Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00997

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 23 өдөр                  Дугаар 183/ШШ2018/00997                              Улаанбаатар хот

     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ц /РД: /-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 24,370,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн С.Эь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хариуцагч Ц.Цгийн хүүтэй мөнгө зээлээч гэсэн саналын дагуу 2015.07.02-ны өдөр 2,000,000 төгрөгийг 6%-ийн хүүтэй, 2015.07.07-ны өдөр 2,000,000 төгрөгийг 8%-ийн хүүтэй, 2015.09.14-ны өдөр 4,000,000 төгрөгийг 8%-ийн хүүтэй, 2015.10.09-ны өдөр 3,500,000 төгрөгийг 8%-ийн хүүтэй, 2015.10.26-ны өдөр 4,000,000 төгрөгийг 8%-ийн хүүтэй тус тус зээлсэн. Нийт зээлдүүлсэн мөнгө нь 15,500,000 төгрөг, сар тутмын хүү нь 1,200,000 төгрөг, нийт 13 сарын хүү болох 14,720,000 төгрөг төлөх байснаас 2016.01.28-ны өдөр 2,300,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 50,000 төгрөг, 2016.07.09-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 3,850,000 төгрөгийг хүү гэж төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардлага тавьж, удахгүй өгнө гэж өдий хүрсэн байгаа. Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд Ц.Цгаас үндсэн зээлийн төлбөр 15,500,000 төгрөг, хүү 8,870,000 төгрөг, нийт 24,370,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч 2 нь мөнгө зээлэх тухай бүрдээ амаар гэрээ хэлцэл хийсэн байдаг. Дээрх зээлсэн мөнгийг 2016.12 дугаар сард дуусгаж, өгнө гэж хариуцагч Ц.Ц гарын үсэг зурсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Гэрээний үүрэгт 24,370,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан ба зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ц.Ц нь 2015.07.02-ны өдрөөс эхлэн С.Эиас мөнгө зээлж авдаг байсан, энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагад эргэн төлөлтийн байдлыг дутуу тооцсон тул бид нотлох баримтын шаардлага хангасан он сар өдөртэй, дансны хуулгыг өгсөн байгаа. Ц.Ц нь 2015.08.03-ны өдрөөс хойш С.Эийн Хаан банкны харилцах дансанд төлж байсан. 2015.08.03-ны өдөр 120,000 төгрөг, 2015.08.19-ны өдөр 3,000,000 төгрөг, 2015.08.19-ны өдөр дахин  976,000 төгрөг, 2015.09.26-ны өдөр 77,000 төгрөг, 2015.10.15-ны өдөр 320,000 төгрөг, 2015.10.03-ны өдөр 120,000 төгрөг, 2015.10.12-ны өдөр 165,000 төгрөг, 2015.11.02-ны өдөр 120,000 төгрөг, 2015.11.06-ны өдөр 160,000 төгрөг, 2015.11.19-ны өдөр 600,000 төгрөг, 2016.01.02-ны өдөр 2,300,000 төгрөг, 2016.03.28-ны өдөр 50,000 төгрөг, 2016.07.09-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017.01.06-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт төлөлтийн байдлаар 11,508,000 төгрөгийг төлсөн. Үүнийг анх авсан 15,500,000 төгрөгөөсөө хасах юм бол бодит өр нь 3,992,000 төгрөг болж байгаа. Иргэн С.Эь, Ц.Ц нар нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн байх ёстой бөгөөд талууд аман хэлбэрээр хэлцэл хийсэн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, уг шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж хуульчилсан байгаа. Иймд Ц.Ц нь зээлийн хүү болон алданги төлөх үүрэггүй байна. Тэгэхээр үндсэн зээлийн үлдэгдэл 3,992,000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байгаа тул үлдэгдэл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэв.

           Хариуцагч Ц.Цгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,500,000 төгрөг, зээлийн хүү 8,870,000 төгрөг нийтдээ 24,370,000 төгрөг гаргуулахыг нэхэмжлэгч шаардсан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хэргийн баримтаас үзэхэд Ц.Ц нь 2015.07.02-ны өдрөөс 2015.10.26-ны өдрийг хүртэлх хугацаанд 2,000,000 төгрөгийг 2 удаа, 4,000,000 төгрөгийг 2 удаа,  3,500,000 төгрөгөөр тус тус зээлж нийтдээ 15,500,000 төгрөгийг авсаныг хүлээн зөвшөөрсөн, харин төлөгдсөн үнийн дүн зөрүүтэй, зээлийн хүү тооцох эсэх талаар талуудын хооронд маргаан үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх үүрэгтэй, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт  “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар нэхэмжлэгчийн тооцсон хүү 8,870,000 төгрөгийг хангах үндэслэлгүй болно.

Хариуцагч Ц.Ц нь 2015.08.03-нд 120.000 төгрөг, 2015.08.19-нд 3,000,000 төгрөг, 2015.08.19-нд 976,000 төгрөг, 2015.09.26-нд 77,000 төгрөг, 2015.10.15-нд 320,000 төгрөг, 2015.10.03-нд 120,000 төгрөг, 2015.10.12-нд 165,000 төгрөг, 2015.11.02-нд 120,000 төгрөг, 2015.11.06-нд 160,000 төгрөг, 2015.11.19-нд 600,000 төгрөг, 2016.01.02-нд 2,300,000 төгрөг, 2016.03.28-нд 50,000 төгрөг, 2016.07.09-нд 1,500,000 төгрөг, 2017.01.06-нд 2,000,000 төгрөг нийтдээ 11,508,000 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон тул үндсэн зээлээс хасч үлдэх 3,992,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь  зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 78,822 төгрөгийг гаргуулж С.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт зааснаар Ц.Цгаас 3,992,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,378,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас 78,822 төгрөг гаргуулж С.Эд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ