Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

 

 

 

 

  2022                06             13                                          2022/ШЦТ/117                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг, ******* гэх газарт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:*******, *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр  сарыг хүртэл, хохирогч *******  баруун чих ганзага имтэй хүрэн үнээ, хар халзан гунж, хүрэн шүдлэн эр үхэр, хар бяруу, буюу нийт 5 тооны үхрийг бусдын эзэмшил байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу              4 307 157 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.

 

 Хохирогч *******  “...Би 2020 оны 11 дүгээр сарын дунд үеэр манай 35 тооны үхэр алга болоод эрэл хийж байгаад хуучин нутаглаж байсан Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутгаас 23 тооны үхрийг олж үлдэгдэл 12 үхрээ олоогүй бөгөөд ор сураггүй алга болсон ..” гэх мэдүүлэг /хх-ийн 6 х/,

 

 Гэрч *******  “...2021 оны хавар 4 дүгээр сард найз Анхбаяртай Улаанбаатар хот явсан. Тухайн үед би Анхбаярт хандаж манай хөдөө байдаг дүү Сүхбатад хөлдөөгч, нарны зай аккумлятор хэрэгтэй байгаа юм аваад өгөөч дараа нь мөнгийг нь өгье гэж хэлээд  1,550,000 төгрөгийн юм авхуулсан. 2021 оны 08 сард Анхбаяр над руу залгаж нөгөө мөнгөө авъя гээд бид хоёр хамт явж Сүхбатаас хүрэн шүдлэн эр үхэр авч өгсөн. Сүхбат өөрөө хамт аймаг явж борлуулаад мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 х/,

 

 Гэрч ******* “...2021 оны хавар 4 дүгээр сард найз Батсүхийн хамт Улаанбаатар хот орсон. Тэр үед Батсүх надад манай хөдөө байдаг дүү Сүхбатад хөлдөөгч, нарны зай аккумлятор хэрэгтэй байгаа юм аваад өгөөч дараа нь мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд би 1,550,000 төгрөгийн юм авч өгсөн. 2021 оны 08 дугаар сард Батсүхээс мөнгөө авъя гэхэд манай дүү Сүхбатаас очиж үхэр ав гээд бид хоёр хамт очиж хүрэн шүдлэн эр үхэр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, 

 

Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2202137 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 5 тооны үхрийг зах зээлийн үнэлгээ нь 4,307,157 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 х

 

Яллагдагч *******ын “... 2020 оны 11 дүгээр сарын үед манай үхэрт баруун чих ганзага имтэй хүрэн үнээ,  хар халзан гунж, хүрэн шүдлэн эр үхэр,  хар бяруу, хар халзан бяруу, сартай хар бяруу зэрэг 6 тооны үхэр уруудаж нийлсэн. Сартай хар бяруу үхсэн. 5 тооны үхэр 2021 оны 9 сар хүртэл манай үхэрт байсан...Би өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би Эрдэнэжав гэх хүний хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 х /,

 

Шүүгдэгч *******ын 2021 оны малын А данс /хх-ийн 36 х/

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 х/

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 х/

 

*******ын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 х/

 

Хохирогч Ж.Эрдэнэжавт хохирол төлсөн баримт /хх-ийн 55 х/

 

Шүүгдэгч *******ын  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай  хүсэлт  / хх-ийн 56 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 57 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 57 дугаартай санал /хх-ийн 60 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл хохирогч *******  баруун чих ганзага имтэй хүрэн үнээ, хар халзан гунж, хүрэн шүдлэн эр үхэр, хар бяруу, буюу нийт 5 тооны үхрийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 4 307 157 төгрөгийн хохирол  учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Ж.Эрдэнэжав, гэрч Д.Батсүх, Т.Анхбаяр  нарын  мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Линзийн Өгөөж ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2202137 дугаартай үнэлгээний дүгнэлтээр 5 тооны үхрийг зах зээлийн үнэлгээ нь 4,307,157 төгрөгөөр үнэлэгдсэн гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

           

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг объекттой гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг зохих байгууллагад мэдэгдэхгүй өөртөө завших нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

 

Тиймээс шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүгдэгч *******ын өөрийнх нь үхэрт уруудаж ирсэн 5 тооны үхрийг  бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Тодруулбал, “Алдуул мал” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй, гадны хүчин зүйл буюу аадар бороо, цасан шуурга зэрэг байгалийн давагдашгүй хүчинд автагдах зэрэг шалтгаанаар ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээсээ холдож, хараа хяналтгүй болсон, өмчлөгч эзэмшигч нь чухам хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал олсон иргэн Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах, орон нутгийн захиргаа, цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч ******* нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ыг “алдуул малыг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Ж.Эрдэнэжавт 4,307,157 төгрөгийн хохирол учирсан бөгөөд ******* нь хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан  хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.Эрдэнэжавт хохирол нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч *******ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ыг “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  *******ад мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримт болон иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *******ыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг 5 сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ж.Эрдэнэжавт нийт 5 000 000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР