Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 1677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Өндрүүд овогт Г-ын Б, /РД:ЦГ/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б-ийн С, /РД:ОЙ/,

 

Хариуцагч: Онигууд овогт Ж-ын О, /РД:ЗВ/ нарт холбогдох,

 

2.374.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Батжаргал, хариуцагч Ж.Очирхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Г.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б.Сугарнямтай уулзсан. Би энэ хүнийг өмнө таньдаггүй байсан. Б.Сугарням Солонгосын эрүүл мэндийн виз гаргаж өгнө гэж надтай ярьсан. Эхний ээлжид 600 ам доллар, 3 дугаар сарын 05-ны өдөр 200 ам доллар бэлнээр өгсөн. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны тоот дансанд 200 ам доллар, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Голомт банкны тоот дансанд 500 ам доллартай тэнцэх хэмжээний мөнгө шилжүүлсэн. Б.Сугарнямтай утсаар холбогдож байсан. 5 дугаар сарын 17-ны өдөр Б.Сугарням гэнэт надтай уулзаж, таны бүх бичиг баримтыг өгсөн. Удахгүй таныг Солонгосын элчин сайдын яамнаас дуудахаар та паспортоо авч очоод визээ даруулчих. Би хэд хоног хөдөө явлаа гээд миний бичиг баримтыг өгсөн. 2 хоногийн дараа Б.Сугарням руу залгахад утас нь холбогдохгүй болсон. Дахин хэд хоногийн дараа залгахад утас нь мөн л холбогдоогүй. Хөдөө явна гэсэн худлаа болчихлоо гэж бодоод сураг тавихад Солонгос явсан байсан. Хил хамгаалах газар руу хүсэлт бичиж шалгуулахад Б.Сугарням 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарсан байсан. 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр надад бичиг баримт өгчхөөд 19-ний өдөр Б.Сугарням ниссэн байсан. Тухайн үед Ж.Очирхүү Тайландад байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгч, 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Сугарням хил дээр баригдаж, хилийн хориг тавиулсан. Чингэлтэй дүүргийн цагдаад хэрэг шалгагдаж байгаад өршөөлийн хуулинд хамрагдаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингээд иргэний хэргийн шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Ж.Очирхүү шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Г.Батжаргал худал ярьж байна. 2016 оны 3 сард цагдаад баригдаж, шалгагдаж байгаад хэрэг хэрэгсэхгүй болсон гэлээ. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би Тайванд мастер хамгаалсан. Нэхэмжлэгч намайг Б.Сугарнямтай андуурч байна. Би энэ хүнээс мөнгө аваагүй. Энэ хүн Б.Сугарнямд мөнгө өгсөн. Б.Сугарням надад мөнгө өгөх ёстой байсан. Б.Сугарням надаа 300 ам доллар шилжүүлэхдээ гүйлгээний утгад хүний мөнгө өгч байгаа юм шиг зүйл бичсэн байсан. Ийм учраас би нэхэмжлэгчид 300 ам доллар буцааж өгсөн гэжээ.

Хариуцагч: Б.Сугарням нэхэмжлэлийг гардаж аваагүй.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Батжаргал нь Б.Сугарням, Ж.Очирхүү нарт холбогдуулан Солонгос улсын виз гаргуулахаар өгсөн 2.374.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн, хариуцагч Б.Сугарнямын Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 38а байрны 306 тоотод хаягт хүргүүлэхэд тэрээр тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй талаар тус хорооны Засаг даргын тодорхойлолт иржээ. /хх-ийн 10 дугаар тал/

 

Улмаар хариуцагч Ж.Очирхүүд 2017.07.17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүх хуралдааныг 2017.08.01-ны өдөр товлож, хариуцагч Б.Сугарням хаягтаа байхгүй үндэслэлээр түүнийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 24 дүгээр тал/

 

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч Б.Сугарнямыг эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа талаар Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс 2018.04.03-ны өдөр албан тоот иржээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4.-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2017.08.01-ний өдрийн шүүгчийн 10259 дүгээр захирамжийн хэргийг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байх тул хэргийг сэргээсэн болно.

 

Нэгэнт уг хэргийн хариуцагч болох Б.Сугарнямыг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд шүүгчийн захирамжид заасан шалтгаан арилаагүй байх тул Ж.Очирхүүд холбогдох хэргийг хэлэлцэж, Б.Сугарнямд холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Сугарнямын оршин суугаа хаягийг олсон тохиолдолд түүнд холбогдуулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Батжаргал нь 2015.03.04-ний өдөр 600 ам доллар, 2015.03.05-ны өдөр 397,800 төгрөгийг Б.Сугарнямд хүлээлгэж өгсөн баримт хэргийн 5 дугаар хуудсанд, 2015.04.06-ны өдөр 995.500 төгрөг, 2015.03.13-ны өдөр 399.000 төгрөгийг Б.Сугарнямын Голомт банкны дансанд тус тус шилжүүлсэн баримт хэргийн 6-7 дугаар хуудсанд авагджээ.

 

Үүнээс үзэхэд Г.Батжаргалын нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагч Ж.Очирхүү авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Ж.Очирхүүгээс 2.374.800 төгрөг гаргуулах тухай Г.Батжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар Б.Сугарнямаас 2.374.800 төгрөг гаргуулах тухай Г.Батжаргалын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нэхэмжэгч Г.Батжаргал нь хариуцагч Б.Сугарнямд холбогдуулж дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Г.СОЛОНГО