Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/85

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын  яллагч Х.Мөнхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн  2222000980054 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... төрсөн, ......... настай, ам бүл ............, ............. оршин суух *******

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг Чингийн 5-5 тоотод иргэн С.Бн хэвлийн тус газар дэвссэний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

        Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Мэдүүлэг өгөхгүй, миний үйлдлээс болж хохирогчид хүнд хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Асуусан асуултад хариулна” гэв.

 

        Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”  Би 2021.12.31-ний өдөр Гурвансайхан суманд хөдөө гэртээ очоод идэш хоол аваад буцаж явах замдаа Ж гэх хамаатны айлынхаа гэр лүү орсон. Гэрт нь ороход Б, Б, Б, Ц, зүүн айлынх нь хүн, Б-н эхнэр, 3 хүүхдийнхээ хамт байсан. Ц эгч, Б-н эхнэр хоёр бол архи уугаагүй байсан, бусад хүмүүс нь согтолттой байсан. Би мэнд мэдээд дуусаж байсан архинаас нь 1 татаад, дараа нь Ц эгч 1 шил архи авч ирж өгсөн. Тэр явцад Б ах агсан тавиад нөгөө хэдийгээ янз бүрээд дуудаад байсан. Гэрийн эзэн Ж 19 цагийн үед “ирэх болгондоо агсан тавиад байдаг юм” гээд хөөгөөд өшигчөөд, чирч гудчаад гаргасан чинь Б ах гадаа ганцаараа хашхичиж байгаад удалгүй орж ирсэн. Буцаж орж ирэхэд нь Б бас ганц нэг цохих гээд байх шиг байсан, тэгэхээр нь би голд нь орж суугаад боль гэж хэлсэн. Тэр үед Б бас жоохон уурлангуй байсан, Б ах болохоороо “жирэмсэн бөөснүүд” гээд агсраад байсан, над руу агсрах юм бол болоогүй. Зүүн айлынх нь  хүний эхнэр нь орж гараад байсан. Тэгээд зүүн хашаа руу орохоор болоод Б, Ц, тэр айлын нөхөр, эхнэр нь бид 5 орсон. Жгийн гэрт Ж, Б, Б, эхнэртэйгээ 3 хүүхэд нь үлдсэн. Зүүн айлд бид нар ороод сууж байтал Б хашхичиж орилсон байдалтай агсраад “тамхи асаагаад өгчих” гэсэн чинь тэр айлын хүн “гэрт тамхи татахгүй” гэж хэлэхэд тамхи асаалгаад гараад явсан. Тэгээд тэр айлд нь сууж байгаад ороход Б ах унтаж байсан. Бусад хүмүүс нь унтаагүй. Б болохоороо гадуур хашхичаад л байх шиг байсан. Тэгж байгаад бүгдээрээ унтсан. Маргааш өглөө нь Б ах “давсаг руу хөндүүрлээд байна, надад хүрсэн хүн баймааргүй юм” гэж хэлж байсан. Тэгэхээр нь “би танд гар хүрсэн зүйл гэж байхгүй шүү, Ж таныг гар гэж өшигчөөд хөөгөөд гаргаж байсан шүү” гэж хэлсэн. Тэгээд би шөнө болсон зүйлийг өөрт нь хэлчхээд Говьсүмбэр рүү явсан. Б ахыг Ж гаргасны дараа гадаа хашхичиж байгаад буцаад орж ирсэн. Би Ж-н гэрт нь хөдөлгөөнгүй сууж байгаад гараад явсан. Б бие нь өвдөж байна гэсэн юм яриагүй, хашхичаад агсан тавиад байсан. Би гэрээс нь гараад хажуу айлд нь сууж байгаад буцаж орж ирээд унтсан. Бид нарыг гараад явсны дараа Б, Б, эхнэртэйгээ үлдсэн. Тэр хооронд ямар зүйл болсон гэдгийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/

 

Хохирогч С.Б-н “Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б ахтай хөдөө гэрт нь очиж мал усалчхаад орой 4-5 цагийн үед Гурвансайхан сумын төвд Ж-нд ирсэн. Тэгээд Ж-нд О, Ж, Б бид хэд нэг 0,5 уусан, бас Б, Б нартай архи ууж байснаа санаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй, сэрээд гадаа гараад шээх гэсэн шээс гарахгүй байсан. Тэгэхэд өглөө /2022.01.01/ 5-6 цаг болж байсан байх. Ж-н гэрт сэрсэн. Тэгээд би гэрт орж ирээд хэвтэхэд Б “би танд гар мар хүрээгүй, цохиогүй шүү” гээд байсан. Би шээж чадахгүй гэдэс базлаад байсан болохоор Б, Б хоёроор сумын эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт дусал тариа хийгээд байгаад аймаг тээвэрлэж ирээд дуранд хараад нарийн гэдэс нь цоорсон байна гээд хагалгаа хийсэн. 2021.12.31-ний өдөр миний санаж байгаагаар хүнтэй хэрэлдэж маргалдсан муудалцсан асуудал байхгүй. Ямар ч байсан Ж-нд архи ууж сууж байгаад тасарсан байна лээ. Шөнө юу болсон талаар санах юм алга. Миний нарийн гэдэс цоорсон. Өөр гэмтэл байхгүй ээ. Б “Би танд гар мар хүрээгүй, цохиогүй шүү” гэж яагаад хэлснийг мэдэхгүй байна. Тэр 2 л би гар хүрээгүй л гээд байсан. 2021.12.31-ний өдөр Ж-нд нэг шил 0,5 литрийн архи уугаад сууж байснаа бол санаж байна тэгээд юу болсныг огт санахгүй байна. Тэрнээс хойш хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна. Би ер нь жаахан архи уугаад л тасарчихдаг юм. Би ер нь бол согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. 2021.12.31-ний өдөр Цээ эгч, Б, Б, Ж, Б, Б-н эхнэр бас хүүхэд нь байсан. Хэн аль хэр хэмжээтэй архи уусан талаар мэдэхгүй байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Бие өвдөөд байдаг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Б.Г-н “ Би 2022 оны 01 сарын 01-ны өдөр Гурвансайхан сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр гарч ажиллаж байхад 12 цаг 15 минутад хүн үзүүлэхээр ирсэн. Тэгээд өвчтөнд үзлэг хийхэд тэр хүнээс архи үнэртэж байхаар нь “хэдэн өдөр архи уусан, хүнд зодуулсан уу” гэж асуухад “4-5 өдөр архи уусан, хүнд зодуулаагүй” гэсэн. Тэр өвчтөнийг нэрийг Б гэсэн, хэвлий гэдсээр маш эмзэглэлтэй, шээс гарахгүй байгаа гэж байсан. Тэгэхээр нь биед үзлэг хийхэд 

 

даралт, пүлс хэвийн, ухаан саруул, орчиндоо харьцаатай, асуусан асуултад хариулж байсан. Тэгээд өвчин намдаах, булчин суллах тариа хийгээд архины хордлоготой /хэл өнгөртэй, архи үнэртэж, шээс ханхалж байсан/ болохоор хордлого тайлах эмчилгээ хийсэн. Тэгээд өвдөлт нь намдахгүй байсан болохоор их эмч Л-г дуудсан. Б-г авч ирсэн Б /Бонго/-аас “хүнд зодуулсан уу” гэж асуухад “би зодуулаагүй”  гэж хэлсэн. Б-с “хүнд зодуулсан уу” гэж асуухад “мэдэхгүй, үгүй” л гээд байсан. Б “унтаад өглөө сэрсэн чинь ходоод өвдөөд эхэлсэн” гэж хэлсэн. Б-н биед ил харагдах шарх, гэмтэл, хөхөрсөн, няцарсан, цус гарсан юм байгаагүй ээ. Б-д эмчилгээ хийж байгаад аймгийн эмнэлэг рүү эмч Л аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Э.Л-н “2022 оны 01 сарын 01-ний өдөр намайг гэртээ байхад сувилагч О 14 цагийн үед утсаар залгаад “хэвлийн хүчтэй өвдөлттэй хүн ирсэн, өвчин намдаах хийгээд намдалт өгөхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр очиход 50 гаран насны гэмээр эрэгтэй, доош бөгтийсөн, эвхэрсэн байдалтай царай шаналангүй өвдөлт ихтэй хүн байхаар би “өвдөлт хаагуур өвдөж байна, архи уусан уу, хэзээнээс өвдөж эхэлсэн” гэж асуухад тэр хүн “хэвлийгээр хүчтэй өвдөж байна, баруун талаар, давсаг чинэрээд байгаа юм шиг хирнээ шээж болохгүй байна, архи 4-5 хоног ууссан” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд үзлэг хийх гээд орон дээр хэвтүүлэх гэсэн чинь хэвтэж чадахгүй байсан. Тэгэхээр нь би эвтэйхэн хэвтүүлээд үзлэг хийсэн. Үзлэгт ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай үг хэл яриа ойлгомжтой, даралт 150/100, пүлс 92, сатурац 96, амьсгал 22 байсан. Бас үзлэгээр хэвлийд хүрэхэд эмзэглэл ихтэй, булчингийн чангарал ихтэй, хэсэг газарт хавдар, хөхрөл, няцрал ажиглагдаагүй. Мөн тэр хүнээс “хүнтэй зодолдож барьсан уу” гэж асуухад “мэдэхгүй” гэж хариулсан. Тэр хүнд би “хэвлийн цочмог өвдөлт, нойр булчирхайн хурц үрэвсэл” гэсэн онош тавиад өвчин намдаалт тарамдол тариаг судсаар, 500 мл, ренгер хийсний дараа 20 минут өвчин намдаад эргэж хүчтэй өвдөлт өгөхөөр нь аймгийн мэс заслын эмч Э-с зөвлөгөө авахад “ревалгин, баралгин гэсэн тариа байгаа юу” гэж асуухаар нь “байхгүй” гэсэн. Эмчилгээндээ “фентанил” гэсэн тариаг 1 мл булчинд тарьсан. Шингэн сэлбэлт 3 л орчмыг хийсэн. Өвдөлт намдахгүй байсан болохоор тарамдол, ношпа, церукал тариаг судсаар хийсэн боловч өвчин сайн намдаагүй. Түүний дараа реналгин гэсэн тариаг булчинд тариад тарьснаас хойш 10 минутын дараа өвчин намдсан. Эргээд зөвлөгөө авсан эмчээс дахин зөвлөгөө аваад Нэгдсэн эмнэлгийн даргад мэдэгдээд тээвэрлэхээр болоод сумын түргэний машинаар 20 цагийн өнгөрч байхад сумаас гараад 22 цаг өнгөрч байхад аймагт эмнэлэгт хүргэж өгсөн. Өвчтөнг аймгийн эмнэлэгт хүргэж өгөхөд ухаан саруул, биеийн байдал тогтвортой, орчиндоо харьцаатай байсан. Б гэдэг хүний биед ил харагдах гэмтэл, хөхрөл няцрал, хавдар огт байгаагүй. Харин зүүн чихний дотор хэсэгт жаахан тав тогтсон шалбархай байсан. Өвчтөн Б хүнтэй цуг өөрөө эмнэлэг дээр ирсэн байсан. Тэр цуг ирсэн хүнээс /залуу/ нь хүнтэй хэрэлдэж маргалдсан , зодолдсон талаар асуухад би зодоогүй гэхээс өөр юм хэлээгүй ээ. Б гэдэг хүн “хүнд зодуулж барьсан гэж хэлээгүй болохоор хэсгийн төлөөлөгчид хэлээгүй шууд аймаг руу тээвэрлэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Б.О-н “ Би 2021 оны 12 сарын 31-ний өдөр Гурвансайхан сумын төвд Ж-нд Б, Б, Б, Р, Х, Х-н 2 жижиг ихэр хүүхэд /9 сартай/, Т гээд хүүхэд бас байсан. Тэгээд би дэлгүүрээс 19 цагийн үед 0,75 литрийн “Алтанчингис” нэртэй архи авчраад Б, Б, Б, Р /Б/ тэр хэд хувааж ууссан. Би бас Х тэр архинаас уугаагүй ээ. Би Жгийн хажуу айлд нь дүү О-г харж байсан болохоор орон гаран байсан юм. Би тэр авч ирсэн архийг дуусахаас өмнө дүү рүүгээ орсон. Би дүүгээ хараад нилээн байж байгаад 23 цаг 30 минутын үед Ж-нд орж ирэхэд Б, Б хоёр зэрэгцээд гэрийн зүүн хойд талаар газраар, Ж зүүн талын орон дээр, Б гэрийн баруун хойд талд газраар унтаж байсан. Р байхгүй байсан, хэзээ явсаныг мэдэхгүй. Х болохоор баруун талын орон дээр 3 хүүхэдтэйгээ унтаж байхаар нь би гал түлчхээд гэрээс гарсан. Тэгээд намайг Е-нд унтаж байхад Б араас ирээд унтсан юм. Өчигдөр Б бие өвдөөд гээд эвхийгээд хэвтээд бааж шээж чадахгүй байна гэсэн болохоор нь Б, Б хоёроор эмнэлэг дээр хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч А.Х-н “2021.12-31-ээс 2022.01.01-нд шилжих шөнө Гурвансайхан сумын төвд Ж эгчийн гэрт нөхөр Б, Б ах, М ах, Чойроос ирсэн гээд 40 орчим насны залуу, хадам ээж О, Ж эгч хүү Т бид нар байсан. Ж эгчийн гэрт тэд нар 2 шил архи хувааж уусан. Нөхөр бид 2 хүүхдүүдтэйгээ Бан сумаас ирсэн. Тэр хэд ирэхэд нилээн согтуу байсан. Чойроос ирсэн хүн бид нарыг Ж эгчийн гэрт байж байхад орж ирсэн. М ах нөгөө хэдэд агсан тавиад байсан чинь Р гэх хүн гарч явахынхаа өмнө 22 цагийн үед М ахын гэдэс хэсэгт нь дээрээс нь нэг удаа хөлөөрөө  дэвчихсэн,  тэгснээ гараад яваад өгсөн “ гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч А.Х-н дахин өгсөн “...Р гэх хүн өмнө нь М ахтай муудаагүй байж байгаад бүгдээрээ гараад айлд орохоор болсон. М ах хэрүүл өдөөд байсан Р гэх хүн хаалгаар гарчхаад буцаж орж ирснээ М ах гэрийн хойд хэсэгт газарт хэвтэж байхад нь Р гэх хүн хөлөөрөө гэдэс хэсэгт нь дэвсчихсэн. Тэгэхэд манай хүү Т “ээж энэ хоёр муудаад байна” гэсэн. Тэгээд би очоод Р гэх хүнийг “боль, та яах гэсэн юм” гэсэн чинь Р гэх хүн “за, ах нь дүүгийнхээ үгэнд орно” гэж хэлээд гэрээс гараад явсан юм. Тэгээд би араас нь гараад нөгөө хэдийг харчхаад буцаад гэр лүүгээ орж ирсэн чинь М ах “бие өвдөөд байна” гээд гэдэснийхээ хавьд гараа дарчхаад атирчхаад хэвтээд байсан. Өглөө болтол бие нь өвдөөд хэвтээд байх шиг байсан. Тэгээд өглөө нь Б ах, Б хоёр эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 91/

Насанд хүрээгүй гэрч Э.Т-н “Би аав,  ээжийн хамт Баянжаргалан сумаас Гурвансайхан сум руу 2021.12.31-ний 17 цагийн үед очоод Ж гэж эгчийн гэр ороход М ах, Ж эгч, Ц эгч, Б ах нар байж байсан. Тэгээд архи уугаад 19 цагийн үед Чойроос ирсэн гээд Р гэх хүн орж ирсэн. Дэлгүүр хаахаас өмнө гээд 1 шил архи аваад хувааж ууцгаасан. Тэгээд тэр хэд зүүн хойд айлд орно гээд гараад явцгаасан. Тэгсэн Р гэж хүн буцаж орж ирээд М ах агсан тавьж байх үед ээж, Б ах, Ж эгчийн хажууд М ахыг хэвтэж байхад нь гэдэс дээр нь нэг удаа дэвсээд гараад явчихсан. Тэр үед 22 цаг болчихсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

        Насанд хүрээгүй гэрч Э.Т-н дахин өгсөн “ Би өшиглөх, дэвсэх гэдгийг адилхан гэж бодсон юм. Р гэж хүн гэрээс гараад, удаагүй буцаж орж ирээд М ахыг агсан тавиад дээшээ хараад хэвтэж байхад нь гэдсэн дээр нь нэг удаа хөлөө дээш өргөөд буулгасан /дэвссэн/, тэгээд гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 83/

 

Гэрч С.Б-н “ Би 2021.12.31 -ний орой Ж гэх төрсөн дүүгийн гэрт Ж, Б, төрсөн эгч О, Б-н эхнэр Х, Х хүүхдүүдийнхээ хамт, танил Б нартай байсан. Бид нар Ж-н гэрт нь байж байхад Б гаднаас орж ирсэн. Б 1 шил архи өгөөд тэрийг нь уугаад дэлгүүр хаахаас  нь өмнө дэлгүүр орж 1 шил архи аваад уух гээд байж байтал Б гэнэт намайг зүүн орны хана ор хоёрын завсраар нь чихсэн. Тэгэхээр нь би босоод Б-г сууж байхад нь 1 удаа гарынхаа алгаар нүүр хэсэгт нь алгадсан. Тэгээд муудалцахаа болиод эвлэрсэн санагдаж байна. Архи хувааж ууж байгаад би тасраад унтаад өгсөн байсан. Өглөө босоод харсан чинь Е гэх айлынд унтаж байсан. 2021.01.01-ны 07 цагийн үед Ж-н гэрт очсон чинь Б “гэдэс өвдөөд байна” гэхээр нь “эмнэлэгт үзүүлэх үү” гэсэн чинь Б “явж чадахгүй байна” гэхээр нь Б, бид хоёр Б-г сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Би бол нэлээд согтуу байсан. Б бол бас согтчихсон байсан. Б өмнө нь бас архи уучихсан байсан. Б-г өөр хүнтэй муудалцсан, маргалдсан, зодолдсон гэдгийг мэдэхгүй байна. Биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Б агсан тавиад байх шиг байсан, байнга л тэгж байдаг юм, бид нар бол тоодоггүй юм. Миний биед бол гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

Гэрч Б.Шинэхүүгийн “  Б миний  төрсөн ах, Б болохоор манай эгчийн хүүхэд байгаа юм. О миний төрсөн эгч байгаа юм. Би Ж гэдэг хүнийг танина. Ж-н жинхэнэ нэр  нь Б гэдэг юм, ах дүү нар нь бүгд л Ж гэж дууддаг миний төрсөн эгч байгаа юм. Б төрөлхийн сэтгэцийн өвчтэй хүн байнгын группэд байдаг. Б өөрийн нэр, насаа мэдэхгүй, өнгө ялгахгүй, тоо мэдэхгүй, хэл яриа муутай хүн, сургуульд огт сурч байгаагүй хүн байгаа юм.  Б болж байгаа үйл явдлыг үнэн зөв ярьж чадахгүй оюун ухааны түвшин нь 46 хувь гэж гарсан, хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувьтай байдаг хүн байгаа юм” гэх мэдүүлэг  /хх-ийн 36/

 

 

Гэрч О.Б-н “ Би 2021.12.31-ний өдөр Ж гээд эгчийнхээ гэрт нар шингэхийн үед буюу 17 цагийн үед өөрийн эхнэр Х, дагавар хүү Т, 9 сартай 2 ихэр хүүхдийн хамт Бан сумаас ирсэн. Тэгэхэд Ж эгчийн гэрт нь Ж эгч, ээж О, Б, П, Б ах нар 1 шил архи уугаад дуусаж байсан. 19 цагийн үед гэж санагдаж байна, Б гаднаас орж ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж өгөөд хувааж ууцгаасан... Б ах агсан тавиад Б ахыг зүүн орны цаагуур түлхээд больсон чинь Б ах босож ирээд 1 удаа гарынхаа алгаар Б ахыг алгадсан.  Тэгээд тэр хоёр хоорондоо муудалцахаа больсон. Тэгээд чимээгүй байж байгаад Б ах Б-г заамдаж аваад тавиад “өлөн бөөснүүд, гуйлгачингууд” гэж хэлээд, Б-д агсан тавиад байсан. Б зүгээр, дуугүй зүүн талын орон дээр суугаад л байсан, Б ах болохоороо хажууд нь суугаад агсан тавиад байсан. Тэгж байгаад Б ах зүүн орны хойно нь газарт хэвтэж байсан чинь Б гэрээс гарснаа буцаж орж ирээд Б ахыг хэвтэж байхад нь 1 удаа хөлөөрөө гэдэс хэсэгт нь дэвсээд буцаад гараад явчихсан. Тэгээд Б ах “гэдэс өвдөөд байна” гээд байсан, тэгж байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь Б ах “гэдэс өвдөөд байна” гэхээр нь Б ах бид хоёр Б ахыг аваад эмнэлэгт хүргэж өгсөн. Б болохоор Б ахыг агсан тавьж байгаад болиод хэвтэж байхад нь явахынхаа өмнө 1 удаа хөлөөрөө гэдэс хэсэгт нь дэвсчихсэн, тэгээд яваад өгсөн. Өөрөөр бол хүмүүстэй маргалдсан,зодолдсон зүйл огт болоогүй. Б ах архи уучихаараа агсан согтуу тавьж л байдаг юм, бид нар бол тоодоггүй юм, тэгж байгаад унтаад өгдөг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

Гэрч Б.Е-н “ Б- /Ж/-н гэр Чингийн 5-5 тоотод байдаг, манай гэр Чингийн 5- 6 тоот буюу баруун талын хашааны айл байгаа юм. Манайх тамхи зардаг.  2021.12.31-2022.01.01-нд шилжих шөнө би хөдөөнөөс архи уучхаад согтуу ирсэн. Тэгээд нэг мэдэхэд унтаад өгсөн байсан. Хэдэн цагт унтсанаа мэдэхгүй байна. 2022.01.01-ний өглөө сэрхэд С.Б манай гэрт унтаж байсан, хэзээ гэрт орж ирснийг нь мэдэхгүй байна. 2021.12.31 -ний өдөр би согтуу байсан, манай гэрт Б миний мэдэж байгаагаар орж ирээгүй. Намайг хөдөө гэрээсээ харанхуй болохоос өмнө сумын төвийн гэртээ ирэхэд манай гэрт эхнэр Б, Б нар байсан. Б тамхи татаад сууж байгаад гараад яваад өгсөн. Тэрнээс хойш Б манай гэрт орж ирснийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-43-44/

 

 

 
   


Гэрч С.Б-н “Б /Ж/-ийн гэр манай зүүн талын хашаа буюу Чингийн 5-5 тоотод байдаг. Манай гэр Чингийн 5-6 тоот буюу баруун талын хашааны айл байгаа юм. Манайх 2013 оноос эхлэн тамхи зарж байгаа. Манай гэрт С.Б гэх хүн 2021.12.31-ний орой 22 цагийн үед согтуу орж ирээд хэвтээд өгөхөөр нь би хөнжил нөмөргөж өгсөн. Тэгээд манайд хоночхоод өглөө 08 цаг өнгөрч байхад яваад өгсөн. Манай гэрт Б гэх хүн 2021.12.31-ний өдөр орж ирээгүй, би тийм хүн танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/

 

 

 

 

 

Гэрч Д.Ө-н “Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Чойрын 125 тоотод / хаягийн тодорхой санахгүй байна гэх/ эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага боловсролтой. Жолооч ажилтай. Эхээс 6-уулаа. Б нь манай хамгийн том хүүхэд байгаа юм. Зан байдлын хувьд төлөв даруу, олон долоон үггүй, дуу цөөнтэй, ажилсаг, хамт олон дундаа нэр хүндтэй, тусч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-50/

Гэрч Б.Н-н “ Б нь манай нөхөр, Т нь манай хадам аав. Манай хадам аав Т нас бараад 6 жил болж байна. Б нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 123 тоот амьдардаг. Б бид 2 албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, 2007 оноос танилцаад хамт амьдрах болсон. Дундаасаа 3 хүүхэдтэй. Зан байдлын хувьд дөлгөөн, төлөв даруу, олон долоон үггүй, дуу цөөнтэй, томоотой, ажилсаг, тусч, хүнтэй эвтэй, зөв боловсон харьцдаг, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52/

Шинжээч эмч М.Баттүвшингийн “ С.Б-н нарийн гэдэсний урагдал шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд шинэ гэмтэл байсан. С.Б-н өгсөн мэдүүлэгт дурдагдсан цаг хугацаанд үүссэн байх боломжгүй. Учир нь гэдэсний урагдлын үед гэдэсний агууламж хэвлийн хөндийд асгарснаас гялтангийн үрэвсэл явагддаг, тухайн үрэвсэл нь богино хугацаанд буюу тухайн гэмтлийг авсан үед өвдөлт өгдөг. Хүн дээрх гэмтлийг авснаас хойш 1 сар орчмын хугацаанд зүгээр байх боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55/

     Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022.01.07-ны 36 дугаартай “С.Б-н биед нарийн гэдэсний урагдсан шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Нарийн гэдэсний урагдсан шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Эмнэлгийн бичиг баримтаар 2021.12.31-2022.01.01-нд  шилжих шөнө үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн  58-59/

     Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

     2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/

        Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

       

        Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч С.Б нь хэвлийн тус газар өвдөлт өгсөн гэх  өгүүлэлтэйгээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Гурвансайхан сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад мөн өдрийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Нэгдсэн  эмнэлэгт хүргэгдэн ирж улмаар нарийн гэдэсний урагдсан шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх гэсэн оноштойгоор хагалгаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

 

        Хохирогч С.Б-н эрүүл мэндэд учирсан нарийн гэдэсний урагдсан шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх” гэмтлийг шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг, Чингийн 5-5 тоотод айлд хэвтэж байхад нь гэдсэн тус газар нь дэвсэж учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

        Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчим Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг, Чингийн 5-5 тоотод хохирогч С.Б-г хэвтэж байхад нь гэдсэн тус газар нь хөлөөрөө нэг удаа дэвсэж хэвлийн тус газар дэвсэж түүний эрүүл мэндэд “нарийн гэдэсний урагдсан шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан  болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

        Шүүгдэгч *******-н хохирогч С.Б гэдсэн тус газар нь дэвсэж эрүүл мэндэд нь “нарийн гэдэсний урагдсан шарх, цутгалан гэдэсний чацархайд язарсан шарх” бүхий хүнд зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

        Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

       

        Уг гэмт хэрэг гарахад хохирогч С.Б-н зүй бус үйлдэл буюу бусдыг илт өдөөн хатгасан, агсан тавьсан үйлдэл нөлөөлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

        Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд прокурор 2022.05.26-ны өдрийн 01 дугаартай “яллагдагчид оногдуулах ялын санал” -ыг ирүүлжээ.

        Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байх тул  прокурорын  саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
       
 
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

        Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1.Шүүгдэгч ............. овогт *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............. овогт *******-д 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

        4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

        5.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

        6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч С.Б нь өөрт учирсан эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

        7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХБАТ