Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 8 дугаар байрны 212 тоотод оршин суух, Хонгор овогт Ялалтын Буянтогтох, /РД:ХЕ83062867/-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 264 тоотод оршин суух, Цэрэн овогт Зинамидарын Энхбаатар, /РД:ЦА81090619/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Буянтогтох, хариуцагч З.Энхбаатар, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Буянтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Энхбаатар бид хоёр 2009 онд гэр бүл болж, хамтран амьдарсан. 2015 оноос З.Энхбаатар архид орж, гэртээ агсам согтуу тавьж, амар тайван амьдрах боломжгүй болсон. Бид 2 муудалцаж, 2016 онд эвлэрэх гэсэн боловч бүтээгүй. 2016 оноос хойш би 2 хүүхдээ авч тусдаа амьдарч байна. З.Энхбаатар өөр хүнтэй амьдрал зохиож байгаа юм байна лээ. Би ч гэсэн тусдаа амьдрал зохиож байгаа учраас бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З.Энхбаатар шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2015 оноос хойш би архи уудаг болсон. 2016 онд эвлэрэх гэсэн боловч бүтээгүй. Би тусдаа амьдрал зохиосон. Одоо нэхэмжлэгтэй хамт амьдрах боломжгүй. Бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

       ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Буянтогтох нь хариуцагч З.Энхбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

З.Энхбаатар, Я.Буянтогтох нар 2009 оны 02 дугаар сарын 04-ны өдөр 325 дугаар батламжаар хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, гэр бүл болж, тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Содбилэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүү Э.Ананд нар төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт болон зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрхээс татгалзсан байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчид 2016 оны 12 дугаар сараас хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч, маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Содбилэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Ананд нар нь эх Я.Буянтогтохтой хамт амьдарч байх бөгөөд түүний асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Содбилэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Ананд нарыг эх Я.Буянтогтохын асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Хонгор овогт Ялалтын Буянтогтох, /РД:ХЕ83062867/, Цэрэн овогт Зинамидарын Энхбаатар, /РД:ЦА81090619/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Содбилэг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Ананд нарыг эх Я.Буянтогтохын асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Энхбаярт даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.Буянтогтоход олгосугай.

 

7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  

   ДАРГАЛАГЧ  Г.СОЛОНГО