Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 161

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, Орхон 2 дугаар хэсэг, гудамж, 2-2 тоотод оршин сух Цуу тайж овогт Дэмбэрэлийн Чулуунбатын /МЮ-54112700/ нэхэмжлэлтэй Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороолол, ногоон байр, 2-4 тоотод оршин суух Сэвсүүл овогт Жигмидбавуугийн Батнасанд /УЗ-67011800/ холбогдох “280,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...”Эрдмийн чуулган” сургуулийн 6 дугаар ангийн сурагч М.Мишээлийн сургалтын төлбөр болох 500,000 төгрөг өгсөн юм. Үүнээс 9,10 сарын төлбөр болох 220,000 төгрөг өгч, үлдсэн 280,000 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан эвлэрэлийн гэрээндээ:

...Д.Чулуунбат, Ж.Батнасан бид нэхэмжлэлийн шаардлага 280,000 төгрөгний талаар эвлэрч байна. Дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ оны 04 дүгээр сард багтаан төлнө. Эвлэрэлийн гэрээ байгуулсан Ж.Батнасан, Д.Чулуунбат... гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Чулуунбатын “280,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь шүүхэд гаргасан “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ оны 04 дүгээр сард багтаан төлнө...” гэх  эвлэрэлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын байгуулсан эвлэрэлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9050 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4525 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4525 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Ж.Батнасанд холбогдох “280,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 9050 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4525 хариуцагчаас, үлдэх тал хувь болох 4525 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА