Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1499

 

МАГАДЛАЛ

 

2017.06.30                                            Дугаар 1499                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

П.Алтанзулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01085 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Алтанзулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдох,

8 916 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Алтанзул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Юу би эйч проперти" ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах "Happy town" хотхоны 72 дугаар байрны 238 тоот орон сууцыг худалдаж авсан бөгөөд 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сүуцыг 1 м.кв-ыг нь 1.880.000 төгрөгөөр бодож нийт 87 232.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2.232.000 төгрөгийг гүйцэтгэгч "Юу би эйч проперти" ХХК-д төлж 85.000.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 8%-ийн хүүтэй зээлийн шалгуурыг хангаж 20 жилийн хугацаатай, cap бүр 710.241 төгрөгийг төлөөх нөхцөлтэйгөөр орон сууцны зээлд хамрагдах замаар тус байрыг шилжүүлэн авсан болно. Гэтэл "Юу би эйч проперти" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба нэхэмжлэгч 46.4 м.кв талбайтай орон сууц захиалсан байхад 42.14 м.кв буюу 4.26 м.кв-аар дутуу талбайтай орон сууц хүлээлгэн өгч намайг хохироолоо. "Юу би эйч проперти" ХХК-д 46.4 м.кв талбайтай орон сууцны үнэ 87.232.000 төгрөгөөр бодож уг орон сууцны үнийг төлж байгаа. "Юу би эйч проперти" ХХК нь гэрээнд зааснаас дутуу тоо, хэмжээ бүхий биет байдлын доголдолтой орон сууц худалдан авагчид шилжүүлснээр харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ болон тухайн харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж "Юу би эйч проперти" XXК нь м.кв-ын мөнгө болох 8 008 800 төгрөг, банкнаас зээлийн хүүнд 908 000 төгрөг тус тус илүү төлчихөөд байна. Иймд Орон сууцны талбайн зөрүү 4.26 м.кв талбайн үнэ 8 008 800 төгрөг, банкны 8 хувийн зээлийн дагуу Худалдаа хөгжлийн банкинд илүү төлсөн 908 000 төгрөг, нийт 8 916 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: "Юу Би Эйч Проперти" XXК нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээ"-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хайппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот барилгыг "Өндөрбуянт холдинг" ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан.

Мөн манай компани уг хотхоны барилгын ажлыг "Өндөр буянт" ХХК болон "Алъяанстехник" ХХК, "Хай кик" XXК, "Сигма-Отис" XXК зэрэг компаниудаар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг орон сууцыг чанар стандартад нийцсэн, барилгыг зураг төслийн дагуу хийгдсэн гэж үзээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2014/709 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актаар гарсан учир бид худалдан авагчдаа уг орон сууцанд оруулж эхэлсэн. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай ХХК-д гомдол, шаардлага гаргаагүй. Манай ХХК барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул бид хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхээ алдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баритмлан хариуцагч "Юу Би Эйч Проперти" ХХК-иас 908 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Алтанзулд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8 008 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Алтанзулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Юу Би Эйч Проперти" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 26 342 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Алтанзулд олгож, нэхэмжлэгч П.Алтанзулаас "Эм эм инженеринг" ХХК-ийн шинжээчийн ажлын хөлсөд 54 010 төгрөгийг гаргуулан хариуцагч "Юу Би Эйч Проперти" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, шаардлага гаргах эрхээ алдсан буюу Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнээс үүссэн шаардах эрх мөн адил үндэслэлээр хэрэгсэхгүй болно гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн "Орон сууцны санхүүжилтийн гэрээгээр тогтоогдож байна гэжээ. Гэвч уг гэрээнд орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хувиар төлбөл зохих төлбөрийн хэмжээ зэргийг тогтоогоогүй байдаг. Мөн Ипотекийн зээл төлсөн баримт байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцсон аргачлапаа шүүх хуралдаанд тайлбарлаж чаддаггүй. Уг 8 хувийн орон сууцны зээлд хамрагдаж; түүнийг төлж барагдуулж байгаа талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй буюу зээл илүү төлсөн гэх үйл баримт нь тогтоогддоггүй. Нэхэмжлэгч банкнаас зээл авсан үйлдэл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн үйлдэл бөгөөд хариуцагчаас шалтгаалахгүй буюу нэхэмжлэгчийн банкнаас зээл авсан үйлдэл нь хариуцагчийн худалдах, худалдах авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйтэй шалтгаант холбоогүй тул хариуцагчийн үйлдлээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй. Мөн байрны урьдчилгаанд төлсөн мөнгө, банкнаас авсан зээлийн аль хэсэг нь доголдолтой холбоотой болохыг тодорхойлох боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Алтанзул нь хариуцагч “Юу Би Эйч Проперти” ХХК-д холбогдуулан   8 916 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь гэрэээнд заасан хэмжээнээс 4.26 м.кв дутуу талбайтай орон сууцыг хүлээлгэн өгсөн, илүү төлсөн    8 008 800 төгрөг, банкны хүүд төлсөн 908 000 төгрөгийг гаргуулах...” гэж, хариуцагч нь “...борлуулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчид урьдчилан танилцуулдаг, орон сууцыг хүлээн авснаас хойш хуулийн хугацаанд гомдол гаргаагүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт гарсан...” гэж тайлбар гаргана.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талууд акт үйлдэж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Happy town” хотхоны 72 дугаар байрны 238 тоот 2 өрөө орон сууцыг хүлээн авч, орон сууцны үнэ 87 232 000 төгрөгөөс 85 000 000 төгрөгийг банкны 8 хувийн зээлээр төлөхөөр тохиролцсон, орон сууцны талбай 46.4 м.кв байхаас 42.14 м.кв буюу 4.26 м.кв талбай дутуу болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, бөгөөд худалдагч буюу хариуцагч нь гэрээнд заасан хэмжээнээс дутуу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөнийг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйлийн үнийг бууруулахаар шаардах эрхтэй.

Гэвч орон сууцыг хүлээн авахаас өмнө, эсхүл авах үедээ нэхэмжлэгч нь хэмжилт хийлгэн, орон сууцны талбайн хэмжээг мэдэх боломжтой байсан гэж үзэх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхээ алдсан талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь банкны зээлийн хүүд төлсөн мөнгийг хариуцагчаас гаргуулахдаа шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/01085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 26 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                                          М.НАРАНЦЭЦЭГ