Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр           2022/ШЦТ/74                Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Холбогдогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2230000000102 дугаартай  хэргийг  2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй,  бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, ******* гэх газар оршин суух,

урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан. *******/ *******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “*******”  гэх газраас иргэн ******* олон тооны мал буюу 13 тооны үхрийг хулгайлж, хохирогч ******* 10.750.575 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй.

Байшин бариулна гээд мөнгө байсан. Мөн малаа зарж борлуулаад хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн гэв.

 

Хохирогч ******* “... Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдөр аймгаас ирээд үхрээ хурааж бүртгэхэд 13 тооны үхэр дутаж ойр орчмын бэлчдэг газраар эрж хайж 7 тооны үхрийг нь тус сумын 3 дугаар багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 50км орчим газраас нийт 13 тооны үхэр байхаас  6 тооны үхэр дутуу олсон юм. Тэгээд үлдэгдэл алга болсон 6 тооны үхрээ эрээд олохгүй болохлоор нь  2021 оны 11 дүгээр сарын 10-нд манай эхнэрийн төрсөн ах болох *******ын ойролцоо манайхаас зүүн хойш 100 гаран километр газар 7 тооны үхэр нь олдсон болохлоор гэнэт сэжиг төрөөд хадам ах  Мөнхбатаас асуухад надад үнэнээ хэлж би танай 13 тооны үхэр тууж ирээд 6 тооны үхрийг нь хэрэглэж зарсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Гэрч “...2021 оны 10 дугаар сарын 20-нд хөдөө гэртээ очоод манай нөхөр С.Баттулга үхрээ хураагаад  бүртгэхэд 13 тооны үхэр алга болсон байна гэж хэлээд ойр орчмын газраар 8 хоног эрж хайсан боловч сураг гараагүй. Тэгээд нөхөр бид хоёр машинтай Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Ар шорвог гэх газраас 7 тооны үхрийг нь олсон. Тэгээд үлдэгдэл үхрээ эрж хайгаад олохгүй байсан болохлоор Баттулга манай төрсөн ах Мөнхбат ахаас сураглахад 6 тооны үхрийг чинь би хэрэглэсэн юм гэж хэлсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

Хохирогч ******* 13 тооны үхрийн зах зээлийн үнийг нийт 10.750,575 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн  шинжээч Ц.Энхжаргалын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2202105 дугаартай үнэлгээний дүгнэлт /хх-ийн 19-29/,

 

Яллагдагч *******ын   “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дүү эхнэрийнхээ хамт аймгийн төв явсан байх хооронд нь хүргэний 13 тооны үхрийг хөөгөөд “Хэрстэй” гэх газарт очоод тухайн шөнөдөө сумын зүүн талд тухайн үхрүүдийг орхисон. Шөнө хүргэний үхрүүдийг хөөгөөд явж байх замдаа 1 тооны үхрийг алдсан.Өмнө нь хамаатны ах Пунцагбалжир гээд ахаасаа 3 сая  төгрөг зээлсэн байсан учраас тухайн хүнд өрөндөө 5 тооны үхрийг өгсөн. Тэгээд дүү, хүргэн хоёр аймгийн төвөөс ирээд үхрүүдээ хурааж үзээд үхрүүд нь алга болсон байсан учраас уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсаны дараа надтай уулзаад манай үхрүүдээс нийт 13 тооны үхэр алга болсон байна, та л манай үхрүүдийг аваа биз өөр хэн авдаг юм гэхээр нь би дүү хүргэн хоёр уг асуудлын талаар үнэнээ хэлээд уучлалт гуйгаад үлдэгдэл 7 тооны үхрүүдийг өгсөн. Тэгээд би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшээд дүү нарын хохирлыг бүрэн барагдуулж дуусгасан.Үүнээс гадна тухайн үхрүүдийг хөөгөөд явахдаа би өөрийн 6 настай буурал зүсмийн морь унаж явсан.Тухайн морь манай адуунд сүрэгт байгаа......” гэх мэдүүлэг /хх-53-55/

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэгдсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 х/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 56 х/

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 60-62 х/

 

*******ын  оршин суугаа газрыг хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн  86 х/

 

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 х/

 

Шүүгдэгч *******ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 91 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 92-94 х/

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 45 дугаартай санал /хх-ийн 94 -95 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “*******”  гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэн ******* олон тооны мал буюу 13 тооны үхрийг хулгайлж, хохирогч ******* 10.750.575 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч С.Баттулга, гэрч Д.Мөнх-Оюун нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2202105 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

   Хэргийн баримтаар шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор хохирогч ******* 13 тооны үхрийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч *******ын  13 тооны үхрийг хулгайлсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

“Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хулгайлагдсан 13 тооны үхрийг 10,750,575 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогч 10,750 575 төгрөгийг бэлнээр өгч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ыг олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан түүний өмчлөлийн 6 настай буурал морины үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон болно.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан уналга, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч *******аас морины үнэ болох 1,056,300 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2202152 дугаартай дүгнэлтээр уг морийг 1,056,300 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнийг гаргуулахаар тогтоосон тул уг морийг битүүмжилсэн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ыг олон тооны мал хулгайлах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч *******ад шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу 6 настай буурал зүсмийн морины үнэ 1,056,300 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* 10,750,575 төгрөгийг төлсөн хохирогч гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР