Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс       

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун,

Хохирогч Э.Мөнхтуяа,

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхболд, Н.Намуунзул

Гэрч О.Үнэнбат

Шүүгдэгч Б.Билэгсайхан нарыг оролцуулан   

   Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бархсувдын Билэгсайханд холбогдох эрүүгийн 201611000164 дугаартай хэргийг  2016 оны 10 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг, 57-35 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ Дорнод Нийтийн аж ахуй ХХК-нд харуулын ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Бархсувдын Билэгсайхан. /РД: ЖЯ 92012958/

Шүүгдэгч Боржигон овогт Бархсувдын Билэгсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5, 2.2.2 /а/, 2.2.7 /а/-д заасан заалтуудыг зөрчиж 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд  Дорнод аймгийн Хэрлэн  сумын 8 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн талын нийтийн хэрэгцээний авто зам дээр Тоёото Королла маркын 58-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож яваад Тоёото Корса маркын 86-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас уг машинд зорчиж явсан Э.Мөнхтуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Боржигон овогт Бархсувдын Билэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр ажлаасаа буугаад ажлынхаа ахтайгаа банк ороод гартал татварын хэлтсийн Гантөмөр, Үнэнбат ах нартай таарсан. Тэд надад “өчигдөр орой архи уусан, дотор засаад өгөөч” гэхээр нь бид үйлчилгээний хойно байдаг хоолны газарт ороод архи уусан. Гарах гэтэл дахиад нэг юм аваад өгөөч гэхэд нь дахиж нэг шил архи уугаад гэр лүүгээ явсан. Дахин нэг шил архи аваад Лхагва ахын гэрийн гадаа уусан. Ингээд Төмөр зам руу Үнэнбат ахтай явсан. Тэнд очоод “одоо ингээд амрах юм чинь дахиад нэг шил архи авчих” гэж Үнэнбат ахыг хэлэхээр нь дахин нэг шил архи авсан. Тэр үед Энхтөр ахыг аваад цэцэрлэгийн зүүн талд гараад тэр архиа уусан. Тэгээд аймаг руу явсан. Буцаад Төмөр зам руу явахад Үнэнбат ах намайг машин бариад явчих гэсэн. Ингэж барьж яваад би осол гаргасан. Тухайн үед Үнэнбат ахын эхнэр над руу утсаар залгахад би айсандаа “цуг байхгүй байна” гээд хэлчихсэн юм. Тухайн үед Үнэнбат ах жолоо булаалцаад байсан. Тэгээд урдаас ирж явсан машиныг мөргөсөн. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Э.Мөнхтуяагийн хохирлыг барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхболдын машины хохирлыг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгч Н.Намуунзулын машины хохирлыг төлөөгүй байгаа гэв.

   Хохирогч  Эрхэмзаяагийн Мөнхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр төмөр замын автобусны буудал буюу ШТС-ын зүүн талаас таксинд суусан. Хөдлөх гэж байхад нэг залуу эхнэртэйгээ хамт суусан. Төв замаар 2-р сургуулийн зүүн талын замаар явж байхад урдаас нэг машин их хурдтай уруудаад ирж байсныг хараад яасан хурдтай явдаг машин бэ? гэж хэлээд замаа чөлөөлж зогсох гэж байхад нөгөө машин гэнэт урсгал сөрж орж ирээд машин мөргөчихсөн. Тэгээд буух гээд хөлөө үзтэл хөл маань бүтэн эргээд хойшоо харсан байсан. Тэгээд эмч ирээд таны хөл хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд онгоцоор Улаанбааатр хот явж эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Би тэр үед жирэмсэн байсан. Одоо төрөөд хүүхэд маань таван сартай. Ослын улмаас хүүхэд маань шөнө унтдаггүй сэрээд байдаг. Тийм учраас хүүхдээ томографт харуулах хүсэлтэй байна. Үүний мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүгдэгч надад Улаанбаатар хот явах зардалд 6 хүний онгоцны тийз бичиж өгсөн. Хөл хугарсан учраас сууж болохгүй хэвтээгээрэй явсан. Манай хүүхэд, эмч хоёр хамт явсан. Дараа нь 1500000 төгрөг эмчилгээнд зориулж өгсөн. Одоо би шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэж байна гэв. 

   Иргэний нэхэмжлэгч Наранцэцэгийн Мөнхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр өөрийн Тоёото Корса маркын 86-14 ДОА улсын дугаартай машинтайгаа хэдэн хүн суулгаад төмөр замын Ерөнхий боловсролын  сургуулийн зүүн талын авто замаар явж байхад өөдөөс нэг машин их хурдтай орж ирж байсан. Тэгтэл тэр машин гэнэт урсгал сөрж орж ирээд миний машиныг мөргөсөн. Тэгээд жолооч нь машинаас гарч ирээд руль булаацалдаад мөргөчихлөө гэж хэлсэн. Жолооч нь нэлээн согтуу байсан. Жолоочийн хажуу талд нь нэг хүн сууж явсан.  Уг ослын улмаас миний машин их эвдэрсэн. Машины хохиролд нийт 3105000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй,гомдол санал байхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Надяагийн Намуунзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:    Машины эвдэрсэн эд ангийг үнэлсэн үнэлгээ хэрэгт байгаа. Б.Билэгсайхан надад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. 3265000 төгрөг нь машины эд ангийн хохирол юм. Засварын үнэ гээд нэмбэл 2 сая төгрөг нэмээд нийт 5 сая гаран төгрөг  нэхэмжилж байна гэв.

   Гэрч Очирбатын Үнэнбат шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: Тэр өдөр намайг найзтайгаа уулзаад зогсож байхад Билэгсайхан нэг хүнтэй хамт явж байгаад надтай таараад толгой дохиод өнгөрсөн. Дараа нь ганцаараа эргэж ирээд миний цалин буусан архи уух уу гэж хэлсэн. Би шар тайлмаар байна архи ууя гэж Билэгсайханд хэлээгүй. Архи ууж байхдаа өөрийн найз Энхтөрийг дуудаж машин бариулахаар дуудсан. Тэгтэл Билэгсайхан машинаа Энхтөрд өгөлгүй өөрөө жолоодож явсан байсан. Би Билэгсайханд жолоогоо шилжүүлсэн явдал байхгүй. Замдаа бөөлжөөд суухдаа урд талд жолоочийн хажуугийн суудалд суусан. Би жолоо булаалдсан зүйл байхгүй. Би тасраад унтаж явсан, осол болсны дараа сэргэсэн гэв.

Гэрч Поднорытовагийн Людмила мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Мөнхболдтой 2015 оноос эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд 2016 оны 03 сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд эгч Оюунгэрэлийг Төмөр замд хүргэж өгөөд буцаад Тоёота корса маркийн 86-14  ДОА улсын дугаартай машинтайгаа явсан. Тэгээд Төмөр замын ШТСтанцын хажуу талаас нэг эрэгтэй, 3 эмэгтэй хүн суулгаад Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн талын авто замаар аймгийн төв явж байхад урдаас нэг машин их хурдтай явж байснаа гэнэт урсгал сөрөөд ирсэн. Тэгэхэд манай найз залуу Мөнхболд машиныхаа хурдыг сааруулж замаа чөлөөлөөд зогсож байхад нөгөө машин яах ийхийн зуургүй ирээд миний талаар мөргөчихсөн. …Тэр хоёр залуу хоёулаа нилээн согтуу байсан гэжээ. /хх-ийн 54/

Гэрч Мөнхбаярын Ундрал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр шиг санаж байна. Төмөр замаас аймгийн төв орох гэж микро автобус хүлээсэн боловч ирэхгүй байсан учраас таксинд суугаад аймгийн төв явсан бөгөөд би жолоочийн ар талын суудал дээр суугаад Төмөр замын 2 дугаар сургуулийн зүүн талын замаар явж байхад өөдөөс нэг машин урсгал сөрөөд их хурдтай ирж байсан юм. Тухайн үед миний сууж явсан машины жолоочийг таньдаг болохоор тоглож байгаа юм байх гэж бодсон. Жолооч замаа чөлөөлөөд зогсох гэж байсан чинь нөгөө машин тэр чигтээ ирээд машины хажуу талаар ирээд мөргөчихсөн. Тэгээд л юу болсон талаар санахгүй байна. Машинтай мөргөлдчихсөн учраас ухаан санаа самуураад хэсэг зуур юм санахгүй байж байхад удалгүй цагдаа болон түргэн тусламжийн машин ирээд бид нарыг аваад эмнэлэгт авчирсан. Өөдөөс ирж байсан машины жолооч архи уучихсан байдалтай байсан гэжээ. /хх-ийн 55/

Гэрч Гантулгын Шинэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд шиг санаж байна. Төмөр замын Петровис ШТС-ын хажуу талаас эхнэр Батчимэгийн хамтаар таксинд суусан юм. Эхнэр бид хоёрыг арын суудалд суухад 2 танихгүй эмэгтэй хүн суучихсан байсан бөгөөд манай эхнэр жолоочийн ар талын суудалд сууж би эхнэрийнхээ зүүн гар талд суугаад явсан. Тэгээд төв замаар аймгийн төв явж байхад буюу Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн талд явж байсан чинь өөдөөс саарал өнгөтэй машин явж байснаа гэнэт урсгал сөрөөд огцом ороод ирсэн. Тэгсэн бид нар урдаас машин ирж байна гэж хэлэхэд жолооч баруун гар талаа барьж замаа чөлөөлөөд зогсох гэж байхад нөгөө машин их хурдтай ирээд машины зөв урд талын хэсгээр мөргөлдөж эхнэр бид хоёрын сууж явсан машин эргэлдэж замаас гараад зогссон. Тэгээд машинаасаа буугаад харахад эхнэр бид хоёрын сууж явсан машиныг мөргөсөн машин зам дээр хөндлөн харж хойд хэсгээрээ замын хажуу талын шороон дээр гараад зогсчихсон байсан. Жолооч нь бололтой өндөр биетэй залуу “манай найз согтуу явж байгаа юм аа. Машины руль булаагаад эсрэг урсгалд орчихлоо” гэж хэлж байсан. Осолд ороод удаагүй байхад түргэн тусламж, цагдаа нар ирээд бид нарыг эмнэлэгт авчирсан гэжээ. /хх-ийн 59-60/

Гэрч Чулуунбаатарын Батчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд нөхөр Шинэбаярын хамтаар эмнэлэгт үзүүлэхээр Төмөр замын Петровис ШТС-ын хажуу талаас таксинд суусан. Би жолоочийн ар талын хаалганы хажуу талд суугаад Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн талын замаар цонхоор юм хараад явж байсан чинь миний сууж явсан машин ямар нэг зүйлтэй мөргөлдөх шиг болсон. Тэгээд машинаас буугаад харсан чинь саарал өнгийн суудлын жижиг машинтай мөргөлдсөн байсан бөгөөд миний сууж явсан машиныг мөргөсөн машиныг өндөр биетэй залуу жолоодож явсан. Тэр залуу манай найз согтуу гэж хэлж байхыг сонссон бөгөөд уг залуу архи уучихсан байдалтай байсан гэжээ. /хх-ийн 61-62/

Гэрч Энхбаярын Энхтөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байхад Үнэнбат Билэгсайханы гар утсаар залгаад “Гэрийн чинь гадаа байна, гараад ир” гэж хэлэхээр нь би гэрээсээ гарахад манай байшингийн орцны гадна хадам аавынхаа Тоёото королла маркийн машинтай жолооныхоо ард суучихсан байсан бөгөөд Билэгсайхан түүний хажуу талд сууж байсан. Би Үнэнбатын машины ард талын суудалд суухад “Хүүтэй болсны баяр” гэж хэлээд нэг шил архи гаргаж ирсэн. Уг архины тагийг задалсан боловч уугаагүй байсан бөгөөд байрны гадна зогсоод яах юм бэ, гэр хорооллын гадна очъё гэж хэлсэн. Анх Үнэнбаттай уулзаад архи уух гэж байхад манай эхнэр ганцаараа байгаа шүү. Хөгшнийгөө хүргээд өгчихөөрэй гэж хэлж байсан юм. Тэгээд гэр хорооллын гадаа зогсоод архи хундаглаж өгсөн боловч уухгүй тулаад байна гэж хэлэхээр нь ганцаараа 3 хундага уусан. Үнэнбат нилээн согтуу байсан болохоор рулиэ дэрлээд унтаад өгсөн бөгөөд Билэгсайхан арай гайгүй согтсон байсан юм. Тэгээд Үнэнбатыг суудлаас нь Билэгсайхан бид хоёр өргөж босгоод жолоочийн хажуу талын суудал дээр суулгаад гэрт нь хүргэж өгөх гэсэн чинь Билэгсайхан машины түлхүүр авчихсан “Би хүргээд өгнө” гэж хэлэхээр нь “Чи согтуу байж яах гээд байгаа юм бэ” гэхэд “Зүгээрээ ахаа, би хүргээд өгчихье” гэж хэлээд рулийн ард суучихсан болохоор арын суудал дээр суусан. Билэгсайханы машинаа бариад яв гэж хэлэхэд зөөлхөн жолоодож би Вокзалын дэлгүүр дээр бууж үлдсэн. Би Билэгсайханд “намайг харж байхад Үнэнбатыг хүргээд өг” гэхэд Үнэнбатын машиныг жолоодоод гэр рүү нь явсан. Спорт заалны цаагуур машинтай нь эргээд харагдахгүй болсон учраас би гэр рүү харих замдаа хэдэн таньдаг ах нартайгаа таараад Үнэнбатын өгсөн нэг шил архийг хувааж уугаад гэртээ орж амарсан. Үнэнбат Билэгсайхан хоёр ярилцаж байхдаа ийшээ тийшээ явах талаар хэлээгүй бөгөөд харин Үнэнбат өөрийгөө гэрт минь хүргэж өгөөрэй гэж надад хэлж байсан. Билэгсайханыг машин жолоодоод явах үед Үнэнбат машин дотроо унтаж байсан бөгөөд нилээн согтчихсон байсан. Архи хундаглаж өгөхөд ууж чадахааргүй, тулаад байна гэж хэлээд уухгүй байсан гэжээ. /хх-ийн 63-64/

 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 261 тоот актын дүгнэлтэд:

            1. Э.Мөнхтуяагийн биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, баруун нүд, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.

     3.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүд, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 78/

   Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Э.Энхтүвшингийн 2016 оны 05 сарын 20-ны өдрийн 10 тоот дүгнэлтэнд:

Хариулт-1. Жолооч Б.Билэгсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д  зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.2 /а/-д “замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.2.7 /а/-д зааснаар “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Хариулт-2. Жолооч Б.Билэгсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь уг осол гарах шалтгаан болох үндэслэлтэй.

Хариулт-3. 2016 оны 03 сарын 29-ний өдрийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч Н.Мөнхболдын Тоёото Королла маркийн 58-35 ДОР улсын дугаартай,Тоёото Корса маркийн 86-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн техникийн байдлыг шалгасан үзлэгийн тэмдэглэлд уг тээврийн хэрэгслүүд нь техникийн стандарт шаардлага хангасан, бүрэн буюу замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ гэжээ./ хх-ийн 76/

   Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/

   Гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 06-07/

   Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл  /хх-ийн 30/

     Зам, тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёото Королла маркийн 58-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 32/

      Зам, тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёото Корса маркийн 86-14 ДОА улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 33/

     Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 34/

     Эд хөрөнгө бимүүмжлэх тогтоол  /хх-ийн 36/

     Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 43-45, 50-51/

     О.Үнэнбатын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 409 тоот дүгнэлт /хх-ийн 80/

     Г.Шинэбаярын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 247 тоот дүгнэлт /хх-ийн 83/

     Ч.Батчимэгийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 248 тоот дүгнэлт /хх-ийн 85/

     П.Людмилагийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 246 тоот дүгнэлт /хх-ийн 87/

     Н.Мөнхболдын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 245 тоот дүгнэлт /хх-ийн 87/

     Шүүгдэгч Б.Билэгсайханаас хохирогч Э.Мөнхтуяагийн эмчилгээний төлбөрт төлсөн баримтууд  /хх-ийн 127-143/

     Хохирогч Э.Мөнхтуяагийн эмчилгээний баримтууд /хх-ийн 177-181/

     Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Билэгсайханы ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 119/

     Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 / зэрэг нотлох баримтууд болно.

   Шүүгдэгч Боржигон овогт Бархсувдын Билэгсайхан нь 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд  Дорнод аймгийн Хэрлэн  сумын 8 дугаар багт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн зүүн талын нийтийн хэрэгцээний авто зам дээр Тоёото Королла маркийн 58-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д  заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, саад хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.2.2 /а/-д “замын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.2.7 /а/-д “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Тоёото Корса маркийн 86-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг машинд зорчиж явсан Э.Мөнхтуяагийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Э.Мөнхтуяа, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхболд, Н.Намуунзул, гэрч О.Үнэнбат нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн гэрч П.Людмила, М.Ундрал, Г.Шинэбаяр, Ч.Батчимэг, Э.Энхтөр нарын  мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  / хх-ийн 06-07/, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл  /хх-ийн 30/, зам, тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёото Королла маркийн 58-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 32/, зам, тээврийн осол, хэрэгт холбогдсон Тоёото Корса маркийн 86-14 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 33/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 34/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн  261 тоот актын дүгнэлт, 2016 оны 05 сарын 20-ны өдрийн техникийн шинжээчийн 10 тоот дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Бархсувдын Билэгсайханы гэмт үйлдэлд Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т  зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуугаар үйлдэж, хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч нарт нийт 6370000 төгрөгийн хохирол учруулжээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун шүүх хуралдаанд “гэрч О.Үнэнбатыг жолоогоо бусдад шилжүүлсэн, шүүгдэгч Б.Билэгсайхантай  жолоо булаалдсан гэж үзэж байна. Энэ нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч Энхтөр нарын мэдүүлгээр нотлогддог.  Үнэнбатын согтуурлыг шалгаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир ямар нэгэн арга хэмжээ авагдах ёстой. Иймд дахин шалгаж О.Үнэнбатыг жолоогоо бусдад шилжүүлсэн эсэхийг зайлшгүй тогтоох ёстой. Мөн Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх тогтоол, хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол  зэрэгт прокурор гарын үсэг зураагүй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэсэн санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулууны гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Энэ нь гэрч О.Үнэнбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн “би нилээн согтсон байсан учраас Энхтөр гэдэг найзыгаа Билэгсайханы гар утсаар залгаж дуудуулсан. Энхтөр найзаараа машин бариулж гэрийнхээ гадна буулгуулах гэж байсан бөгөөд Энхтөрийг гэрийнх нь гадаа хүлээж байгаад уулзаж дэлгүүрээс авсан архиа уусан. Архиа ууж чадаагүй байх. Энхтөрийг машин бариад гэр лүү хүргээд өгчихөөрэй гэж хэлж байсан боловч би согтоод тасраад машиндаа унтчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-56-57/, гэрч Э.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн “... Үнэнбат нилээн согтуу байсан болохоор рулиэ дэрлээд унтаад өгсөн бөгөөд Билэгсайхан арай гайгүй согтсон байсан юм. Тэгээд Үнэнбатыг суудлаас нь Билэгсайхан бид хоёр өргөж босгоод жолоочийн хажуу талын суудал дээр суулгаад гэрт нь хүргэж өгөх гэсэн Билэгсайхан машины түлхүүр авчихсан. Би хүргээд өгнө гэж хэлэхээр нь чи согтуу байж яах гээд байгаа юм бэ? гэж хэлэхэд би зүгээрээ ахаа хүргээд өгчихье гэж хэлээд рулийн ард суучихсан болохоор нь арын суудал дээр суусан” гэх мэдүүлгүүдээр гэрч О.Үнэнбатыг жолоогоо бусдад шилжүүлсэн, шүүгдэгч Б.Билэгсайхантай  жолоо булаалдсан гэх үйлдэл нь няцаагдаж байгаа болно. Дээрх гэрч О.Үнэнбат, Э.Энхтөр нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрөөгүй, нэг нь нөгөөгийнхөө мэдүүлгийг давхар нотолсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдсан нотлох баримтууд болно.

Мөн Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал хүргүүлэх тогтоол /хх-ийн 145/, Хэргийг прокурорт шилжүүлэх тогтоол /хх-ийн 152/ зэрэгт прокурор гарын үсэг зураагүй явдал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлд заасан “хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах” үндэслэл болохгүй тул мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д заасан “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.         

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Шүүгдэгч Б.Билэгсайхан нь хохирогч  Э.Мөнхтуяагийн эмчилгээний зардал, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхболдын Тоёото Корса маркийн 86-14 ДОА улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 3105000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд иргэний нэхмжлэгч Н.Намуунзулын Тоёото Королла маркийн 58-35 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан гэм хорын хохиролд 3265000 төгрөгийг төлж барагдуулаагүй  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнхтуяа нь хүүхдээ томографт харуулахад зарцуулах 2000000 төгрөгийг нэхэмжилнэ, иргэний нэхэмжлэгч Н.Намуунзул машины хохиролд 3265000 төгрөг гарсан, машинаа засуулахад 2000000 төгрөг гарна үүнийг нэхэмжилнэ гэсэн боловч хохирогч Э.Мөнхтуяа нь хүүхдээ томографт харуулсны дараа, иргэний нэхэмжлэгч Н.Намуунзул нь машинаа засуулсаны дараа гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй тул түүний эзэмшлийн 400000 төгрөгний үнэ бүхий Гинсонг брэндийн хоёр хаалгатай хөргөгчийг  битүүмжилсэн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн ЖЯ92012958 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэх шаардлагагүй байна. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял  хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн , үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар бага, хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Бархсувдын Билэгсайханыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч  Бархсувдын Билэгсайханыг тээврийн хэрэгсэл жолооодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагар хасах нэмэгдэл ял хэрэглэн 4 /дөрөв/ сарын баривчлах  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Б.Билэгсайханы эдлэх 4 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Билэгсайханаас бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын төлбөрт 3265000 /гурван сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Намуунзулд олгож, хохирогч Э.Мөнхтуяа нь хүүхдээ томографт харуулсны дараа, иргэний нэхэмжлэгч Н.Намуунзул нь машинаа засуулсны дараа гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

5. Ялтан Б.Билэгсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, түүний ЖЯ92012958 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй  хүргүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Б.Билэгсайханы өмчлөлийн 400000 төгрөгний үнэ бүхий хоёр хаалгатай хөргөгчийг битүүмжилсэн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан   Б.Билэгсайханд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Билэгсайханд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ