Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

2022                 06             27                                            2022/ШЦТ/125                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч С.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гансүхэд холбогдох эрүүгийн 2230000000170 дугаартай  хэргийг  2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг Рашаантын задгай тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  РД:ЛЮ89051915, Зээрднүүд овогт Сүхбаатарын Гансүх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Гансүх  нь  2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн гэртээ буюу Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий  этгээд болох эхнэр З.Гэрэлчимэгийг зодож түүний эрүүл мэндэд нь  толгойн үстэй хэсэгт болон баруун шуунд язарсан шарх, баруун мөр зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр тийм зүйл болсон нь үнэн. Дахиж эхнэрээ зодохгүй миний буруу гэв.

 

 Хохирогч З.Гэрэлчимэгийн “...Би Мөнххаан сумын ЗДТ-ын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил хийдэг. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймагт Зүүн бүсийн Байгаль орчны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уулзалтад оролцохоор Сүхбаатар аймгийн хуулийн байгуулагын хүмүүстэй явсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө 01 цагийн үед Сүхбаатар аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Гүрсоронзон, Онгон сумын байгаль хамгаалагч Бэрцэцэг нарын хамт Мөнххаан суманд ирсэн. Тэр хоёр намайг гэр рүү оруулж өгчхөөд Сүхбаатар аймаг руу явсан. Намайг гэрт ороход манай нөхөр С.Гансүх нь хойд талын өрөөнд буйдан дээр унтаж байсан. Манай 2 хүүхэд урд талын өрөөнд газар унтаж байсан. Тэгээд би Гүрсоронзон, Бэрцэцэг хоёрыг гаргаж өгчхөөд орж ирээд хаалга цоожлоод эргээд харахад С.Гансүх нь миний ард ирчхээд “чи яахаараа оройтдог юм бэ” гээд намайг гараараа миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад суухад хөлөөрөө миний аймхай руу өшиглөсөн. Тэгээд миний өсгийтэй гутлын өсгийгөөр миний толгой руу цохиод байсан. Тэгээд би ухаан алдаад унасан байсан. Тэгээд ухаан ороход би гэрийнхээ зуухны хажуу талд цусандаа холилдсон хэвтэж байсан. Би босож ирээд буйдан дээр сууж байгаад том охин Г.Мичидмаагаар утсаа авхуулаад цагдаагийн байгуулгад  мэдэгдсэн. Тэгээд тухайн үед намайг газраар хэвтэж байхад чи үхээгүй байна, чамайг ална, арай болоогүй байна гээд намайг зохих гээд дайраад байсан. Миний толгой хагарч, 2 оёдол тавиулсан. Мөн цээжин бие хөндүүр, баруун гар мөрнөөс доош хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 х/,

 

 Гэрч Г.Тунгалагийн “...Би өөрөө Түмэнцогт суманд амьдардаг. Манай дунд охин С.Ганчимэг над руу залгаад “С.Гансүх нь эхнэртэйгээ муудсан байна, хоёулаа Мөнххаан сум явъя” гээд хэлсэн. Тэгээд өдөр 17 цагт Мөнххаан суманд ирээд С.Гансүхийн гэрээр орсон. Гэр рүү нь ороход С.Гансүх нь байхгүй, З.Гэрэлчимэг урд талынхаа өрөөнд орон дээр хэвтэж байсан. Би ороод З.Гэрэлчимэгийг “миний охины бие гайгүй юу” гэж асуухад гайгүй гэж хэлчхээд өөр юм яриагүй. З.Гэрэлчимэг нь толгой дээрээ хүйтэн чин тавьчихсан байсан. Мөн толгой нь ар талдаа хагараад хоёр тооны оёдол тавиулсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 256 дугаартай “...Үзэхэд биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, асуусан асуултад хариулна. Хэсэг газрын үзлэгээр толгойн оройн хуйханд 3х1,5 см язарсан шарханд 2 оёдол тавигдсан. Хуйх нь овойж хавдсан. Баруун гарын шуун дээр овойж хавдсан. 0.5 см язарсан, хөхөрсөн. Баруун бугалгад 7х2.5 см хөхөрч хавдсан. Баруун мөрөн дээр 8х5 см хөхөрч хүрэнтсэн. Зүүн гарын бугалгад 4х4.5 см хөхөрсөн. Аюулхай дээр эмзэглэлтэй гэжээ.” “1. З.Гэрэлчимэгийн биед толгойн үстэй хэсэгт болон баруун шуунд язарсан шарх, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь  ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 /,

 

Яллагдагч С.Гансүхийн “...Эхнэр З.Гэрэлчимэг нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий аймаг руу сургалтад явсан. Тэр өдөр би зүүн хашааны залуутай 2 шил архи уугаад 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай 2 охин байсан. Эхнэр рүү залгахад Хэнтий аймгаас гарлаа гэхээр нь унтсан. Тэгээд унтаж байхад хүн дугарах шиг болохоор нь сэрэхэд эхнэр ирсэн бөгөөд шөнийн 02 цаг болж байсан. Тэгэхээр нь би Гэрэлчимэгт “оройтож ирлээ, ирэхдээ архи ууж ирлээ” гээд нүүр рүү нь алгадсан чинь доошоо суугаад өгөхөөр нь цээж рүү нь 1 удаа гуталгүй хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн чинь Гэрэлчимэг намайг өөрийн өмсөж байсан хар өнгийн өсгийтэй гутлаараа цохихоор нь гутлыг нь булааж аваад толгой руу нь нэг удаа цохисон. Тэр үед Гэрэлчимэг толгойгоо дараад хэвтээд өгөхөөр нь гуя руу нь 2 удаа гутлаараа цохисон. Толгойноос нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04-05 х/

 

Шүүгдэгч С.Гансүхийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч С.Гансүхийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 44 х/

 

Шүүгдэгч С.Гансүхийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч С.Гансүх нь 2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн гэртээ буюу Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий  этгээд болох эхнэр З.Гэрэлчимэгийг зодож түүний эрүүл мэндэд нь  толгойн үстэй хэсэгт болон баруун шуунд язарсан шарх, баруун мөр зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  З.Гэрэлчимэгийн “ ... Тэгээд би Гүрсоронзон, Бэрцэцэг хоёрыг гаргаж өгчхөөд орж ирээд хаалга цоожлоод эргээд харахад С.Гансүх нь миний ард ирчхээд “чи яахаараа оройтдог юм бэ” гээд намайг гараараа миний нүүр рүү цохисон. Тэгэхээр нь би нүүрээ дараад суухад хөлөөрөө миний аймхай руу өшиглөсөн. Тэгээд миний өсгийтэй гутлын өсгийгөөр миний толгой руу цохиод байсан. Тэгээд би ухаан алдаад унасан байсан...” гэх,  

Гэрч Г.Тунгалагийн “...Би ороод З.Гэрэлчимэгийг “миний охины бие гайгүй юу” гэж асуухад гайгүй гэж хэлчхээд өөр юм яриагүй. З.Гэрэлчимэг нь толгой дээрээ хүйтэн чин тавьчихсан байсан. Мөн толгой нь ар талдаа хагараад хоёр тооны оёдол тавиулсан байсан... гэх  мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 256 дугаартай: “...З.Гэрэлчимэгийн биед толгойн үстэй хэсэгт болон баруун шуунд язарсан шарх, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Гансүх нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас:  Шүүгдэгч С.Гансүх нь 2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө өөрийн гэртээ буюу Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий  этгээд болох эхнэр З.Гэрэлчимэгийг зодож түүний эрүүл мэндэд нь  толгойн үстэй хэсэгт болон баруун шуунд язарсан шарх, баруун мөр зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч С.Гансүхийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Хохирогч З.Гэрэлчимэгийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байна. Иймд шүүгдэгч С.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох   дүгнэлтийг гаргав.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч С.Гансүх нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр З.Гэрэлчимэгийг бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний өмсөж явсан өсгийтэй гутлаар толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь толгойн үстэй хэсэгт болон баруун шуунд язарсан шарх, баруун мөр, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Гансүх нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Гансүхийг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүхээс шүүгдэгч С.Гансүхийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Иймд шүүгдэгч С.Гансүх нь малчин гэдэг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон. Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогчийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй. Шүүгдэгч С.Гансүх энэ хэрэгт цагдан хоригдоогүй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй гэх саналыг гаргав.

 

Шүүгдэгч С.Гансүх: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлж байгаа байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Гансүхэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Гансүхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч С.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гансүхийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Гансүхийн үйлдлийн улмаас хохирогч З.Гэрэлчимэгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч С.Гансүхийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч С.Гансүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч С.Гансүхэд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрднүүд овогт Сүхбаатарын Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч С.Гансүхийг 500  / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гансүхэд оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч С.Гансүхэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч С.Гансүх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч З.Гэрэлчимэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч С.Гансүхийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР