Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

2022                 05              18                                            2022/ШЦТ/105                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч Г.Нардүүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нардүүрэнд холбогдох эрүүгийн 22300000000090 дугаартай  хэргийг  2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл-2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын, 1 дүгээр баг, Амгалангийн 1-5 тоотод оршин суух, урьд  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дүгээр зүйлийн 122.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, регистрийн дугаар:ЛЛ89122171, Овоо овогт Ганхуягийн Нардүүрэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Нардүүрэн  нь  2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалан хорооллын 1-5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Түмэнбаярын эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт, дээд доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Нардүүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчтой утсаар “эвлэрье 350,000 төгрөг өгье” гэж хэлэхэд эвлэрэхгүй наад мөнгө чинь хэрэггүй гэсэн гэв.

 

 Хохирогч Э.Түмэнбаярын: “...Би Сүхбаатар аймгийн Халзан сумаас 2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнийн 23 цагийн үед Баруун-Урт суманд орж ирсэн. Ирээд найз Тэмүүлэнтэй уулзаад нэг шил 0.75 литр архийг хувааж уусан. Архиа ууж дуусаад Тэмүүлэн бид хоёр 2 литрийн савлагаатай пиво аваад хуучнаар саятан буюу Амгалан хороололд Тэмүүлэнгийн найз Нардүүрэнгийн гэр лүү нь 02 цагийн үед очсон. Гэрт нь очиход Нардүүрэн найз Эркатай /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ хамт архи уусан гээд сууж байсан. Бид 4 пиво хувааж уунгаа юм яриад сууж байхад 03 цагийн үед Тэмүүлэн, Нардүүрэн хоёр тоглож байгаа юм шиг нэг нэгнийгээ зөөлөн алгадаад байснаа гэнэтхэн Нардүүрэн одоо болно гээд уурлаад босож ирээд Тэмүүлэнтэй барьцалдаад баруун орон дээр дараад авахаар нь би салгах гээд Нардүүрэнг татахад эргэж хараад гараараа нүүр лүү цохисон. Миний хамраас цус гараад доошоо тонгойтол дахиад нүүр лүү гараараа цохисон. Би гэрээс нь гарах гээд үүдний пинд нь зогсож байхад Нардүүрэн араас гарч ирээд дахиж нэг удаа нүүр лүү цохисон. Би газар унаад босож ирээд тэднийхээс гараад шууд гэр лүүгээ явсан. Тэмүүлэн, Нардүүрэн, Нардүүрэнгийн найз Эрка гурав тэндээ үлдсэн. Би Тэмүүлэнтэй хамт уусан архинаас 2 хундага архи, сүүлд уусан пивоноос 3 аягыг уусан өөр согтууруулах ундаа хэрэглээгүй болсон үйл явдлыг сайн санаж байна. Тэмүүлэн надтай адилхан согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэмүүлэн нэлээн согтсон байсан. Нардүүрэн, Нардүүрэнгийн найз хоёр бас нэлээн халамцуу байсан. Авч очсон пивыг дөрвүүлээ хувааж уусан. Тэмүүлэнгийн найз гэдгээр нь мэднэ. Садан төрлийн холбоо байхгүй. Сайн бол танихгүй. Нардүүрэн нь Тэмүүлэнтэй барьцалдаад орон дээр унахаар нь салгах гээд Нардүүрэнг татахад эргэж хараад гараараа хамар луу нэг удаа, гэрийн үүдэнд гарах гээд зогсож байсан чинь нүдний дээд талд бас нэг удаа цохисон. Өөр хэн нэгэн хүн миний эрх чөлөөнд халдаагүй. Би хэн нэгний эрх чөлөөнд халдаагүй, цохиж зодоогүй. Тухайн үйл явдал болоход Тэмүүлэн, Нардүүрэн, Эрка бид дөрөв байсан. Тэмүүлэн хэн нэгэн хүний эрх чөлөөнд халдаагүй, цохиж зодоогүй. Тэмүүлэн, Нардүүрэн хоёр морь мал ярьцгааж байснаа тоглоод ч байгаа юм шиг жинхэнээсээ ч юм шиг нэг нэгнийгээ алгадаад байснаа Нардүүрэн гэнэт одоо болно ш дээ гээд уурлаж босож ирээд Тэмүүлэнг дарж унасан. Нардүүрэн бид хоёрын болон тэнд байсан хүмүүсийн дунд ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Нардүүрэн ямар учраас намайг цохисныг мэдэхгүй. Гэнэтхэн Тэмүүлэн рүү тоглоом чинь хэтэрлээ гэж уурлаад дараад оочихоор нь салгах гэтэл эргэж хараад шууд цохисон. Би гомдолтой байгаа толгой жоохон өвдөөд байгаа. Толгойгоо хүнээр бариулсан, тос эм тариа авсан болохоор 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-10-12/,

 

 Гэрч Э.Тэмүүлэнгийн: “...2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23 цагийн үед багын танилууд болох Түмэнбаяртай уулзсан. Бид хоёр бас манай нэг хоёр найзтай бид дөрөв хамт 2 шил архи хувааж ууцгаасан. Архи дуусах дөхөж байхад манай найз Нардүүрэн над руу яриад манайхаар ороорой гээд байсан болохоор Түмэнбаяр бид хоёр тэдний гэр лүү 02 цагийн үед таксигаар саятан хороололд гэрт нь очсон. Гэрт ороход Нардүүрэн Эрка гэж дуудаад байдаг найзтайгаа хамт пиво уугаад сууж байсан. Би тэдний рүү орсноо хальт санаж байгаа юм. Нардүүрэн дээгүүрээ цээж нүцгэн сууж байсан болохоор нь “чи таргалдаггүй юм уу” гээд алгадаж тоглож байснаа санаж байна тэгээд яг яаснаа сайн санахгүй байна. Нэг мэдсэн өглөө сэрсэн чинь Нардүүрэнгийн найз Эрка надад “чи Нардүүрэнгээр тоглоод хэрэггүй юм байна лээ та хоёр нэгнийхээ тоглоомын даахгүй муудаад байх юм байна лээ” гэхээр нь бид хоёр муудсан юм уу гэхэд Эрка “та хоёр тоглож байгаад гэнэт Нардүүрэн уурлаад чамайг босож ирээд цохисон чи тэр чигээрээ унтсан. Тэгээд Түмэнбаяр та хоёрыг салгах гээд очтол Нардүүрэн Түмэнбаярыг цохиод гар нь цус болчихсон байна лээ” гэж хэлэхээр нь би бодохдоо нээх сүйдтэй юм болоогүй юм байна гэж бодоод тоогоогүй. Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Түмэнбаяр хотоос ирэхээр нь уулзсан чинь нүд нь хөхрөөд, уруул нь шархтай болсон байна. Нардүүрэн, Түмэнбаяр, Эрка бид дөрөв байсан. Би хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг болохоор тухайн өдөр нэлээн согтсон байсан. Бид нар бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Нардүүрэнгийн гэрт нь очоод пиво хувааж ууснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-18-20/,

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай: “... Э.Түмэнбаярын биед 2 нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт, дээд доод уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-26-27/,

  

   Яллагдагч Г.Нардүүрэнгийн: “... Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн 1-5 тоотод байдаг. 2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ найз Б.Эрдэнэтуяагийн хамт 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн савлагаатай том пиво нэгийг уучхаад байж байтал гаднаас оюутны нэг ангийн найз Тэмүүлэн зүс таних Түмэнбаяр хоёр 2.5 литрийн 2 ширхэг пиво барьчихсан орж ирсэн. Тэр пивыг нь бид дөрөв хувааж уугаад сүүлийн пиво талдаа орж байтал Тэмүүлэн намайг чи бүр таргалахгүй энэ тэр гээд толгой руу цохиж аваад байхаар нь би уурлаад Тэмүүлэнг дараад ойчтол хамт явж байсан Түмэнбаяр бид хоёрыг салгахдаа инээгээд байхаар нь намайг дооглож инээлээ гээд би Тэмүүлэн нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохитол Түмэнбаяр гэрээс гараад яваад өгчихсөн. Тэгээд Эрдэнэтуяа, Тэмүүлэн бид гурав манайд унтаж амарсан. Би нэлээн согтсон байсан болохоор яг сайн бол санахгүй байна. Зарим үйл явдал орж гараад санах санахгүйтэй байна. Би Э.Түмэнбаярын нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохисон. Өөр хэн нэгний биед халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-33-34/

 

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 39 х/

 

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 173 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 41-46 х/

 

Шүүгдэгч Г.Нардүүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 х/

 

Шүүгдэгч Г.Нардүүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Нардүүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалан хорооллын 1-5 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Түмэнбаярын эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт, дээд доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  Э.Түмэнбаярын “ ... Түмэнбаяр та хоёрыг салгах гээд очтол Нардүүрэн Түмэнбаярыг цохиод гар нь цус болчихсон байна лээ” гэж хэлэхээр нь би бодохдоо нээх сүйдтэй юм болоогүй юм байна гэж бодоод тоогоогүй. Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Түмэнбаяр хотоос ирэхээр нь уулзсан чинь нүд нь хөхрөөд, уруул нь шархтай болсон байна...” гэх,

Гэрч Э.Тэмүүлэнгийн “...ээжийн гэрт түр тар гээд юм унах шиг болохоор нь би ээжийнх рүү ороход баруун орон дээр Г.Нардүүрэн нь манай ээж Ш.Наранцэцэгийг цохиод унагаасан, ээж орны доор нүүрээ дараад унасан дээр нь Г.Нардүүрэн суусан байхаар нь чи яаж байгаа юм бэ гэхэд би цохиогүй ээж өөрөө ор мөргөөд унасан гэсэн... гэх  мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 124 дугаартай: “...Э.Түмэнбаярын биед 2 нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт, дээд доод уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Нардүүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Нардүүрэн нь 2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Амгалан хорооллын 1-5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Түмэнбаярын эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт, дээд доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Нардүүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.Нардүүрэн нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Түмэнбаярын нүүрэн тус газарт 3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь 2 нүдний дээд доод зовхинд болон салстад цус хуралт, дээд доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.Нардүүрэн нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Нардүүрэнг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч Г.Нардүүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Г.Нардүүрэн  энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Шүүгдэгчид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргав.

 

Шүүгдэгч Г.Нардүүрэн: Хэлэх зүйлгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгч Г.Нардүүрэнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Нардүүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Г.Нардүүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нардүүрэнгийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Нардүүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Түмэнбаярын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардал нэхэмжилнэ гэсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд шүүгдэгч Г.Нардүүрэнг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

   Хохирогч Э.Түмэнбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Г.Нардүүрэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Г.Нардүүрэнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Овоо овогт Ганхуягийн Нардүүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Нардүүрэнг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нардүүрэнд оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нардүүрэн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Нардүүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Түмэнбаяр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

7. Шүүгдэгч Г.Нардүүрэн энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Нардүүрэн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР