Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга: Б. Цэрэнбат      

Улсын яллагч М.Мөнхсүрэн

Хохирогч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам

Иргэний нэхэмжлэгч Н.Б

Иргэний хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,

           Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000570058 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............ өдөр төрсөн, .......... настай, ам бүл ............... .............. түр оршин суух, *******

 

          Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр УАЗ-220695 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа бут мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.О-н биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл, Д.Н-н биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл,  мөн Б.Г-н биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй болон их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “согтуурсан, мансуурсан үедээ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 03 сарын 09-нд Говь-Угтаал сум руу өглөө 06 цагт явсан. Замдаа сумаас 4-5 км зайд осол гарсан. Тэр үед хүчтэй яваагүй, халтиргаанд гулсаад бутан дээгүүр харайсан. Ер нь бол шил шороонд цохигдож харагдахгүй болсон байсан. Дугуйгаа солих талаар хэлж байсан боловч сольж өгөөгүй байсан. Хохирогч нарт учирсан хохирлыг төлнө” гэв.

 

     Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 1981 онд Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн. Үүнээс хойш 41 жил аймагтаа хүүхдийн эмчээр ажиллаж байгаа. Сүүлийн 30 жилд хүүхдийн сэхээн амьдруулах эмч, зөвлөх эмч, хүүхдийн ерөнхий эмч хийсэн. 2004 онд хүүхдийн өвчний цогц менежментийн сургагч багшаар бэлтгэгдсэн. Сум, өрх, нарийн мэргэжлийн эмч нарт сургалт явуулж 200 гаруй эмч нар сургалтад хамрагдаж байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд корона гарсан учраас сургалт завсарласан. 2 сарын сүүлээр Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Н “энэ сургалтыг сүүлийн үед төгссөн эмч нарт хийхгүй бол болохгүй байна, хүүхдийн яаралтай тусламжийн асуудал доголдож байна гэсэн асуудлыг надад тавьсан. Тэгээд би сургалтыг зөвшөөрсөн ба Хулд, Дэрэн суманд бүсчилж хийнэ гэсэн боловч дараа нь Говь-Угтаал, Эрдэнэдалай суманд хийхээр батлагдлаа гэж танилцуулсан. Ингээд бид  03 дугаар сарын 09-ний өдрийн 06 цагт явна гэж товлосон. Машин 6 цаг 30 минутын үед ирэхээр нь “яасан бэ” гэсэн чинь “гэрэл асахгүй байхаар нь гэрлээ янзалж байгаад ирлээ” гэсэн. Биднийг явж байх замд машины шил юм харагдахгүй хэцүү байсан. Би тоос дарсан гэж бодоод “шилээ арчаач” гэтэл “арчих юм байхгүй” гэсэн. Үзэгдэх орчин арай дээрдтэл хэд ч донсолсон мэдэхгүй, би урд шил 2 мөргөснөө санаж байна. Би нэг гараараа зуураад савагдаад байсан. Би хэсэг ухаан алдсан юм шиг байгаа юм. Нэг сэрэхэд бөгсөн бие хөндүүртэй, хөдөлж болохгүй байсан. Тэгээд Говь-Угтаал сумын түргэнийг дуудаж, хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэгдсэн. Ингээд гэмтэл согог судлалын үндэсний төвд очиход 2 сэрт зөрөөгүй хугарсан, 1 бяцарсан хугаралтай байсан. Би толгойгоо даахгүй соруулаар хооллодог байсан. Бяцарсан хугарал нугас дараад доод мөч маш их өвдөлттэй, хөдлөх боломжгүй болсон. Хагалгаанд ороод бяцарсан хугарлыг түүгээд 6 шрүпээр дээд нуруунд, 2 шрүпээр доод нуруунд бэхэлгээ хийлгэж, бүтэн 2 сар хэвтэрт байсан. Одоо бүсэндээ дасаж байна, 3 сарын дараа ирээрэй гэсэн, би 6 сарын 15-нд цаг авсан. Би одоо ч хүний асаргаанд байгаа.  Тэгш талбайд алхдаг, дээшээ доошоо талбайд алхаж  чадахгүй байгаа. 3 сарын хугацаанд нурууны булчин ажиллахгүй байсан учраас суларсан, намайг 6-7 сар болж байж явдаг болно гэсэн. Бүс авахаар нурууны суултын шинж тэмдэг мэдрэгддэг, цаашдаа энэ байдал засрахгүй бол Солонгосын нуруу нугасны мэс заслын эмнэлэгт үзүүлэхээр судалж байгаа. Нурууны хувьд дахиж хэзээ ч сэргэхгүйгээр эрүүл мэндээ алдсан, хичнээн эмчилгээ хийлгэсэн ч гэсэн эхээс төрсөн ясан нуруу шигээ  байхгүй болсон. Зовхи хөхөрсөн байсан ч амь нуруунд байсан учраас зовхио эмчилж чадаагүй. Өвчин намдаалд холдоод ирэхээр толгой өвддөг. Эрүүл мэндийн хувьд бүрэн алдсандаа харамсаж байна. Заримдаа босож чадахгүй болохоор гутардаг, бүсгүйгээр өндийж, босож чаддаггүй. Эдийн засгийн хувьд мөн их хохирч байна. Би ажлаа хийгээд явж байсан. 5 сар ажлаа хийж чадахгүй байдалтай байна. Өөрийгөө өөрчилж чадах эсэхэд асуудал төвлөрч байна. Эрүүл мэндийн тал дээр гарсан хохирол одоо 1.089.927 төлөгдөөгүй байгааг нэхэмжилнэ. 5 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 31.000.000 төгрөг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн газрын хүсэлтээр эрүүл мэндийн газрын ажлыг хийж явсан. Гэтэл эрүүл мэндийн газар намайг золиосонд хаясанд гомдолтой байна. Намайг гэмтэлд эргэж харж чадахгүй байхад манай сахиур Эрүүл мэндийн газраас хүн ирлээ гэж хэлсэн. 300.000 төгрөг өгсөн байсан, би баярласан, гэхдээ хэн өгсөн, хэдэн хүн өгснийг мэдээгүй. Түүнээс хойш эргэж холбоо бариагүй.

            Би энэ байгууллагад 41 жил үсээ цагаан болтол, ясаа цайтал ажилласан. Би коронагийн үед халдвартад байсан 3 хүүхдийг, төрөхөд 5-6 хүүхэд очиж үзсэн.  Хүмүүстэй адилхан тэтгэвэрт гарсан гэж бодоогүй. Би 1981 онд өргөсөн тангарагаа надтай хамт дуусах байх гэж боддог. Ямар ч сайн хүн байсан нас барахад тэр хүнтэй мэдлэг чадвар нь дуусдаг. Гэтэл ажлаа хийж байгаад гэмтсэн байхад яагаад намайг орхиж байгаа юм бэ. Тиймээс эрүүл мэндийн газарт гомдолтой байна, хариуцлага хүлээнэ гэж бодож байна. Миний эрүүл мэндийг сэргээж чадахгүй ч эмчилгээ хийлгэхэд тусална гэж бодож байна”  гэв.

 

        Иргэний нэхэмжлэгч Б-н “Би Эрүүл мэндийн газрын өмч хамгааллын дарга. Эрүүл мэндийн газрын авто машинд учирсан хохирлыг төлүүлэхээр оролцож байна. Машинд урд шил хагарсан. Жолооч автомашинд учирсан хохирлыг өөрөө төлж, хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”  гэв.

 

            Иргэний хариуцагч Б.А-н “ 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Говь-Угтаал суманд Эрүүл мэндийн газраас тус сургалтыг зохион байгуулахаар Г эмчтэй баг явсан. Миний хувьд жолоочдоо мэдээллийг өгсөн. Үүний үндсэн дээр ажлын хэсэг Эрүүл мэндийн хэлтсийн Н эмчээр ахлуулж, томилолтоор өглөө гарсан. Надад өглөө 09 цагт мэдээлэл өгсний дагуу нэгдсэн эмнэлгийн гэмтлийн багийг дуудсан гэсэн чиглэл өгсөн. Н эмч болон жолоочоос  мэдээллийг сонсож, авто ослын мэдээллийг замын цагдаагийн хэлтэс, тус сумын цагдаад мэдээллийг хүргэсэн. Энэ осолтой холбоотойгоор тухайн ажлыг хариуцсан Н эмчээс мэдээлэл авч байсан. Тэр өдөр Г эмчийг хүнд гэмтэл авсан учраас хот руу тээвэрлэх мэдээллийг сонсож, тухайн үед сумын төв дээр гэмтлийг баг ажиллаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Манай байгууллага шүүхийн шатанд иргэний хариуцагчаар татагдсан. Г эмч орон нутагтаа 40 гаруй жил, бүхий л амьдралын турш ажиллаж, мэдлэг чадвараа залуу эмч нарт зөвлөж, тусалж,  ковидын үед саад тотгоргүй ажиллаж байсныг бид сайн мэднэ. Бид байнга мэдээлэл авч байсан. Г эмчийн нэхэмжилсэн нөхөн сэргээх эмчилгээний зардлыг гаргахаа илэрхийлж байна. Бидний зүгээс олох ёстой байсан орлогыг төлнө гэдэг боломжгүй. Эмчийнхээ цаашид хийлгэх эмчилгээний зардлыг дэмжиж тусалж, нөхөн төлөхөд бэлэн байна” гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Д.Н-н “Би эмчилгээний зардал болох баримтуудын дагуу хохирлоо нөхөн төлүүлнэ. Нийт 329.900 төгрөг нэхэмжилж хохирлоо барагдуулмаар байна. Одоогоор хохирол барагдуулж өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

 

            Гэрч Б.Б-н “Манай ажлын нийт 6 эмч нар Говь-Угтаал сум руу албан ажлаар явсан. Г эмч пургоны урд талын суудал дээр бусад 5 эмч нар арын суудал дээр сууцгаасан. Говь-Угтаал сум руу орохоос 4-5 км-ын зайд ирж байтал гэнэт донслоод, жолооч замаасаа гараад бут мөргөөд зогссон. Урд сууж байсан Г эмч нилээн савлаад, савж унаад байгаа харагдсан. Тэгээд Г эмчийн нуруу нь хөдөлж чадахгүй болоод өмдөндөө шээсэн байсан. Ард сууж байсан бид нар бас бие биедээ бага зэргийн гэмтлүүд авсан байсан. Жолооч суудлын бүс зүүгээгүй байсан. Хэдэн км/цагийн хурдтай явсныг нь хараагүй. Нэлээн ширүүн огцом донслоод яваад байсан. Жолооч эрүүл байсан байх, архи дарс уусан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 

            Гэрч Д.О-н “Өглөө 6 цаг өнгөрч байхад манай эмч нар жолоочтойгоо нийт долуулаа Говь-Угтаал сум руу албаны сургалтад явсан. Г эмч пургон машины урд талын суудалд, үлдсэн 5 эмч нар нь арын суудалд сууцгаасан. Тэгээд сум руу орох дөхөж байхад гэнэт машин хүчтэй донслоод бид нар нэлээн хүчтэй сэгсрүүлсэн. Ер нь бол 4-5 удаа маш хүчтэй донсолсон. Нэг мэдсэн том бутны дээр тээглээд зогссон байсан. Миний гар нэлээн хөндүүр болоод толгойгоороо хажуу талын цонх бас ард сууж байсан хүмүүсийг нэлээн хэд мөргөсөн. Жолооч замаас гарч бутан дээгүүр яваад л хүчтэй донсолсон. Миний толгой маш их доргисон байсан. Баруун гарын бугуйны зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж оношилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34/

 

          Гэрч Ж.Ц-н “Эрүүл мэндийн газрын нийт 6 эмч нар Говь-Угтаал сум руу сургалт зохион байгуулахаар явсан. Аймгийн төвөөс 06 цаг өнгөрч байхад гарсан. Манай жолоочоор Б гэдэг ах явсан. Бид нар пургон машинаар явсан. Пургоны урд талын суудал дээр Г эмч суугаад үлдсэн 5 эмч нар нь арын суудал дээр сууцгааж явсан. Говь-Угтаал сум руу орж байхад өглөө 09 цаг дөхөж байсан. Тэгтэл гэнэт хүчтэй донслоод нэг бутан дээгүүр гараад машин зогссон. Зам нь нилээн дэгэн догонтой халтиргаатай ч гэхээр юм уу зам байсан. Тэгээд л донслоод жолооч хурдаа хасаж амжаагүй болов уу гэмээр л гэнэт том бутан дээр тээглээд зогссон. Бүгд нилээн сэгсчүүлээд “юу болов, яав ийв” болоод машинаас бууцгаасан.  Суудлын бүсийг бол бүгд зүүгээгүй байсан. Би хаалганы хажуу талын бариулаас барьсан явж байсан. Жолоочийн явж байсан км/цагийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

Гэрч Б.Н-н “2022.03.09-ны өглөө 06 цаг өнгөрч байхад ажлынхаа 5 эмчийн хамт жолоочтойгоо нийлээд 7-уулаа Говь-Угтаал сум  руу бүсчилсэн сургалтад явсан.  Сум руу орохоос 4-5 км-ийн зайд байх, гэнэт хүчтэй донслоод жолооч хурдаа бага зэрэг хасаад замын хажуу тал руу том дэрсэн дээгүүр гараад зогсчихсон. Машин нэлээн л хүчтэй донсолж байсан. Тэр хүчтэй донсолгоонд урд сууж явсан Г эмч л суудал дээрээ ойж буугаад байгаа харагдсан. Машин зогссоны дараа Г эмчийн нуруу хөдөлж чадахгүй, өмдөндөө шээсэн байдалтай дээш харж хэвтсэн байдалтай байсан. Жолооч суудлын хамгаалах бүс зүүгээгүй байсан. Ард сууж явсан болохоор жолоочийн км/цагийг хараагүй. Манай жолооч эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай “Б.О-н биед тархи доргилт, хүзүү, бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой Б.О-н биед үүссэн тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, хүзүү, бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 46-47/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаартай “ Б.Б-н биед зүүн шилбэнд цус хуралт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 99 дугаартай “Д.Н-н биед тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Н-н биед үүссэн тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 61-62/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4438 дугаартай “Б.Гийн биед бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй болон их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 71-73/

 

Шинжээч Ц.Н-н “Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12 3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жолооч ******* нь дээрх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй. Асуултад дурдаагүй боловч шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 78/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1731 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б” гэж хаягласан цусанд 0.9 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0.9 промилл спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 91-92/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-12/

Хөрөнгө эстимент ХХК-ний хохирлын үнэлгээний тайлангийн хавсралтад “УАЗ-2206 552ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн нийт шууд зардлын дүн-200.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон  дүн-235.000 төгрөг” гэжээ /хх-ийн 82/

Хохирлын баримтууд /хх-ийн 122-124, 127-153/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Дээрх баримтуудаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр УАЗ-220695 маркийн 5552 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бут мөргөсөн зам тээврийн осол гарсан болох нь нотлогдож байна.

Уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Огийн биед “тархи доргилт, хүзүү, бугуй орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл, Д.Н-н биед “тархи доргилт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхийн хөнгөн гэмтэл, Б.Г-н биед “бүсэлхийн нэгдүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн зөрүүгүй болон их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун чамархайд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан  болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96,  99 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4438 дугаартай дүгнэлт  зэргээр тогтоогдож байна.

 

Уг зам тээврийн осолд өртсөн УАЗ-220695 маркийн 5552 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч ******* жолоодож явсан болох нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч иргэний хариуцагч нарын мэдүүлгээр, зам тээврийн осол жолооч *******-н Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг, мөн дүрмийн 12 3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас гарсан болох нь шинжээч Ц.Н-н 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******-н Монгол Улсын Замын хөдөлгөөний холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж, Эрүүгийн  хуулийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн  зүйлчлэл тохирсон байна.  Учир нь: Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-н 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “шалгаж тогтоох үйл ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн цуснаас 0.9 промиль спирт илэрсэн болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1731 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

          Иймд шүүгдэгч *******-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн  хуулийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг зүйл хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

         

          Хохирогч Б.Г-с эмчилгээ эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал 3.039.927 төгрөг, олох ёстой байсан 5 сарын орлого 31.000.000 төгрөг буюу нийт 34.039.927 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Ноос эрүүл мэндтэй холбогдон гарсан зардал 1.482.024 төгрөгийн баримтыг ирүүлж, хохирол нэхэмжилжээ.

 

          Хохирогч Б.Г-с гаргаж өгсөн 3.039.927 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Ноос гаргаж өгсөн 1.400.000 төгрөгийн баримтууд нь  хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эмчилгээ үйлчилгээ, асарч сувилахтай холбогдон гарсан, нотлох баримтын шаардлага хангасан баримт байна. Гэвч шүүгдэгч ******* нь  хохирогч Б.Г-д шүүгдэгч 1.650.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Н-д 330.000 төгрөгийг,  Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар хохирогч Б.Г-д 300.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул хасаж тооцоход хохирогч Б.Гийн эрүүл мэндтэй холбогдон гарсан 1.089.927 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Н-н эрүүл мэндтэй холбогдон гарсан 1.070.000 төгрөгийн хохирлыг буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна.

          Мөн хохирогч Б.Г нь өөрийн олох ёстой байсан 5 сарын орлого 31.000.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн ба хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзээд 2 сарын олох ёстой байсан орлого 12.400.000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна  гэж үзлээ. Учир нь: Хохирогч Б.Г-с гаргаж өгсөн ХААН банкны 5450583560 дугаарын дансны 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг судалж үзэхэд түүний дансанд сард 7.990.320 - 20.777.061  төгрөгийн орлого орж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүний сарын олох ёстой орлогоо 6.200.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

          Иргэний хариуцагчийн өмгөөлөгч “хохирогчоос гаргаж өгсөн хүүхдийн үзлэгийн бүртгэл, болон дансанд  орлогоор орсон 20.000, 45.000 төгрөгийн орлогуудаар хохирогчийг сард тогтмол 6.200.000 төгрөгийн орлого олдог гэдэг нь нотлогдохгүй байна” гэсэн тайлбарыг гаргаж байна.  Гэвч хохирогч Б.Г нь “Оточжой” хүүхдийн хувийн эмнэлэг ажиллуулдаг болох нь түүний мэдүүлэг, Дундговь аймгийн  Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/14 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “анхан шатны эрүүл мэндийн байгууллагын  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалтын удирдамж, хөтөлбөр зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Г-н  сар дутам олж байгаа орлогыг хохирогч Б.Г олоогүй гэж үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

          Хохирогч Б.Г нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болсон ослын улмаас гэмтэл авч Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хагалгаанд орсон, эмнэлгээс гарах үед “идэвхтэй хөдөлгөөнийг 2 сарын хугацаанд хязгаарлах” талаар түүний амбулаториор эмчлүүлэгчийн картанд эмч зөвлөж бичсэн байх тул түүний олох ёстой байсан 2 сарын орлогыг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзсэн бөгөөд үлдсэн 3 сарын хугацаанд ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогчийн 3 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 18.600.000 төгрөг гаргуулах тухай хэсгийг, иргэний нэхэмжлэгч Д.Н-н гаргаж өгсөн шатахууны  82024 төгрөгийн баримт нь ямар зориулалтаар зарцуулагдсан болох нь тодорхойгүй байх тул 82024 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

          Хохирогч иргэний нэхэмжлэгч нар нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

          Иймд шүүхээс хохирогч Б.Гийн эмчилгээ үйлчилгээ, асарч сувилахтай холбоотой  гарсан зардал 1.089.927 төгрөгийн, 2 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 12.400.000 төгрөгийн буюу нийт 13.489.927 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Нын эмчилгээ үйлчилгээтэй холбогдон гарсан зардал 1.070.000 төгрөгийн хохирлыг тус тус буруутай этгээдээс гаргуулж олгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

          Шүүгдэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт  жолоочоор ажиллаж байсан, албан үүргээ гүйцэтгэж явах үедээ зам тээврийн осол гаргасан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”,оролцогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заажээ.

          Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн 14.559.927 төгрөгийг шүүгдэгчийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байгууллага болох иргэний хариуцагчаар оролцож байгаа Дундговь аймгийн  Эрүүл мэндийн газраас гаргуулан хохирогч Б.Г-д 13.489.927 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Нод 1.070.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг дурдав.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч ............. овогт *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас  осол гарган 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ......... овогт *******-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 6 сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахыг хориглох, хязгаарлалт тогтоосугай.

          4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Г-д шүүгдэгч ******* 1.650.000 төгрөг, Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 300.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Нод шүүгдэгч ******* 330.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас 14.559.927 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Г-д 13.489.927 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Нод 1.070.000 төгрөгийг тус тус олгосугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г-н нэхэмжилсэн 18.600.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Н-н нэхэмжилсэн 82024 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ