Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 59

 

Д.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0134/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      С.Ёндонсамбуу

Шүүгдэгч                                       Д.О-

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолтой, Д-гийн О-д холбогдох, 1918000000178 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь

- 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2.т зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар,

-2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2.т зааснаар 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-2017 оны 11 дүгээр сарын 14-ний 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн, ********** регистрийн дугаартай, Т- овогт Д-гийн О-.

Шүүгдэгч Д.О- нь  2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нь урьд таньдаг байсан  Д.Ч-ийн “Самсунг трэнд 350” загварын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч авч явж, 250.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Т- овогт Д-гийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т  заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.О-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О-д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.О-д 1 /нэг/ жил хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.т зааснаар Д.О-д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Д.О-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Д.О-гийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О- давж заалдах гомдолдоо:

...Надад 2019.5.17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан. Прокурор надад 240 цагийн албадан ажил хийлгэх ял сонсгосон бөгөөд миний бие шүүхээс 240 цагийн албадан ажил хийлгэх ялыг торгох ял болгож өгнө үү гэж хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан завсарлаад орж ирээд 2019.3.26-нд хийсэн хэргийг 2018.3.26-нд хийсэн хэрэг гэж хавтаст хэрэгт буруу бичигдсний улмаас тэнсэнтэй хугацаандаа хэрэг хийсэн гэж үзээд надад 240 цаг албадан ажил хийлгэх ялыг 6 сар болгож 2017.11.14-нд шүүхийн тогтоолоор 1 жил тэнсэж хянан харгалзах ялыг 1 жилийн хорих ял болгож нийт 1 жил 6 сарын ял оногдуулсан. 2017.11.14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар дээрэмдэх хэрэгт буруутайд тооцогдож 1 жил тэнсэж хянан харгалзаж 2018.11.24-ний өдөр дууссан. Иймд шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Хэрэгт цугларсан хохирогч Д.Ч-, гэрч О.Анхболд, яллагдагч Д.О- нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар Д.О-гийн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн нь тогтоогдож байгаа бөгөөд прокурорын яллах дүгнэлтэнд гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа болох 2019 оныг 2018 он гэж андуурч бичиж бичиг текникийн шинжтэй алдаа гаргасан, энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч залруулж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүүрэн судлалгүй, мөн улсын яллагчийн бичиг текникийн алдааг залруулах талаарх саналыг хүлээн авалгүйгээр, Прокурорын яллах дүгнэлтэнд алдаатай байдлаар бичигдсэн огноог гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гэж үзэн шийтгэх тогтоолд “...Д.О- нь тэнссэн хугацаанд буюу 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах нь зүйтэй байна” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд Д.О-д холбогдох хэргийн шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 219 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.О- тайлбартаа:

Прокурорын хэлсэн дүгнэлттэй ижил саналтай байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон аймгийн ерөнхий прокурор С.Ёндонсамбуу дүгнэлтдээ:

Яллах дүгнэлт текникийн алдаатай байдлаар гарч анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчид ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дээд шатны прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлтэй байх тул хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргээс үзвэл Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч Д.О-г 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр урьд нь таньдаг байсан  Д.Ч-ийн “Самсунг трэнд 350” загварын гар утсыг ...яриад  буцаагаад өгье... гэж аваад буцааж өгөлгүй, 250.000 төгрөгийн хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг залилан авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан  гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.О-г 6  сар хорих ялаар шийтгэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.т зааснаар  2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О-д хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.О-д 1 /нэг/ жил хорих ял оногдуулж,  Д.О-д оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь үндэслэлгүй байна. 

Учир нь Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Д.О-г 2018 оны 3 дугаар сарын 26-нд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж оныг буруу бичсэн боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон бүх нотлох баримтуудаар гэмт хэрэг 2019-3-26-нд гарсан болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна. 

Тухайлбал: Д.О-г “2019-3-26-нд” гэмт хэрэг үйлдсэн гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, яллагдагчаар татсан тогтоол,  мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох прокурорын тогтоол,  эд мөрийн баримт хураасан тогтоол,  шүүгдэгч, гэрч,  хохирогчоос мэдүүлэг авсан тогтоол,/ х.хийн 1-6., 12-20.,28.,р хуудас / мөн шийтгэх тогтоолд эдгээрийг заахдаа бичсэн огноо зэргээр тогтоогджээ.

Мөн шүүх хурал дээр улсын яллагч шүүгдэгчийг 2019 онд гэмт хэрэг үйлдсэн гээд энэ үйлдэлд нь 240 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан / х.хийн 72-х хуудас / байна.

Гэтэл шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг тал бүрээс бүрэн дүүрэн судлалгүй, мөн улсын яллагчийн бичиг, текникийн алдааг залруулах талаарх шүүх хуралдаан дээр гаргасан саналыг хүлээн авалгүйгээр, шүүгдэгчийн мэдүүлгийг анхааралгүй, хэргийн байдал болон нотлох баримтанд үндэслэлгүй дүгнэлт хийж шүүгдэгчид  оногдуулсан ял дээр тэнсэнгийн хугацаа дууссан байхад тогтоолыг хүчингүй болгож нэмж ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ноцтой зөрчил гаргасан  байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3.,  39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д-гийн О-д холбогдох, 1918000000178 дугаартай, 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Шүүгдэгчийн давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг тус тус хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АМАРЖАРГАЛ

                                                    ШҮҮГЧИД                                        Ц.ТУЯА

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.МАНЛАЙБААТАР