| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2022/0115/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/116 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/116
2022 06 13 2022/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,
Улсын яллагч Б.Энх-Амгалан
Хохирогч М.Батсуурь
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч О.Тэмүүлэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Тэмүүлэнд холбогдох эрүүгийн 2230000000136 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Нуурын 2-3 тоотод оршин суух, урьд
- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр торгох ялыг биелүүлсэн, РД:ЛЛ00232012, Зээрднүүд овогт Отгонбаатарын Тэмүүлэн.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч О.Тэмүүлэн нь 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нийг шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Дугуйн говь” гэх газарт цагдаагийн дэд ахлагч Ц.Ганзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, “шийдсэн хүнийг та нар яахыг хараарай, машинаас холд, ойртвол ална, нэг бол өөрийгөө ална, үгүй бол чамайг ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж эсэргүүцсэн,
2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Чоно гол” гэх фейсбүүк хаягт төлөг авна гэсэн зарын дагуу иргэн С.Амартүвшингийн 99330431 дугаарын утсанд 88684110 дугаараас холбогдож “15 төлөг маргааш ачаад очъё, урьдчилгаа 6 төлөгний мөнгө өгөөч, би танд нэг мөсөн 60 төлөг өгье” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 4 удаагийн үйлдлээр нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Чоно гол” гэх фейсбүүк хаягт бяруу авна гэсэн зарын дагуу иргэн Д.Гантулгын фейсбүүк хаягаар холбогдож “бяруу зарна” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 3 удаагийн үйлдлээр нийт 2.980.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Х.Сугарсайханд “машин зарна” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Хүлэг” дэлгүүрээс “самсунг галакси on-7 маркийн гар утсыг эхнэртээ үзүүлчхээд ирье” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн Д.Оюунхутагт 136.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцаас 33 литр АЙ-92 бензин авч, “эхнэртээ картаа үлдээсэн байна, аваад ирье” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн О.Мөнх-Эрдэнэд 89.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг дэлгүүр”-ээс хүнс бараа авч, “мөнгөө урд хашаанд байгаа портер маркийн тээврийн хэрэгслээс аваад ирье” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, иргэн Ч.Батсүрэнд 136.600 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн М.Батсуурьт “2 хоног түрээслэх машин хэрэгтэй байна, хөдөө явахгүй аймгийн төвд унана, аймагт байр авах гэж байгаа тул хөөцөлдөх ажил ихтэй байна өдрийн 200.000 төгрөгөөр машиныг чинь түрээсэлье” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 15.025.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сард Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “О.Тэмүүлэн” гэх фейсбүүк хаягт “хээлтэй 5 гүү зарна” гэсэн зарын дагуу иргэн М.Үүрцолмон нь О.Тэмүүлэнтэй холбогдоход “1 гүү 900.000 төгрөгөөр зарна, чамайг авна гэвэл зараа устгачихъя, урьдчилгаа өгчих” гэж худал хэлж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, 5 удаагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх нэр бүхий 8 хохирогчид нийт 26.566.600 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч М.Батсуурь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэдэн өдөр машин ашиглуулсны төлбөрөө нэхэмжилнэ. 8 хоног машин авч яваад, эхний нэг өдрийн мөнгийг өгсөн. 1,400,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Ц.Ганзоригийн: “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багт байх “Дугуйн говь” гэх газарт нутагладаг Цэрэн гэх айлын гадна Асгат сумын 2 дэлгүүр, 1 бензин клонкоос залилан хийж зугтаасан. О.Тэмүүлэн гэгч нь согтуу байна гэхээр нь шалгахаар очиход Цэрэн гэх айлын гадна приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай авто машин байхаар нь очиж үзэхэд О.Тэмүүлэн нь дотор нь сууж байсан ба “амрыг эрье, та машинаасаа буугаад ирнэ үү” гэхэд “буухгүй, чадахгүй, шийдсэн хүнийг та нар яахыг хараарай” гээд өөдөөс ус, ундааны сав шидээд тэр хоорондоо хутга машиныхаа араас авч “шийдсэн хүнийг та нар яахыг хараарай, машинаас холд, ойртвол ална гээд хутгаа бариад ойртуулахгүй машинаасаа гарахгүй нэг бол өөрийгөө ална, үгүй бол чамайг ална” гээд барьж байсан хутгаараа өөрийнхөө зүүн гарын шууг хөндлөн 6 удаа өнгөцхөн зүсэхээр нь олон нийтийн цагдаа Цэвэгмэдийг Тэмүүлэнгийн сууж байсан суудлын эсрэг талын суудлаар нь оч гээд явуулсан. Машиныхаа хаалгыг онгойлгоод дайрахаар нь холдоход буугаад зугтаачихсан. Тэгэхээр нь араас нь хөөхөд буцаж тойрч ирээд машиныхаа арын суудал дээр суугаад өөр лүүгээ хутгаа дүрэх гээд ойртох гэхээр өөдөөс хутгаа ширвээд дайраад байсан. Тэгээд тайвшруулаад ярилцаж байгаад өөрийнхөө хэвлий рүү дүрэх гээд хатгах үед нь хутгатай гарыг нь барьж аван үйлдлийг нь зогсоож аймгийн төв рүү авчирч 103 эмчид үзүүлж, хэвийн байна өнгөц шарх байна, оёдол тавих, боолт хийх шаардлагагүй гэсэн. Бид хоёрын биед учирсан гэмтэл байхгүй. Ямар нэг зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглээгүй, хутгыг нь гараараа булааж авсан. Их согтуу, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Зүүн гар болон хэвлий хэсэгтээ хутгаар 6-8 удаа өнгөц зүсэгдсэн шархтай байсан. О.Тэмүүлэнтэй уулзаж шалгах үед шаардлага биелүүлэхгүй, хутга барьж танхайрах үедээ өөрөө өөрийнхөө биед шарх үүсгэсэн. Цэвэгмид, Мөнхөө гэх залуу мөн би байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-12-13/,
Гэрч Г.Цэвэгмидийн: “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд ажил дээрээ байхад Хүлэг дэлгүүрийн худалдагч, бензин клонкийн түгээгч нар ирээд үл таних хүнд бензин, гар утас залилууллаа гэсэн Mэгээд төлөөлөгч Ц.Ганзоригnaн хамт эрэн сурвалжилсан боловч олдохгүй хайгаад хөдөөгүүр явж байхад 2022 оны 03 дугаар сарын 24-ний 02 цагийн орчим Асгат сумаас урд зүгт 60 орчим км зайд байх “Дугуйн говь” гэх газар Цэрэн гэдэг айлын гадна байна гэсэн мэдээлэл аваад төлөөлөгч Ганзориг, би зам зааж байсан хүний хамт очиход Тэмүүлэн нь приус машинтай Цэрэн гэх айлын гадна байсан. Тэгээд Ганзориг машин руу нь очоод хаалгыг нь татахад цоожтой байхаар нь цонхыг нь тогшоод хөдөөний хүн байна зам асууя гэж хэлээд цонхоо буулгахаар нь цонхоор нь машиныг нь унтраасан. Тэгээд бууж ирээд шалгуулах талаар хууль ёсны шаардлага тавьсан биелүүлэхгүй байсан. Машиных нь түгжээг дотроос нь нээх гэхэд хутгаар Ганзориг төлөөлөгч рүү чичээд ойртуулахгүй байсан, Ганзориг ярилцаж байгаад хаалганы түгжээг нь нээсэн. Харин Тэмүүлэн нь машиныхаа зөв талд буюу рулийнхээ эсрэг талд сууж байсан. Тэгээд Ганзориг төлөөлөгч машинд орох гэхээр өөдөөс нь хутгаар чичээд байсан. Машиных нь бүх хаалга онгойдог төв түгжээг нь дарах үед нь би Тэмүүлэнгийн сууж байсан талын хаалгыг нь нээсэн, тэр үед Ганзориг төлөөлөгч ирэхэд хутгаа зүүн гарынхаа шуун дээр тавиад ойртвол амиа хорлоно шүү гээд гараа зүсээд байхаар нь Ганзориг төлөөлөгч ингэж болохгүй талаар нь ярилцаж байсан, өөдөөс нь хутгаараа чичихээр нь 2-3 алхам холдоход машинаас гарч гүйгээд Цэрэн гэх айлын гадна байсан портер машиныг тойрч гүйгээд буцаж ирээд машиныхаа арын суудал дээр суучихсан. Тэгээд Ганзориг төлөөлөгчийг ойртох гэхээр амиа хорлоно шүү эсвэл та нарыг ална шүү гээд байсан. Ганзориг төлөөлөгч намайг машиндаа сууж бай Эрдэнэцагаан сумаас Ганхүү ирж байгаа гээд Тэмүүлэнтэй ярилцаад үлдсэн. Тэгээд өглөө 06 цагийн үед Ганзориг намайг дуудаад хутгыг нь авчихлаа хүрээд ирээ гэхээр нь очиход төлөөлөгч хутгыг нь авчихсан Тэмүүлэн арын суудал дээрээ эвхрээд хэвтэж байхаар нь босгоод Асгат сумын төв рүү авчирсан. Миний бие Олон нийтийн цагдаа болохоор олон зүйл яриагүй, харин төлөөлөгч Ганзориг хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцээд байсан. Миний биед халдсан зүйл байхгүй, харин Ганзориг төлөөлөгчийн шаардлагыг эсэргүүцэж өөдөөс нь хутгаар чичсэн мөн машинаас бууж зугтаахдаа Ганзориг төлөөлөгч рүү хутгаа бариад дайрсан, тэгээд холдох үед нь машинаасаа гарч зугтаасан. Ганзориг төлөөлөгч бид хоёр Тэмүүлэнгийн биед халдсан зүйл байхгүй харин өөрөө ойртвол амиа хорлоно гээд зүүн гарын шуугаа хэд хэд өнгөц зүссэн, машинаасаа гараад зугтаахдаа ойртвол ална эсвэл амиа хорлоно гээд хэвлий хэсэгтээ хутгаа тулгаад байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-20-21/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаартай: “... Ц.Ганзоригийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1х, хх-27-28/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай: “... О.Тэмүүлэнгийн биед хэвлийд болон зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1х, хх-24-25/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Асгат сумын 2 дугаар багийн дэлгүүр, бинзен колонкноос бензин залилж аваад “Дугуйн говь” гэх газар архи уугаад гадаа унтаж байхад дээлтэй хүн ирээд цонх тогшихоор нь онгойлготол машин унтраачихсан. Дээлээ тайлсан цагдаа хувцастай байсан ба хаалга нээх гээд байхаар нь архины шилээр гарыг нь цохих гээд далайсан. Намайг барьж авахаар ирснийг мэдээд хиам зүсэж байсан хутгаа бариад өөрийгөө ална гэж айлгаад зүүн гарын шууны дотор талд 6-н удаа өнгөц зүссэн мөн гэдэс рүүгээ 3-н удаа өнгөц хутгалсан. Цагдаа нарыг ойртох гэхээр нь өөдөөс нь хутгаа бариад хутгаараа айлгаад ойртуулахгүй, ойртуулбал баригдах байх гээд эсэргүүцсэн. Би цагдаа нарыг айлгах гэх өөртөө гэмтэл учруулж эсэргүүцсэн. Олон удаа залилан хийсэн болохоор баригдчихна гэж бодоод цагдаа нарыг эсэргүүцсэн. Миний бие зүгээр, энгийн хэвийн...” гэх мэдүүлэг, /1х, хх-35/
Хохирогч М.Үүрцолмонгийн: “... Миний бие 2019 оны 11 дүгээр сарын үед О.Тэмүүлэн гэсэн фейсбүүк хаяг дээр 5 гүү зарна гэсэн байхаар нь тухайн зар тавьсан хүнтэй утсаар холбогдоход “1 гүү 900.000 төгрөгөөр зарна, чамайг авна гэвэл зараа устгачихъя, урьдчилгаа өгчих” гэхээр нь 1.700.000-1.800.000 төгрөгийн хооронд О.Тэмүүлэн гэсэн төрийн банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа гүүгээ авъя гэж Тэмүүлэнтэй холбогдоход “манай Сүхбаатар аймгийн Халзан суманд корона вирус их гарч байна, хүн амьтан гаднаас оруулж гаргахгүй байна” гээд хойшлуулсан. Тэгээд над руу 2021 оны 05 дугаар сард Тэмүүлэн яриад” би эхнэр хүүхэд авч байгаа, чамд гүү хэрэгтэй юм уу 2-3 гүү нэмээд зарчихмаар байна” гэхээр нь “тэгье авъя” гэхэд “мөнгөний хэрэг байна” гэхээр нь цувуулж хийсээр байгаад 6.000.000 төгрөг өгч О.Тэмүүлэн гэгчид залилуулсан. Гүүгээ одоо авъя гэхээр манай аймагт шүлхий гарсан гээд байхаар нь дэмий зардлын гарз гээд ирэхгүй байсаар байгаад ийм асуудалд орсон. 2019 оны 11 сард О.Тэмүүлэн гэсэн Төрийн банкны данс руу 1.800.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 5 сард Мөнхзаяа гэсэн 5642233520 гэсэн данс руу 800.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сард мөн данс руу 800.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сард 1.400.000 төгрөг мөн данс руу, 2021 оны 07 дугаар сард 200.000 төгрөг шилжүүлсэн. Мөн О.Тэмүүлэн нь утсаар яриад цувуулж бага багаар янз бүрийн хүмүүсийн дансаар 1.000.000 төгрөгийг нь авсан. Тэгээд нийт 6.000.000 төгрөг шилжүүлж авсан. О.Тэмүүлэнгээс нэг ч гүү аваагүй, уг нь 9 гүү авах ёстой өөрөө гүү чинь унагалсан гээд зураг явуулснаар бол 27 адуу авахаар байгаа. 3 жилийн төлтэйгөө, анх урьдчилгаа гээд байхаар нь мөнгө шилжүүлсэн, тэрнээс хойш гүү нэмж зарна, эхнэр авч байгаа, корона, шүлхий өвчин гарсан, гүү чинь унагалсан байгаа нэг мөр ирж ав, Эрдэнэцагаан сумаас Халзан сум руу адуугаа ойртуулахаар ав гэх мэтээр хуурсаар байгаад одоог хүрээд байна. Гомдолтой байна. 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1х, хх-42-43/,
Хохирогч М.Үүрцолмонгоос гаргасан хүсэлт /1х, хх-58-59/,
Иргэн М.Үүрцолмонгийн Хаан банкны 5556378937 дугаартай депозит дансны хуулга /1х, хх-75-85/,
Гэрч Х.Мөнхзаяагийн: “... Миний мэдэж байгаагаар 2020 оны 03 дугаар сараас эхлээд О.Тэмүүлэн миний дансыг ашиглаад Үүрцолмон гэх хүнээс мөнгө авсан байсан. Энэ талаар Тэмүүлэнгээс асуухад “тэр чамд хамаагүй, миний таньдаг ах” гээд утас авчихдаг байсан. Тухайн үед О.Тэмүүлэн миний утас, картыг ашигладаг байсан. Тэмүүлэн хөдөө манайд хэсэг байсан, тэр хугацаандаа манай аавын адууны зургийг дараад байдаг байсан. Миний утсыг ашиглачхаад буцааж өгөхдөө дансны мэдээллийг бүгдийг нь устгачихдаг байсан. Би хэнээс мөнгө авдаг, яаж мөнгө олдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1х, хх-46-47/,
Иргэн Х.Мөнхзаяагийн Хаан банкны 5642233520 дугаартай депозит дансны хуулга /1х, хх-60-74/
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... 2019 оны 11 дүгээр сард “морины групп”-т “хээлтэй гүү зарна” гэж зар оруулахад Өвөрхангай аймгийн хүн надтай чатаар холбогдож “гүү авъя” гэхээр нь “1 гүү нь 1.100.000 төгрөгөөр зарна” гэхэд авъя гэхээр нь урьдчилгаа аваад тоглоод мөнгөө алдчихсан. Тэгээд Үүрцолмон “гүүгээ авъя” гэхээр нь “өвчин гарчихсан, би танд 2-3 гүү нэмж зармаар байна, гэхэд авъя гэсэн. Тэгээд шүлхий гарсан, корона зэрэг өвчнөөр хаацайлаад 2 жил гаран хугацаа өнгөрөөчихсөн. Үүрцолмонтой 2-3 удаа дараа утсаар ярьж 5.000.000 авсан. Дансаар авсан. Надад гүү байхгүй. Үүрцолмонд өгөх гүү ч байхгүй. Тоглоом тоглоод алдчихсан... ” гэх мэдүүлэг /1х, хх-57/,
Хохирогч Д.Гантулгын: “... Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Тэмүүлэн нь “бяруу зарна” гээд над руу фейсбүүк чатаар холбогдохоор нь дүү Д.Мөнхтулгад хэлж О.Тэмүүлэнд 3 дугаар сарын 01-ний өдөр 860.000 төгрөг, 3 дугаар сарын 04-ны өдөр 860.000 төгрөг, 3 дугаар сарын 06-ны өдөр 1.260.000 төгрөг, нийт 7 бярууны мөнгө 5648032929 данс руу 5642068281 данснаас 3 удаа гүйлгээ хийж 2.980.000 төгрөг явуулсан. Мөнгө авахдаа бооцоотой уралдаанд явна, машины сэлбэг авна, аав ээж эмчилгээнд явна гэх зэргээр мөнгө авсан. О.Тэмүүлэн миний хохирлыг нөхөн төлөөгүй байгаа. Би Тэмүүлэн гэх хүнээс 2.980.000 төгрөгөө нэхэмжилнэ. Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1х, хх-55-56/,
Иргэн Д.Мөнхтулгын Хаан банкны 5642068281 дугаартай депозит дансны хуулга /1х, хх-111-112/,
Иргэн О.Тэмүүлэнгийн Хаан банкны 5648032928 дугаартай депозит дансны хуулга /2х, хх-72-75/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “...Эрдэнэцагаан сумын “Чоно гол” групп дээр “бяруу авна” гэх зар байхаар нь холбогдож Гантулга гэх хүнд “7-н бяруу зарна” гэж худал хэлээд 3н удаа тастаж нийт 2.980.000 төгрөг авсан. Би өөрийнхөө дансанд 860.000 дараа 1.260.000 төгрөг нийт 2.980.000 төгрөг авсан. Гантулгад бяруу өгөөгүй, надад өгөх бяруу байхгүй, худал хэлж мөнгө авсан. Авсан мөнгөөрөө тоглоом тоглоод дуусгачихсан...” гэх мэдүүлэг /1х, хх-110/,
Хохирогч Х.Сугарсайханы: “... 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед О.Тэмүүлэн гэх хүн надтай Эрдэнэцагаан сумын төвд уулзаад өөрийнхөө унаж явсан машиныг зарна гэхээр нь би угаасаа машин худалдаж авах гээд сонирхоод явж байсан болохоор Тэмүүлэнгээс унаж явсан 76-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би түүнд 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед ирээд “үлдэгдэл мөнгөө авъя, чи нэр дээрээ шилжүүлж ав, бичиг баримт нь цагдаад хураалгачихсан” байгаа гэхээр нь би цагдаагийн тасгийн алба хаагчидтай уулзахад “энэ машин бол Тэмүүлэнгийн эзэмшлийн машин биш, түүнд худалдах эрх байхгүй” гэж хэлсэн. Би Тэмүүлэнгээс “мөнгөө буцааж авъя” гэхэд “би удаахгүй өгье, түр хүлээж бай” гээд байгаа. Тэгээд ар гэрийнхэн рүү нь яриад асуухаар “Тэмүүлэн өмнө нь хүн залилаад өрөнд орчихсон. Тэрийг нь ар гэрийнхэн нь төлж барагдуулсан, одоо Тэмүүлэнгийн өрийг дарах боломжгүй” гэж хэлсэн. Би Тэмүүлэнгээс 1.300.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1х, хх-122-123/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Батсуурь гэх хүний 76-68 СҮЭ приус-20 маркийн авто машиныг худал хэлж аваад Эрдэнэцагаан суманд унаад явж байхад Сугарсайхантай тааралдаад “машин авсан юм уу” гэхээр нь “тийм ээ авсан” гэхэд “зарах уу” гэхээр нь “зарна, урьдчилгаа 1.300.000 төгрөг өгчих, 12.000.000 төгрөгт заръя” гэж Сугарсайханд хэлээд 1.300.000 төгрөг бэлнээр авчихсан. Миний машин биш, Батсуурь гэж хүний машин байсан. 1.300.000 төгрөгөөрөө мөрийтэй тоглоод дуусгачихсан. Тоглоом тоглох гэж авсан...” гэх мэдүүлэг /1х, хх-134/,
Хохирогч Д.Оюунхутагийн: “... Би Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд “Хүлэг” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед намайг дэлгүүртээ сууж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд лангуун дээр зарж байсан самсунг галакси on-7 маркийн гар утсыг үзэж байснаа “би энэ утсыг эхнэртээ үзүүлчихье” гэж хэлээд машиндаа суугаад явчихсан. Тэр эрэгтэй 20 орчим насны өндөр, цагаан өнгийн приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж явж байсан. Манай лангуун дээр 300.000 төгрөгөөр зарагдаж байсан шинэ гар утас. Би Тэмүүлэн гэх хүнээс залилуулсан Самсунг Оn-7 маркийн гар утсаа нэхэмжилнэ. Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1х, хх-147-148/,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2202132 дугаартай: “... самсунг галакси on-7 маркийн гар утсыг 136.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /1х, хх-158-168/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Тухайн үед Асгат суманд явж байхдаа утасгүй байсан. Надад илүү сим карт байсан болохоор утастай больё гэж бодоод Асгат сумын дэлгүүр ороход лангуун дээр On-7 маркийн гар утас байхаар нь үзэж байгаад худалдагчид нь “гадаа машинд манай эхнэр байгаа үзүүлчхээд ирье” гээд авч гараад буцаж оролгүйгээр явсан. Надад мөнгө байхгүй байсан болохоор хүмүүстэй холбоо барих утастай больё гэж бодоод утсыг залилсан. Тухайн утсыг худалдагчид нь буцаагаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1х, хх-177/,
Хохирогч С.Амартүвшингийн: “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Чоно гол” гэсэн группт төлөг худалдаж авна гэсэн зар оруулахад 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 88684110 дугаараас О.Тэмүүлэн гэх хүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бүдүүн-Овооны ард “Харгилтайн гол” гэх газар нутагладаг, аав маань сумын алдарт уяач, би өөрөө сумын алдарт уяач миний фейсбүүк хаяг О.Тэмүүлэн гэсэн хаяг байгаа гэхээр нь ороод үзэхэд яг хэлснээр нь бүх зүйл нь таарч байсан. Тэгээд 15 төлөг маргааш ачаад очъё урьдчилгаа 6 төлөгний мөнгө өгөөч гээд 420.000 төгрөг авсан, маргааш өглөө нь залгаад би танд нэг мөсөн 60 төлөг өгье анх өгнө гэсэн 15 төлөгний мөнгөний 6 төлөгний мөнгийг нь би танаас авчихсан, одоо үлдэгдэл 9-н төлөгний мөнгийг нь өгчих гэхээр нь 630.000 төгрөг өгсөн. Танд 60 төлгөө 2022 оны 03 дугаар сарын 16-нд ачаад Эрдэнэцагаан суманд очно гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд би 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн 99330431 утсаар Тэмүүлэн рүү залгахад холбогдохгүй байсан. Маргааш өглөө нь Тэмүүлэн өглөө эрт залгаад би Улаанбаатар хотоос гарах гэж байна, манай нутагт шүлхий өвчин гарсан байна, 5 төлөгний мөнгө нэмж шилжүүлээч шүлхийний вакцин, эм тариа авах гэсэн юм гэхээр нь 350.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн тухайн өдрийн 14 цагийн үед Тэмүүлэн видео калл хийгээд том машин харуулаад энэ машинаар таны 60 төлгийг ачиж очно, багтана биз дээ эндээс шууд хөдөө гарах гэж байна бензин авах шаардлагатай байна 500.000 төгрөг шилжүүлээч одоо сүүлийн удаа төлгөө өгөөд үлдсэн мөнгөө авъя гэхээр нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө нь Тэмүүлэн залгаад манай хөдөө гэрт шүлхий гараад очиж чадсангүй таны 60 төлөг манайд шүлхий арилтал байж байг, харин та үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэхээр нь аав, ээжээс чинь асууя гэхэд сүлжээгүй газар байгаа гэхээр нь хамаатан садан хүмүүсээсээ ээжийнх нь утасны дугаарыг олж аваад ярихад “наад хүүхэд чинь залилан хийгээд яваад байгаа, наадханд чинь чамд өгөх мал байхгүй, манайд ч байхгүй өмнөх өрийг нь төлөөд дуусгасан” гэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн. О.Тэмүүлэн рүү мөнгө шилжүүлэхдээ өөрийн эзэмшлийн 5027578203 дугаарын хаан банкны данснаас О.Тэмүүлэн гэсэн 5648032928 дугаартай хаан банкны данс руу 4 удаа тастаж 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Би 60 төлөгнөөсөө нэг ч төлөг аваагүй. О.Тэмүүлэнгээс 1.900.000 төгрөгөө авмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /1х, хх-186-187/,
Иргэн С.Амартүвшингийн Хаан банкны 5027578203 дугаартай депозит дансны хуулга /1х, хх-199-200/,
Иргэн О.Тэмүүлэнгийн Хаан банкны 5648032928 дугаартай депозит дансны хуулга /2х, хх-72-75/,
. Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... 2022 оны 03 дугаар сард Эрдэнэцагаан сумын “Чоно гол” гэх групп”-т төлөг авна гэсэн зар байхаар нь утсаар нь холбогдож “төлөг зарна” гэж хэлж 4-н удаагийн үйлдлээр 1.900.000 төгрөг залилж авсан. Анх 15 тооны төлөг өгнө гэж Амартүвшингээс урьдчилгаа 420.000 төгрөг, дахиж 3-н удаа 60 тооны төлөг өгнө гэж залилж нийт 1.900.000 төгрөг өөрийнхөө 5648032928 дансаар авсан. Амартүвшинд өгсөн төлөг байхгүй, надад зарах төлөг байхгүй, тоглох гэж залилж авсан, тоглоод мөнгийг нь алдчихсан...” гэх мэдүүлэг /1х, хх-198/,
Хохирогч Ч.Батсүрэнгийн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед үл таних хүн Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг дэлгүүр”-т орж ирээд хүнс, барааны нийт 136.600 төгрөгийн худалдаа хийгээд “мөнгөө урд хашаанд байгаа портер маркийн тээврийн хэрэгслээс аваад ирье” гээд зугтаасан. Би тухайн үед дэлгүүртээ үйлчлүүлэгчтэй байсан болохоор хойноос нь гарч явж чадаагүй. Тэгтэл удалгүй Клонкийн Мөөгийгөөс хүнд бензин өгөөд мөнгөө авч чадахгүй залилуулсан гэж сонсоод цагдаад мэдэгдсэн. Тэр хүнийг өмнө нь огт харж байгаагүй. Тухайн үл таних хүн миний хохирлыг нөхөн төлөөгүй байгаа. Би тухайн үл таних хүнээс 136.600 төгрөгөө нэхэмжилнэ. Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1х, хх-207-208/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Асгат сумын төвд байх хүнсний дэлгүүрт ороод 136.000 төгрөгийн хүнсний зүйл аваад “танай дэлгүүрийн урд хашаанд байгаа машинаас мөнгөө аваад ирье” гэж хэлээд тортой зүйлээ авч гараад буцаж очилгүй Дугуйн говь гэх руу явсан. Залилангийн хэрэгт шалгагдаад зугтаж байсан болохоор өлсөөд хоолны мөнгөгүй, тэр дэлгүүрийн худалдагчийг залилж бараа хүнс авсан. Ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-221/,
Хохирогч О.Мөнх-Эрдэнийн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед О.Тэмүүлэн гэх хүн надтай Асгат сумын төвд байрлах Шатахуун түгээх станцад уулзаж өөрийнхөө унаж явсан машиндаа 89.000 төгрөгийн Ай-92 бензин авсан. Надаас бензинээ авахдаа Тэмүүлэн “эхнэртээ картаа үлдээсэн байна, очоод аваад ирье” гээд явсан. Тэгэхээр нь би машины номер дугаарыг камер шүүж 76-68 СҮЭ цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгааг нь мэдээд хойноос нь хайж олж Адилаа ахын дэлгүүрээс юм авах гэж байхад нь очиж уулзахад Тэмүүлэн нь Төрөөгийн Баяраа гэх залуутай хамт явж байсан. Би манай сумын хүнтэй хамт явж байгаа болохоор гайгүй гэж бодоод байж байтал Тэмүүлэн “за та явж бай, араас чинь би яваад очъё” гэхээр нь би эргээд явсан. Хойноос ирэхгүй болохоор нь эргээд хайгаад очтол надаас машинтайгаа зугтаагаад Халзангийн замаар явчихсан. О.Тэмүүлэн миний хохирлыг нөхөн төлөөгүй. Би Тэмүүлэнгээс 33 литр, Ай-92 бензиний 89.000 төгрөг нэхэмжилнэ. Би хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1х, хх-231-232/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие Эрдэнэцагаан суманд залилангийн хэргээр шалгагдаж байхдаа хүнээс залилж авсан приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай авто машинтайгаа зугтаачихсан. Тэгээд Асгат суманд ирэхэд бензингүй болчихоор нь Асгат сумын клонкоос 33 литр 89.000 төгрөгийн бензин шахуулаад түгээгч нь төлбөрөө нэхэхээр нь картаа мартсан байна авч ирээд өгье гээд буцаж очилгүй явсан. Төлбөрийг барагдуулаагүй, анхнаасаа худлаа хэлж бензин авна гэсэн зорилготой очсон. Банкаа дүүргүүлэхэд хянах самбарт 33 литр 89.000 төгрөг гэж гарч байсан...” гэх мэдүүлэг /1х, хх-243/,
Хохирогч М.Батсуурийн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн үед Баруун-Урт сумын 7 баг Дээж худалдааны төвийн зүүн талын зогсоолд өөрийн эзэмшлийн 76-68 СҮЭ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн автомашинтай таксинд яваад зогсож байхад таксины жолооч Мөнхбаатар нь надтай ирж уулзаад машин түрээслэх хүн байна уу гээд 1 залуу явж байна гэхээр нь би уулзъя гээд уулзсан. Өндөр биетэй 30 гаруй насны бор залуу надтай уулзаад 2 хоног түрээслэх машин хэрэгтэй байна, би хөдөө явахгүй аймаг дээр унана, аймагт байр авах гэж байгаа, хөөцөлдөх ажил ихтэй байна өдрийн 200.000 төгрөгөөр машиныг чинь түрээсэлье гэхээр нь би итгээд машинаа өгөөд явуулсан. Эхний өдрийн түрээсийн мөнгө гээд миний хажууд зогсож байгаад миний 5644172868 гэсэн данс руу өөрийн утаснаас шууд мобайлдаж 200.000 төгрөг хийсэн. 2 хоногийн дараа машинаа өгөхдөө үлдэгдэл 200.000 төгрөг хийхээр тохирч машин авч явсан. Энэ миний утасны дугаар гээд надад 88684110 гэсэн дугаар өгсөн. Тэгээд машин авч явснаасаа хойш эхний 2 өдөр утас нь 1 холбогдоод 1 холбогдохгүй болоод байсан бөгөөд заримдаа утсаа авахаараа байшингаа авсан найраа хийж байна, хүүхдийн төрсөн болоод ямаа боож байна гэх мэтээр яриад арай очиж амжихгүй байна гээд яриад байсан. Би уг хүнийг өмнө огт харж байгаагүй танихгүй хүн байсан. Би нэрийг нь асуугаагүй итгээд өгөөд явуулсан. Би машинаа олж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2х, хх-9-10/,
Гэрч Б.Энхцэцэгийн: “... Миний хүү О.Тэмүүлэн нь багаасаа төлөв даруу найрсаг зан чанартай хүүхэд байсан. Сүүлийн 2 жилээс мөнгө төгрөгийн асуудалтай хэрэг үйлдээд яваад байдаг болсон. Бид эхний удаад бусдаас авсан мөнгө төгрөгийг нь бүгдийг нь бүрэн барагдуулсан. Бараг 15.000.000 төгрөгийн хохиролтой хэрэг үйлдсэн байсан. 2022 оны 01 дүгээр сард мөнгийг нь төлж барагдуулаад шүүхээр шийдүүлж байсан. Одоо дахиад ингээд яваад байхаар нь гайхаад байна. О.Тэмүүлэн нь Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багт хамт амьдарч байгаа. Гэртээ байхдаа хараа хяналттай байдаг болохоор зүгээр байдаг. Гэрээс гарахаараа залилангийн үйлдэл хийгээд яваад байна. Хамгийн сүүлд гэрээс гарахдаа 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хаашаа явахаа хэлэлгүй намайг загначхаад гараад явсан. Тэгээд энэ асуудлуудыг тарьсан байна. Би хүнээс сонсоод аймагт цагдаа дээр ирж уулзаж байна. Би О.Тэмүүлэнг гэртээ аваад байж чадахгүй гэж бодож байна. Миний үгэнд орохгүй, хаашаа явахаа хэлэлгүйгээр гараад явчихдаг...” гэх мэдүүлэг /2х, хх-17-18/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2х, хх-28/
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2202135 дугаартай: “...приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15.0250.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт /2х, хх-29-40/,
Иргэн М.Батсуурийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2х, хх-70/,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнөх мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр ярьсан. Би Эрдэнэцагаан сум руу ганцаараа явсан. Би Байшинт Ойл шатахуун түгээх станцаас бензин аваад шууд гарсан...” гэх мэдүүлэг /2х, хх-67-68/ зэрэг нотлох Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 39 х/
“Мөрдөн байцаалтын хэрэг нэгтгэх тухай прокурорын 33, 34, 35 дугаар тогтоол /хх-ийн 114-115, 223-224, 245-246 х/
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоол /2-р хх-ийн 90-95 х/
Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугар сарын 03-ны өдрийн 1/29 дугаартай О.Тэмүүлэнд холбогдох эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай албан бичиг /2-р хх-ийн 96 х/
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 88 х/
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 86 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч О.Тэмүүлэн нь 2022 оны 03 дугаар сарын 23-наас 24-нийг шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Дугуйн говь” гэх газарт цагдаагийн дэд ахлагч Ц.Ганзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, “шийдсэн хүнийг та нар яахыг хараарай, машинаас холд, ойртвол ална, нэг бол өөрийгөө ална, үгүй бол чамайг ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж эсэргүүцсэн үйл баримт нь
Хохирогч Ц.Ганзоригийн “ ... О.Тэмүүлэн нь дотор нь сууж байсан ба “амрыг эрье, та машинаасаа буугаад ирнэ үү” гэхэд “буухгүй, чадахгүй, шийдсэн хүнийг та нар яахыг хараарай” гээд өөдөөс ус, ундааны сав шидээд тэр хоорондоо хутга машиныхаа араас авч “шийдсэн хүнийг та нар яахыг хараарай, машинаас холд, ойртвол ална гээд хутгаа бариад ойртуулахгүй машинаасаа гарахгүй нэг бол өөрийгөө ална, үгүй бол чамайг ална” гээд барьж байсан хутгаараа өөрийнхөө зүүн гарын шууг хөндлөн 6 удаа өнгөцхөн зүссэн, өөр лүүгээ хутгаа дүрэх гээд ойртох гэхээр өөдөөс хутгаа ширвээд дайраад байсан. Тэгээд тайвшруулаад ярилцаж байгаад өөрийнхөө хэвлий рүү дүрэх гээд хатгах үед нь хутгатай гарыг нь барьж аван үйлдлийг нь зогссон . ..” гэх,
Гэрч Г.Цэвэгмэдийн “...Тэмүүлэнг бууж ирээд шалгуулах талаар хууль ёсны шаардлага тавьсан биелүүлэхгүй байсан. Машиных нь түгжээг дотроос нь нээх гэхэд хутгаар Ганзориг төлөөлөгч рүү чичээд ойртуулахгүй байсан, Ганзориг ярилцаж байгаад хаалганы түгжээг нь нээсэн. Харин Тэмүүлэн нь машиныхаа зөв талд буюу рулийнхээ эсрэг талд сууж байсан. Тэгээд Ганзориг төлөөлөгч машинд орох гэхээр өөдөөс нь хутгаар чичээд байсан. Машиных нь бүх хаалга онгойдог төв түгжээг нь дарах үед нь би Тэмүүлэнгийн сууж байсан талын хаалгыг нь нээсэн, тэр үед Ганзориг төлөөлөгч ирэхэд хутгаа зүүн гарынхаа шуун дээр тавиад ойртвол амиа хорлоно шүү гээд гараа зүсээд байсан.... гэх мэдүүлгүүд,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаартай: “... Ц.Ганзоригийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 211 дугаартай: “... О.Тэмүүлэнгийн биед хэвлийд болон зүүн гарын шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хурц ир хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтүүд,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн “...Намайг барьж авахаар ирснийг мэдээд хиам зүсэж байсан хутгаа бариад өөрийгөө ална гэж айлгаад зүүн гарын шууны дотор талд 6-н удаа өнгөц зүссэн мөн гэдэс рүүгээ 3-н удаа өнгөц хутгалсан. Цагдаа нарыг ойртох гэхээр нь өөдөөс нь хутгаа бариад хутгаараа айлгаад ойртуулахгүй, ойртуулбал баригдах байх гээд эсэргүүцсэн. Би цагдаа нарыг айлгах гэх өөртөө гэмтэл учруулж эсэргүүцсэн...” гэх мэдүүлэг зэргээр,
2.Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч М.Үүрцолмонг залилж, 5 удаагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч М.Үүрцолмонгийн: “... Миний бие 2019 оны 11 дүгээр сарын үед О.Тэмүүлэн гэсэн фейсбүүк хаяг дээр 5 гүү зарна гэсэн байхаар нь тухайн зар тавьсан хүнтэй утсаар холбогдоход “1 гүү 900.000 төгрөгөөр зарна, чамайг авна гэвэл зараа устгачихъя, урьдчилгаа өгчих” гэхээр нь 1.700.000-1.800.000 төгрөгийн хооронд О.Тэмүүлэн гэсэн төрийн банкны дансанд шилжүүлсэн. Тэгээд над руу 2021 оны 05 дугаар сард Тэмүүлэн яриад” би эхнэр хүүхэд авч байгаа, чамд гүү хэрэгтэй юм уу 2-3 гүү нэмээд зарчихмаар байна” гэхээр нь “тэгье авъя” гэхэд “мөнгөний хэрэг байна” гэхээр нь цувуулж хийсээр байгаад 6.000.000 төгрөг өгч О.Тэмүүлэн гэгчид залилуулсан... 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх,
Хохирогч М.Үүрцолмонгоос гаргасан хүсэлт /1х, хх-58-59/,
Иргэн М.Үүрцолмонгийн Хаан банкны 5556378937 дугаартай депозит дансны хуулга,
Гэрч Х.Мөнхзаяагийн: “... Миний мэдэж байгаагаар 2020 оны 03 дугаар сараас эхлээд О.Тэмүүлэн миний дансыг ашиглаад Үүрцолмон гэх хүнээс мөнгө авсан байсан. Энэ талаар Тэмүүлэнгээс асуухад “тэр чамд хамаагүй, миний таньдаг ах” гээд утас авчихдаг байсан. Тухайн үед О.Тэмүүлэн миний утас, картыг ашигладаг байсан...гэх мэдүүлэг,
Иргэн Х.Мөнхзаяагийн Хаан банкны 5642233520 дугаартай депозит дансны хуулга ,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... 2019 оны 11 дүгээр сард “морины групп”-т “хээлтэй гүү зарна” гэж зар оруулахад Өвөрхангай аймгийн хүн надтай чатаар холбогдож “гүү авъя” гэхээр нь “1 гүү нь 1.100.000 төгрөгөөр зарна” гэхэд авъя гэхээр нь урьдчилгаа аваад тоглоод мөнгөө алдчихсан. Тэгээд Үүрцолмон “гүүгээ авъя” гэхээр нь “өвчин гарчихсан, би танд 2-3 гүү нэмж зармаар байна, гэхэд авъя гэсэн. Үүрцолмонтой 2-3 удаа утсаар ярьж 5.000.000 авсан. Дансаар авсан... гэх мэдүүлэг зэргээр,
3. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч Д.Гантулгыг залилж, 3 удаагийн үйлдлээр нийт 2.980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч Д.Гантулгын: “... Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр О.Тэмүүлэн нь “бяруу зарна” гээд над руу фейсбүүк чатаар холбогдохоор нь дүү Д.Мөнхтулгад хэлж О.Тэмүүлэнд 3 дугаар сарын 01-ний өдөр 860.000 төгрөг, 3 дугаар сарын 04-ны өдөр 860.000 төгрөг, 3 дугаар сарын 06-ны өдөр 1.260.000 төгрөг, нийт 7 бярууны мөнгө 5648032929 данс руу 5642068281 данснаас 3 удаа гүйлгээ хийж 2.980.000 төгрөг явуулсан....” гэх
Иргэн Д.Мөнхтулгын Хаан банкны 5642068281 дугаартай депозит дансны хуулга,
Иргэн О.Тэмүүлэнгийн Хаан банкны 5648032928 дугаартай депозит дансны хуулга,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “...Эрдэнэцагаан сумын “Чоно гол” групп дээр “бяруу авна” гэх зар байхаар нь холбогдож Гантулга гэх хүнд “7-н бяруу зарна” гэж худал хэлээд 3н удаа тастаж нийт 2.980.000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг зэргээр,
4. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч Х.Сугарсайханыг залилж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч Х.Сугарсайханы: “...Тэмүүлэнгээс унаж явсан 76-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод би түүнд 1.300.000 төгрөгийг бэлнээр өгсөн...би цагдаагийн тасгийн алба хаагчидтай уулзахад “энэ машин бол Тэмүүлэнгийн эзэмшлийн машин биш, түүнд худалдах эрх байхгүй” гэж хэлсэн...” гэх,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Батсуурь гэх хүний 76-68 СҮЭ приус-20 маркийн авто машиныг худал хэлж аваад Эрдэнэцагаан суманд унаад явж байхад Сугарсайхантай тааралдаад “машин авсан юм уу” гэхээр нь “тийм ээ авсан” гэхэд “зарах уу” гэхээр нь “зарна, урьдчилгаа 1.300.000 төгрөг өгчих, 12.000.000 төгрөгт заръя” гэж Сугарсайханд хэлээд 1.300.000 төгрөг бэлнээр авчихсан....” гэх мэдүүлэг зэргээр
5. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч Д.Оюунхутагийг залилж, 136.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч Д.Оюунхутагийн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед намайг дэлгүүртээ сууж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд лангуун дээр зарж байсан самсунг галакси on-7 маркийн гар утсыг үзэж байснаа “би энэ утсыг эхнэртээ үзүүлчихье” гэж хэлээд машиндаа суугаад явчихсан. Би Тэмүүлэн гэх хүнээс залилуулсан Самсунг Оn-7 маркийн гар утсаа нэхэмжилнэ...” гэх,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2202132 дугаартай: “... самсунг галакси on-7 маркийн гар утсыг 136.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “...Асгат сумын дэлгүүр ороход лангуун дээр On-7 маркийн гар утас байхаар нь үзэж байгаад худалдагчид нь “гадаа машинд манай эхнэр байгаа үзүүлчхээд ирье” гээд авч гараад буцаж оролгүйгээр явсан. Тухайн утсыг худалдагчид нь буцаагаад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр,
6. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч С.Амартүвшинг залилж, 4 удаагийн үйлдлээр нийт 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч С.Амартүвшингийн: 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 88684110 дугаараас О.Тэмүүлэн гэх хүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бүдүүн-Овооны ард “Харгилтайн гол” гэх газар нутагладаг, аав маань сумын алдарт уяач, би өөрөө сумын алдарт уяач миний фейсбүүк хаяг О.Тэмүүлэн гэсэн хаяг байгаа гэхээр нь ороод үзэхэд яг хэлснээр нь бүх зүйл нь таарч байсан. Тэгээд 15 төлөг маргааш ачаад очъё урьдчилгаа 6 төлөгний мөнгө өгөөч гээд 420.000 төгрөг авсан, маргааш өглөө нь залгаад би танд нэг мөсөн 60 төлөг өгье анх өгнө гэсэн 15 төлөгний мөнгөний 6 төлөгний мөнгийг нь би танаас авчихсан, одоо үлдэгдэл 9-н төлөгний мөнгийг нь өгчих гэхээр нь 630.000 төгрөг өгсөн. О.Тэмүүлэн рүү мөнгө шилжүүлэхдээ өөрийн эзэмшлийн 5027578203 дугаарын хаан банкны данснаас О.Тэмүүлэн гэсэн 5648032928 дугаартай хаан банкны данс руу 4 удаа тастаж 1.900.000 төгрөг шилжүүлсэн. Би 60 төлөгнөөсөө нэг ч төлөг аваагүй. О.Тэмүүлэнгээс 1.900.000 төгрөгөө авмаар байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх
Иргэн С.Амартүвшингийн Хаан банкны 5027578203 дугаартай депозит дансны хуулга,
Иргэн О.Тэмүүлэнгийн Хаан банкны 5648032928 дугаартай депозит дансны хуулга,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... 2022 оны 03 дугаар сард Эрдэнэцагаан сумын “Чоно гол” гэх групп”-т төлөг авна гэсэн зар байхаар нь утсаар нь холбогдож “төлөг зарна” гэж хэлж 4-н удаагийн үйлдлээр 1.900.000 төгрөг залилж авсан...” гэх мэдүүлэг зэргээр,
7. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч Ч.Батсүрэнг залилж, 136.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч Ч.Батсүрэнгийн: “... 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 09 цагийн үед үл таних хүн Сүхбаатар аймгийн Асгат сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Цэцэг дэлгүүр”-т орж ирээд хүнс, барааны нийт 136.600 төгрөгийн худалдаа хийгээд “мөнгөө урд хашаанд байгаа портер маркийн тээврийн хэрэгслээс аваад ирье” гээд зугтаасан...Би тухайн үл таних хүнээс 136.600 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Асгат сумын төвд байх хүнсний дэлгүүрт ороод 136.000 төгрөгийн хүнсний зүйл аваад “танай дэлгүүрийн урд хашаанд байгаа машинаас мөнгөө аваад ирье” гэж хэлээд тортой зүйлээ авч гараад буцаж очилгүй Дугуйн говь гэх руу явсан...” гэх мэдүүлэг зэргээр,
8. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч О.Мөнх-Эрдэнийг залилж 89.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч О.Мөнх-Эрдэнийн: “...Надаас бензинээ авахдаа Тэмүүлэн “эхнэртээ картаа үлдээсэн байна, очоод аваад ирье” гээд явсан. Тэгэхээр нь би машины номер дугаарыг камер шүүж 76-68 СҮЭ цагаан өнгийн тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгааг нь мэдээд хойноос нь хайж очиход Тэмүүлэн “за та явж бай, араас чинь би яваад очъё” гэхээр нь би эргээд явсан. Би Тэмүүлэнгээс 33 литр, Ай-92 бензиний 89.000 төгрөг нэхэмжилнэ... гэх ,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Миний бие Эрдэнэцагаан суманд залилангийн хэргээр шалгагдаж байхдаа хүнээс залилж авсан приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай авто машинтайгаа зугтаачихсан. Тэгээд Асгат суманд ирэхэд бензингүй болчихоор нь Асгат сумын клонкоос 33 литр 89.000 төгрөгийн бензин шахуулаад түгээгч нь төлбөрөө нэхэхээр нь картаа мартсан байна авч ирээд өгье гээд буцаж очилгүй явсан...” гэх мэдүүлэг зэргээр
9. Яллагдагч О.Тэмүүлэн хохирогч М.Батсуурийг залилж, 15.025.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:...
Хохирогч М.Батсуурийн: “... Өндөр биетэй 30 гаруй насны бор залуу надтай уулзаад 2 хоног түрээслэх машин хэрэгтэй байна, би хөдөө явахгүй аймаг дээр унана, аймагт байр авах гэж байгаа, хөөцөлдөх ажил ихтэй байна өдрийн 200.000 төгрөгөөр машиныг чинь түрээсэлье гэхээр нь би итгээд машинаа өгөөд явуулсан. Эхний өдрийн түрээсийн мөнгө гээд миний хажууд зогсож байгаад миний 5644172868 гэсэн данс руу өөрийн утаснаас шууд мобайлдаж 200.000 төгрөг хийсэн. 2 хоногийн дараа машинаа өгөхдөө үлдэгдэл 200.000 төгрөг хийхээр тохирч машин авч явсан... Гомдолтой байна...” гэх мэдүүлэг
Гэрч Б.Энхцэцэгийн: “...Бараг 15.000.000 төгрөгийн хохиролтой хэрэг үйлдсэн байсан. 2022 оны 01 дүгээр сард мөнгийг нь төлж барагдуулаад шүүхээр шийдүүлж байсан. Одоо дахиад ингээд яваад байхаар нь гайхаад байна. О.Тэмүүлэн нь Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр багт хамт амьдарч байгаа. Гэртээ байхдаа хараа хяналттай байдаг болохоор зүгээр байдаг. Гэрээс гарахаараа залилангийн үйлдэл хийгээд яваад байна. Хамгийн сүүлд гэрээс гарахдаа 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хаашаа явахаа хэлэлгүй намайг загначхаад гараад явсан...” гэх ,
Тээврийн хэрэгслийн лавлагаа,
Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2202135 дугаартай: “...приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 15.0250.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх дүгнэлт
Иргэн М.Батсуурийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Яллагдагч О.Тэмүүлэнгийн: “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнөх мэдүүлэг дээрээ үнэн зөвөөр ярьсан. Би Эрдэнэцагаан сум руу ганцаараа явсан. Би Байшинт Ойл шатахуун түгээх станцаас бензин аваад шууд гарсан...” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Тэмүүлэн нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.3. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Гэм буруугийн хувьд О.Тэмүүлэнг 2 тусдаа үйлдэл гэм буруутайд үзэж, яллах дүгнэлт үйлдсэн. 1-рт хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн үйл баримтын хувьд албаны үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Ц.Ганзоригийн тавьсан шаардлагыг биелэлгүй, түүний тавьсан шаардлагыг эсэргүүцсэн нь хохирогч Ц.Ганзоригийн мэдүүлэг, гэрч Цэвэгням нарын мэдүүлгээр тогтоогдож байна. хохирогчийн зүгээс ямар нэг үйл баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй. Шүүгдэгчийн хувьд дээрх гэмт хэргийг шууд санаатай хэлбэрээр тухайн үед болох процесс үйл явдлыг мэдэж байсан хэрнээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн нь үйл баримтаар тогтоогдож байна. Залилах гэмт хэргийн 8-н удаагийн үйлдлээр хохирогч нарт 26 сая төгрөгийн хохирол учруулсан. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн гэмт хэргийн гол шинж нь зохиомол зүйлийг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан гэмт хэрэг үйлддэг. О.Тэмүүлэнгийн дээрх 8-н удаагийн үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хохирлын хувьд хохирогч Батсуурийн машин болон хохирогч Д.Оюунхутагийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Залилах гэмт хэргээс 11,405,600 төгрөгийн хохирлыг одоогийн байдлаар төлөөгүй байна гэж хэргийн материалаас түүвэрлэсэн. Дээрх хохирлыг төлж барагдуулах нь зүйтэй. О.Тэмүүлэнгийн хувьд гэмт хэргийг бодит байдлыг нуух, хохирогчийг төөрөгдөлд оруулах замаар үйлдэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Улсын яллагчийн гэм буруугийн саналыг сонслоо. Гэм буруугийн хувьд ямар нэг санал байхгүй. Гэм буруутай байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. О.Тэмүүлэнгийн хувьд мөрдөн байцаах болон шүүхийн шатад 8-н удаагийн үйлдлээр эд хөрөнгө завшсан үйлдлээ мэдүүлсэн. Хохирлын хувьд 2 хохирогчийн хохирлыг биет байдлаар буцааж олгосон. Бусад хохирлыг төлөхөө өөрөө шүүхийн шатанд илэрхийлсэн. Гэм буруугийн тал дээр тусгайлсан санал байхгүй гэв.
1.4. Хууль зүйн дүгнэлт
Хэргийн дээрх баримтуудаар шүүгдэгч О.Тэмүүлэн нь албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч олон нийтийн цагдаа Ц.Ганзоригийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, амиа хорлоно гэж сүрдүүлж өөрийн гар болон хэвлийн хэсэгт хутгаар зүсэх, гарч зугтах, хутга далайж сүрдүүлсэн зэрэг үйлдэл үзүүлсэн, мөн О.Тэмүүлэн нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон тавьсан шаардлагыг нь үл биелүүлж хүч хэрэглэсэн үйлдэл, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн эс үйлдэхүйгээр илэрдэг болно.
Мөн тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа цахим хэрэгсэл ашиглан, бусдыг хуурч бусдын эд хөрөнгө болон мөнгийг шилжүүлэн авч бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилж авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу залилах гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тэрээр хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүгдэгч О.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар залилах гэмт хэрэг, мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зэвсгийн чанартай зүйл ашиглан хууль сахиулагчийн үйлдлийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид хохирол төлөгдсөн байдал, энэ гэмт хэрэгт хандаж байгаа байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс дараах ялын саналыг гаргаж байна. О.Тэмүүлэн хууль сахиулагчийг эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдэхдээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн. Энэ нь зэвсгийн чанартай зүйл ашиглан өөртөө болон бусдад аюул учруулах байдлаар үйлдсэн нь нийгмийн хор аюулын хувьд өөрийгөө болон бусдыг гэмтээх нөхцөл байдал бүрэн бүрдсэн, аюултайгаар үйлдэгдсэн гэж үзэхээр байна. Энэ гэмт хэрэгт нийгмийн аюулын байдлыг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар залилах гэмт хэргийн тухайд 8-н удаагийн үйлдлээр гэмт хэргийг үйлдэж, 2 хохирогчид биет байдлаар хөрөнгийг буцаан өгсөн. Бусад хохирогч М.Үүрийнцолмонд 5 сая төгрөг, Д.Гантулгад 2,980,000 төгрөг, Х.Сугарсайханд 1,300,000 төгрөг, С.Амартүвшинд 1,900,000 төгрөг, Ч.Батсүрэнд 136,600 төгрөг, О.Мөнх-Эрдэнэд 89,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Тэмүүлэнг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Тухайн гэмт хэргийн хувьд бүгд сошиал орчинд гар утас ашиглаж үйлдэгдсэн нийгмийн хор аюулын хувьд өөр байдлаар ял оногдуулах нөхцөлд дахин гэмт хэрэг үйлдэн хохирол учруулж болзошгүй учраас түүнд хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх, нийгмийн хор аюулыг ухамсарлах, бусдад учруулж байгаа хохирлоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын яллагчийн зүгээс хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар хэсгийг журамлан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх санал гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн зүгээс О.Тэмүүлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын саналаа хэллээ. О.Тэмүүлэнгийн хувьд 8-н удаагийн үйлдлээр бусдад мал борлуулж өгнө гэж мөнгө авч залилсан үйлдэл, мөн 2 удаагийн үйлдлээр мөнгө авч залилсан нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Одоогийн байдлаар 2 удаагийн хохирлыг биет байдлаар буцаан олгосон. Бусад хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг шүүхийн шатанд хэлж байна. О.Тэмүүлэнд тухайн хуулийн 2 зүйл заалтын хувьд зорчих эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалт байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хуулийн зохицуулалт байдаг учраас түүнд зорчих эрхийг хязгаарлах ялаар тус бүрд шийтгэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. яагаад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахыг хүсэж байна вэ гэхээр түүний хувьд 6-н хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй, 18 сая төгрөгийн хохирлын асуудлыг шүүхийн шатанд төлөхөө илэрхийлж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял тухайн орон нутагтаа ажиллах, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулах боломжийг шүүхээс олгож өгөхийг хүсэж байна. түүний хувьд ам бүл ганцаараа амьдардаг, хохирогч нарын хохирлыг төлөх ар гэр, ах дүү нар байхгүй байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирол төлөх боломжийг хангаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
Шүүгдэгч О.Тэмүүлэн: Өдөр шөнөгүй ажил хийж байгаад хохирогч нарынхаа хохирлыг төлж барагдуулна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр олон удаагийн давтамжтай, цахим хэрэгсэл ашиглан үйлдсэн байдал нь гэрчүүдийн мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Тэмүүлэнд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч О.Тэмүүлэнгийн үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдсон, тэрээр албан үүргээ гүйцэтгэж байгаа хууль сахиулагчийн үйл ажиллагаанд саад учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн мөн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Тэмүүлэнгийн 2019 оны 11 дүгээр сард иргэн М.Үүрцолмонгоос 5 удаагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөг залилсан үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч О.Тэмүүлэн нь үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэргийг үйлдсэн мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан бөгөөд О.Тэмүүлэн нь хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөөгүй болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Тэмүүлэнгийн үйлдлийн улмаас хохирогч М.Үүрцолмонд 5,000,000 төгрөгийн, Д.Гантулгад 2,980,000 төгрөгийн, Х.Сугарсайханд 1,300,000 төгрөгийн, С.Амартүвшинд 1,900,000 төгрөгийн, Ч.Батсүрэнд 136,000 төгрөгийн, О.Мөнх-Эрдэнэд 89,000 төгрөгийн, М.Батсуурьд 15,025,000 төгрөгийн, Д.Оюунхутагт 136,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч, хохирогч нарын дансны хуулга зэргээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үнийг хүлээн зөвшөөрч маргаан гаргаагүй болно.
Шүүгдэгч О.Тэмүүлэн нь дээрх хохирлоос хохирогч Д.Оюунхутагт On-7 маркийн гар утсыг буцааж өгсөн хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирогч М.Батсуурьд Приус-20 маркийн76-68 СҮЭ улсын дугаартай машиныг буцааж өгсөн. Хохирогч М.Батсуурь нь машиныг унаж явсан түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөг нэхэмжилнэ гэж шүүх хуралдаанд мэдүүлжээ.
Иймээс шүүгдэгч О.Тэмүүлэнгээс М.Үүрцолмонд 5,000,000 төгрөгийн, Д.Гантулгад 2,980,000 төгрөгийн, Х.Сугарсайханд 1,300,000 төгрөгийн, С.Амартүвшинд 1,900,000 төгрөгийн, Ч.Батсүрэнд 136,000 төгрөгийн, О.Мөнх-Эрдэнэд 89,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох, мөн хохирогч М.Батсуурь нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч О.Тэмүүлэн нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “ягаан алаг хуванцар
иштэй 23,5 см урттай 1 ширхэг хутгыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Тэмүүлэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Отгонбаатарын Тэмүүлэнг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Тэмүүлэнд 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Тэмүүлэнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч О.Тэмүүлэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Тэмүүлэнгийн цагдан хоригдсон 81 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэмүүлэнгээс хохирогч М.Үүрцолмонд 5.000.000 төгрөг, хохирогч Д.Гантулгад 2.980.000 төгрөг, хохирогч Х.Сугарсайханд 1.300.000 төгрөг, хохирогч С.Амартүвшинд 1.900.000 төгрөг, хохирогч Ч.Батсүрэнд 136.600 төгрөг, хохирогч О.Мөнх-Эрдэнэд 89.000 төгрөгийн хохирол тус тус гаргуулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Батсуурь нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянах шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ ягаан алаг хуванцар иштэй 23,5 см урттай 1 ширхэг хутгыг” шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай
10. Хэрэгт иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оюунхутагт 136.000 төгрөгийн хохирол учирснаас самсунг On-7 маркийн гар утсыг, хохирогч М.Батсуурьт 15.025.000 төгрөгийн хохирол учирснаас приус-20 маркийн 76-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус буцаан өгсөн хохирогч Д.Оюунхутаг нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй..
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР