Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

 

 

 

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр             2022/ШЦТ/79                  Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

 Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл-4, эх, ах, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Отгон жаргал гэх хуурамч фейсбүүк хаягаас цахим орчинд “нөхрөө хуурч өөр хүнтэй явалдаж, хүүхэдтэй болсон, нөхрөө айлын хашаанд дүүжилсэн” гэх утгатай мэдээлэл нийтэлж, иргэн *******, ******* нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нараас уучлалт гуйсан. Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хохирогч *******гийн: “...Би Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн. Манай нөхөр нь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр архины хордлогоор нас барсан. Манай талийгаач нөхрийн дүү ******* нь хуурамч фейсбүүк хаяг нээгээд тэр хаягаасаа намайг ахыг минь алсан гэх утгатай худал мэдээлэл тавиад нийтэлсэн байна. Ийм учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Хуурамч хаяг нээхдээ манай хамгийн бага охин Отгонжаргалын нэрээр “*******” гэдэг хаяг нээсэн байна. ******* гэх хаягаас “  гэсэн утгатай постыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум (зар) гэсэн 6200 дагагчтай фейсбүүк групп дээр тавьсан байна. Сүүлд 1 сар орчмын өмнө Jinchs Gatsdaffj гэсэн нууц хаягаас “Очирхуяг Дуламсүрэн, Sainaa Tomor уучлаарай” гэсэн постыг мөн Сүхбаатар аймаг Сүхбаатар сум (зар) гэсэн 6200 дагагчтай фейсбүүк групп дээр тавьсан байна. Фейсбүүк хаягаа солиод дандаа хуурамч хаягаас ингэж удаа дараа гүтгэж доромжлоод байгаад  гомдолтой байна. Би маш их гомдолтой байна. Манай нөхрийн нас барсан асуудал цагдаа дээр шалгагдаад архины хордлогоор нас барсан байна гэсэн дүгнэлт гарсныг цагдаагаас надад болон манай нөхрийн ээж Энхжаргал нарт танилцуулж хэргийг хаасан. Хэрэг хаагдсаны дараа гэнэт манай нөхрийн дүү Нансалсүрэн нь ийм утгатай пост оруулсан байна. Олон нийтийн сүлжээгээр бусдад гүтгүүлсэндээ гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08  х/,

 

 Хохирогч *******ийн: “...Би Сүхбаатар сумын 3 дугаар багийн малчин иргэн. Миний 2007 оноос хойш хамтран амьдарч байсан Б.Энхсайхан гэдэг залуу 2015 оны 03 дугаар сард өөрийгөө боомилоод нас барсан бөгөөд уг асуудал цагдаад шалгагдаж байгаад өөрөө өөрийгөө боомилсон гээд хаагдсан байдаг. Миний хувьд талийгаач Б.Энхсайханаас 2 хүүхэдтэй үлдсэн бөгөөд 2021 оны 05 дугаар сард А.Эрдэнэсүх гэдэг залуутай ханилсан. Тэгтэл 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олон нийтийн фейсбүүк дээр Сүхбаатар аймаг Сүхбаатар сум (зар) гэсэн групп дээр намайг ******* гэсэн хаягаас нөхрөө алсан, хорлосон, мэтээр гүтгэн доромжилж бичсэн байсан. Мөн манай хамаатан Дуламсүрэнг нөхрөө хүнээр зодуулаад алчихсан мэтээр гүтгэж бичсэн байна лээ. ******* гэдэг хаяг нь хуурамч хаяг юм шиг байсан. Тухайн үедээ ямар ч зураггүй, ямар ч мэдээлэл байхгүй зөвхөн Дуламсүрэн бид хоёрыг гүтгэсэн мэдээллээ постолсон хаяг байсан. Одоо тэр хаягийг устгасан байна лээ. Гэхдээ фейсбүүк дээр тавьсан байсан мэдээллийг нь Дуламсүрэн хуулбарлаад авсан. ******* гэх хаягаас “Сүхбаатар сумын хүүхнүүд чинь тэгтлээ хүнээс ичихээ байцан хүмүүс үү гэр бүл гэж ер нь юу юм бээ үнэхээр нэгнээ гээд цаашдаа ирээдүйгээ хамтдаа бүтээнэ гэж бодож гэр бүлтэй болдог баймаар юм, гэтэл яагаад эхнэрээ нөхрөө хуурч, өөр хүнтэй болдог юм бэ, энэ хэнд хэрэгтэй, хүүхдүүд нь л зовно ядаж хүүхдүүдээ бодооч гэхдээ бүх хүүхнүүд гэж хэлээгүй шүү, өөрийн мэдэх тоотой хэдэн хүнийг энэ явдлаас хойш 6 жилийн өмнө бол хэрэг Sainaa Tomor нөхрөө өөрийн дүү болох Сараа тэрний нөхөр Дашка 2-той нийлж зодож бүр болохгүй болохоор нь айлын хашаанд дүүжилсэн хүн, яагаад ийм аймар байдаг байна аа, бүрлээчийн том хүү нь ярьсан, одоо бүр өвөө эмээ рүү нь очуулахгүй байгаа гэсэн, яагаад үнэхээр аав нь өөрөө амиа хорлосон бол та нар хүүг нь орхиж цагдаад өвөөгийнх рүү нь явуулахгүй байх шалтгаан байхгүй, энийг нь мэдсэн хэрнээ гэрийнхэн нь зүгээр өнгөрөөж байдаг, эхнэр нь одоо хүүхэдтэй болсон бүр өөрөөсөө үе мултарсан дүү хүнтэй гэрлэсэн гэсэн шүү хаха яаж ийм байж чаддаг байна аа хөөрхий 2 хүүхэд нь байна мөн саяхан болсон хэрэг бас Очирхуяг Дуламсүрэн эхнэртэй нь хамааралтай нөхрөө хүнээр зодуулж нөхрөө араар нь тавьж бүр хүүхэдтэй болсон гэсэн яаж ийм хүн байдаг байна аа энийг мэдсэн эр хүнд ямар байх вэ, хэрвээ та нарт ийм зүйл тохиолдсон бол ямар байх байсан бэ эхнэртэй дэндүү хайртай бас өөрийнх нь биш, том охиноо өөрийн мэт хайрлаж өсгөсөн гэдэг яагаад тэгтлээ хүнтэй явалдахыг хүсдэг бол гэр бүлтэй байж яах юм хөөрхий дэндүү хайран дэндүү харамсалтай 2 сайхан залуу ид сайхан насан дээрээ яваад өгөх гэж эднийхэн удмаараа ийм ичих нүүргүй улс уу, ах дүүгийн хүүхдүүд адилхан л байлгүй айлын 2 сайхан зовоож үхэлд хүргэх гэж ийм хачин лалрын хүүхдүүд үхээсэй яаж ичихгүй амьдарч чадаж байна аа нутгийнхан, зон олон бүгд мэдээсэй гэсэн дээ бичиж байна” гэсэн утгатай постыг Сүхбаатар аймаг Сүхбаатар сум (зар) гэсэн 6200 дагагчтай фейсбүүк групп дээр тавьсан байна... Сүүлд 1 сар орчмын өмнө Jinchs Gatsdaffj гэсэн нууц хаягаас “Очирхуяг Дуламсүрэн Sainaa Tomor уучлаарай” гэсэн постыг мөн Сүхбаатар аймаг Сүхбаатар сум (зар) гэсэн 6200 дагагчтай фейсбүүк групп дээр тавьсан байна. Фейсбүүк хаягаа солиод дандаа хуурамч хаягаас ингэж удаа дараа гүтгэж доромжлоод байгаад  гомдолтой байна... Би маш их гомдолтой байна. Манай хамтран амьдрагч байсан Энхсайханы хэрэг цагдаагийн байгууллагад тухайн үедээ шалгагдаад дууссан хэрэг. Энэ асуудлын энэ олон жилийн дараа сөхөж байгаад гомдолтой байна. Олон нийтийн сүлжээгээр бусдад гүтгүүлсэндээ гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,

 

 

 Яллагдагч *******гийн: “... нь манай талийгаач ах, харин ******* нь талийгаач ахын маань эхнэр, ******* нь *******гийн эгчийнхэн хүүхэд. Би тухайн хүмүүстэй садан төрлийн холбоотой. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Манай төрсөн ах нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар суманд архины хордлогоор нас барсан. Ах маань нас барсан учраас түүний эхнэр *******, түүний эгч ******* нарын талаар Сүхбаатар аймаг Сүхбаатар сум гэсэн Сүхбаатар сумын фейсбүүк групп дээр миний санаж байгаагаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “*******” гэх хуурамч хаягаас “*******, ******* нарыг ах нарынхаа үхэлд буруутай” гэсэн утгатай постыг оруулсан. Би тухайн үед сэтгэл санаагаар унаад уг асуудлын талаар олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл оруулсандаа харамсаж байна. Тухайн мэдээллийг би өөрөө зохиогоод биччихсэн. Үүнээс гадна би тухайн мэдээллийг өөрийн эзэмшлийн Iphone-7 маркийн гар утсаараа оруулж байсан. Мөн “*******” гэх фейсбүүк хуурамч хаяг өөрөө нээсэн бөгөөд тухайн фэйсбүүк хаягийг тухайн үед уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш дахин ашиглаагүй тухайн хуурамч хаяг нь одоо устсан байгаа, гар утсаа хаягаас дахин эзэмшиж ашигласан зүйлгүй. Тухайн үед хийсэн хэрэгтээ гэмшээд тухайн хуурамч хаягаас дахин сумын фэйсбүүк групп дээр залруулга хийж уучлалт гуйсан. Би үнэхээр хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн хүмүүстэй гэр бүл болсон эрэгтэйчүүд нь нас барсан учраас уг хүмүүсийн үхэлд тухайн 2 эмэгтэй буруутай гэж бодоод уг асуудлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн. Үзэл бодлоо илэрхийлэхдээ илтэд худал мэдээлэл тараасанд өөртөө маш их гэмшиж байна. Мөн тухайн хүмүүсээс уучлалт гуйсан. Би тухайн хүмүүстэй өмнө нь ямар нэгэн шалтгааны улмаас маргалдаж муудсан зүйл байхгүй. Мөн өш хонзонгийн ямар нэгэн сэдэлт надад байхгүй. Би Iphone-7” маркийн гар утсаа Сүхбаатар аймгийн төвд явж байгаад 2021 оны 08 дугаар сарын сүүлээр хаясан. Би уг гар утсыг 2021 оны 03 дугаар сард тус аймгийн төвөөс 320.000 төгрөгөөр худалдан авсан. Уг гар утсанд эвдрэл гэмтэл сэв зураас байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 х /,

 

Сүхбаатар аймаг Сүхбаатар сум (зар) гэх групп нийтэлсэн пост /хх-62-64/,

 

Отгонжаргал гэсэн фейсбүүк хаягаас бичсэн чат /хх-ийн 65-66/,

 

 Ннн. гэсэн фейсбүүк хаягаас бичсэн чат /хх-ийн 67-69/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 х/

 

Шүүгдэгч *******гийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 х/

 

*******гийн  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 х/

 

Шүүгдэгч *******гийн  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлт /хх-ийн 75 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 76-78 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 36 дугаартай санал /хх-ийн 79-80 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Отгон жаргал гэх хуурамч фейсбүүк хаягаас цахим орчинд “нөхрөө хуурч өөр хүнтэй явалдаж, хүүхэдтэй болсон, нөхрөө айлын хашаанд дүүжилсэн” гэх утгатай мэдээлэл нийтэлж, иргэн *******, ******* нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч *******, ******* нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг Сүхбаатар сум (зар) гэх групп нийтэлсэн пост /хх-62-64/,Отгонжаргал гэсэн фейсбүүк хаягаас бичсэн чат /хх-ийн 65-66/,  Ннн. гэсэн фейсбүүк хаягаас бичсэн чат /хх-ийн 67-69/ зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тэрээр бусдын нэр төр алдар хүндэд халдаж болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа  Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум (зар) гэсэн 6200 дагагчтай фейсбүүк групп худал мэдээлэл нийтэлж, иргэн *******, ******* нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгч *******г “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

*******гийн үйлдлийн улмаас хохирогч *******, Т.Саранчимэг нарын нэр төр, алдар хүндэд хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт ирүүлээгүй байна.

Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч *******, Т.Саранчимэг  нар  нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******г хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******д мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******г хүний нэр төр алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 460 /дөрвөн зуун жаран/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч *******, ******* нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР