| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 102/2018/01450/И |
| Дугаар | 1823 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1823
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 12 дугаар байрны 39 тоотод оршин суух, Боролдой овогт Онжилын Сайжмаа /РД: ХА41021804/-гийн нэхэмжлэлтэй
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Сайжмаа, прокурор Э.Одончимэг, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
Нэхэмжлэгч О.Сайжмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сайжмаа миний аав Онжил нь 1930 оны 04 дүгээр сард хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан боловч ялын төлөвлөгөө, таслан шийтгэх тогтоол байхгүй байна. Монгол Улсын ерөнхий прокурорын газар хэргийг хянаад 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/176 дугаар тогтоолоор хэлмэгдсэнд тооцсон болно. Иймд охин болох Онжилын Сайжмаа надад нөхөн олговорыг олгож өгнө үү гэв.
Прокурор Э.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онжил нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн талаар Монгол Улсын прокурорын тогтоол байгаа тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар О.Сайжмаад 500.000 төгрөгийн нөхөх олговорыг олгох нь зүйтэй байна гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баастын Онжилыг 1930 оны 4 дүгээр сард хувьсгалын эсэргүү бүлэгт элссэн гэх үндэслэлээр шалгасан боловч баривчилсан болон хорьсон тухай тогтоолгүй, холбогдогч нарын ямар хэрэгт холбогдон шалгагдаж байгаагаа огт мэдэхгүй байгаа тухай мэдүүлгээс өөр баримтгүй, улсын төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, ялын төлөвлөгөө болон таслан шийтгэх тогтоол байхгүй тул хилс хэрэгт холбогдуулан шалгасан гэж үзэн түүнийг хэлмэгдсэнд тооцсон Монгол Улсын ерөнхий прокурорын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/176 дугаар прокурорын тогтоол авагджээ. /хх-ийн 16 дугаар тал/
Мөн Тагнуулын ерөнхий газрын 2018.01.16-ны өдрийн 02/195 дугаар тусгай архивын албан тоотод Баастын Онжил нь Чандмань уулын аймгийн Чандмань уулсын хошуу, Жаргалант сумын харьяат, нас 21 /1930 оны байлоаар/, ард хар, ам бүл 4, эх Дэжид, хөрөнгийн хувь 1, гэр 1, Улаангомд бусдын ажил хийж амьдардаг, гишүүн бус, ял шийтгэлгүй, баригдахын өмнө сумандаа байсан. Б.Онжилыг 1930 оны 04 дүгээр сард хувьсгалын эсэргүү хэрэгт баривчилсан боловч ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн тогтоол байхгүй байна. Хэргийг хянаад Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 5/176 дугаар тогтоолоор хэлмэгдсэнд тооцжээ. Хэрэгт хөрөнгө хураасан баримт байхгүй байна гэжээ. /хх-ийн 14 дүгээр тал/
Уг баримтуудаар Б.Онжил нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн хоригдож байсан нь тогтоогдож байх бөгөөд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1-01/003748 тоот лавлагаа, 2018.01.22-ны өдрийн 03-2/153 тоот лавлагаа, 2018.05.17-ны өдрийн 03-1/1878 тоот лавлагаа зэрэг баримтаар О.Сайжмаа нь Б.Онжилын төрсөн охин болох нь тогтоогдож байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар Баастын Онжилд ногдох нөхөх олговорт 500.000 төгрөг гаргуулан түүний охин О.Сайжмаад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар Улаанбаатар хот Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын төрийн сангийн хэлтсээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Баастын Онжилд олгох нөхөх олговорт 500.000 төгрөг гаргуулж, түүний охин Онжилын Сайжмаа /РД: ХА41021804/-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2.-т зааснаар төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч О.Сайжмаагийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд төлсөн 70.200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО