Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1319

 

 

  

 

 

  

 

2018 оны 06 сарын 11 өдөр          Дугаар 181/ШШ2018/01319            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М Б ББСБ” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт А Г /РД: /-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 5,466,095.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, нарийн бичгийн даргаар Н.А нар оролцов.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Зээлдэгч А.Г нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 191 дугаартай зээлийн гэрээг “М Б ББСБ” ХХК-тай байгуулж, 4,000,000 төгрөгийг хоёр сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн ба мөн өдөр А.Гын Хаан банкны 5020291578 тоот дансанд 4,000,000 төгрөг шилжүүлсэн.

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлд А.Гын өмчлөлийн 22-24 УНЦ улсын дугаартай “Тоёота Хайлүкс” маркийн автомашиныг барьцаалан Фидуцийн гэрээ байгуулсан боловч уг автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөөгүй байдаг.

Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хугацаа, төлбөр төлөх журмыг зөрчиж төлөлт хийхгүй явсаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн нь зээлийн үндсэн төлбөрт 1,498,889.60 төгрөг нь, зээлийн үндсэн хүүнд 474,000 төгрөг нь, нэмэгдүүлсэн хүүнд 27,110.40 төгрөг нь суутгагдаж хасагдсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг хүүгийн хамт төлөөгүй тул Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс хариуцагчийн оршин байгаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 101/Ш32017/21044 дугаартай захирамж гарсан.

Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр А.Гыг эрэн сурвалжлуулах тухай шүүхийн 182/ШШ2018/00265 дугаартай шийдвэр гарч, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс А.Гыг эрэн сурвалжилж, Сүхбатар дүүргийн 8 дугаар хороо, Шимийн 16/4 дүгээр байрны 7 тоотод оршин сууж байгааг олж тогтоосон.

Тиймээс хариуцагч А.Гаас 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 191 дугаартай зээлийн гэрээний үүргийг дараах байдлаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2,501,110.40 төгрөг, зээлийн хүү 2,412,320.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 482,464.20 төгрөг нийт 5,395,895.58 төгрөг болсон. Үүний дээр А.Гыг эрэн сурвалжлуулахаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгч төлж хохирсон тул нийт 5,466,095.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М Б ББСБ” ХХК нь хариуцагч А.Гаас зээлийн гэрээний үүрэгт 5,395,895.58 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 70,200 төгрөг буюу нийт 5,466,095.58 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч А.Гад гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр болох талаар 2018 оны  6 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудсаар 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн боловч хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч “М Б ББСБ” ХХК нь 4,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч А.Г нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 200,000 төгрөг, зээлийн хүүд 180,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 3,800,000 төгрөг, зээлийн хүүд 176,700 төгрөг тус тус буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр зохигчид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, А.Гын өмчлөлийн 22-24 УНЦ улсын дугаартай, хар өнгийн 2006 оны “Тоёота Хайлүкс” маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээжээ.

 

Дээрх зээлийн болон фидуцийн гэрээний талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөгийг хариуцагчийн “Хаан банк” дахь 5020291578 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн болох нь мөн өдрийн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар нотлогдсон, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн нотлох баримтаар тогтоогдоогүй, автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч нь хүлээн авсан нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй, зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн тооцож, тодорхойлсноос илүү мөнгө төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж маргаагүй, нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй гэж үзэж, нэхэмжлэгчээс гаргасан баримт, тооцоонд үндэслэн хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Хэрэгт авагдсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоос үзэхэд хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 08-ний өдөр 2,000,000 төгрөг төлсөн нь үндсэн зээлд 1,498,889.60 төгрөг, зээлийн хүүд 474,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 27,110.40 төгрөг төлсөнд тооцогдсон байх тул одоо үндсэн зээлд 2,501,110.40 төгрөг, 2018 оны 4 дугаар сарын 12-ны байдлаарх зээлийн хүүд 2,412,320.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 482,464.20 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар хүлээдэг тул шүүх хариуцагчийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.” гэж заасан боловч манай тохиолдолд фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч А.Гаас үндсэн зээлд 2,501,110.40 төгрөг, зээлийн хүүд 2,412,320.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 482,464.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Б ББСБ” ХХК-д олгов.

 

Нэхэмжлэгчээс гарсан хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг /шүүхийн 2018.02.07-00265 шийдвэр/-ийн зардал нь гэрээний үүрэг зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй зардал мөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож, хариуцагчаас 70,200 төгрөгийг мөн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан А.Гаас 5,466,095.58 төгрөгийг гаргуулж “М Б ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ө.УЯНГА