Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0813

 

  

2020 12 22 128/ШШ2020/0813

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б/

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай тушаалын 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч албан тушаалд эгүүлэн томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Бминий бие нь анх цагдаагийн байгууллагад Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар мэдээлэл хулээн авагч цагдаа албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд сүүлд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч албан тушаалд цагдаагийн ахмад цолтойгоор томилогдон ажилласан. Ингээд намайг ажиллаж байх хугацаанд Цагдаагийн еренхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай тушаалаар цагдаагийн албанаас халсан.

Миний бие цагдаагийн байгууллагад нийт 15 жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ёс зүйн зөрчил болон гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагүй, ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэж, 2004-2019 оны хооронд Цагдаагийн ерөнхий газрын жуух бичиг, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтсийн хөдөлмөрийн аварга 1 удаа, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын ажил мэргэжлийн аварга 3 удаа, хөдөлмөрийн аварга 1 удаа, Цагдаагийн албаны төлөө 2, 3 зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.

Намайг ажлаас халахдаа цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зуйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.4.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан.

Би тухайн үед дээрх хууль, журамд заасан зөрчлүүдийг ажил мэргэжлийн хувьд гаргаагүй байхад намайг ажлаас үндэслэлгүй халсан. Учир нь намайг ажлаас халах болсон шалтгааныг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын газраас 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст ирсэн албаны шалгалтаас хамаарч намайг ажлаас халсан юм. Тус албаны шалгалтаас гарсан дүнг, материалын хамт Авлигатай тэмцэх газар өгч, миний бие болоод надтай тухайн цаг уед хамт ажиллаж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Э, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Ббид нарыг БНХАУ-ын иргэн Jiyatu-аас 3000 юань буюу 1,175,580 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан шалгуулсан.

Иргэн Н.Бнамайг дээрх гэмт хэрэгт холбон шалгаад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Тын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор хэргийг минь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зуйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх хугацаанд миний бие гомдол гаргаагүй шалтгаан нь надад холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар зохих журмын дагуу холбогдох байгууллагад гомдлоо гаргаж, цагдаагийн албаны нэр төрийг гутаасан асуудал гаргаагүй гэдгээ нотлохыг хүссэн юм.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зуйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол гэж заасны дагуу Цагдаагийн ерөнхий газар нь Н.Бнамайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай тушаалыг хучингүй болгож, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч албан тушаалд томилуулж, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын 3 дахь заалтыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг илт хуль бус болохыг тогтоолгох болгон өөрчилж байна, илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Авлигатай тэмцэх газар шалгаад прокурорын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 дугаартай тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тушаал гаргаж албанаас халсан нь эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж өгнө үү.

2019 оны 7 дугаар сарын 20-ны тушаалыг цахимаар хүргүүлсэн байсан. Тэр үедээ эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан тул гомдол, нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тул гомдол, нэхэмжлэл гаргасан. Албаны шалгалт явуулаад гэмт хэргийн шинжтэй гээд Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлсэн, үүнээс өмнө ажлаас халсан учраас гэмт хэрэгт холбогдолтой юу, үгүй юу гэдэг асуудал шалгаж дууссаны дараа гомдол гаргах ёстой гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэж маргаж байгаа учир хэзээ ч нэхэмжлэл гаргаж болно. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус гэж үзэж байна. Албаны шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй гээд шалгуулахаар шилжүүлсэн. Шүүхийн журмаар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ажлаас халсан шийдвэр гаргасан нь илт хууль бус. Тухайн орон нутгийн хэсгийн төлөөлөгч өөрсдийн ажил үүрэгтэй. Н.Бын хувьд мөрдөгч, өргөсөн тангарагийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан. Хятад улсын иргэнээс авсан мөнгийг зээлсэн асуудлыг Н.Бд халдааж болохгүй. Өнөөдөр энэ хэрэгт холбогдож шалгагдаж байгаа зүйл байхгүй. гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд алба хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар тогтоосон. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалаар Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Быг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-т зааснаар албанаас халж, цагдаагийн цолыг хураасан.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасныг мөн зөвлөл хүлээн авч хянан, Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсгийг баримтлан гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, энэ талаар нэхэмжлэгчид 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 01/1457 дугаартай бичгээр хариу мэдэгджээ.

Төрийн албаны тухай хуулийн 48.8-т Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно. гэж, хуульд тусгайлан заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзах үндэслэл болохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-т тус тус заажээ.

Нэхэмжлэгч Н.Бнь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор Төрийн албаны зөвлөл, эсхүл шүүхэд гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шуухэд хянан шийдвэрлэх тухай 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н Батжаргалын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг албанаас халаагүй, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэлээр албанаас халсан. Хятад иргэнээс хахууль авсан гэмт хэргийн шинжтэй асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. Манай байгууллага албаны шалгалтаар Н.Бын гаргасан асуудал нь ёс зүйн ноцтой зөрчилд хамаарах учраас албанаас халсан болохоос авлигын гэмт хэрэгтэй холбоотой үндэслэлээр албанаас халаагүй. Н.Бнь сахилга ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Энэ тохиолдолд Цагдаагийн ерөнхий газрын дарга өөрийн албан тушаалын бүрэн эрхийн хүрээнд зөрчил гаргасан албан хаагчид хариуцлага тооцох эрхтэй. Н.Бнь өөрийн ажил үүргийн дагуу гэмт хэргийн шинжтэй асуудал гарсан гэдгийг мэдсээр байж энэ талаар нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй нь ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх хуулийн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь өргөсөн тангараг, хуульд заасан чиг үүрээ хэрэгжүүлээгүй нь ёс зүйн дүрмийн ноцтой зөрчил.

Нэхэмжлэлийн шаардлага манай гаргасан актыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах гэж байснаа илт хууль бус болохыг тогтоолгох болгон өөрчилж байна. Н.Бнь албан үүргээ хангалттай явуулаагүй нь харагдаж байна. Цагдаагийн албан хаагч аль чиглэлийнх байхаас үл хамаараад гэмт хэргийн шинжтэй үйлдэл, мэдээллийг нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Замын цагдаагийн албан хаагч ч ялгаа байхгүй энэ мэдээллийг хүлээж авсан бол бүртгүүлээд харьяаллын дагуу шилжүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Прокурорын байгууллага албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгадаг газар биш. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан хууль ёсны эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тайлбарлаж байна. Ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байсан гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Бнь түүнийг цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Быг цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2, 2.4.1-д заасныг зөрчсөн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахмад цолыг хураасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн алба хаагчтай холбоотой Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нэр бүхий албан хаагч 2019 оны 4 дүгээр сарын 11-нд нүүрс угаах үйл ажиллагаа явуулдаг ТХХК-ийн Өвөр монгол тогооч Заяа гэгчийг мансууруулах төрлийн ми ми хэрэглэсэн гэх мэдээллийг шалгахдаа 10,000 юань нэхэж, улмаар 3,000 юань бэлнээр авсан гэх мэдээллээр албаны шалгалт хийжээ.

Албаны шалгалтаар сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ш.Э, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Бямбадорж, мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бнар нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Вандангаас ирүүлсэн хятад иргэн ми ми гэх мансууруулах бодис татсан гэх мэдээллээр тус суманд нүүрс угаах үйл ажиллагаа явуулдаг ТХХК-д тогооч ажилтай БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны харьяат иргэн B.Jiyatu гэгчийг цагдаагийн хэлтэст авчирч, гадаад паспортыг нь хураан авч 10,000 юань нэхсэн, визний хугацаа нь дуусах дөхсөн уг иргэн торгууль нэрийдлээр 3,000 юань бэлнээр өгснийг цагдаагийн ахлах дэслэгч Ш.Э авч, шан харамж, хахууль авсан, уг мөнгөнөөс цагдаагийн ахлах дэслэгч Ш.Э 1200 юань, цагдаагийн ахмад Н.Б800 юанийг тус тус хувьдаа авч ахуйн хэрэгцээндээ зарцуулсан, гэмт хэргийн дуудлага мэдээллийг нуун дарагдуулж, санд бүртгүүлээгүй, удирдах даргадаа мэдэгдээгүй, цагдаагийн ахлах дэслэгч С.Бгадаад улсын иргэний паспортыг хураан авч торгууль гэх нэрийдлээр мөнгө авахад нөлөөлсөн, хураан авсан мансууруулах төрлийн бодис ми ми-г гэртээ хадгалж байсан зөрчил илрүүлжээ.

Албаны шалгалтаар илэрсэн зөрчлийг цагдаагийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хөрөнгө завших, хахууль авах гэмт хэргийн шинж агуулсан, мөн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзээд Цагдаагийн ерөнхий газрын даргад Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2 цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл гаргахгүй байх, 2.4.1 өөрийн болон албаны нэр хүндийг ариун байлгах заалтуудыг зөрчсөн үндэслэлээр мөн дүрмийн 3.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар албанаас халах шийтгэл ногдуулах, холбогдох гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн шинжтэй байх тул харьяаллын дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газар шилжүүлэх санал оруулжээ.

Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба бөгөөд алба хаагчийн эрх зүйн байдлыг Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар тогтоодог, Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо ... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, алба хаагчийн ёс зүй, ... чанд сахин, чин шударгаар ажиллахаа батлан тангараг өргөдөг. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэргийн газрыг хамгаалах, бүртгэх, гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой хуулиар тогтоосон ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй. Цагдаагийн албан хаагч өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн, мөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол цагдаагийн албанаас халахаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2-т заасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох заалтаас үзэхэд цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гарган, өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчиж, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх төрийн тусгай албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.2 цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх, 2.4.1 өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах заалтыг зөрчсөн үндэслэлээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар албанаас халж, цагдаагийн цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хөрөнгө завших, хахууль авах гэмт хэргийн шинж агуулсан үйлдлийг харьяаллын дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн, энэ нь албанаас халах үндэслэл болоогүй буюу тодруулбал Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр албанаас халаагүй байна.

Цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх, халах эрх бүхий этгээдэд албаны шалгалтын дүнг танилцуулсан танилцуулгаас үзвэл гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг нуун дарагдуулж, мэдээллийн санд бүртгүүлээгүй, шалгаагүй, хяналт тавиагүй, удирдах даргадаа мэдэгдээгүй буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль дээдлэн сахин биелүүлэх төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн, хууль дээдлэн биелүүлэх-ээр өргөсөн тангарагаа зөрчсөн, улмаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хөрөнгө завших, хахууль авах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдож цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан нь алба хаагчийн ёс зүйг чанд сахин, чин шударгаар ажиллах-аар өргөсөн тангараг, цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргахгүй байх, цагдаагийн албаны болон албан хаагчийн нэр төрийг ариун байлгах ёс зүй, сахилгын дүрмийн ноцтой зөрчил гэж үзээд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул шүүх энэ шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж үзлээ.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэнээс хахууль авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай ирүүлснийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 5/06 дугаартай тогтоолоор түүний Ш.Эоос мөнгө зээлсэн, мөнгөний эх үүсвэрийг мэдээгүй гэх гэрч, яллагдагчаар өгсөн тайлбар, мэдүүлгээр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулалгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд БНХАУ-ын иргэнээс хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд яллагдагч Н.Бнь шууд санаатай хамтран оролцсон буюу хахууль авсан болох нь тогтоогдохгүй, Ш.Эоос мөнгө зээлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнээд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр яллагдагч Н.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Ийнхүү хахууль авсан гэмт хэрэгт холбогдолгүй үндэслэлээр холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг нуун дарагдуулж, санд бүртгүүлээгүй албаны үүрэг, өргөсөн тангарагаа зөрчсөн, цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргасан ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Учир нь ёс зүйн зөрчлийг албаны шалгалтаар, гэмт хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох бөгөөд албаны шалгалтаар гэмт хэргийн талаарх дуудлага мэдээллийг нуун дарагдуулж, санд бүртгүүлээгүй албаны үүрэг, өргөсөн тангарагаа зөрчсөн, улмаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсоноор цагдаагийн байгууллага, албан хаагчийн нэр төр, алдар хүндэд харшлах зохисгүй үйлдэл гаргаж Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн нь тогтоогдсон, энэ үндэслэлээр ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр албанаас халаагүй байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, тиймээс ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй нь сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул ёс зүйн зөрчлийг албаны шалгалтаар тогтоож, сахилгын шийтгэл хүлээлгэснийг эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон үндэслэлээр эрхэд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд ёс зүйн ноцтой зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын холбогдох заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цол сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тушаалын өөрт холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол, 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ч шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тушаалын холбогдох заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох хэмээн өөрчилсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, энэ нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар Албанаас халах, цагдаагийн цол хураах тухай тушаалын 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цагдаагийн ахмад цолыг сэргээлгэх тухай Н.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА