Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2021/00555

 

Т.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1091 дүгээр магадлалтай,

 

          Нэхэмжлэгч: Т.А-

          Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

 

          нэхэмжлэл: ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох,  олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Д.Зоригтын хяналтын журмаар 2020.06.11-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сурахбаяр, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012.11.27-ны өдрийн А\343 дугаар тушаалаар тамгын газарт архивын ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны Б\207 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө авч, хүүхэд маань дутуу төрснөөс үүдэлтэй асаргаа сувилгаа шаардлагатай байсан учир (хүүхэд асрах хуулийн хугацаандаа) 2018 оны Б\205 дугаар тушаалаар чөлөөг дахин 1 жилээр сунгасан. Нийт 3 жил хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, 2019.10.27-ны өдөр чөлөөний хугацаа дуусах учир 2019.10.10-ны өдөр ажилдаа орох тухай өргөдөл өгсөн боловч хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгөөгүй. Иймд дээд шатны байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд гомдол гаргасан. Яамнаас хариуцагч байгууллагад гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх талаар 2019.11.28-ны өдрийн 4/343 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газарт архивын ажилтнаар томилуулж, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх олговорт 2019.10.27-ны өдрөөс хойш тооцон анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Ажилд томилохгүй байгаа нь архивын баримтууд устгагдаж, дутсантай холбоотой. Тухайн үед архивын сан хөмрөгийг хариуцаж байсан Т.А-д холбогдуулан архивын сан хөмрөгт санаатайгаар халдаж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж, холбогдох ажиллагаа хийгдэж байна. Тооллогын комисс 2020.01.27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын архив, баримтад нэгдсэн тооллого хийхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас Мөнгөн хадгаламж сунгах зөвшөөрөл хүсэх тухай явсан албан бичгүүдийн эх хувийг хадгаламжийн нэгжээс зүсэж авсан нь (Тухайлбал, 2013 онд 14 албан бичиг, 2014 онд 23 албан бичиг, 2015 онд 32 албан бичгийг тус тус сан хөмрөгөөс авсан болох нь) тогтоогдож улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Мөн энэ маргааны шүүхийн харьяалал захиргааны шүүхэд хамаарах тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 182/ШШ2020/00780 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т.А-г Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,634,178 төгрөгийг гаргуулж Т.А-д олгож, Т.А-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293,026 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Т.А-гийн ажилгүй байсан 2019 оны 10 сарын 27-ны өдрөөс 2020 оны 04 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагад үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 57,096.85 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1091 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсан байна.

 

        Хариуцагчийн төлөөлөгч Д.Зоригт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Т.А-г Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т зааснаар ажил олгогч ажилд эгүүлэн авах гэхээр тухайн ажлын байранд архивын баримтууд устгагдаж, дутсантай холбогдуулан хууль, хяналтын байгууллагаар шалгуулж байгаа. Тооллогын комисс 2020.01.27-30-ны өдрүүдэд Нийгмийн даатгалын ерөнхий газрын архив, баримтад нэгдсэн тооллого хийхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас “Мөнгөн хадгаламж сунгах зөвшөөрөл хүсэх тухай” явсан албан бичгүүдийн эх хувийг хадгаламжийн нэгжээс зүсэж авсан нь (Тухайлбал, 2013 онд 14 албан бичиг, 2014 онд 23 албан бичиг, 2015 онд 32 албан бичгийг тус тус сан хөмрөгөөс авсан болох нь) тогтоогдож улмаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Тухайн үед архивын сан хөмрөгийг хариуцаж байсан Т.А-д холбогдуулан архивын сан хөмрөгт санаатайгаар халдаж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хууль бус үйлдлийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргаж, холбогдох ажиллагаа хийгдэж байна. Нөгөөтэйгүүр Ажил олгогч энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэх хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т зааснаар тухайн ажилтанд эрх зүйн байдал, урьд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл, зөвлөгөө өгөх лавлах утас эсхүл Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Архивын ажилтнаар ажиллуулах санал тавьсан. Т.А- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл, зөвлөгөө өгөх лавлах утсан дээр ажиллах саналыг хүлээн зөвшөөрч ажилласан мөртлөө ажлын байраа орхин явсан байдаг. Мөн Төрийн албаны зөвлөлөөс баталсан албан тушаалын тодорхойлолтоор тус ажлын байранд Т.А- ажлын байрны шаардлага хангахгүй байгаа билээ. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.18-ны өдрийн 1091 дугаартай магадлалтай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Т.А- 2020.02.20-ы өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Тамгын газарт архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон 2019.10.27-ны өдрөөс 2020.04.10-ны өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг шаардсан байна. 

 

        Анхан шатны шүүх  нэхэмжлэлийн зарим хэсгийг  хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Т.А- Нийгмийн даатгалын ерөнхий газарт  архивын ажилтнаар ажиллаж байгаад  2016.10.27-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан, уг хугацаа 2019.10.27-ны өдөр дуусаад хүсэлт гаргасан боловч  ажил олгогч  ажилд нь оруулахаас татгалзсан нь тогтоогджээ.

 

        Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй үед ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдана.

 

        Хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байр хадгалагдах талаар хуульд тусгайлан заасан байхад  Нийгмийн даатгалын ерөнхий газар нь  Т.А-гийн ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байх тул ажил олгогч нь нэхэмжлэгчийг  ажлаас нь халсан  гэж үзнэ.

        Иймд шүүх Т.А-г Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын  ажилтны ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт нийцсэн  байна. 

        2. Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

   

        Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө дууссанаас хойш буюу 2019.10.27-ны өдрөөс ажилгүй байсан нь нотлогдсон байх тул шүүх олговрыг 2020.04.10-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-г зөрчөөгүй байна. 

 

        Шүүх олговрын хэмжээг сарын 467,400 төгрөг, өдрийн 21,245 төгрөгөөр тооцсон нь хэрэгт буй баримтад үндэслэгджээ. 

 

        3. Т.А- хүүхэд асрах чөлөө авахаасаа өмнө сахилгын зөрчил дутагдал гаргаж байсан  гэх нөхцөл байдал нь ажил, албан тушаал хэвээр хадгалагдах Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй байх  үндэслэл болохгүй юм.

         Иймд  архивын баримтууд устаж дутсан мөн уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа талаарх хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 131 дүгээр зүйлийг зөрчинө.

         4. Нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх  нотлох баримтын хэмжээнд  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ. 

         Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн  тухай хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан үндэслэлээ тодорхой заасан байх тул  шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00780 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1091 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

      2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ           С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                      ШҮҮГЧИД,                            Х.СОНИНБАЯР

                                             Б.УНДРАХ

                                             Д.ЦОЛМОН

                                            Х.ЭРДЭНЭСУВД