Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

2022                 05            18                                               2022/ШЦТ/106                

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энх-Амгалангаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай  хэргийг  2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 999 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, торгуулийн ялыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бүрэн төлж дуусгавар болгосон, /РД:*******/,  *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******  нь  2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг дарга ******* өөрийн хувийн байдлыг тодруулсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц дээрх тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж, түүний гаргасан зөрчилд оногдуулах баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

   Гэрч ******* “...Би Түмэнцогт сумын 4 дүгээр баг, Баянцогтын 10-23 тоотод өөрийн аав Хурцбилэгийнд амьдарч байгаа. ...Миний охиныг аавтайгаа хамт амьдардаг гэж багийн засаг дарга хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн байна. Охин надтай хамт амьдардаг. ...Манай охин Хулан 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сард *******тай хамт амьдарч байгаагүй. Бид 2 өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/,

 

Гэрч ******* “...Би Шинэтулгыг танина. Манай төрсөн охин Х.Оюунсайхантай 2016-2019 оны хооронд амьдарч байгаад салсан юм. Дундаасаа нэг хүүхэдтэй. Одоо ач охин маань 4 настай. Ээжтэйгээ хамт бид нартай цуг амьдардаг юм. Аав нь болох Шинэтулгатай хамт амьдарч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 х/,

 

Гэрч “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах А бүлгийн багшаар ажиллаж байна. Манай ангид гэж хүүхэд явдаг. ...2021 оны 12 дугаар сар болон 2022 оны 01 дүгээр сард хичээлдээ ирж байсан. Ээж нь хүргэж өгч, авч байсан. ...Намайг Хулангийн ангийн багш болсноос хойш нэг ч удаа аав нь гэх хүн ирж авч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 х/,

 

Гэрч Д.Оюун-Эрдэнийн “...******* гэх хүн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим над руу сумын эмнэлгийн эрхлэгч Ц.Дайчинбатын гарын үсэгтэй, төрсөн ээж С.Доржийн өвчний оноштой бичиг авч ирж үзүүлээд “ээж нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа, би цагдаа дээр асуудалтай байна, ээжийгээ асардаг гэсэн бичиг хийж өгөөч” гэж ирсэн юм. Би уг эмнэлгийн бичгийг үндэслээд төрсөн ээж хардаг нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн юм. Гэтэл хэд хоногийн дараа энэ бичгээр чөлөөлөгдөхгүй юм байна, охин Хуланг асран хамгаалагч мөн гэсэн бичиг хийж явуулна уу гээд утсаар ярьсан. Би “тийм хэцүү байгаа бол яахав дээ хийж өгье” гэж хэлсэн. “Чи уг бичгээр яах гэж байгаа юм бэ? гэхэд шүүх дээр хэрэгтэй байна” гэж хэлээд хийлгэж авсан. ...Би салсан эхнэртэйгээ эвлэрсэн, тэгээд хамт амьдарч байгаа юм байна гэж ойлгосон. ******* надад хэлэхдээ “цагдаа дээр баривчилгаатай болох гээд байна, хүүхдээ асардаг гэвэл чөлөөлөгдөх гээд байна” гэж гуйгаад байсан учраас уг тодорхойлолтыг хийж өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 х/,

 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж авсан *******д холбогдох 2230000017 дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн засаг дарга Д.Оюун-Эрдэнийн гарын үсэг бүхий 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай “Өлзийхутаг овогтой Шинэтулга нь ам бүл 3. Ээж С.Дорж нь 76 настай, хэвтрийн өвчтэй, 4 настай охин гийн хамт амьдардаг. ******* нь эхнэр Оюунсайханаас гэр бүл салж, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин г асран халамжилдаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 30 х/,

 

*******д холбогдох 2230000017 дугаартай зөрчлийн хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗТЭ/27/2022/ЗШ/24 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 2022/ЗШ/24 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-ийн 34-36 х/,

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “...Д.Оюун-Эрдэнээс хураан авсан тамга мөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 77-78 х/,

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай “...Дамдин овогтой Оюун-Эрдэнийн гарын үсэг мөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 68-70 х/,

 

Яллагдагч Ө.Шинэтулгын “...2021 оны 12 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан юм. Тэгээд эрхийн үнэмлэхгүй учраас баривчлагдах болсон. Баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор Түмэнцогт сумын 1 дүгээр багийн дарга ******* охин Хуланг асран халамжилдаг гэсэн тодорхойлолт хийлгүүлж, шүүхэд өгсөн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 х/

 

Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг дарга Д.Оюун-Эрдэнийн ажлын компьютерт үзлэг хийсэн зураг / хх-ийн 7-8 х/

 

Шүүгдэгч Ө.Шинэтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 х/

 

Ө.Шинэтулгын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-ийн 117 х/

Шүүгдэгч Ө.Шинэтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 118 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг дарга ******* өөрийн хувийн байдлыг тодруулсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлж, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц дээрх тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж, түүний гаргасан зөрчилд оногдуулах баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

   Гэрч ******* “ ...Миний охиныг аавтайгаа хамт амьдардаг гэж багийн засаг дарга хуурамч тодорхойлолт гаргаж өгсөн байна. Охин надтай хамт амьдардаг. ...Манай охин Хулан 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сард *******тай хамт амьдарч байгаагүй. Бид 2 өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байгаа” гэх,

Гэрч ******* “...Би Шинэтулгыг танина. Манай төрсөн охин Х.Оюунсайхантай 2016-2019 оны хооронд амьдарч байгаад салсан юм. Дундаасаа нэг хүүхэдтэй. Одоо ач охин маань 4 настай. Ээжтэйгээ хамт бид нартай цуг амьдардаг юм. Аав нь болох Шинэтулгатай хамт амьдарч байгаагүй” гэх,

Гэрч “...2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах А бүлгийн багшаар ажиллаж байна. Манай ангид гэж хүүхэд явдаг. ...2021 оны 12 дугаар сар болон 2022 оны 01 дүгээр сард хичээлдээ ирж байсан. Ээж нь хүргэж өгч, авч байсан. ...Намайг Хулангийн ангийн багш болсноос хойш нэг ч удаа аав нь гэх хүн ирж авч байгаагүй” гэх,

Гэрч Д.Оюун-Эрдэнийн “...Гэтэл хэд хоногийн дараа энэ бичгээр чөлөөлөгдөхгүй юм байна, охин Хуланг асран хамгаалагч мөн гэсэн бичиг хийж явуулна уу гээд утсаар ярьсан. Би “тийм хэцүү байгаа бол яахав дээ хийж өгье” гэж хэлсэн. “Чи уг бичгээр яах гэж байгаа юм бэ? гэхэд шүүх дээр хэрэгтэй байна” гэж хэлээд хийлгэж авсан. ...Би салсан эхнэртэйгээ эвлэрсэн, тэгээд хамт амьдарч байгаа юм байна гэж ойлгосон. ******* надад хэлэхдээ “цагдаа дээр баривчилгаатай болох гээд байна, хүүхдээ асардаг гэвэл чөлөөлөгдөх гээд байна” гэж гуйгаад байсан учраас уг тодорхойлолтыг хийж өгсөн юм” гэх,

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гаргуулж авсан *******д холбогдох 2230000017 дугаартай зөрчлийн хэргийн материалд авагдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн засаг дарга Д.Оюун-Эрдэнийн гарын үсэг бүхий 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай “Өлзийхутаг овогтой Шинэтулга нь ам бүл 3. Ээж С.Дорж нь 76 настай, хэвтрийн өвчтэй, 4 настай охин гийн хамт амьдардаг. ******* нь эхнэр Оюунсайханаас гэр бүл салж, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин г асран халамжилдаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,

*******д холбогдох 2230000017 дугаартай зөрчлийн хэргийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗТЭ/27/2022/ЗШ/24 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 2022/ЗШ/24 дугаартай шүүхийн шийтгэвэр,

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай “...Д.Оюун-Эрдэнээс хураан авсан тамга мөн байна” гэх дүгнэлт,

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай “...Дамдин овогтой Оюун-Эрдэнийн гарын үсэг мөн байна” гэх дүгнэлт,

Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг дарга Д.Оюун-Эрдэнийн ажлын компьютерт үзлэг хийсэн зураг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг дарга ******* өөрийн хувийн байдлыг тодруулсан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар үйлдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохуйц дээрх тодорхойлолтыг хуурамч болохыг мэдсээр байж, түүний гаргасан зөрчилд оногдуулах баривчлах шийтгэлээс зайлсхийх зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарган өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн. Хохирол төлбөрийн хувьд нэхэмжилсэн зүйл байхгүй. Иймд шүүгдэгч Ө.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: Гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх саналыг тус тус гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хуурамчаар үйлдэхийг хамааруулан ойлгодог. Түүнчлэн нотлох баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хамаарах харилцааг зөрчсөн ерөнхий объекттой хэрэг юм.

 Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан хийгээд хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх буюу нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.Шинэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч Ө.Шинэтулгын үйлдсэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэргийн хувьд нийгмийн хор аюул маш их байна. Тухайн баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл шүүгдэгчийн хувийн байдалд нөлөөлж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******: Үйлчлүүлэгчийн минь хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Шүүгдэгч ******* нь ам бүл 2, өндөр настай эхийн хамт амьдардаг, эрхэлсэн ажил байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлсэн зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Ө.Шинэтулгыг “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг нь мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Шинэтулгын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Шинэтулгын үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй тул шүүгдэгч Ө.Шинэтулгыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жамух овогт Өлзийхутагийн Шинэтулгыг нотлох баримт хуурамчаар үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР