Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

А.Төртөгсөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч А.Төртөгс түүний өмгөөлөгч Г.Батзаяа, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой, А.Төртөгсөд холбогдох эрүүгийн 1936000000070 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, боловсролгүй, эрэгтэй, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 317 дугаартай тогтоолоор Монгол улсын их хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар А.Төртөгсөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн Олохун овогт Алтангэрэлийн Төртөгс нь Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.Хуягаагийн эзэмшлийн орон сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн Соёрхол нэртэй хоёр шил архи, 0.75 литрийн Болор нэртэй нэг шил архи авсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Олохун овогт Алтангэрэлийн Төртөгсийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Олохун овогт Алтангэрэлийн Төртөгсөд 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Төртөгсөд оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Төртөгс түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох обьектив болон субьектив талын шинжийг буруу тайлбарласан. Учир нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхийн тулд бусдын орон байранд буюу эзэмшигч, өмчлөгч, ашиглагч биш этгээд тухайн обьектэд нэвтэрч орсон байх ёстой бөгөөд энэхүү нэвтэрч орсон арга нь хууль бусаар буюу эзэмшигч, өмчлөгч, ашиглагч зэрэг этгээдийн зөвшөөрөлгүйгээр орсон байхыг шаарддаг. Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар А.Төртөгс нь хохирогч Д.Хуягаагийн гэр бүлийн гишүүн гэдэг нь хохирогч Д.Хуягаа, гэрч Мөрөн багийн Засаг дарга Ш.Алтасүхийн шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлэг, тодорхойлолт, шүүх хуралдааны үед Хүн ам өрхийн нэгдсэн бүртгэлийн цахим санд хийсэн үзлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогддог. А.Төртөгс нь бусдын орон байранд нэвтрээгүй, хамтран өмчилж буй өөрийн орон гэртээ нэвтэрсэн байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. А.Төртөгс нь бага настай байхад нь өөрийнх нь төрсөн эцэг эх нь нас барж түүнээс хойш Д.Хуягаагийнд өсөж тэдний гэр бүлийн гишүүн болон амьдарч ирсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.Төртөгс нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэргийг тал бүрээс нь шалгаж тогтоосон ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх   ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Төртөгс түүний өмгөөлөгч А.Батзаяа нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүх А.Төртөгсийн Ховд аймгийн Дарви сумын Булган багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн нагац ах болох Д.Хуягаагийн эзэмшлийн орон сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдөр нууцаар, хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн Соёрхол нэртэй хоёр шил архи нэг бүрийн үнэ 20000 төгрөг мөн 0,75 литрийн Болор нэртэй нэг шил архи хулгайлж хохирогчид 60000 төгрөгийн бодит хохирол учруулсан үйлдлийг, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг хүндрүүлэн зүйлчилж, А.Төртөгст ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

            Учир нь А.Төртөгс нь хохирогч болох Д.Хуягаагийн төрсөн эгчийнх нь хүүхэд бөгөөд бүтэн өнчин, Д.Хуягаагийн гэр бүлд орж тэдний гүшүүнээр бүртгэгдэж явдаг болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл / хх-н 151-152 хуудас /  дах “ . . . Танай компьютерыг ашиглаад хүн амын өрхийн мэдээллийн сангаас А.Төртөгс гэдэг хүний харьяалал болон ам бүл, гэрийн хаягийн талаарх мэдээллийг харуулна уу гэснээр статистикийн мэргэжилтэн Х.Мөнхзул болно гээд гэрч Ш.Алтанхуягийн  нууц үг, кодыг оруулж тус программ руу нэвтэрч А.Төртөгстэй холбоотой мэдээллийг гаргахад:

            1.Олохун овогт Дүүрэнбатын Хуягаа / өрхийн тэргүүн, ПГ71103011/ . . .

            6.Олохун овогт Алтангэрэлийн Төртөгс / дүү, УХ90032010 /, Д.Хуягаа гэдэг айлын ам бүлийн бүртгэлд дээрх хүмүүс хамаарч байна гэх мэдээллээр тогтоогдож байгаа бөгөөд А.Төртөгс нь нагац ах болох Д.Хуягаагийн орон сууцанд  хамт амьдардаг  тэдний гэр бүлийн  гишүүн юм  байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн “гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа . . . төрөл, садангийн хүнийг ойлгоно “мөн хуулийн 3.1.6-д “ садангийн хүн “ гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч . . . тэдгээрийн хүүхдийг”  ойлгоно гэж тус тус заажээ.

Дээрх байдлаас үзэхэд А.Төртөгсийг хохирогч Д.Хуягаагийн байшинд хууль бусаар нэвтрэн орсон гэж үзэх үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Харин А.Төртөгс нь хохирогч Д.Хуягаагийн 0,75 литрийн 3 шил, 60000 төгрөгийн үнэтэй архийг түүний зөвшөөрөлгүй, нууцаар гэрээс нь авч явсан үйлдлийн бодит хохирол нь 60000 төгрөг байсан ба хохирлын хэмжээ нь 300000 төгрөг буюу бага хэмжээнд хүрэхгүй учир гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Төртөгсийн үйлдлийг хохирогч Д.Хуягаагийн байшинд /орон байранд/ хууль бусаар нэвтрэн орсон гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй, түүний зөвшөөрөлгүй авсан гэх 3 шил архины үнэ нь бага хэмжээний хохиролд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Төртөгсийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “ Гэмт хэргийн шинжгүй “ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ЩЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,

            Шүүгдэгч А.Төртөгст прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй “гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

            2.А.Төртөгс нь 36 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан А.Төртөгсийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

           

Б.ДАМБА