Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 106

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

            Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

            Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Хохирогч: Б.Энхтунгалаг,

   Шүүгдэгч: О.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Баяр овогт Оюунцэцэгийн Ууганбаярт холбогдох 201616000211 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

О.Ууганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 04-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт байрлах Онги буудалд иргэн Б.Энхтунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Энхтунгалагийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч О.Ууганбаярын мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 04–ний өдрийн үдээс хойш намайг найз Адъяагийн гэрт байж байхад Энхтунгалаг миний утас руу залгаад хаана байна би Мишээл караокед байна хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би найзынхаа эхнэр Дэлгэрсайханыг дагуулаад Мишээл караокед хамт очиход Энхтунгалаг караокед дуулах 2 цагийн захиалга өгөөд бас идэж уух юм захиалж авсан юм. Тухайн үед караокед Дэлгэрсайхан, Энхтунгалаг бид гурав 2 цаг орчим дуулж сууж байгаад авсан архи пиво хувааж ууж дуусаад гурвуулаа Мишээл караокегоос гараад дээшээ яваад Онги буудалд ороод би нэг өрөөг хоногоор захиалж авсан. Тэгээд Энхтунгалагийн авч ирсэн 1 шил архи, том пивыг бид гурав буудлын өрөөнд хувааж ууж байгаад би найз ламыг Онги буудалд хүрээд ир гэж дуудсан, удаагүй лам ганцаараа хүрээд ирсэн юм. Тэгээд буудлын өрөөнд бид дөрөв нөгөө архи пиво уугаад сууж байхад Энхтунгалаг бид хоёрын хооронд үл ойлголцлоос үүсч маргаан гарсан юм. Тэгээд би өрөөн дотор Энхтунгалагийг зодож байснаа санаж байна. Хэд хэдэн удаа нүүр, толгой руу нь гараараа цохиж байсан, тэгээд нэг сэрсэн Энхтунгалаг бид хоёр цуг нэг оронд хамт унтаж байсан, тэр үед өглөө болсон байсан. Тэгээд Энхтунгалаг манай найз ламд мөнгө өгч пиво захисан юм. Лам буудлаас гарч яваад дэлгүүрээс нэг том пиво авч ирээд буудалд дөрвүүлээ хувааж уучихаад буудлаас гарч яваад гэртээ харих замдаа Энхтунгалаг дэлгүүрээс 2 ширхэг том пиво авсан юм. Тэгээд тэр пивыг Энхтунгалагийн гэрт Энхтунгалаг, Дэлгэрсайхан, Лам, Энхтунгалагийн нөхөр бид тав хувааж ууцгаасан юм. Тэгээд би тэнд Энхтунгалагийн нөхөрт хандаж урд шөнө болсон асуудлын талаар хэлээд нөхөртэй нь учир зүйгээ олцгоосон юм. Тэгээд Энхтунгалаг гэртээ үлдээд бусад нь тэндээс гараад гэр гэртээ харьцгаасан. ...тухайн үед Энхтунгалаг намайг өөр хүнтэй хардаад хэрүүл өдөөд байсан юм. Тэгээд уур хүрээд би зодчихсон нь үнэн, энэ миний буруу” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ууганбаяр мэдүүлэхдээ: “Яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.Энхтунгалагийн мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 04-ны орой ...Ууганбаяр, Дэлгэрсайхан, Лам бид дөрөв Онги буудал руу орцгоосон. Ууганбаяр нэг өрөө захиалж аваад тэр өрөөнд дөрвүүлээ ороод авсан архи, пиво ундаагаа хувааж ууцгаасан. Тэгээд Ууганбаяр ахиад архи авч ууцгаая гэхээр нь би Ууганбаярын найзад мөнгө өгөөд тэр 2 гарч яваад дэлгүүрээс 1 шил архи болон мах, бэлэн хоол зэргийг авч ирсэн юм. Тэгээд авч ирсэн зүйлүүдийг ууж идэж дуусаагүй байхад би гэртээ харилаа гэж хэлээд жорлон руу ороод бие засчихаад гарах гэж байхад Ууганбаяр хаалга нүдэхээр нь хаалга онгойлгоход тэр орж ирээд чи эндээс явах гэлээ гээд уурлаад миний үснээс зулгаагаад нүүр лүү гараараа цохиод хөл гуя бас бөөр лүү өшиглөсөн. Тэр үед Лам өрөөнд хүн алах гэж байна уу наад хаалгаа тавиач гээд хаалга нүдэхэд Ууганбаяр хаалга онгойлгосон. Тэгээд гараад өрөөнд очоод Ууганбаяр надаас уучлалт гуйгаад ахиж би зодохгүй гээд гуйгаад байхаар нь тухайн үед би Ууганбаярыг уучлаад Ууганбаяр, Лам, Дэлгэрсайхан бид 4 буудалдаа хонцгоосон юм. Тэгээд маргааш өглөө нь босоод би Ламд мөнгө өгч дэлгүүр явуулсан. Лам дэлгүүрээс 1 том пиво авч ирээд өрөөндөө дөрвүүлээ хувааж ууцгаасан юм. Тэгээд бүгд буудлаас гарч яваад замдаа нэг том пиво аваад манай гэрт очиод Ууганбаяр, Дэлгэрсайхан, Лам, намай нөхөр бид тав сууж байгаад пиво ууж дуусгасан юм. Манай нөхөр тэр пивноос уугаагүй юм, тэгээд тэд нарыг нөхөр бид 2 гаргаж өгөөд тарцгаасан юм. ...Ууганбаяр намайг зодсоны улмаас миний толгой, нуруу, бөөр, хүзүү хөл хавдаж хөхөрсөн хүзүү гэмтсэн юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 5-6 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхтунгалаг мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ууганбаяртай уулзахаар Мишээл караокед очсон. Тэгээд би караокед эхэлж очоод 30 минут авсан. Ууганбаяр найзынх нь эхнэр гээд нэг хүнтэй хамт ирсэн. Тэгээд бид гурав эхлээд нэг нэг шилтэй пиво авч уусан. Тэгээд пиво уучихаад явъя гэж байтал Ууганбаяр дахиад нэг цаг сунгачих гэхээр нь би дахиж 30 минут сунгаад, Ууганбаярын найз ирнэ гэж байсан учраас түүнийг хүлээх зуураа дахин нэг нэг пиво авч уусан. Тэгээд Мишээлээс гараад мөн Ууганбаярын найзыг хүлээх зуураа гадаа байгаад яахав гээд Онги буудал руу очихоор болоод явсан. Ингээд очих замдаа дэлгүүрээс нэг шил архи, 2 пиво авч орсон. Онги буудалд очиход Ууганбаярын найз нь ирчихсэн байсан. Ингээд бид хамт авсан зүйлээ ууж идээд дахин нэг архи пиво авсан юм. Тэгээд авсан зүйлээ мөн ууж байгаад би цаг орой болчихлоо, харилаа гэж хэлээд бие засах гээд 00-руу орсон. Ингээд 00-д сууж байтал Ууганбаяр хаалга татсан, яасан гэхэд тэр ганц хоёр үг солъя гэхээр нь хаалгаа нээсэн. Тэгээд Ууганбаяр орж ирэхээр нь би явлаа гэж хэлтэл тэр намайг явах гэлээ гээд уурлаад цохиод авсан. Тэгээд Ууганбаяр намайг цохисоныхоо дараа намайг уучлаарай гээд уучлалт гуйсан. Би түүийг уучилж бид хоёр эвлэрээд дахин нэг пиво авч уусан. Тэгээд маргааш нь гэртээ очихын өмнө яаж ийм байдалтай очих билээ гэж ярьж байгаад бүгд манайд очсон. Ингээд би нөхрөөсөө уучлалт гуйгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Мөн манай гэрт дахин нэг пиво хувааж ууцгаасан юм гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Э.Сэнгэ-Очирын мэдүүлсэн: ”... 2016 оны 09 дүгээр сарын 04-нд намайг гэртээ байж байхад үүдээс хойш харанхуй болсон хойно Ууганбаяр миний гар утас руу залгаад хүрээд ир би Онги буудалд байж байна гэж дуудахаар нь би гэрээсээ гараад Онги буудалд ирэхэд буудалд Ууганбаяр хоёр эмэгтэй хүнтэй хамт байж байсан. Тухайн өрөөнд тэр гурав том пиво уугаад сууцгааж байсан. Тэр үед нь би пивоноос нь хуваалцаж уусан, тэгээд пиво ууж дуусгаагүй би буудлын өрөөнд унтсан юм. Тэгээд өглөө болоход Ууганбаяр нэг хүүхнийг нь зодсон байсан. Тэгээд би тэр хоёр хүүхнийг нь танихгүй тухайн үед л танилцсан юм. Тэгээд бид дөрөв буудлаас гараад тэр нэг танихгүй эмэгтэйн гэрлүү явж байгаад тэр эмэгтэй дэлгүүрээс 2 ширхэг том пиво худалдаж аваад тэр хүүхний гэрт /Энхтунгалаг/ очиод авсан пиво задлаад тэдний гэрт тавуулаа нийлж байгаад хувааж уугаад дуусч байхад манай найз над руу залгаад хот руу хамт явья гээд удаагүй гадаа машинтай ирээд намайг аваад явсан юм, ийм л юм болсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч У.Дэлгэрсайханы мэдүүлсэн: ”... 2016 оны 09 дүгээр сард байсан санаж байна, намайг Дунд сайханд эгчийндээ байж байхад Ууганбаяр манай эгчийнд орж ирээд намайг гараад ир гэхээр нь гэрээс гараад очиход надад манай нэг найз хүүхэн дуудаад байна хоёулаа хамт төв ороод хоолонд орж нэг цаг караокед орчихоод ирье гэсэн. Би хамт явахаар болсон юм, тэгээд Ууганбаяр такси дуудаад ирэхээр нь тэр таксинд суугаад төв ороод Мишээлийн гадаа буусан юм. Тэгээд дотогшоо ороход нэг танихгүй эмэгтэй өрөө авчихсан хоол захиалчихсан сууж байсан. Тэгээд бид гурав хоолоо идчихээд нэг нэг пиво уунгаа дуулж байгаад цагаа дуусгаад Мишээлээс гарч яваад Онги буудал руу явахаар болж тийшээ явах замдаа дэлгүүр ороод тэр хүүхэн нэг том пиво, нэг шил архи авсан. Тэгээд Онги буудлын гадаа очиход Ууганбаярын найз /Лам/ гэдэг хүн ирээд тэгээд дөрөвүүлээ Онги буудал руу орсон. Ууганбаяр хоногоор өрөө захиалж аваад бид дөрөв тэр өрөөнд ороод гаднаас авч оруулсан архи пиво хувааж уусан. Тэгээд байж байтал Ууганбаяр, Энхтунгалаг хоёр хоорондоо үл ойлголцлоос болоод маргалдаад сууж байсан. Тухайн үед би 2 настай хүүхэдтэйгээ явсан байсан болохоор хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээд унтуулах гэж орон дээр хэвтээд тэр чигээрээ унтчихсан байсан юм. Тэгээд өглөө болсон тэр үед буудлын ресипшн хаалга нүдээд цаг чинь боллоо одоо гараарай гэж байсан. Тэгээд хэдүүлээ босцгоосон юм. Тэгсэн Энхтунгалагийн нүүр хөхөрсөн хавдсан байхаар нь яасан юм бэ? гэж асуухад тэр хүүхэн яагаачгүй ээ зүгээр гэж л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

-  Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 514 дугаар

  1. Б.Энхтунгалагийн биед тархины доргилт, дух, хацар, зүүн доод зовхи, зүүн чихний дэлбээ, уруул, зүүн тохой, бугалга, баруун дал, баруун, зүүн ташааны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөөлөхгүй.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 16 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/

  • Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Дундсайханы 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, О.Ууганбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
  • Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 35-37 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчээс шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болох Эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч О.Ууганбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 04-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р багт байрлах Онги буудалд иргэн Б.Энхтунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Энхтунгалагийн бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь

-  хохирогч Б.Энхтунгалагийн мэдүүлсэн: “Ууганбаяр хаалга нүдэхээр нь хаалга онгойлгоход тэр орж ирээд чи эндээс явах гэлээ гээд уурлаад миний үснээс зулгаагаад нүүр лүү гараараа цохиод хөл гуя бас бөөр лүү өшиглөсөн. ...Ууганбаяр намайг зодсоны улмаас миний толгой, нуруу, бөөр, хүзүү хөл хавдаж хөхөрсөн хүзүү гэмтсэн юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 5-6 дугаар хуудас/

-  гэрч Э.Сэнгэ-Очирын мэдүүлсэн: ”...өглөө болоход Ууганбаяр нэг хүүхнийг нь зодсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

- гэрч У.Дэлгэрсайханы мэдүүлсэн: ”... Ууганбаяр, Энхтунгалаг хоёр хоорондоо үл ойлголцлоос болоод маргалдаад сууж байсан. Тухайн үед би 2 настай хүүхэдтэйгээ явсан байсан болохоор хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ унтуулах гэж орон дээр хэвтээд тэр чигээрээ унтчихсан байсан юм. Тэгээд өглөө болсон, тэгээд хэдүүлээ босцгоосон юм. Тэгсэн Энхтунгалагийн нүүр хөхөрсөн хавдсан байхаар нь яасан юм бэ? гэж асуухад тэр хүүхэн яагаачгүй ээ зүгээр гэж л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/-үүд болон шүүгдэгч О.Ууганбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймаг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 514 дугаар - Б.Энхтунгалагийн биед тархины доргилт, дух, хацар, зүүн доод зовхи, зүүн чихний дэлбээ, уруул, зүүн тохой, бугалга, баруун дал, баруун, зүүн ташааны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч О.Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч О.Ууганбаярт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч О.Ууганбаярын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 32 дүгээр хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан болох нь хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч О.Ууганбаяр урд нь Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор таван жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. 2006 оны 6 сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг хассан байна. 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй ялгүй болсон байна.

Иймд шүүгдэгч О.Ууганбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар журмаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.