| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0093/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/89 |
| Огноо | 2022-06-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Мөнхсүрэн |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/89
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Мөнхсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2222000670078 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................ төрсөн, ............. оршин суух, *******
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг “Түрүү” гэх газарт хохирогч Ж.Т-н нүд рүү өшиглөж биед нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...03 сарын 10-нд хороон дээрээ байж байтал Т ах сумын төв оръё гээд ороод буцах замдаа архи уугаад ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв
Хохирогч Ж.Т-н “Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед Дундговь аймгийн Дэрэн сумын 1-р багийн Түрүү гэдэг газрын хойд талд өөрийн эгчийн төрсөн хүү болох А болон түүний 4, 5 настай бага насны хоёр хүүхдийн хамт портер машинаар Дэрэн сумын төв орчихоод буцаад явж байсан юм. Ингээд буцаж явах замдаа 1 шил 0.5 литрийн ерөөл нэртэй архийг А-тай хувааж уусан. А машин жолоодож яваад шарвуулаад бутан дээр мордуулаад машин хөдлөхөө больчихсон юм. Тэгээд гаргах гэж үзээд болохгүй байсан бөгөөд А-г машинаас буусан байхад нь би түүнд хандаж “Банз авч ирээд доогуур нь хийгээд гаргая, тэгэхгүй бол гарахгүй" гэж хэлсэн. Тэгээд би газар сууж байхад А ирээд гэнэт хөлөөрөө миний нүүрэн хэсэгт нүд рүү нэг удаа өшиглөж, дээрээс дахиж цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна, тэгтэл миний баруун нүд юм харахаа больчихсон юм. Тэгээд би А-с зугатаад ахындаа очсон бөгөөд гэртээ хүргүүлсэн юм. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр А ирээд намайг аваад Дундговь аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай гэсэн бөгөөд 1-р эмнэлэгт үзүүлэхэд нүдний цөцгий гоожсон тул яаралтайгаар нүд авхуулах хагалгаанд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр орсон юм. Машинаа гаргаж чадахгүй байхаар нь би “банз авч ирээд хий” гэж хэлэхэд гэнэт уурлаад, намайг цохиод, нүд рүү өшиглөсөн гэж бодож байна. Тухайн үед А-тай маргалдсан өөр зүйл байгаагүй. А нь миний төрсөн эгч болох Н-н отгон хүү бөгөөд одоо Дундговь аймгийн Дэрэн суманд малчин хийдэг юм. А-н бага насны 4, 5 настай хүү, охин хоёр хажууд байсан “ гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Хохирогчийн дахин өгсөн “Би А-д “хороон дээрээс банз авч ирээд дугуйныхаа доор хий” гэж хэлсэн. Тэгсэн чинь урагшаа явах гэж байснаа эргэж ирээд намайг машины баруун урд хэсэгт, машинаас 3 алхам зайтай, хөндий сууж байсан чинь өшиглөсөн. Миний баруун нүд хэсэгт өшиглөсөн, тэгснээ толгой руу цохисон, хэд цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Би холдоод яваад өгсөн. Би бодохдоо банз авч ирээд машины доогуур хий гэж хэлсэн чинь уур нь хөдлөөд намайг өшиглөчихсөн гэж бодож байгаа. Тэрнээс маргалдсан зүйл байхгүй байсан юм. Надад ямар нэгэн хохирлын баримт гэж гаргаж өгөх зүйл байхгүй. А эмчилгээний төлбөр, гарсан зардал, бүх тооцоог нь хийж өгсөн. Би машинаас хөндий 3 алхам зайтай машины баруун урд сууж байсан, машины дугуйтай ойролцоо байгаагүй. Дугуй, хүн хоёрыг ялгах байх гэж бодож байна. Би өмнө нь 1 шил архи уусан байсан, дараа нь А-тай 0.5 литрийн архи хувааж уусан, А надтай 1 шил архи уухаасаа өмнө нь эрүүл байсан. Би тийм их согтуу биш байсан, А-г нэг их согтуу биш байсан гэж бодож байгаа. Жоохон ууртай, зүрхний боронктой хүн байгаа юм. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Б.А-н “...2022 оны 03 сарын дундуур Дэрэн сумын 1-р багт хөдөө гэртээ нөхөр, 3 хүүхдийн хамт байж байхад А шөнө 1 цагийн үед ирчхээд “Т ах олддоггүй ээ, би Т ахтай муудалцсан юм шиг байна” гэж хэлсэн. Нэг их согтуу биш, гайгүй байх шиг байсан. Тэгээд цай уучхаад гарсан. Маргааш өглөө нь Д эгч залгаад “Т танайд ирсэн үү” гэж ярихаар нь “ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад баруун хойд дээр хүн байна гэхээр нь дурандаад Т ах байна гэсэн. Тэгээд очиж аваад гэрт авч ирсэн. Тэгэхэд Т ахын баруун талын нүд нь хавдчихсан, цус болчихсон байсан. Би Д эгчид “Т ах манайд ирчихлээ” гэж хэлсэн. Тэгээд Т ах эхнэртэйгээ яриад байсан, би нүүрээ угаа гэж хэлээд ямаандаа гараад явчихсан. Манай нөхөр А Т ахыг гэрт нь хүргэж өгчхөөд ирсэн. Юунаас болж Т ахын нүд нь тийм болсон гэдгийг нь мэдээгүй. Сүүлд нь А-д зодуулсан гэдгийг нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч Н.А-н “...Би 2022 оны 03 сарын дундуур Дэрэн сумын 1-р баг Зүүн түрүү гэх газарт гэртээ эхнэр, 2 хүүхдийн хамт байж байхад өглөө нар гарсны дараа Т нэг нүд нь таглагдчихсан, цус гарсан бололтой халцарчихсан байдалтай ирсэн. Өнгөрдөг шөнө нь А “Т ах ирсэн үү, алга болчихсон байна” гэж хэлээд гэр лүүгээ явсан юм. Т манай гэрт нүүр гараа угаачихаад байж байтал А ирсэн. Би машинтай Т-г гэрт нь хүргэж өгсөн. Т бол “А-д зодуулчихлаа” гэж хэлж байсан, яг юунаас бол яагаад зодуулсан талаар нь мэдэхгүй байна. Тэр өдрөө юу болсон талаар тодруулахад А Т-г аваад аймгийн төв явсан гэж байгаад Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Тэр хоёрын хооронд хувийн таарамжгүй харилцаа, өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй байх, би өмнө нь тэр хоёрыг хоорондоо маргалдаж зодолдож байсан талаар мэдэхгүй. Би А-н дээд талын ах нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Д.Д-н “Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дэрэн сумын Эрдэнэцант ХХК-ний дэлгүүрт нөхөр Т-тай таарсан. Т “гэрээс тамхи, бензин аваад, дэлгүүрээс ойр зуурын юм аваад явлаа” гэж хэлсэн. Тэгээд би цэцэрлэг рүү явсан. Т А-тай портер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. А-тай дэлгүүрийн гадаа машиныхаа хажууд зогсож байхад нь мэнд мэдсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх талаар нь анзаараагүй. Т бол архи уучихсан юм шиг байсан. 22 цагийн үед А-н эхнэр С над руу яриад “ирэхгүй байна” гэж хэлэхээр нь би хүмүүсээс сураглаад асуусан чинь сураг гараагүй. Маргааш өглөө нь С руу залгаад асуусан чинь “А шөнө ирсэн, Т ах байхгүй байна, машинд унтчихсан чинь алга болчихсон байна” гэж байна гэж хэлсэн. Тэгээд би хүмүүсээс сураглаад сураг гарахгүй байсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний өглөө 8-9 цагийн үед над руу А-н ах А-н эхнэр А “хойноос нэг явган хүн алхаад байна, А тосох гээд явлаа” гэж хэлсэн. Удалгүй А залгаад “Т ах нүдээ цохиулчихсан байна, дээл хувцас нь цус болчихсон байна, өвчин намдаах эм өгсөн” гэж ярьсан. Тэндээсээ А-р гэр лүүгээ хүргүүлсэн байсан. Тэгтэл А Т дээр очоод “аймаг явж үзүүлэх үү” гэж байна гэж Т хэлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад 17 цагийн үед “аймаг дээр ирж нүдний эмчид үзүүлсэн, Улаанбаатар хот руу яаралтай яв гэж хэлж байна” гэж хэлсэн. Тэгээд А, Т хоёр Улаанбаатар хот руу явсан байсан. Т Улаанбаатар хотод очоод баруун нүдээ авахуулаад шаариг хийлгэсэн. Т надад “А бид хоёр хэрэлдээгүй, А машинаа бутан дээр шарвуулаад тэгнүүлчихсэн, тэгээд гарахгүй болохоор нь машинаас бууж хараад гарахааргүй болчихсон байна, урд айлын хороон дээрээс банз аваад ир гэж хэлсэн чинь А 2-3 алхаад буцаж ирээд шууд л намайг балбаад өшиглөсөн, тэгэхээр нь зугтаагаад А-ы гэр лүү алхаад өглөө гэрт нь очсон” гэж хэлсэн. А Т-н төрсөн эгч Н-н хүүхэд нь байгаа юм. Өмнө нь манай нөхрийг А 2018 онд нэг удаа зодож байсан, тэр үед бол биед нь гэмтэл шарх нь гайгүй байсан учраас цагдаад хандаж байгаагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
Гэрч И.С-н “ Би 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хонинд явсан хойгуур манай нөхөр А, Т ахтай, 2 хүүхдээ аваад портер машинтайгаа сумын төв явчихсан байсан. Тэгээд маргааш нь үүрээр 3-4 цагийн үед гэртээ ирсэн. Ирэхдээ “сум орж ажил төрөл амжуулаад, замдаа явж байгаад машин бутан дээгүүр гараад, юу болсныг сайн санахгүй байна, Т ахыг хайгаад олдсонгүй” гэж хэлсэн. Тэгээд хүмүүс рүү утасдаад асуусан чинь сураг байхгүй байж байгаад А-н төрсөн ах А-ы гэрт ирлээ гэсэн. А надад “Т ахыг хайгаад олсонгүй” л гэж хэлсэн. Хоорондоо муудалцаж, маргалдсан, зодолдсон талаараа юм яриагүй. Т ахын нүд нь эвгүй болчихсон байна, аймгийн төв рүү явахгүй бол болохгүй нь гээд надаас А машинаа аваад явсан. Тэгээд Улаанбаатар хот руу яаралтай явах шаардлагатай гээд шууд Улаанбаатар хот руу явчихсан байсан. Т ахыг бол огт хараагүй. Тэр хоёр хоорондоо өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би бол тэр хоёрыг хоорондоо муудалцаж, маргалдаж, зодолдож байсныг харж байгаагүй, тийм зүйл мэдэгдэж байгаагүй. Би 2007 оны сүүлээр А-тай танилцаад 2008 онд гэрлэлтээ батлуулаад хамт амьдарч эхэлсэн. 2009 онд анхны хүүхэд гарсан. Улаанбаатар хотод хамт амьдардаг байсан. Тэгээд том хүүхэд сургуульд орох үед мал дээр гарсан. Манай нөхөр ямар нэгэн илүү дутуу зангүй, амьдралын төлөө хүн байгаа юм, архи, дарс бол уудаг, тэгэхдээ тийм их уугаад байдаггүй, архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй юм. 2016, 2018 онуудад хүүхэд төрүүлээд одоо А бид хоёр 3 хүүхдийн хамт Дэрэн суманд амьдардаг, бага хоёр хүүхэд цэцэрлэгт, том хүүхэд болохоороо Сайнцагаан суманд сургуульд сурдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай “ Ж.Т-н биед баруун нүдний алимны гэмтэл, баруун нүдний алимыг авах мэс засал, мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Тухайн гэмтэл хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар 65 хувь тогтонги алдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 93-94/
Өвчний түүх /хх-ийн 100-112/
Хохирол төлсөн баримтууд /хх-ийн 57-76/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Ж.Т нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын 1 дүгээр баг “Түрүү” гэх газарт нүдэн тус газраа бусад өшиглүүлэн гэмтэл авсан, улмаар Улаанбаатар хотод очиж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт баруун нүдний алим авхуулах хагалгаанд орсон үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Ж.Т-н эрүүл мэндэд “баруун шүдний алимны гэмтэл” бүхий гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийн улмаас баруун нүдний алимыг авах мэс засал хийлгэсэн, уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогчийн биед учирсан баруун нүдний алимны гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* өшиглөх, цохих үйлдлээр учруулсан болох нь хохирогч Ж.Т-н мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Т-н нүүрэн тус газар нь өшиглөж, түүний биед баруун нүдний алимны гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Ж.Т-г өшиглөж, түүний эрүүл мэндэд баруун нүдний алимны гэмтэл учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч Ж.Т нь баруун нүдний алим авхуулах хагалгаанд орсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь хохирогч Ж.Т-н эмчилгээтэй холбогдон гарсан 8.801.595 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ............. овогт *******-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д 11000 /арван нэгэн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид баримтаар 8.801.595 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ