Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

 

 

 

 

 2022                 06             16                                          2022/ШЦТ/121                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Г.Өнөболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Өнөболдод холбогдох 2230000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, Бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Тэмүүлэл 10-07 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЛЮ90112517, Сугарынхан овогт Ганболдын Өнөболд.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Өнөболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Тэмүүлэлийн 1007 тоотод Х.Эрдэнэмандахын биед халдан зодож, эрүүл мэндэд дээд болон доод уруулын язарсан шарх, баруун чихэнд няцрал, 1 шүдний булгаралт бүхий хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Өнөболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Өнөболдт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  

Шүүгдэгч Г.Өнөболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хохирогчид 65 000 төгрөг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэнэ.

 

            Хохирогч Х.Эрдэнэмандахын: “...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед би Өнөболдын гэрч Очироо, Тулга гэх 2 залуутай цуг Нийслэл нэртэй 2 литрийн пиво 2 ширхгийг аваад очсон. Тэр үед Өнөболд хүргэн ахтайгаа мотоцикл янзлаад зогсож байсан. Би Өнөболдоос пиво уух уу гэж асуусан чинь тэгье тэгье гээд бид 5 уусан. Удалгүй Тулга Очироо нар яваад өгсөн. Тэгээд би Өнөболдод явлаа гэж хэлэхэд байж бай гээд хүргэн ах нь Чингис нэртэй 0.75 литрийн архи дэлгүүрээс авчраад талын ууж байсан. Тэгээд ууж байтал Өнөболд хүргэн ахтайгаа муудаад байсан. Тэгээд муудаад байхаар нь би явлаа гээд хашаанаас нь гараад явж байсан. Гэтэл Өнөболд хашаанаасаа гарч ирээд намайг дуудсан. Тэгээд очтол намайг үгийн зөрүүгүй нүүр лүү гараараа цохиод аваад би газар унасан, тэгээд мөн миний дээрээс хөлөөрөө цээж рүү нэг удаа дэвссэн...Би хиймэл шүд хийлгэсэн. Өнөболд миний зардлыг төлсөн учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 х/

 

            Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 273 дугаартай “...1. Х.Эрдэнэмандахын биед дээд болон доод уруулын язарсан шарх, баруун чихэнд няцрал, 1 шүдний булгаралт бүхий гэмттэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 20-21/,

 

            Яллагдагч Г.Өнөболдын  “.. Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Тэмүүллийн 1007 тоотод байх гэрийнхээ хашаанд хүргэн ахынхаа хамт мотоцикл янзалж байхад буюу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед гаднаас Х.Эрдэнэмандах, Очироо, Тулга, нарын хүмүүс Нийслэл нэртэй 2.5 литрийн 2 том пивотой ирцгээсэн.Тэгэхдээ тухайн хүмүүс нь гаднаас ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.Тэгээд бид нар бөөндөө тухайн пивонуудыг ууцгааж дуусгасан. Тэгэхэд Х.Эрдэнэмандахтай хамт ирсэн хүмүүс нь явсан бөгөөд тухайн хүмүүсийг явсны дараа манай хүргэн ах Батзориг нь дэлгүүр яваад Чингис нэртэй 0.75 литрийн архи авчраад тухайн архийг бид гурав хувааж ууж байснаа санаж байна.Миний санаж байгаагаар тус архинаас 3 татаж байсан, цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Х.Эрдэнэмандахыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход тухайн хүний доод шүд нь унасан гэж байсныг санаж байна. Цааш нь юу болсныг сайн мэдэхгүй байна.Тухайн өдрийн орой нь Х.Эрдэнэмандах нь надад цохиж зодуулсандаа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гээд надтай уулзсан.Тухайн хүнийг харахад дээд, доод уруул нь дотор талдаа язарсан, дээд үүд нь шүд нь унасан харагдсан. Намайг эмчилгээний мөнгө өгөх юм бол уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулах ямар нэгэн хүсэлт байхгүй гэдгээ хэлсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг учраас уусан архи пивондоо амархан согтдог. Иймд тухайн хүнийг согтуудаа цохиж зодсон байсан.Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Би тухайн Х.Эрдэнэмандахаас өөрийн биеэр очиж уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн.Х.Эрдэнэмандах нь надад шүдний эмчилгээний мөнгө өг гээд 65.000 төгрөг нэхэхээр нь би тухайн мөнгийг бэлнээр нь өгч ямар нэгэн хохирол гомдолгүй болгож болгож өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-н 39-40 х/

 

Шүүгдэгч Г.Өнөболдын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/

 

Шүүгдэгч Г.Өнөболдын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 х/

 

Г.Өнөболдын  оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39 х/

 

Г.Өнөболдын зөрчилд холбогдогчийн бүртгэл /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч Г.Өнөболдын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт  / хх-ийн 47 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2022  оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 48-49 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 58 дугаартай санал /хх-ийн 50 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Өнөболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Тэмүүлэлийн 1007 тоотод Х.Эрдэнэмандахын биед халдан зодож, эрүүл мэндэд дээд болон доод уруулын язарсан шарх, баруун чихэнд няцрал, 1 шүдний булгаралт бүхий хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Х.Эрдэнэмандахын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Өнөболд нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Г.Өнөболд нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж  зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Эрдэнэмандахын нүүр рүү гараа цохиж түүний эрүүл мэндэд нь дээд болон доод уруулын язарсан шарх, баруун чихэнд няцрал, 1 шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Өнөболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Өнөболдыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Г.Өнөболдын үйлдлийн улмаас хохирогч Х.Эрдэнэмандахын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирогч “ миний хиймэл шүдний мөнгийг төлсөн тул  надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж  хэрэгт мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Г.Өнөболдыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

 

Шүүгдэгч Г.Өнөболдод ял шийтгэл оногдуулахад эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч Г.Өнөболд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Х.Эрдэнэмандах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Өнөболдод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Өнөболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Г.Өнөболдод  мэдэгдье.

 

Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Өнөболдод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сугарынхан овогт Ганболдын Өнөболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөболдыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Өнөболдод оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өнөболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Өнөболдод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Өнөболд энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Өнөболд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Эрдэнэмандах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР