Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 01219

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01219                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ББЭЭХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х /РД:Т/,

Хариуцагч: Н /РД: / нарт холбогдох,

 аарцны урьдчилгаанд төлсөн 3,960,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баярмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Баярмандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манай компани Батлан хамгаалах яамтай хүнс бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Хүнс нийлүүлэх хугацаа нь 2017.11.01-ны өдөр байсан. Бид нар аарцаа хотоос биш, хөдөөнөөс авбал хямдхан гэж бодоод зараас аарц нийлүүлэх хүн хайсан ба зарын дагуу Хөвсгөлөөс аарц нийлүүлнэ гэсэн хүнтэй холбогдсон. Бид нар урьдчилгаа мөнгө өгөх шаардлагатай учраас заавал хотын хүнтэй гэрээ хийнэ, хөдөө байдаг хүнтэй гэрээ хийвэл дараа нь олж чадахгүй гэж хэлсэн. Тэгэхэд хариуцагч нар манай нэг дүү яаманд ажилладаг баталгаа болгож гэрээ хийж болно, эсхүл нисэхэд ажилладаг дүүгээ дагуулж гэрээ хийж болно гэсэн. Ингээд бид нар нотариат дээр очиж гэрээгээ хийсэн. Гэрээ хийхэд Б.Н нь Хөвсгөлөөс ирсэн байсан. Бид нар урьдчилгаа мөнгийг маргааш нь шилжүүлж, өдөр бүр бид нар хариуцагч нартай утсаар ярьж байсан. Тэгээд дараа нь аарц нийлүүлэх ёстой хүмүүс цаг нь тулаад ирсэн чинь амжихгүй байна гэж шалтаг хэлж эхэлсэн, бид нарын аарц нийлүүлэх хугацаа нь 2017.11.01-ны өдрөөс 2017.11.05-ны өдрийн хооронд байсан. Хэрвээ хугацаандаа нийлүүлэхгүй бол алданги тооцдог, мөн дараа жил бид нартай гэрээ байгуулахгүй хүндрэл учирна. Тэгээд бид нар аарцныхаа талыг нь ч гэсэн авчир гэж зөндөө ярьсан. Сүүлдээ хариуцагч нар урьдчилгаа мөнгөнд тааруулаад аарцаа аваад очъё, үлдсэнээ хотоосоо ав гэсэн. Яамандаа бараа нийлүүлэхийн тулд хотоос аарцаа үнэтэй авахаар болж, хариуцагч тал 3 тонн аарцыг авчирч өгөх болоод үлдсэн 4 тонн 700 кг-ыг би хотоос авахаар болсон. Тэгээд хариуцагч нар ирж байна гэснээ Булган аймаг дээр явж байсан чинь машин мөргөсөн гэж хэлээд алга болсон. Бид гэрээгээр тохирсны дагуу ямар ч аарц аваагүй. Тийм учраас бид урьдчилгаанд өгсөн мөнгө болон алдангийг хариуцагч нараас гаргуулж авах хүсэлтэй байгаа” гэв

 

            Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Н миний бие ББЭЭХХК-тай 2017.09.30-ны өдөр аарц бэлтгэн нийлүүлэх гэрээ хийсэн нь үнэн. Т.Х нь гэрээнд батлан даагчаар оролцсон. Гэрээний ёсоор урьдчилгаа 3,000,000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд 2 тасалж авсан. Аарц цуглуулах ажлыг миний гэр бүлийн хүн болох Т.Монголхүү гардан хийсэн. Тухайн хугацаанд цаг агаар дулаан байсан учир аарц хөлдөхгүй хугацаа алдаж /30-40 хоног/ энэ хооронд аарцны үнэ 2 кг нь 1,500 төгрөг болсон. Ингээд 2.5 тонн аарцыг 3,750,000 төгрөгөөр авч манай нөхөр хот явах замдаа хүний машин барьж яваад замын хажууд зогсож байсан машин шүргэж төлбөрт ороод уг авч явсан аарцаа зарж төлбөрөө барагдуулсан. Ингээд тус компанид өгөх аарцгүй болоод манай нөхөр Э.Баярмандахад аарцыг чинь өгч чадахгүй боллоо мөнгийг чинь өгье гэтэл Э.Баярмандах нь манай нөхрөөс 17,000,000 төгрөг нэхэмжилсэн тул бид өмгөөлөгчид хандаж хуулийн зөвлөгөө авахад “наад асуудлаа шүүхээр шийдүүл” гэсэн зөвлөгөө өгсөн. Ингээд бид шүүхээр шийдүүлж байж болъё гэсэн шийдэлд хүрсэн. Ийм учир манай нөхөр болох Т.Монголхүү, түүний төрсөн дүү болох Т.Х нар нь 3,000,000 төгрөгийг төлөх болно. Цаг тухайд нь бид авсан мөнгөө өгье гэтэл биднээс их хэмжээний мөнгө төгрөг нэхэж цаг хугацаа алдуулсан тул алданги болох 960,000 төгрөгийг төлөх боломжгүй болно ” гэжээ.  

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч Т.Х, Б.Н нараас аарцны урьдчилгаанд төлсөн 3,000,000 төгрөг, алданги 960,000 төгрөг, нийт 3,960,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ББЭЭХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэлээ.

            Хариуцагч Б.Н “их хэмжээний мөнгө нэхсэн” гэх үндэслэлээр алданги төлөх боломжгүй, 3,000,000 төгрөгийг төлөх тухай илэрхийлсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.       

            Хариуцагч Т.Х хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдэв.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ББЭЭХХК болон Т.Х, Б.Нарантуая нарын хооронд 2017.09.30-ны өдөр “Бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулж, Т.Х, Б.Н нар нь 2017.11.10-ны дотор 7700 кг аарцыг 7,700,000 төгрөгөөр тооцож нийлүүлэх, ББЭЭХХК нь төлбөрийн 50 хувийг төлөх, үлдэгдэл төлбөрийг 50 хувийг нийлүүлсэний дараа олгож, хугацаандаа нийлүүлээгүй тохиолдолд 0,5%-ийн алданги тооцохоор тохиролцсон байна.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэргээс үзэхэд  Э.Баярмандах нь аарцны урьдчилгаанд 2017.09.01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2017.10.06-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон, харин Т.Х, Б.Н нар гэрээнд заасан хугацаанд аарцыг нийлүүлээгүй байх тул гэрээнд зааснаар 2017.11.10-наас шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл 64 хоногийн алданги 960,000 төгрөг нэмж тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь заалтад нийцсэн гэж үзнэ.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Т.Хад мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Т.Х, Б.Н нараас 3,960,000 төгрөг гаргуулж ББЭЭХХК-д олгосугай. 

 

            2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Т.Х, Б.Н нараас 78,310 төгрөг гаргуулж ББЭЭХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

 

 

                            ДАРГАЛАГЧ                                            Д.ЭНХЦЭЦЭГ