| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0092/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/88 |
| Огноо | 2022-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхсүрэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Мөнхсүрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000000060 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ................. төрсөн, ......... настай, ам бүл ............, ...................... оршин суух *******.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 18-17 тоотод Ш.Б-г угаалгын машин руу шээсэн гэх шалтгаанаар хэвлийн зүүн доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай гэрт Т/үүжий/, Т, Т, кран Г бид нар 2 шил хараа архи хувааж уусан. Тэгтэл орой 20 цагийн орчимд Б нэг найзаараа хүргүүлээд, нилээд халамцуу, 1 шил 0.75 литрийн архитай ирсэн. Тэгээд тэр архийг нь хувааж ууж дуусаад Б, Т-г дагуулан манайхаас гараад явсан. Б, Т нарыг явсны дараа кран Г гэр лүүгээ харилаа гээд яваад өгсөн. Ингээд манай гэрт Т, Т бид гурав үлдсэн. Үүнээс хойш 1 цаг орчмын дараа Б, Т хоёр 1 шил 0.75 литрийн архитай ирээд тэр архийг нь бид нар хувааж ууж дуусгасан. Тэгээд Б манай гэрт унтана гээд хувцас хунараа тайлаад гэрийн баруун талын орон дээр унтсан. Би гэрийнхээ зүүн орон дээр унтсан. Т болохоор Б-н орны доор, Т ах болохоор миний унтаж байсан орны доор, Тад гудас болон нөмрөх юм хүрэлцэхгүй байсан болохоор миний өвөрт ороод хэвтсэн. Тэгээд шөнө 02 цаг болж байсан болов уу миний нойр хүрэхгүй байж байсан. Тэгтэл Б ор шажигнуулаад орноос босож байгаа бололтой байсан. Тэгээд би гэрэл асаагаад хартал Б орны доод хэсэгт байдаг угаалгын машин руу гудамжинд байгаа юм шиг шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь би орны урд байдаг ширээн дээр байсан хар өнгийн иштэй эвхэгддэг хутгаа бариад Б руу очоод болиоч гэж хэлсэн. Тэр чимээнээр Т сэрсэн. Тийн гутал нь угаалгын машины урд байсан юм. Тэгээд Т гутлаа автал гутлан дотор нь шээсэн байсан. Тэгээд Т “гутланд шээчихэж” гээд гэрээс гутлаа аваад гарсан. Тэгээд би Б-г “яаж байгаа юм” гэсэн чинь өөдөөс бас зүгээр байхгүй ганц нэг үг хэлээд байсан. Тэгэхээр нь би хутганы үзүүр хэсгийг гараараа атгаад гарнаасаа 1 см илүү гаргаад айлгах санаатай Быг хэвлийн зүүн хэсэг орчимд нь хатгасан. Энэ чимээнээр Т босч ирсэн. Мөн гаднаас Т ч орж ирсэн. Ингээд би хутгаа буцааж эвхээд, миний орны хөлд байдаг гал тогооны шүүгээндээ хийчихээд унтаад өгсөн. Тэгтэл Т түргэн дуудсан байсан. Түргэний эмч болохоор цагдаад дуудлага өгсөн байсан. Б бид хоёр найзуудын харилцаатай. Багаасаа найзалдаг байсан юм. Найзлаад 20 орчим жил болж байна. Бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед Б бид хоёр муудалцсан асуудал байхгүй, гэрт шээчихээр нь би архиныхаа халуунд айлгах гээд хутганыхаа үзүүрээр хатгачихсан юм. Унтаж байгаад босоод гэрт шээчихсэн. Согтуу байсан болохоороо гадаа байна гэж бодсон юм уу, яасан юм, согтуугийн л гай байх...” гэх мэдүүлэг /хх56-57/
Хохирогч Ш.Б-н “Өчигдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мал хайхаар гэрээс гарсан. Сая болсон шуурганаар манай мал шуурганд уруудчихсан юм. Тэгээд Луус сумаас хойш Зүлэгтий гэх газарт Хөеө хочтой Хүрэл гэдэг айлд очиж малаа сураглаад, тэдний гэрт тал шил архи уусан. Хүрэл ах архи уудаггүй хүн болохоор би ганцаараа уусан. Тэгээд халуураад би аймаг ороод найз Эгийн гэр болох Боржигоны 18-17 тоотод 18 цагийн үед очсон. Би цагаан сараас хойш архи уухгүй явж байгаад өчигдөр л ууж байгаа юм. Тэгээд уусан бага зэрэг архиндаа халуураад л Э-нд оччихсон юм. Э-н гэрт очиход Э, Т /Үүжий/, Хуягаа, Т, кран хочит Г нар байсан бөгөөд би гаднаас 2 шил 0.75 литрийн хараа, соёрхол нэртэй архи барьж орсон. Тэгээд бид нар уг архийг хувааж уугаад юм ярьцгаагаад суусан. Кран хочит Г тэгж байгаад явчихсан шиг санагдаж байна. Ингээд би Эгийнд хононо гээд хувцас хунараа тайлаад гэрийнх нь баруун орон дээр нь сууж байсан. Тэгээд нэлээд согтоод юу болсныг санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд эмнэлэг дээр ухаан орсон бөгөөд эмнэлгээс өглөө гараад Эгийн гэрт очиход гэрт нь Т ах байж байсан. Тэгэхэд Т ах “өчигдөр Э та хоёр муудалцаад, Э чамайг хутгалсан, цагдаа ирээд Эг аваад явсан, чи хааччихсан юм бэ” гэж асууж байсан. Уг нь Э бид хоёр ам муруйж байгаагүй бөгөөд би өөрөө архи уучихаад олон юм ярьж, хүний дургүй хүргэж, хүнд хутгалуулсан юм шиг байна. Ямар шалтгааны улмаас ямар хутгаар хутгалж гэмтээсэн талаар санахгүй байна. Миний зүүн бөөрний орчимд бага зэрэг хатгагдсан шархтай байна. Ямар нэгэн зовиургүй л байна. Эмнэлэгт үзүүлэхэд нэвтэрсэн шарх байхгүй гайгүй гэж хэлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч М.Т-н “...Тэгээд авсан архиа хувааж уугаад бүгд унтахаар болсон. Б болохоор хувцас хунараа тайлаад баруун орон дээр нь унтсан. Э болохоор гэрийнхээ зүүн орон дээр, Т болохоор зүүн орны урд хэсэгт, би баруун орны урд Т гэрийн зүүн хэсэгт унтахаар болоод хэвтсэн. Тэгээд намайг унтаж байтал Э “пязда чинь гэрт шээчихлээ” гээд баруун орон дээр Б-тай түчигнэлдээд явсан. Энэ чимээнээр нь би сэрсэн. Тухайн үед гэрэл унтраастай байсан болохоор би юу болсныг харж чадаагүй Тэгээд би гарч шээхээр босоод гутлаа өмссөн чинь Б миний гутал дотор шээчихсэн байсан. Э болохоор “муу пязда, гэрт шээгээд” гээд харааж байсан. Ингээд би гэрээс гараад зүүн гутал доторх шээсийг асгаж, өөрөө нэг бие засчхаад буцаад ороход гэрэл асаачихсан байсан. Тэгээд би дээлээ нөмрөөд хэвтээд өгтөл Т “түргэн дуудъя, Б-н гэдэснээс нь цус гараад байна” гэж хэлсэн. Т түргэн дуудсан. Тэгээд удаагүй цагдаа нар хүрч ирээд Э, Т бид гурвыг авч явсан. Ийм л асуудал болсон. Б тухайн үед нэлээд согтолттой байсан. Эрүүл байсан бол юу гэж айлд болон миний гутал дотор шээж байхав, нилээд согтсон байсан. Б-н биед Э гэмтэл учруулсан. Харин би юугаар гэмтээсэн бэ гэдгийг нь харж чадаагүй. Гэрэл унтраастай байсан. Б өөрөө ч Э биед нь гэмтэл учруулсан гэдгийг мэдэж байх ёстой. Нуугаад хэлэхгүй байж магадгүй. Тэрнээс зүгээр байж байгаад тэр хоёрыг түчигнэлдээд байсны дараа гэдэснээс цус гарна гэж юу байхав. Э л гэрт шээлээ гэж уурлаад гэдсийг нь зүссэн байх. Толгой чанасан байх үед хар өнгийн иштэй хутга байсан. Тэр хутга эвхэгддэг эсэхийг нь анзаарч хараагүй. Э мөн адил нэлээд согтсон байсан. Гэхдээ тийм ч их уухгүй байгаад байсан. Ганц нэг өнжиж архинаас татаж байсан. Миний баруун нүдэнд учирсан гэмтэл одоогоос 2-3 хоногийн өмнөх гэмтэл байгаа юм. Халтираад хашааны хаалга мөргөөд зулгалчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Д.Т-н “...Бид нар унтацгаах гэж байтал Б, Тийн гутал руу шээсэн юм. Тухайн үед Б гэрийн баруун талын орон дээр байсан, Э, Г хоёр гэрийн хоймор хэсэгт шатар тоглоод байж байсан юм. Тэгтэл Э уурлаж “пизда чинь орон гэрт шээгээд, дарлаад байгаа юм уу” гэхэд Б өөдөөс нь хэрэлдээд байсан юм. Би гэрээс гарч бие засчхаад буцаад ороод иртэл Б-н гэдэсний баруун хэсгээс цус гарсан байсан. Би яасан, юу болсон талаар асуухад Т “Э шаасан” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өөрийн утсаар түргэн рүү залгаад “энд хүн хутгалуулаад, цус алдаад байна, түргэн ир” гэж хэлсэн юм. Тэгэхэд Б эмнэлэг явахгүй гэж хэлсэн ба би байн, байн түргэн рүү залгасан юм. Тэгээд түргэн ирээд Быг авч явсан. Орон гэрт шээлээ, дарлалаа гээд хутгалсан байх. Би нойл орчихоод буцаад ороод ирэхэд л тийм зүйл болсон байсан. Би ямар хутгаар хутгалсан гэдгийг мэдэхгүй байна. Мөн хутгийг нь хаана байгааг мэдэхгүй. Э, Б хоёр хоорондоо найзууд байгаа юм. Ямар нэгэн асуудал байхгүй. Бид нар тухайн үед архи уусан байсан ба ер нь бүгд л дунд зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Г.Г-н “...Э зүүн орон дээр, Б баруун орон дээр, бусад нь газраар унтаж байсан. Тэгтэл гэнэт Э гэрэл асаагаад “пязда чинь айл доромжилж байгаа юм шиг гэрт шээлээ” гээд уурласан. Тэгтэл Б угаалгын машин, угаалтуур орчим луу нь шээгээд зогсож байсан. Тэгээд Э Б руу хар өнгийн иштэй хутга барьчихсан явж очоод хэвлийн зүүн тал руу нь хатгачихсан. Тухайн үед би Э-г хутга хаанаас аваад хатгасныг нь бол анзаараагүй. Тэгтэл Б цагдаа сэргийлэх дуудаж яах юм гэхэд Т “цус алдаад байна” гээд эмнэлэг дуудсан. Эмнэлгийнхэн цагдаад дуудлага өгсөн байсан. Э, Б хоёр согтуу байсан. Бид нар ерөнхийдөө бүгдээрээ л нэлээд согтсон байсан. Б гадаа байна гэж бодоод шээсэн байх. Б гэрт нь шээснээс болоод муудалцсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 117 тоот “Ш.Б-н биед хэвлийн зүүн доод хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон ир, ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ш.Б-н биед хэвлийн зүүн доод хэсэгт үүссэн шарх гэмтлийн улмаас цус хуралт гэмтэл нь үүссэн байна. Дээрх Ш.Б-н биед үүссэн хэвлийн зүүн доод хэсгийн шарх гэмтэл нь тогтоолд ирүүлсэн хар өнгийн эвхэгддэг хутгаар үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 25-27/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд “нийт 20.5 см урттай, ажлын хэсэг нь 8 см, бариул хэсэг нь 12.5 см урттай хар өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхгийг” эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 11/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 31-32/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ш.Б нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 18-17 тоотод байхдаа “хэвлийн зүүн доод хэсэгт шарх, цус хуралт” бүхий гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ш.Б-н эрүүл мэндэд учирсан хэвлийн зүүн доод хэсэгт шарх, цус хуралт гэмтэл нь ир үзүүртэй болон ир, ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч Ш.Б-н биед учирсан “хэвлийн зүүн доод хэсэгт шарх, цус хуралт ” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* хутгалах байдлаар учруулсан болох нь хохирогч гэрч М.Т, Д.Т, Г.ГанТ нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ш.Б-г гэрт шээлээ гэх шалтгаанаар хутгалж түүний эрүүл мэндэд “хэвлийн зүүн доод хэсэгт шарх, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Ш.Б-н айлын гэрт шээсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 30 хоногийн хорих ялаар сольж байсан болох нь хэргийн 65-90-рт авагдсан тогтоол, магадлал, захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан нийт 20.5 см урттай, ажлын хэсэг нь 8 см, бариул хэсэг нь 12.5 см урттай хар өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч .............. овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... овогт *******-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хар өнгийн иштэй эвхдэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ