Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 60

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0079/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       А.Оргилбаяр

Шүүгдэгч                                        Г.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ч.Булган, Д.Номин-Эрдэнэ,

                                                      Б.Содболд   

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 161 дугаар цагаатгах тогтоолтой, Г-ын Б-т холбогдох, 1718004540445 дугаартай эрүүгийн хэргийг прокурор А.Оргилбаярын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай, Г- овогт Г-ын Б-,

Шүүгдэгч Г.Б- нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дараах нэр бүхий 14 алба хаагч ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан боловч ээлжийн амралтын хугацаа хэтрүүлэн ажилдаа ирээгүй байхад ажилласнаар тооцож цалинг нь олгосон буюу Онцгой байдлын газрын Захиргаа, аж ахуйн нярав С.Оюуны 2016.12.28-ны өдрөөс 2017.01.21-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 19 хоногийн 653.489 төгрөгийн цалин, ГХУХ-ийн байцаагч Д.Э-ын 2017.05.01-ний өдрөөс 2017.05.11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 9 хоногийн 452.825 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагч Б.Б-ийн 2017.10.31-ний өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 26 хоногийн 1.065.162 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ч.Б-ын 2017.11.01-ний өдрөөс 2017.11.24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 796.140 төгрөгийн цалин, жолооч Ж.Б-ийн 2017.11.02-ны өдрөөс 2017.12.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 33 хоногийн 1.318.153 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ц.Б-ын 2017.05.20-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 25 хоногийн 1.088.652 төгрөгийн цалин, салаан захирагчийн орлогч Ч.Н-ын 2017.11.10-ны өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 801.596 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ж.Ц-н 2017.11.20-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 20 хоногийн 851.063 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч П.Э-ын 2016.11.15-ны өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл, 2017.10.27-ны өдрөөс 2017.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй нийт 24 хоногийн 988.970 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч А.Э-ийн 2016.11.09-ний өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 7 хоногийн 297.872 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн жолооч Н.Б-ын 2016.09.10-ны өдрөөс 2016.09.16-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 5 хоногийн 246.417 төгрөгийн цалин, жолооч Э.Л-гийн 2017.02.22-ны өдрөөс 2017.04.18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.506.461 төгрөгийн цалин, дуудлага хүлээн авагч С.О-ийн 2017.05.17-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.287.140 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн дуудлага хүлээн авагч Д.А-гийн 2017.04.02-ны өдрөөс 2017.04.19- ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 13 хоногийн 604.049 төгрөгийн цалинг тус тус олгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 161 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.т зааснаар Г.Б-т холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Г.Б- нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Г.Б-ын эзэмшлийн 45-29 ДАР улсын дугаартай “Тоёота приус” маркийн машин битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

Хохирогчийн 11,958,294.66 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

...Цагаатгах тогтоолд “ ...Г.Б- нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна” гэж дүгнэсэн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, мөн шинжээчийн дүгнэлтүүдийг хэрхэн үнэлж, аль нотлох баримтыг алинаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй буюу баярын хурлаар нэг удаа цөөн тооны алба хаагч нарт олгосон 10 хоногийн чөлөөг бүх 14 хүнд халдаан хэрэглэсэн, мөн “Онцгой байдлын албанд алба хаах журам”-д заасан нөхөн сэргээх амралтын агуулга зорилгыг илтэд гуйвуулан БНСУ-д амралтын хоногуудыг хэтрүүлэн амарсан дээрх 14 хүнд давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байна.

Мөн “...Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг нь төсвийн зарлагын эдийн засгийн ангиллыг зөрчин өөр зорилгоор зарлага гаргаж ашигласан үйлдлийг ойлгоно” хэмээн тайлбарлаж үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 1.3., 1.4.т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 161 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтэндээ:

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдэг нь төсвийн зарлагын эдийн засгийн ангиллыг зөрчин өөр зорилгоор зарлага гаргаж ашигласан үйлдлийг ойлгоно” хэмээн тайлбарлаж үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 1.3., 1.4.т зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас улсад хохирол учирсан. Шүүх хурал дээр иргэний хариуцагч нар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээсээ буцсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Цагаатгах тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнд ял завшуулж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Б.Содболд тайлбартаа:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Төсвийн ангиллыг зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй гэдгийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Г.Б-ын хувьд 8 үндсэн ажлын үүднээс ажилчиддаа цалин урамшуулал олгосон байдаг. Тушаал шийдвэр нь хэлбэржих тал дээр л учир дутагдал гарсан байдаг. Энэ хүнд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Харин Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах нь хуулиар нээлттэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:

Улсын яллагч цагаатгах тогтоолдоо нотлох баримтыг дурдаагүй гэж хэлж байгаа боловч цагаатгах тогтоол нь 17 хуудастай бөгөөд үүний 15 хуудсанд цагаатгах үндэслэлийн нотлох баримтыг дурдсан байгаа учраас прокурорын яриад байгаа асуудал үндэслэлгүй гэж үзэж байна. Таамаглал байдлаар эсэргүүцлээ тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Албан хаагч нарын ирцийг бүртгэх нь газрын даргын үүрэг биш гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд Г.Б-ыг дангаар буруутгаж байгаа нь буруу юм. Бусад ажилчдын хариуцлагагүй байдал энд бас байгаа. Цалингүй чөлөө олгоё гээд цохолт хийчихсэн байхад цалин бодож олгосныг миний үйлчлүүлэгчид хамаатуулж буруутгаж байгаа нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байгаа юм. Тухайн цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ажилчиддаа 10 хүртэл хоногийн цалинтай чөлөөг олгосон байдаг. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа:

Өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн албаны онцлогоос хамаарч албан хаагчиддаа цалинтай чөлөө олгосон нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч өргөсөн тангарагтаа үнэнч нэр төртэй ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.  Иргэний хариуцагч нарыг худал мэдүүлэг өгсөн гэж прокурор тайлбарлаж байгаа нь буруу юм. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б- тайлбартаа:

Иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажилласныхаа төлөө хариуцлага хүлээх гэж байгаадаа харамсаж байна. Би тушаалаа бол амаараа гаргадаг бөгөөд энэ нь манай ажлын онцлог юм. Миний бие Дархан-Уул аймгийн Онцгой байдлын даргаар ажиллаж байхдаа 8-н томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн. Тамирчдын бэлтгэл үнэхээр хүнд тул амжилт гаргасан албан хаагчдыг урамшуулсан. Албан хаагч нарын сэтгэл зүйг дэмжихийн тулд яг гал түймрийн голомт дээр амаар тушаал гаргаж урамшуулж шагнаж байсан бөгөөд үүнийг салаан дарга тэмдэглэл хөтөлж эрх бүхий албан тушаалтнуудад мэдэгдэх үүрэгтэй байдаг юм гэв. 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр бүх ажилтны хурал зохион байгуулж нэр бүхий ажилтнуудад чөлөө олгож шийдвэрлэсэн байдаг. Хошууч генерал Бадралын тушаалын дагуу л уг ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Давж заалдах шатны шүүх  прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дараах нэр бүхий 14 алба хаагч ээлжийн амралтаараа Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан боловч ээлжийн амралтын хугацаа хэтрүүлэн ажилдаа ирээгүй байхад ажилласнаар тооцож цалинг нь олгосон буюу Онцгой байдлын газрын Захиргаа, аж ахуйн нярав С.Оюуны 2016.12.28- ны өдрөөс 2017.01.21-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 19 хоногийн 653.489 төгрөгийн цалин, ГХУХ-ийн байцаагч Д.Э-ын 2017.05.01-ний өдрөөс 2017.05.11- ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 9 хоногийн 452.825 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн салаан захирагч Б.Б-ийн 2017.10.31- ний өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 26 хоногийн 1.065.162 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ч.Б-ын 2017.11.01-ний өдрөөс 2017.11.24-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 796.140 төгрөгийн цалин, жолооч Ж.Б-ийн 2017.11.02-ны өдрөөс 2017.12.19-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 33 хоногийн 1.318.153 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ц.Б-ын 2017.05.20-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 25 хоногийн 1.088.652 төгрөгийн цалин, салаан захирагчийн орлогч Ч.Н-ын 2017.11.10-ны өдрөөс 2017.12.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 18 хоногийн 801.596 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч Ж.Ц-н 2017.11.20-ны өдрөөс 2017.12.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 20 хоногийн 851.063 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч П.Э-ын 2016.11.15-ны өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл, 2017.10.27-ны өдрөөс 2017.11.25-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй нийт 24 хоногийн 988.970 төгрөгийн цалин, аврагч, гал сөнөөгч А.Э-ийн 2016.11.09-ний өдрөөс 2016.11.20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 7 хоногийн 297.872 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн жолооч Н.Б-ын 2016.09.10-ны өдрөөс 2016.09.16-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 5 хоногийн 246.417 төгрөгийн цалин, жолооч Э.Л-гийн 2017.02.22-ны өдрөөс 2017.04.18-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.506.461 төгрөгийн цалин, дуудлага хүлээн авагч С.О-ийн 2017.05.17-ны өдрөөс 2017.07.05-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 36 хоногийн 1.287.140 төгрөгийн цалин, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн дуудлага хүлээн авагч Д.А-гийн 2017.04.02-ны өдрөөс 2017.04.19- ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаагүй 13 хоногийн 604.049 төгрөгийн цалинг тус тус олгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Б-ыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.т зааснаар Г.Б-т холбогдох эрүүгийн 1718004540445 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэжээ.

Хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь тодорхойгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, тогтоолд Г.Б-ыг цагаатгаж байгаа үндэслэлийг тодорхой заагаагүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал :

-Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт Г.Б-т холбогдох хэрэгт  авагдсан яллах дүгнэлтэнд  бичигдсэн  /119-221 дугаар хуудас хүртэл/ Г.Б-ын болон гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн тайлбар, цалингийн тодорхойлолт зэрэг бүх нотлох баримтыг хуулж бичээд эдгээр нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

-Мөн хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд хэлэлцэгдэх бөгөөд төсвийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулаагүй гэж үзсэн үндэслэлээ тодорхойлоогүй., “төсвийн зарлагын эдийн засгийн ангиллыг зөрчөөгүй” гэж бичсэн боловч энэ нь юуг тодорхойлсон ойлголт болох талаар тайлбар хийгээгүйгээс гадна ямар хуульд заасан, ямар үндэслэл, журмаар хэрэглэгдэх,  энэ нь Г.Б-т холбогдох хэрэгтэй ямар хамааралтай болох талаар тодорхойлоогүй,

- Нэр бүхий 14 албан хаагчийг ээлжийн амралтын хоног хугацаа, мөн  нэмэлтээр олгосон гэх  хоногийн тус тусд нь  тооцоогүй, түүнчлэн тэдэнд 1 удаагийн ажилд явахад нь шагнасан  хоног эсхүл  хэд хэдэн удаагийн ажиллагаанд явахад нь хэд хэдэн удаа шагнасан хоног  болох  талаар эсхүл нийтэд нь тооцсон эсэхийг ялгаж  тооцоогүй,

            -Мөн шүүх  ...албан хаагчдын цалинг олгохдоо төсвийн хөрөнгөнөөс гаргаж цалин олгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна... гэсэн дүгнэлт хийсэн атлаа   цалинг өөр ямар эх үүсвэрээс гаргаж олгосон болохыг заагаагүй байна.  

          Өөрөөр хэлбэл  шүүх цагаатгах тогтоолдоо шүүхээс хэргийн талаар тогтоосон эсхүл тогтоогдохгүй байгаа нөхцөл байдал, нотлох баримтын агуулга, хэрэгт авагдсан ямар нотлох баримт нь ямар үйл баримтыг үгүйсгэж байгаа., мөн улсын яллагчийг дүгнэлтийг ямар нотлох баримт болон үйл баримтаар няцаасан талаар дүгнэлт хийлгүй зөвхөн эргэлзээтэй байна гэж бичсэн нь шүүхээс гарч байгаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд  ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

             Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг бүх талаас нь хянаад  Г.Б-т холбогдох эрүүгийн хэрэг  нь  нотлогдож  тогтоогдсон эсэх, Г.Б- гэм буруутай  эсэх  талаар  ямар нэг дүгнэлт хийгээгүй.,  учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүх  нотлох баримтыг үнэлж чадаагүй, энэ талаар  хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт чухал хамааралтай байж болох зарим үйл баримтыг дүгнээгүй, шүүхийн дүгнэлтэнд нөлөөлж болох нөхцөл байдал байгааг анхаарч үзэлгүй орхигдуулжээ.

          Прокурорын эсэргүүцлийн ...анхан шатны шүүх  Г.Б-ыг цагаатгаж байгаа үндэслэл тодорхойгүй, цагаатгах тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгох... гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3.,  39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 161 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г-ын Б-т холбогдох, 1718004540445 дугаартай, 9 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

          2.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Г-ын Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.ТУЯА

                                                              ШҮҮГЧИД                                          Ц.АМАРЖАРГАЛ

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МАНЛАЙБААТАР