүүддээ тухайн үедээ үлдээсэн. Энэ нь одоогийн зах зээлийн ханшаар 800 гаруй сая төгрөгийн үнэтэй орон сууцнууд байгаа Эхнэр Б.Э нь уг 2 орон сууцыг бусдад түрээсэлж олсон орлогоороо өөрийн амьдрал болон 2 хүүхдүүддээ тухайн үед зарцуулдаг байсан. Түрээсэлж олж байсан орлогоосоо хариуцагч Х.А ганц ч төгрөг авч байгаагүй ба одоо ч гэсэн авдаггүй. Уг 2 өрөө байрыг хариуцагч нь эхнэр болон 2 хүүхдийнхээ эдийн засгийн баталгааг хангах гэж үлдээсэн. Түүнчлэн Б.Э нь 2006 оноос хойш тусдаа амьдарснаас хойш 2 хүүхэддээ зарцуулсан төлбөрийг Х.Агээс гаргуулах тухай нэхэмжлэлийг тухай үед Хан-Уул дүүргийн шүүхэд баримтаар нотолж чадаагүй учраас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016.09.20-ны өдрийн шийдвэрээр үндэслэлгүй гэж шийдвэрлэж байсан. Х.А нь Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж өөрт оногдсон үүргийнхээ хүрээнд бага хүү А.Энхтамирын хүүхдийн тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж хэлдэг. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буюу хүүхдийн зардал гэх 41.647.240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Д.Эын гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2006 оноос хойшхи хүүхдүүдийн зардлын 50 хувь буюу 41,647,240 төгрөг гаргуулан иргэн Д.Эт олгох, бага хүү А.Энхтамирт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлэг тогтоохыг шаарджээ.

Хариуцагч тал “...хүүхдүүдээ төрсөн цагаас нь эхлэн асран хамгаалах тэжээн тэтгэх үүргийг биелүүлж байсан, Д.Эын хүүхдүүддээ зарцуулсан зардал гэх 41,647,240 төгрөг нь баримтаар нотлогдохгүй тул хүлээн зөвшөөрөхгүй харин бага хүү А.Энхтамирт хуульд заасан хэмжээнд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэх хариу тайлбар гаргасан байна.

Хэргийн баримтаас үзэхэд Х.А Д.Э нар нь 1992.11.05-ны өдөр гэр бүл болж, 1994.06.03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 1993.12.21-ний өдөр том хүү А.Булгантамир, 2005.01.12-ны өдөр бага хүү А.Энхтамир нар төрсөн бөгөөд 2016.09.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2016/00742 дугаар шүүхийн шийдвэрээр талуудын гэрлэлтийг цуцалсан байна.

Дээрх шүүхийн шийдвэрээр хүү А.Энхтамирыг эх Д.Эын асрамжид үлдээж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлдэх тул 2005.01.12-нд төрсөн хүү А.Энхтамирыг насанд хүртэл хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, сар бүр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Талууд тусдаа амьдарсан буюу 2006 оноос хойшхи  хугацаанд гарсан хүүхдүүдийн хэрэглээ, сургалтын зардлын 50 хувь буюу 41,647,240 төгрөгийг нэхэмжлэгч Д.Эт олгохыг хүссэн шаардлагын тухайд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар тэжээн тэтгүүлэгч нарт онцгой нөхцөл байдал тохиолдсоны улмаас дээрх хэмжээний зардал гарсаныг нотолсон баримтгүй тул хангахгүй орхилоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /198.600х12/ 2,383,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 53,081 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү А.Энхтамирыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр Х.Агээс гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар 2006 оноос хойшхи хүүхдүүдийн зардлын 50 хувь буюу 41,647,240 төгрөг гаргуулан иргэн Д.Эт олгохыг хүссэн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Агээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамж нэг жилийн хугацааны 53,081 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ