Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2018/00071/И |
Дугаар | 158 |
Огноо | 2018-03-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 158
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын 7 дугаар багт байрлах “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн Сүхбаатар сум “******* *******” ОНӨААТҮГ-т холбогдох
“194.102.469 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... “******* ” ХХК нь 2017 онд “******* *******” ОНӨААТҮГазартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал болох “******* ” ХХК нь гэрээний дагуу 3289.5 тн нүүрс нийлүүлсэн, түүний үнэ 152.836.749 төгрөгийг “******* *******” ОНӨААТҮГ манай компанид төлөх нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2 талын тооцоо нийлсэн актаар тогтоогдож нотлогдсон юм.
Худалдагч тал нь 2017 оны 04 дүгээр сард нүүрс нийлүүлж дууссан бөгөөд гэрээнд зааснаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны дотор худалдан авагч тал үнийг төлөх үүрэгтэй. Гэтэл “******* *******” ОНӨААТҮГазар нь өнөөдрийг хүртэл нүүрсний үнийг төлөөгүйгээс манай компаний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч өр, авлага үүсч ажилчдынхаа цалин хөлсийг өгч чадахгүйд хүрээд байна.
Бидний зүгээс өр авлагаа дуусгахыг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул арга буюу шүүхэд хандаж байна.
Иймд гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуустал 270 хоногийн хугацаа хэтрүүлсэн алданги 41.265.720 төгрөгийг нэмж, бүгд 194.102.469 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт “******* *******” ОНӨААТҮГазраас гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч “******* ” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Хариуцагч “******* *******” ОНӨААТҮГ-ын тайлбарыг зевшөөрөхгүй байна. Учир нь: 2017 оны 1, 2-р сард 2 тал нүүрс худалдах, худалдан авах тухай хэд хэдэн удаагийн уулзалтаар гэрээний гол нөхцлүүдийг тохирч гэрээнд гарын үсэг зурах үед захирал Ц.Эрдэнэбаатар Улаанбаатар хотод хурал, зөвлөгөөнд явсан зэргээр ажлын боломж бүрдэхгүй байснаас гэрээний явц удааширсан тал байгаа боловч хариуцагчийн тайлбарласанаар хүсэлт, гуйлтаар ажил хийгдээгүй, одоо үед ийм байдлаар ч ажил хийдэггүй гэж үзэж байна.
Иймд 2 талын байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Монгол улсын Иргэний хуульд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
“******* *******” ОНӨААТҮГ нь нүүрсний үнийг төлөхгүй, 9 сар хугацаа хэтрүүлж манай компанид ихээхэн хэмжээний хохирол учруулсан, энэ үйлдлийг бид санаатайгаар үүрэг биелүүлээгүй гэж үзэж байгаа юм.
Тухайн үед хариуцагчийн зүгээс танай энэ хэдэн төгрөг юу ч биш, манайх зөвхөн цахилгааны мөнгөнд сардаа 80 гаран сая төгрөг төлдөг, нүүрс нийлүүлсэнээс хойш сарын дотор мөнгийг нь төлчихнө зэргээр итгэл төлүүлж байсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
Иймд гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэний алданги 41.265.720 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй шаардлага гэж үзэж байна.
НӨАТ-ын асуудлыг гэрээний 4.2 дах хэсэгт зааснаар тохирсноор шийдвэрлэх үндэслэлтэй. Манай компани хамгийн хямд үнээр буюу “Шивээ-Овоо” ХХК-ний уурхайн үнээр нүүрс нийлүүлсэн.
Өөрөөр хэлбэл 1 тн нүүрсийг НӨАТ-тэй нь 26.642 төгрөгөөр үнэлж худалдсан. 1 тн нүүрсний тээврийн зардал 19.820 төгрөг бөгөөд төмөр зам НӨАТ төлдөггүй тул тээврийн зардалд НӨАТ тооцох учиргүй.
Дээрх 3 үндэслэлээр хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасанаас хойш “******* *******” ОНӨААТҮГ 20.000.000 төгрөг төлсөн нь үнэн тул нэхэмжлэлээс хасч тооцохыг зөвшөөрч байна! гэжээ.
Хариуцагч “******* *******” ОНӨААТҮГазар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Манай “******* *******” ОНӨААТҮГ нь уг нэхэмжлэлд бичсэн хугацаа хэтрүүлсэний алданги гэх 41.265.720 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Ер нь нүүрсний үндсэн үнэ 152.836.749 төгрөгийг ч төлөхгүй байх үндэслэл байгаа ч энэ талаар бид маргаан гаргаагүй болно. Төлөхгүй байх учир нь: Тухайн үед нүүрс нийлүүлэх гэрээ хийгээгүй, нүүрсний үнэ, тээврийн зардал нь тодорхойгүй байхад тус компани нь шууд нүүрс вагонд ачуулж манай байгууллагад хаяглан явуулсан тул бид уг нүүрсийг хүлээн авахгүй буцааж явуулах нөхцөл бүрдсэн байсан гэвч “******* ” ХХК-ний захирал нь: манай байгууллагад хандаж бидний нүүрсийг хүлээж авна уу нүүрсний төлбөрийн тооцоог боломжтой үедээ төлж барагдуулж болно гэсэн хүсэлтийн /гуйлтын/ дагуу уг нүүрсийг хүлээж авсан. Гэтэл одоо 41.285.720 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Мөн “******* ” ХХК нь Татварын хуулийн дагуу НӨАТ-ийн буцаан олголтыг нийт үнийн дүнгийн /152.836.749 төгрөг/ 10% буюу 15.836.749 төгрөгийг татварын тайланд тусгаагүй байна.
Иймд нүүрсний нийт үнийн дүнгээс 15.836.749 төгрөгийг хасч тооцох, мөн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нүүрсний үнэд 20.000.000 төгрөгийг шилжүүлгээр төлсөн тул эдгээр тооцоогоор хасалт хийхэд 117.000.000 төгрөгийн төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй байна! гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК нь хариуцагч “******* *******” ОНӨААТҮГазарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 194.102.469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь ... “******* ” ХХК нь манай байгууллагад хандаж нүүрсний төлбөрийн тооцоог боломжтой үедээ төлж барагдуулж болно” гэсэн учир уг нүүрсийг хүлээн авсан тул алданги 41.265.720 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний шинж, гэрээний зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч “******* *******” ОНӨААТҮГазар нь нэхэмжлэгч “******* ” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “нүүрс худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулан 3.500 тн нүүрсний үнэ 152.836.749 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгах, төлбөрөө тогтоосон хугацаанд төлж дуусгаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байх бөгөөд худалдагч тал гэрээний зүйлийг худалдан авагч талд шилжүүлэн өгсөн, худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлэн авсан эд хөрөнгө / нүүрс /-ийн үнийг төлөөгүй болох нь 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 005991 тоот зээлийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн акт, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20.000.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч “******* *******” ОНӨААТҮГазар нь ... манай байгууллага 3.600 ккал/кг гэсэн чанар бүхий нүүрс хэрэглэдэг. Гэтэл худалдагч талаас нийлүүлсэн нүүрс 2.700 ккал/кг чанартай байсан. Тухайн үед манай байгууллага Шарын голын нүүрсний уурхайтай гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан бөгөөд нүүрс хангалттай байсан ба энэ нүүрсийг худалдан авах ямар ч шаардлага байгаагүй, яг үнэн дээ танайх таньдаг тал харж, татварын байцаагч н.Эрдэнэхүүг авчирч авахуулсан ... гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч дээрх тайлбараа нотлох баримтуудаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд хариуцагч талаас тайлбартаа дурьдсан зүйлийн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу нүүрсний төлөгдөөгүй үлдсэн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
Мөн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдөр хүртэл нийт 270 хоногийн алдангийг тооцоход 41.265.720 төгрөг болж байна. Зохигчид уг гэрээний үүрэгт 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөгийг “******* ” ХХК-ний 5001476266 тоот дансаар төлөгдсөн талаар маргаагүй.
Иймд “******* *******” ОНӨААТҮГазраас 174.102.469 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.128.462 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.028.462 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” ОНӨААТҮГазраас 174.102.496 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.128.462 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “******* *******” ОНӨААТҮГазраас 1.028.462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ