Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01127

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр                  Дугаар 183/ШШ2018/01127                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О /РД: /-т холбогдох,  

  хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.П, хариуцагч Н.О шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”Бид хоёр 2013 онд танилцаж нэг гэр бүл болж, 2015.11.21-ны өдөр охин О.Номин-Эрдэнэ төрсөн. Би Улаанбаатар хотод амьдрах газаргүй байсан болохоор хариуцагчийн гэрт нь ээж, дүүтэй нь мөн манай хүүхдийг хардаг хүнтэй цуг хамт амьдардаг байсан. Эхлээд гэр бүлийн харилцаа тогтвортой хэвийн байсан. Гэтэл 2017.04.27-ны өдрөөс эхлэн хариуцагч гэр бүлээс гадуурх харилцаатай гэдгээ надад хэлсэн. Ингээд 2017.05.27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч харилцаа холбоо байхгүй, хүүхдээ ямар нэгэн байдлаар асуугаагүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагчийг охины эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна” гэв.

 

Хариуцагч Н.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц.Пгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйл байхгүй. Одоогийн байдлаар би оюутан сургуулиа төгсөөгүй байгаа, ээж дүүгийн хамт амьдардаг тул тэтгэлгийн хэмжээг харгалзан үзэж тогтоож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.П нь хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Н.Од холбогдуулан гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Н.О, Ц.П нар 2013 онд танилцаж түүнээс хойш хамтран амьдрах хугацаандаа 2015.11.21-ний өдөр охин О.Номин-Эрдэнийг төрүүлсэн, хүүхэд эцгийн нэрийг авсан болох нь бүртгэлийн 4301000473 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байна.

 

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй тул Н.О, Ц.П нарыг хууль ёсны гэр бүл гэж үзэхгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.

 

Талууд 2017 оноос хойш тусдаа амьдарч байх бөгөөд энэ хугацаанд охин О.Номин-Эрдэнэ эхийн асрамжид байсан, хариуцагч хүүхдийн эцэг мөн эсэх, асрамж болон тэтгэлгийн талаар маргаагүй байх тул Ц.Пгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /198.600х12/ 2,383,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 53,081 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2015.11.21-ний өдөр төрсөн охин О.Номин-Эрдэнийн эцэг Н.О мөн болохыг тогтоосугай.   

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2015.11.21-ний өдөр төрсөн охин О.Номин-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Н.Оээс  гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Оээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Оээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 53,081 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ