Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1458

 

МАГАДЛАЛ

 

2017.06.28                                             Дугаар 1458                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00367 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бат-Оронд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 750 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлүүлсэн. Уг мөнгийг хариуцагч өгөхгүй байсан учраас шүүхэд хандаж үндсэн зээл болон зээлийн хүүг нэхэмжлээд шийдвэрлүүлсэн. Харин одоо үндсэн зээл болон хүүтэй нийлээд 5 500 000 төгрөгийг өгөөгүй үнийн дүнгийн алданги 2 750 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн тэмдэгтийн хураамж 58 950 төгрөгийг миний бие төлсөн учир Б.Бат-Оронгоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2 500 000 төгрөгийн зээл аваад 5 500 000 төгрөг болгон зээлийн буцаан төлөхөөр болж, давж заалдах шатны шүүхээс миний төлсөн 900 000 төгрөгийг хасч, 4 600 000 төгрөг дээр шийдвэр гарсан. 180 000 төгрөг төлсөн байгаа. Тийм учраас дахиад алданги гээд                2 750 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би одоо эрхэлсэн ажилгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бат-Оронд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд алданги болох     2 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Т.Ганцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлч Т.Ганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхэд хандсан боловч хууль сайн мэдэхгүйн улмаас хуулийн дагуу материалаа бүрдүүлж өгөөгүй гэж анхан шатны шүүх хурал хүчингүй болсон. Учир нь гэрээний эх хувь Хан-Уул дүүргийн архивт байгаа надад канондсан хуулбар хэвлэж өгсөн. Тухайн үед нотариат орсон нотариатч хүнд зодуулсан гээд 4,5 сар ажилдаа ирээгүй. Энэ хүн ажилдаа ирж гэрээний хуулбараа гаргуулсан тул гэрээнд заасны дагуу 2 750 000 төгрөгийг Б.Бат-Оронгоос гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Ганцэцэг нь хариуцагч Б.Бат-Оронд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох алдангид 2 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээнд үндэслэсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ 2 500 000 төгрөг зээлж аваад, 4 600 000 төгрөг болгож төлөх шийдвэр гарсан гэж тайлбарласан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, хүү, анзын талаар бичгээр тохиролцсон тул хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй боловч шаардлагаа нотлохоор шүүхэд өгсөн баримт нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

                                                                                       М.НАРАНЦЭЦЭГ