Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр             2022/ШЦТ/80                  Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар  баг Овоотын 9-2 тоотод оршин суух /РД:*******/, Цэрмаа  овогт Оюунгэрэлийн Батдэлгэр.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудлын 7 тоотод  өрөөнд  ******* биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, нүдний алимны доргилт, хамар ясны шинэ хугарал хамрын таславчийн муруйлт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед архи уусан байсан. Найзыгаа буруугаар ойлгосноос болж ийм байдалд хүрсэн. Хохирогчоос уучлалт гуйсан гэм буруугаа ойлгож байгаа  миний буруу гэв.

 

Хохирогч ******* “...Миний бие 2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг “Ли Ли” гэх зочид буудалд үйлчлүүлж байсан чинь миний байрлаж байсан өрөөний хаалгыг хүн тогшихоор нь нээхгүй байсан чинь ресейпшнээс түлхүүр аваад нээгээд Батдэлгэр нь ороод ирсэн. Тэгээд хэрүүл өдөж байхаар нь орон дээр хэвтэж байсан чинь миний хамрыг цохичихсон. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед би Ичко гэдэг эмэгтэйтэй өрөөндөө юм яриад сууж байсан чинь Батдэлгэр орж ирээд намайг цохисон, айхтар маргалдаж муудсан зүйл байхгүй. Урьд өмнө нь муудаж байгаагүй. Миний бие 3 шил пиво уусан байсан харин Батдэлгэр нэлээн согтуу байх шиг байсан. Батдэлгэр нь миний нүүрэн хэсэгт хэвтэж байхад гараараа нэг удаа л цохисон... Одоо миний бие ямар нэгэн гэмтэл, зовуурь байхгүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 11-12  х/  

 

Гэрч ******* “...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 00 цаг 10 минутын орчим Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ли Ли” зочид буудалд найз болох Батдэлгэр, Мандуухай нарын хамт очсон. Тэгээд “Ли Ли” зочид буудалд очиход найз болон Дашнямтай тааралдсан тэгээд би найз болох Дашнямтай уулзалдаагүй удсан байсан болохоор Дашнямын амарч байсан 7 тоот өрөөнд ороод юм яриад суусан. Тэгэхэд манай найз болох Батдэлгэр, Дашням бид хоёрын байсан 7 тоот өрөөний хаалгыг тогшоод хаалгыг онгойлгоход Батдэлгэр өрөөнд орж ирээд Дашнямын нүүр хэсэгт нь нэг удаа цохисон асуудал гаргасан...Дашням нь Батдэлгэрийн бие эрх чөлөөнд халдаж зодсон асуудал гаргаагүй...” гэх /хх-ийн 19-20 х/ ,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаартай  “...******* биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, нүдний алимны доргилт, хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учирчээ...Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 26-27 х/,

 

Яллагдагч *******ийн “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 18-ны шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ли ли” зочид буудалд 02 цагийн үед найзуудтайгаа үйлчлүүлж байсан юм. Тэр үед манай найз Мижигдоржийн найз охин Ичинхорлоо дээд өрөө рүү гараад явахаар нь араас нь 2 давхарт гараад 7 тоот өрөөнд Дашнямын хамт байхаар нь ороод цохичихсон тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн. Ичинхорлоо нь манай найз Мишигдоржийн эхнэр нь юм. Тэгээд өөр хүнтэй сууж байхаар нь таньдаг хүмүүс хоорондоо юм ярьж байсныг буруугаар ойлгоод цохичихсон тэрнээс бол өөр маргалдсан болон өс хонзонгийн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 39-40 х/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 х/

 

*******ийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 х/

 

*******ийн зөрчилд холбогдогчийн бүртгэл /хх-ийн 50-51 х/

 

Шүүгдэгч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт  / хх-ийн 55 х/

 

Хохирогч ******* гомдол саналгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 57 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 04  дүгээр сарын 22-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 66-67 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 49 дугаартай санал /хх-ийн 68 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй зочид буудлын 7 тоотод  өрөөнд  ******* биед халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, нүдний алимны доргилт, хамар ясны шинэ хугарал хамрын таславчийн муруйлт бүхий  хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.Дашням, гэрч Ч.Ичинхорлоо  нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ******* нүүр рүү гараа цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, нүдний алимны доргилт, хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг прокурорт гаргасан байна.

Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Дашням гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******т  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цэрмаа  овогт Оюунгэрэлийн Батдэлгэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Дашням гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР