Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б , С.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2023/0640/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б , С.Б нар нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б , С.Б нараас гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, үлдэх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А-н гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “... Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан. Үүний дагуу Хурлын ажлын албанаас нөхөн сонгууль товлон зарлах нөхцөл байдал бий болсноос хойш нөхөн сонгууль товлон зарлах тухай асуудлыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Хурлын хуралдаанд танилцуулж, холбогдох тогтоолын төслийг хэлэлцүүлсэн байдаг. Хуралдаанаар асуудлыг хэлэлцэх явцад нөхөн сонгууль явуулах нь өөрөө эдийн засгийн хувьд зардал их гарахаас гадна одоо байгаа бусад төлөөлөгчид нь тухайн тойргийн иргэдээ төлөөлөн ажиллах боломжтой гэж хуралдаанд оролцсон төлөөлөгчид үзэж байсан бөгөөд нөхөн сонгууль зарлах тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 3 төлөөлөгч дэмжих саналыг гаргаж, бусад төлөөлөгчид нөхөн сонгууль зарлахаас татгалзсан байдаг.

3.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Хурал нь хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална гэж заасан бөгөөд энэ нь Хурлын Төлөөлөгчдийн хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд Хурал нь санал хураах эрхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн нэг удаагийн үйлчлэлтэй захиргааны актын эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байдаг тул тухайн асуудлаар шүүхийн маргаан үүсгэх нь өөрөө эрх зүйн тодорхой үр дагаврыг үүсгэхгүй юм.

3.3. Шүүхээс шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасныг удирдлага болгон шийдвэрлэжээ. Энэхүү заалтад заасны дагуу хэрэв хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус гэж үзэж байгаа бол хууль бус болохыг тогтоохоос гадна шаардагдах захиргааны актыг гаргахыг даалгах шаардлагатай хамтатган хэрэглэгдэх ёстой. Гэтэл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож байна гэх боловч акт гаргахыг даалгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

3.4. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байна. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938 дугаар шүүхийн шийдвэр нь бодит байдалд биелэгдэх боломжгүй буюу хариуцагчид ямар нэгэн үүрэг үүсэхгүйгээс гадна нэхэмжлэгч талд ч мөн ямар эрх ашиг нь хэрхэн сэргэх талаар эрх үүсгэхгүй эрх зүйн үр дагаваргүй шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/21 тоот захирамжаар “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдааныг хуралдуулах тухай” шийдвэр гаргаж, хэлэлцүүлэх асуудлын 1.9 дэх хэсэгт нөхөн сонгууль зарлах асуудлыг тусгаж, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж олонхын саналаар нөхөн сонгууль явуулах тогтоолын төсөл дэмжигдээгүй байна.

2.3. Улмаар нэхэмжлэгч Г.Б , С.Б нар нь “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.4. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн” гэж, 33.2“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Орон гарсан Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэж тус тус заасан байх бөгөөд тус хурлын бүрэн эрхийн хугацаа 2024 оны 10 дугаар сард дуусахаар байх тул  нэхэмжлэгч нарын Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

2.5. Харин анхан шатны шүүх “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

 

2.6. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Орон нутгийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нөхцөл байдал үүссэнээс хойш 60 хоногт багтаан товлон зарлана” гэж тус тус заажээ.

2.7. Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөн сонгууль явуулах эсэх асуудлыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны 2 төлөөлөгч ажиллаж байгаа, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан нийт оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.8. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр тойрогт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн хэдий ч  уг тойргийн иргэдийг төлөөлөн төлөөлөгч нар ажиллаж байгаа зэргийг харгалзан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэр гаргасан байх тул Баянзүрх дүүргийн 6, 15, 18 дугаар хорооны иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2.9. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгч Г.Б , С.Б нарт бодитоор сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдсонгүй.

2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нарын Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 938 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б , С.Б нараас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ээлжит 10 дугаар хуралдаанаар нөхөн сонгуулийг товлон зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд орон гарсан суудалд нөхөн сонгуулийг товлон зарласан захиргааны акт гаргуулах, тус сонгуулийг зохион байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ