Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0072

 

 

 

“З ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү

Нэхэмжлэлийн шаардлага: “... нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Аг, Г.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү

Гуравдагч этгээд Б СӨХ, С СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч С.Ү

Гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгч Д.М

Гуравдагч этгээд Б.А, Н.Б нарын өмгөөлөгч А.З

Гуравдагч этгээд Г ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Т.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2020/0806/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “З ” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэрээр: “... Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 48 дугаар зүйлийн 48.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан З ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжийн орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжийн орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 18642310544791 дугаартай 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгчээс “нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага гаргасан бөгөөд уг захиргааны акт нь нөхцөл байдлыг судлаагүй, дүгнээгүй, бодит байдалд нийцэхгүй, хууль зөрчсөн, иргэдийн хурлын эрх хэмжээг хэрэгжүүлэх, бодитоор хэрэгжих боломжгүй, улс төрийн зорилгоор орон нутгийн сонгуулийн өмнөх өдөр иргэдийн санал авах зорилгоор гаргасан гэх мэт үндэслэлүүд болон холбогдох нотлох баримтыг судлуулж, шүүх хуралдаанд хэргийг хэлэлцүүлсэн. Шүүх “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/0000 дүгээр захирамж буюу 0003296 дугаартай гэрчилгээнээс зарим хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага гэж үзэж, давж заалдах шатны шүүхээр хянуулж, үүнд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

3.2. Нэхэмжлэгчид өгсөн хариу бичгийн агуулга зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн ажиллагаагаар маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэл болгосон гэх ямар ч баримт байхгүй болох нь тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо акт гаргах ёолсон үндэслэл болон холбогдох баримтаар нотолдоггүй. Гол маргааны зүйл болох “нийтийн эдэлбэр”-ийн газрыг хариуцагч тогтоох эрхтэй гэж, бусдын шүүхээр баталгаажсан газар эзэмших эрхийг нийтийн эдэлбэрийн, нийтийн эзэмшлийн болгон өөрчлөх эрхтэй, ийнхүү шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон. Мөн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд байгаа гэх нөхцөлтэй холбогдох асуудлыг өмнөх шүүхийн шийдвэрүүд болон шинжээчийн дүгнэлтээр хориглогдсон нөхцөл байдал байхгүй. Түүнчлэн дахин төлөвлөлтөнд хамрагдсан , шийдвэр төсөл нь хэрэгжиж байгаа бөгөөд маргаан бүхий газрын орчны бүх шугам сүлжээ, нийтийн эзэмшил, эдэлбэрийн газар зэрэг төлөвлөлт өөрчлөгдөхөөр бодитой нөхцөл байдалтай байгаа зэргийг шүүх харгалзан, нотлох баримтанд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй. Шүүх нийтийн эдэлбэр газрыг хязгаарлахгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эзэмшил газар нь Нийтийн эдэлбэр газарт ороогүй болох нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаар тогтоолоор тогтоогдоно.

3.3. Аркны хоёр талд барилгын 1 дүгээр давхар суурилагдана. Урд нь нэг талдаа зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьсныг хууль бус болохыг шүүхээр тогтоолгож албадан буулгуулсан, нөгөө талд нь хогийн савтай маш бохир орчинтой, гудамжны хүмүүс цугларч гал түлж ойр орчныг бохирдуулдаг байсан. Хотын төвд хогийн сав байрлуулахгүй учир хог ачилтын машин явдаг болсон ч одоо мөн л хогийн цэг хэвээрээ үлдсэн. Энэ бүхэн өөрчлөгдөх нөхцөл юм.

3.4. Орон сууцны 44-45 дугаар байрны хоорондох 240 м.кв бүхий талбар нь инженерийн шугам сүлжээтэй давхацсан эсэхийг тодруулахдаа шинжээчдийн гаргасан дүгнэлт, олгогдсон техникийн нөхцөлүүдийг анхаарч үзсэнгүй. 44-45 дугаар байрнуудын дундах газарт цахилгааны шугам анхнаасаа байгаагүй, сүүлд хаа сайгүй байрнуудын оршин суугчдын нэгдүгээр давхруудын айлууд үйлчилгээ явуулахын тулд газрын зөвшөөрөлгүй дураараа газар дээр өргөтгөл барьж эхлэн орон сууцны зориулалтыг үйлчилгээний зориулалтаар өөрчилсөн тул цахилгааны хүчин чадал нь хүрэлцэхгүй дураараа 380 вольтын 6 кабель татсанаас болж өөрсдийнх нь байрнуудын цахилгааны хүчин чадал муудсан, хуучин шугамаа ч цагт нь шинэчлээгүй. Өөрөөр хэлбэл үндсэн дэд өртөөнөөс ачааллын хэмжээгээр шугамын холболтыг байр тус бүрт нь тохируулан залгадаг. Өөрсдийн шугаман дээр нэмж холбосноос асуудал үүсдэг. Харин замбараагүй татсан шугамыг цэгцлэн багцалж нэг шугаманд оруулах гэх мэт ажлуудыг бид хийхээр техникийн нөхцөл олгогдсон байдаг. Мөн холбооны шугамыг ч бид өөрсдийн хөрөнгөөр зөөвөрлөн аюулгүй газар байршуулсан тухай ажлын тайланг нийслэлд хүлээлгэж өгсөн акт баримт нь хавтаст хэрэгт авагдсан. Барилга маань цааш нааш цөмрөхгүй бусад орон сууцны барилгуудтай нь зэрэгцээд баригдах тул инженерийн шугам сүлжээтэй давхцах ямар ч үндэслэл байхгүй, харин ч оршин суугчдын замбараагүй болгосон шугам хоолойг өөрийн хөрөнгөөр засаж шинэчилж өгөх нь ашигтай нөхцөл байтал агуулга зорилго нь өөр учраас бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэж шүүхэд тайлбарладаг байгаа. Иймд шийдвэрийн дэд бүтэцтэй холбогдох дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.5. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шүүх үнэлээгүй, орхигдуулж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн тогтоолууд, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын Дээд шүүхийн урдны удаа дараа гарсан тогтоолууд зэргийг огт харгалзаагүй, холбогдох хуулийн заалтуудыг зөв хэрэглээгүй, шинжээчийн дүгнэлт, тайлбар, мэдүүлэг гэх мэт ... Иймд анх газар олгогдсон шийдвэрийг ийнхүү хүчингүй болгож байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. ... нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжаар “З ” ХХК-ийн 480 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус захирамжийг гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу “З ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. “Г” ХХК нь тус газрыг шилжүүлж аваагүй болохоор сонсох ажиллагааг “З ” ХХК-д хийсэн бөгөөд Г ХХК барилга байрлаж буй газар нь одоог хүртэл “З ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг ... Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дүгээр захирамжийг гаргахдаа 2004 оны 164 дүгээр захирамжаар олгосон 480 м.кв газар нь 240 мв хэмжээгээр 2 тусдаа нэгж талбар болохыг 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газар нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасны дагуу хамгаалалтын зурвас дотор орсон тогтоогдсон байдаг. Иймд 60 болон 68 дугаар байрны хооронд орших 240 м.кв газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орч байгаа тул тус захирамжийг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсгийг үндэслэл болгосон.

4.2. Мөн Г ХХК барилга нь тухайн “З ” ХХК-д олгосон эзэмшил газраас хэтрүүлэн барилга барьсан ба Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу тус газар дээр нь авто зам байгаа тогтоогдсон байдаг. Иймд тус хэргийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 34 дүгээр зүйлийн 34.1-т заасны дагуу шийдэлгүй “З ” ХХК- д олгосон 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд харьяалагдаж байхад нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүй буруу үнэлсэн байх тул тус шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо.Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “З ” ХХК нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...захиргааны байгууллага энэ шийдвэрийг гаргахдаа 2004 оны 164 дүгээр захирамжаар олгосон 480 м.кв газар нь 240 м.кв хэмжээгээр 2 тусдаа нэгж талбар болохыг 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт барилга баригдаж 2008 онд ашиглалтанд орсон болохыг, эрхийн улсын бүртгэлд тухайн газарт салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдэж баталгаажсан болохыг, тухайн шийдвэрийн улмаас бусад этгээдийн өмчлөх эрх хөндөгдөж буйг харгалзаагүй буюу шийдвэр гаргахдаа үүнийг огт авч үзээгүй, шийдвэрийн үндэслэлийн талаарх сонсох ажиллагааг энэ нэгж талбарын тухайд огт хийгээгүй, шийдвэрийн үндэслэл болох “инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа” эсэх нөхцөл байдлыг энэ нэгж талбарт тогтоогоогүй, энэ талаар ямар нэгэн хуульд заасан ажиллагааг байгууллага хийгээгүй, мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан төрөөс газрын талаар баримтлах “газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухай газрын бүрдэл хэсэг байх” зарчимд ийнхүү тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсныг үл харгалзан шийдвэр гаргасан нь орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын хувьд 1 дүгээр давхарт авто машин, явган хүн зорчих орц гарц бүхий арктай барилга баригдаж 2008 онд ашиглалтад орсон нийтэд илэрхий үйл баримт байх тул 240 м.кв хэмжээгээр нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дүгээр захирамжийн “60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий захирамжийн ... 44, 45 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 18642310554791 дугаартай 240 м.кв газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй, орхигдуулж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн нийслэлийн Засаг дарга 2004 оны 164 дүгээр захирамж гаргаад 20 жилийн дараа цуцалсан. Энэ олон жилийн турш шүүхээр эрхээ хамгаалуулсан, захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхийг хүсэж, шаардаж явсан маш их хэмжээний хохирол учирч байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтаар ... захирамж гараад 5 жил өнгөрсөн байхад хуулийг яаж хэрэгжүүлээд байгааг ойлгохгүй байна. Их дэлгүүрээс цирк хүртэлх замын 2 талд ижил барилга архитектурын цогц шийдэлтэйгээр нэг гэрчилгээгээр олгогдсон нөхцөл байдлыг үгүйсгэж, анхны барилгын зорилго, газар олгогдсон нөхцлийг шүүх үгүйсгэсэн” гэх гомдлын тухайд:

2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл анх нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар “З ” ХХК-д Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 44, 45 дугаар байр, 60, 68 дугаар байрны хооронд байршуулан, арктай үйлчилгээтэй 5 давхар орон сууцны барилга барих зориулалтаар 480 м.кв газар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, нийслэлийн газрын алба газар эзэмших эрхийн 0003296 дугаар гэрчилгээ олгож, 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, энэ газар нь тус бүр 240 м.кв хэмжээгээр 44, 45 дугаар байрны хооронд 60, 68 дугаар байрны хооронд байршуулж кадастрын мэдээллийн санд бүртгэгджээ.

2.5. Дээрх газрыг С дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.6. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрхийг захиргааны байгууллагад олгосон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн  48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол уг актыг хүчингүй болгох” гэж заасныг баримтлан, мөн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц барилга байгууламж өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргаас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2.7. Учир нь хариуцагч дээрх захирамжийг гаргахдаа холбогдох байгууллагуудын саналыг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд өөрийн гаргасан алдаатай хууль бус шийдвэрээ засаж захиргааны акт гаргасныг шүүхээс буруутгах боломжгүй юм.

2.8. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “С” Сууц өмчлөгчдийн холбоонд ирүүлсэн Онцгой байдлын газрын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 10/532 дугаар албан бичигт “З ” ХХК-д нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар 480 м.кв газар олгогдсон талбайд барилга барих 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21/05 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг баталгаажсан нь 1999 оноос 2015 оны 07 дугаар сарын 02-ныг хүртэл мөрдөгдөж байсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн заалтуудыг, Барилга байгууламжийн аюулгүй байдал бнбд 21-01-02 норм дүрмийн 6.1, 6.2, 6.22 дахь заалтуудыг хангахгүй байна. 2014 оны 07 дугаар сарын 16-нд 44 дүгээр байрны дээвэрт гал гарахад галын автомашин ороход хүндрэл үүсэж гал унтраах цаг хугацааг алдагдуулж байсан. Барилга баригдах явцад шуурхай албаны автомашин орох зам гарц байхгүй, мөн гал түймрийн үед гал унтраах автомашин нь 18 метрийн радиуст эргэлт хийж маневрладаг тул тус хорооллын дотогш орж гал унтраах буюу аврах ажиллагаа боломжгүй” гэх албан бичгээс үзвэл хариуцагч дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгчид газар олгосон гэж үзэхээр байна.

2.9. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх орон сууцны 44, 45 дугаар байрны хооронд байрших нэгж талбарын 18642310544791 дугаартай 240 м.кв газар инженерийн буюу цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбооны шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд давхцалтай эсэх тодруулга зургийг гаргуулж улмаар цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, холбооны буюу инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсэд давхцалтай эсэхийг тайлбарлуулахаар тусгай мэдлэг бүхий цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга, холбооны инженер мэргэжилтнүүдийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтээс үзвэл 44, 45 дугаар байрны хооронд барилга барих 240 м.кв талбайн дор цахилгаан болон холбооны шугамууд байгаа болох нь тогтоогдсон байна.

2.10. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2 дахь хэсгээр газар дор байрласан кабель шугамаас 2 тийш 1 м зайд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоож, 2.6 дахь хэсгээр хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

2.11. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд цэвэр, бохир усны хамгаалалтын бүс, түүний хамгаалалтыг хэн хариуцах талаар хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина”, 17.6-д “Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метр хамгаалалтын зурвас тогтооно”, 17.14-д “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно” гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд 2020 оны А/0000 дугаар захирамжийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжаар З ХХК-ийн 480 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус захирамжийг гарахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу З ХХК-ийн мэдэгдэл хүргүүлсэн ... 60 болон 68 дугаар байрны хооронд орших 240 м.кв газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орч байгаа тул тус захирамжийг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 33.1 дэх хэсгийг үндэслэл болгосон. Мөн Г ХХК-ийн барилга нь тухайн З ” ХХК-д олгосон газраас хэтрүүлэн барилга барьсан гэжээ.

3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21/05 дугаартай орон сууцны 60, 68 дугаар байр, 44, 45 дугаар байрны хооронд байршуулан 480 м.кв газарт орон сууц үйлчилгээний 6 давхар, зоорьтой, 1 дүгээр давхарт галын машин зөрөх, явган хүн зорчих орц гарц бүхий барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгавар, дулаан, ус цахилгаан, холбооны техникийн нөхцлүүд олгогдож, зураг төслийн улсын экспертизийн 2006 оны 3 дугаар сарын 30-ны 09/2006 дугаартай дүгнэлт гарч, тус компани орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд барилгыг барьж улсын комисс 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 141/2008 дугаартай актаар байнгын ашиглалтад хүлээж авч, “З ” ХХК-ийн 240 м.кв газарт орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд баригдсан уг 68/1 тоот хаягтай 1927 м.кв талбайтай барилга эрхийн улсын бүртгэлд Ү-2203014760 дугаартай “Г” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байна.

3.2. Улмаар нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжаар дээрх Г ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 1927 м.кв талбайтай барилгын доорх 240 м.кв газрын эзэмших эрхийг мөн хүчингүй болгожээ.

            3.3. Анхан шатны шүүх ... 240 м.кв газарт барилга баригдаж 2008 онд ашиглалтад орсон болохыг, эрхийн улсын бүртгэлд тухайн газартай салшгүй бэхлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэгдэж баталгаажсан болохыг, тухайн шийдвэрийн улмаас бусад этгээдийн өмчлөх эрх хөндөгдөж буйг харгалзаагүй,

сонсох ажиллагааг огт хийгээгүй, шийдвэрийн үндэслэл болох инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэх нөхцөл байдлыг энэ нэгж талбарт тогтоогоогүй ... Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан төрөөс газрын талаар баримтлах газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухай газрын бүрдэл хэсэг байх зарчимд ийнхүү тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө бий болсныг үл харгалзан шийдвэр гаргасан нь мөн л нийцэхгүй ... Орон сууцны 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын хувьд 1 дүгээр давхарт авто машин, явган хүн зорчих орц гарц бүхий арктай барилга баригдаж 2008 онд ашиглалтад орсон нийтэд илэрхий үйл баримт байх тул 240 м.кв хэмжээгээр нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа гэж дүгнэх боломжгүй, нөгөөтэйгүүр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай эсэхийг тогтоох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэж, энэ талаарх буюу маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/0000 дугаар захирамжийн 60, 68 дугаар байрны хооронд байрших 240 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг  хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            3.4. Учир нь хэрэгт эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд болох Г ХХК-д сонсох ажиллагааг явуулсан, маргаан бүхий захирамжийн холбогдох хэсэг нь шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн, З ХХК-д олгосон газраас хэтрүүлэн барилга барьсан талаар тодруулсан, тогтоох ажиллагааг хийсэн талаарх баримт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байна.

4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

           ШҮҮГЧ                                                             О.ОЮУНГЭРЭЛ