Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүү Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч М.Мөнхсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газры хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-т холбогдох эрүүгийн 2222000630062 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ................... төрсөн, ам бүл .............. ................оршин суух, Н.Э

Шүүгдэгч Н.Э нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвд насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын фейсбүүкт тавьсан "гар утас зарна” гэсэн зарын дагуу Самсунг А52 маркийн гар утсыг нь маргааш мөнгийг нь өгнө гэж өөртөө шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ "Хүүхдэд онлайнаар хичээлийг нь үзүүлэх гээд гар утсыг нь авсан. Залилая гэж бодоогүй. Хүүхдийн аав нь салаад тусдаа амьдардаг бөгөөд гар утасны мөнгийг нь өгнө гэж байсан боловч хагалгаанд ороод өгөөгүй. Би хүүхдийн мөнгөнөөс өгнө гэж хохирогчийн ээжтэй тохирсон байсан. Би цагдан хоригдсон болохоор хохирлоо төлж амжаагүй байна. Хохирлоо төлөх учраас бага ял оногдуулж өгнө үү. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Н.Э-ийн яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн "Би 2022 оны 03 дугаар сарын эхээр дүүгийнхээ гар утсаар фейсбүүк орж байсан чинь гар утас зарна гэсэн зар байсан. Тэгээд тэр зараар нь холбогдсон чинь эрэгтэй хүүхэд, А52 маркийн хар өнгөтэй гар утас авч ирсэн. Манайх захын зүүн талд түрээсийн байранд байсан. Тэр хүүхэд манай гадаа ирээд, 650.000 төгрөгөөр худалдаж авахаар яриад, мөнгийг нь маргааш өгнө гэж хэлсэн. Хүнд мөнгө өгөх ёстой байсан учраас 450.000 төгрөгөөр, авсан өдрийнхөө орой нь фейсбүүк дээр гар утас авна гэсэн хүнтэй холбогдоод, нэг эрэгтэй хүнд зарчихсан. Одоо тэр эрэгтэй хүнээ танихгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34-рт/

Насанд хүрээгүй хохирогч Б.Эын "Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр

 

 

гэртээ байж байхдаа фейсбүүкийн Дундговь аймгийн такси үйлчилгээний групп дээр өөрийн “...............” гэсэн хаягаасаа "А52 гар утас зарна” гэсэн зар байршуулсан чинь 2 хүн холбогдож үзье гэж хэлээд, нэг хүн миний гар утсыг манай гэрийн гадаа ирж үзээд авахаа болиод явсан. Миний тавьсан зарын дор “гар утсыг чинь авъя” гэж “Төмрөө Төмрөө” гэх хаягаас сэтгэгдэл үлдээсэн байсан. Тэгээд би чатаар холбогдсон чинь над руу 88376976 гэсэн дугаарыг үлдээсэн. Би залгасан чинь эмэгтэй хүн аваад “эгч нь захын зүүн талын 2 улаан байранд байдаг, миний дүү ирээд үзүүлэх боломж байна уу” гэсэн. Тэгэхээр нь би 17 цагийн үед захын зүүн талын 2 улаан байрны гадаа очсон чинь тэр эгч зүүн талынх нь байрны хойд талын орцноос гарч ирээд миний гар утсыг үзээд “сэвгүй юм байна, маргааш мөнгийг чинь өгье, манай охин хот явах гэж байгаа юм, яараад байна, гар утас өгч явуулах гээд байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “за, тэг, тэг” гэж хэлэхэд тэр эгч “манай гэр хойд талын орцны 3 давхарт, шат руу харсан хаалга, гар утасны хайрцгийг нь маргааш мөнгөө өгөхдөө авъя” гэж хэлэхээр нь би найдвартай хүн юм байна, гэр нь энд байгаа юм чинь өгчих байх гэж бодсон. Тэгээд 650.000 төгрөгөөр гар утсаа зарахаар болсон. Тэр эгчийн ярьж байгаа нь надад итгэж болохоор хүн шиг санагдсан, сэргэлэн зантай хүн шиг санагдсан. Тэгээд би гар утасгүй болчихсон болохоор тэр эгчтэй дахин холбогдож чадаагүй. “...............” гэх хүн рүү дараа нь мөнгөө авах талаар чатлахад “би ямар утсыг чинь авсан юм уу, авсан хүнээсээ аваач” гэж хэлсэн. Миний гар утас хар өнгийн Самсунг А52 маркийн, бор өнгийн хавтастай, 3^ наалттай гар утас байсан. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 999.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би 650.000 төгрөг гэж хэлсэн чинь тэр эгч миний гар утсыг шууд авъя гэж хэлээд авчихсан. Надад бас охиндоо IPHONE авч өгсөн чинь барьж чадахгүй байна, тэгэхээр нь самсунгийн утас авч өгч байгаа юм гэж хэлээд миний гар утсыг залилаад авчихсан. Би гомдолтой байна, миний гар утсыг залилж авсан хүн одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа. Гар утсаа юм уу, гар утасныхаа мөнгийг авах хүсэлтэй байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 15-рт/

Гэрч Д.Г-ийн “манай хүү Б.Э “би гоё пүүз авах гэсэн юм, утас зарчих уу” гэхээр нь “битгий зараарай, хэрвээ зарахаар бол найдвартай хүнд зараарай” гэж хэлсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хулд сум руу охиноо хүргэж өгөх гээд орсон чинь 88376976 дугаараас танихгүй эмэгтэй хүн залгаад “өө яана аа, таны утас холбогдохгүй байхаар чинь айлаа, хүүхдээс чинь утас худалдаж авсан юм, мөнгийг нь хаашаа шилжүүлэх вэ” гэхээр нь би сайн ойлгоогүй дансны дугаараа өгчихсөн. Аймагт ирээд дансанд мөнгө ороогүй болохоор нь хүүтэйгээ уулзсан. Хүүтэйгээ уулзаад асуусан чинь “би утсаа 630.000 төгрөгт өгчихсөн” гэхээр нь би “яасан хямдхан зардаг юм бэ, саяхан 999.000 төгрөгөөр авчихаад, ядаж 850.000 төгрөгт зарахгүй яасан юм” гэсэн чинь манай хүү “тэр эгч худлаа ярихааргүй сайхан ярьдаг эгч байна лээ, өгөх байхаа” гэж хэлсэн. Тэгээд нөгөө утас руу залгасан чинь утсаа авахгүй байхаар нь “мөнгө шилжүүлсэн юм уу, мөнгө чинь ороогүй байна” гээд мессеж бичсэн чинь нэгжгүй гээд ярихгүй, өөдөөс мессеж бичээд байсан. Тэгээд энэ хүн худлаа яриад утсаа авахгүй, заримдаа утас нь холбогдохгүй болохоор хүүтэйгээ хамт гэрт нь очсон чинь хаалгаа тавихгүй, утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь мессеж биччихээд залгасан чинь “эгч би хүнээс мөнгө авах гээд явж байна, та түр хүлээж бай” гэхээр нь яваад Бүрд ресторанд ороод байж байсан чинь гэртээ ирлээ гэхээр нь очоод уулзсан. Уулзахад “би таны мөнгийг 20 цаг гэхэд өгье, манай нөхөр мужаан хийдэг, мөнгө шилжүүлэхээр нь өгье” гэхээр нь “хүүхдийнхээ утсыг авья” гэсэн чинь “эгээ би утсыг чинь хот руу хүүхэд рүүгээ явуулчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэрийг нь асуусан чинь Э гэсэн, нөхөртэйгөө яриулсан чинь бас л надад хэлдэг юмаа хэлсэн. Би итгээд явсан. Түүнээс хойш одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна. Залгахаар “миний ажил амжаагүй байна, нөхөр мөнгө шилжүүлээгүй байна” гэх зэргээр худлаа яриад сүүлдээ утсаа авахаа байсан. Ямар ч задаргаа ороогүй, шинэ утас байгаа, 650.000 төгрөгт зарахааргүй утас” гэх мэдүүлэг /хх-ийн 17-рт/

Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын 2022 оны 03 дуга сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтэд "Самсунг А52 маркийн гар утас 850.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 23/

Гэмт хэргийн тараахи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд

Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Дээрхи баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Б.Э нь фейсбүүкийн Дундговь аймгийн такси үйлчилгээний групп дээр өөрийн “..............” гэсэн хаягаасаа "А52 гар утас зарна” гэсэн зар байршуулсан, үүний дагуу эмэгтэй хүн холбогдож, маргааш мөнгийг нь өгнө гэж гар утсыг нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Э нь насанд хүрээгүй хохирогч Б.Э-аас түүний эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг нь “хүүхдэдээ авч өгч байна, маргааш мөнгийг нь өгнө” гэж шилжүүлж авсан болох нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Э-ийн насанд хүрээгүй хохирогч Б.Э-аас түүний эзэмшлийн самсунг А52 маркийн гар утсыг нь 650.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгийг нь маргааш шилжүүлнэ гэж итгүүлэн, гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч, захиран зарцуулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Э нь насанд хүрээгүй хохирогч Б.Э-аас самсунг А52 маркийн гар утсыг нь 650.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөнгийг нь маргааш шилжүүлнэ гэж авч байгаа үйлдэл нь иргэний эрх зүйн худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байна. Гэвч шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчид мөнгийг нь өгөлгүйгээр түүний гар утсыг өөртөө шилжүүлэн авсан өдрөө, бусдад өрөө өгөх зорилгоор зах зээлийн үнээс хямдаар зарж борлуулсан талаараа яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Н.Э-ийг бусдын зарах гэж байгаа гар утсыг өөртөө шилжүүлэн авахын тулд, маргааш мөнгийг нь өгнө гэж итгүүлэн, хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Э нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 586 дугаар магадлалаар тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 592 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сар 7 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Э-ийн эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон болох нь хэргийн 60-89-рт авагдсан шүүгчийн захирамж, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Э-ийн бага насны 5 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Э нь өнөөдрийн байдлаар тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг, хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож, уг ял дээр тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн эдлэх ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Э /хууль ёсны төлөөлөгч Д.Г-д 850.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж, олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ............. овогт Н.Э-ийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... овогт Н.Э-т 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Эт энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцон, уг ял дээр тус шүүхийн 2021 оны 09 сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас шүүгдэгч Н.Э-ийн эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 2 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар тогтоосугай.
     
  4. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ийн эдлэх ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ээс 850.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гансүрэнд олгосугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ