Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 188

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,   

Улсын яллагч Б.Гантулга,   

Шүүгдэгч Б.Ууганхүү, түүний өмгөөлөгч Н.Баттогтох нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Б.Ууганхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2016 2601 1831 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт амьдрах, Барилгын коллежийн сантехникийн ангийн 1-р курсын оюутан, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 61 дүгээр байрны, 56 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, ял шийтгэлгүй, Тайж овогт Баярсайханы Ууганхүү РД:ШУ94072834, 

 

            Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ууганхүү нь 2016 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо 42 дугаар сургуулийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж “найзууд чинь ямар том болсон юм бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, насанд хүрээгүй хохирогч Н.Содномпэл, Б.Чинбат, Г.Билгүүнбаатар нарыг цохиж, өшиглөн насанд хүрээгүй хохирогч Н.Содномпэлийн бие мах бодид нь “эрүү, ясны зүүн талын булангийн ташуу зөрөөгүй далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/   

ТОДОРХОЙЛОХ нь:      
 

            Тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

            Шүүгдэгч Б.Ууганхүү нь 2016 оны 07 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо 42 дугаар сургуулийн орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж “найзууд чинь ямар том болсон юм бэ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, насанд хүрээгүй хохирогч Н.Содномпэл, Б.Чинбат, Г.Билгүүнбаатар нарыг цохиж, өшиглөн насанд хүрээгүй хохирогч Н.Содномпэлийн бие махбодид нь “эрүү, ясны зүүн талын булангийн ташуу зөрөөгүй далд хугарал” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...    

            - насанд хүрээгүй хохирогч Н.Содномпэлийн:...би сургуулийн спорт заалны урд Баттулга ахтай юм яриад зогсож байсан чинь Ууганхүү ах ирээд та нар яасан том болчихсон юм бэ сөгд гээд сөгдсөн чинь Чинбат, Билгүүнбаатар бид гуравын нүүрэн тус газар өшиглөсөн....дагуулаад манай найз Мөнхболд дээр очсон тэнд нь зарим ах нар нь байсан...тэр үед манай найз Мөнхболд ийм ах нар байдаг юм уу гээдл уйлаад байсан...эргээд харсан чинь Ууганхүү ах намайг эрүү рүү гараараа нэг удаа цохисон...би унасан босоод ирсэн чинь эрүү сонин болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-27/,

            - насанд хүрээгүй хохирогч Б.Чинбатын:...42-р сургуулийн урд Ууганхүү, Барсболд, Лхагваа нар Мөнхболдыг голдоо хийсэн зодоод байх шиг байхаар нь яваад очсон чинь Ууганхүү нь намайг цохисон...Содномпэлийн эрүү рүү нь нэг нь цохисон...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-29-30/,

            - насанд хүрээгүй хохирогч Г.Билгүүнбаатарын:...бид нар сааднаас гараад 42-р сургуулийн биеийн тамирын заалны урд байж байсан чинь Мөнхболд, Отгонбаяр 2 байгаагүй...цаанаас Ууганхүү ах ирээд “та нар хэзээ ийм том болсон юм” гэж хэлээд жагсаагаад сөгдүүлж суулгаж байгаад Содномпэл, Чинбат гуравын нүүр хэсэгт өшиглөөд хойноос дагаад яв гэж хэлээд сууж байсан сааданд очоод Чинбатыг Ууганхүү цохиод дараа нь намайг цохихоор нь босож зугатаагаад гэртээ харьсан...миний биед гэмтэл учраагүй...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-32-33/, 

            - насанд хүрээгүй гэрч Б.Болдбаатарын:...манай найз Мөнхболд май гээд гарын салаавч гаргаад зугатаасан...хойноос нь Лхагваа, Энхболд, Барсболд 3 хөөсөн...удаагүй хүн орилох шиг болсон...би очтол Мөнхболдыг Лхагваа, Энхболд сугдчихсан, Барсболд нь чи муу баригдахгүй гэж бодсон уу гээд үснээс нь зулгаачихсан сууж байсан...Мөнхболд миний нэг юм өвдөөд байна гээд орилоод байсан...тэр ах нар эмнэлэг орье гээд машиндаа суулгасан чинь манай найз Мөнхболд би явахгүй, Ууганхүү ах Содномпэлийг цохих шиг болсон...Содномпэл ахаа миний эрүү сонин болчихлоо гэсэн...Ууганхүү ах гэрэл тусгаж хараад зүгээр байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-28-29/,

            - гэрч Э.Баттулгын:...Ууганхүү бид 2 тэр хүүхдүүдтэй үлдсэн...Ууганхүү тэд нарын хойноос явж байгаад би Содномпэл, Чинбат, Билгүүнбаатар 3-тай сургуулийн спорт заалны ар талын буланд зогсож байтал буцаж ирээд танай найз нар чинь яасан том болчихсон юм бэ гээд доошоо суу гээд Содномпэлийн нүүр рүү нь өшиглөсөн...нөгөө хоёрыг нь өшиглөхийг хараагүй...би тухайн үед Ууганхүүг хориод болиулсан...бид нар Энхболд нарын хойноос очтол Мөнхболд турникийн тэнд газар хэвтчихсэн манай найз нар тойроод зогсчихсон байж байсан...гэх мэдүүлэг /хх-39-40/,

            - гэрч Т.Дуламсүрэнгийн:...2016 оны 07 дугаар сарын 06-ны орой 01 цагийн үед Содномпэл, Мөнхболд, Болдбаатар нартай 42-р сургуулийн сааданд уулзсан...намайг очиход пиво ууж байсан...би очоод цуг пиво уусан...явах гэж байсан чинь 2 машинтай хүмүүс ирээд бид нартай цуг архи пиво уусан...Ууганхүү, Төрбат нар яв гэсэн...бид нар яваад спорт заалны урд сууж байсан чинь Мөнхболд та нар байж бай гээд тэнд байсан ах нар луу ганцаараа явсан...ирэхгүй удаад байхаар нь Болдбаатар хойноос нь явсан...хоёулаа ирэхгүй байхаар Содномпэлтэй би очсон чинь Мөнхболд саадны цаана дээшээ хараад хэвтчихсэн хавирга хугарчихлаа гээд орилоод байсан...би болиоч та нар хүүхэд зодохоо болиоч гэсэн чинь Содномпэл доошоо суугаад агаа миний эрүү сонин болчихлоо гээд байсан...удаагүй цагдаа ирээд Болдбаатар бид 2, Төрбат, Ууганхүү 2 байсан...бусад нь зугатаад явчихсан...гэх мэдүүлэг /хх-45-46/,

            - насанд хүрээгүй гэрч Н.Мөнхболдын:...42-р сургуулийн урд хүүхдүүд орилолдоод байсан...очоод харсан чинь манай найзуудыг жагсаасан Содномпэлийг сөхрүүлээд суулгасан зодоод байсан...би “та нар шоронд орох гээд байгаа юм уу” манай найзуудыг явуул чаддаг юм бол намайг зод гэж хэлээд салаавч гаргачихаад Отгонбаяр бид 2 зугатаасан...тэд нар араас хөөсөн...42-р сургуулийн баруун талын замаар дээшээгээ гүйж байсан чинь улаан өнгийн машинтай хажууд зогсохоор нь буцаад гүйсэн чинь араас ирээд Барсболд, Энхболд, Лхагва 3 нь намайг барьж аваад газар унагаагаад Лхагва нь намайг цохисон...Содномпэл болиоч гэсэн чинь Ууганхүү чи яах гээд байгаа юм гээд эрүү рүү нь цохисон...Сономпэл эрүүгээ бариад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-55-56/,

            - шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9601 тоот:...Н.Содномпэлийн биед эрүү ясны зүүн талын булангийн ташуу зөрөөгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-63/,

            - шүүгдэгч Б.Ууганхүүгийн:...42 дугаар сургуулийн сааданд манай доод ангийн дүү нар согтуу сууж байсан...тэгээд бид нар тэд нар дээр очоод ахын дүү нар арай согтуу байна одоо та нар харьцгаа гэж хэлсэн чинь жаахан байж байгаад явъя гэсэн...бид нарын пивоноос уусан...тэгсэн Мөнхболд нилээн согтуу доошоогоо явсан...бусад нь сааднаас гараад сургуулийн үүдэнд очиж суусан...тэгсэн Мөнхболд бид нар дээр буцаад ганцаараа ирээд бид нарын үлдээсэн пиво архийг амаар нь уугаад байсан...тэр үед найзууд нь ирсэн...манай найз Мөнхтүвшин бид нар дээр ирээд Мөнхболдтой юм яриад сургуулийн шийдний зүгт явсан...бусад нь 42 дугаар сургуулийн үүдний хэсэг рүү явсан...би тэд нар дээр очоод ахын дүү нар уух гээд байгаа юм уу, дүү нар мөнгөтэй бол ах нь дэлгүүр яваад өгье...надад машин байна гэтэл дуугарахгүй байсан...тэгсэн Содномпэл гэдэг хүүхэд нь над дээр ах тамхи байна уу гэхээр нь би нэг тамхи өгөөд танай найзууд явсан уу гэтэл явсан гэсэн...Би Оргилболд гэх найзтайгаа машинаа тавих гээд явсан...сургуулийн харалдаа машинаа тавьчихаад машинаас буусан чинь 42 дугаар сургуулийн хашаанд хүмүүс орилоод байсан...тэгээд сонссон чинь чинь май муу лалруудаа та нар амжих уу пизда нараа гээд орилоод салаавч гаргачихаад зугтаасан. Мөнхболд манай ах цагдаагийн дарга гэж орилоод футболкоо ураад байсан. Тэгээд найзууд дээр нь очоод ахын дүү нар ямар том болсон юм бэ гээд дүү нарыг газар суулгаж байгаад бөгс рүү нь өшиглөөд Содномпэл гэдэг хүүхдийн дух хэсэгт өшиглөөд тэр найзыгаа аваад гээд дагуулаад явсан. Би сааданд сууж байхад миний араас нэг хүн цохих гээд байхаар нь би эргэж хараад эрүүнд нь цохисон чинь Содномпэл байсан. Тэгээд би зүгээр үү ахын дүү гэсэн чинь зүгээр зүгээр гээд яваад өгсөн. Би гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-74-80/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

            Иймд шүүгдэгч Б.Ууганхүүг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.    

            Хохирогч Б.Чинбат, Г.Билгүүнбаатар нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-111-112/, хохирогч Н.Содномпэлд 860.000 төгрөг /хх-24/ төлсөн, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйл болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан байна. 

            Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.      

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг энэ удаад биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болно. 

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:    

 

            1. Шүүгдэгч Б.Ууганхүүг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Б.Ууганхүүг 3 жил 1 сар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ууганхүүгийн эдлэх 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.     

 

            4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.       

   

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ууганхүүд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.    

 

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

            8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ууганхүүд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР