Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат Улсын яллагч Ч.Отгонбаатар Хохирогч С.Б

Шүүгдэгч Э.П нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.П-т холбогдох 2222000000086 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................ төрсөн, .................. оршин суух, Э.П

Шүүгдэгч Э.П нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ согтуугаар 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 1-27 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч С.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Би тэр өдөр усанд яваад, баруун цагаан дэлгүүрийн баруун талаас ус авч байгаад, найзындаа очоод ганц пиво уучихаад гэртээ очсон. Манай найз нэг пиво аваад, тэрийг нь уугаад, дахиж нэг пиво аваад гэрийн үүдэнд ууж байтал эхнэр ирээд уурлаад "чи ууж, идэж байгаа юм чинь би яагаад болдоггүй юм” гээд нэг пивийг нь аваад явсан. Төд удалгүй уусан юм шиг нэг пивоны сав гаргаад хаясан. Би тамхи татаад найзыгаа явуулчихаад гэр рүү ороод сууж байтал эхнэр араас цохиж, өшиглөөд байхаар нь "яагаад байгаа юм” гэсэн чинь "өдөж байна, өдсөн хүнийг чи яах юм” гэхээр нь нэг цохисон. Тэгсэн зүүлт тасалсан. Би яаж зодсоноо мэдэхгүй, гэнэт ухаан ороод харсан цус гоожиж байсан. Хүүхэд цагдаа дуудаад, 2 цагдаа намайг аваад явсан” гэв.

Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "Тэр өдөр архи уухаар нь миний уур хүрээд, архийг нь болиулах гээд очоод өшиглөж байгаад зүүлтийг нь тасалсан. Тэгсэн нэг мэдсэн хамарнаас цус гоожиж байсан. Би тэр үед 3 стакан пиво уусан, согтоогүй байсан. Зодсоны дараа цагдаа ирсэн. Тэгээд эмч дуудаж эмнэлэг орж оёо тавиулсан. Гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Б.Т-ийн "Аав архи уучихаад, ээжийг зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Аав ээжийг газарт унагаачихсан, өөрөө зогссон байдалтай, ээжийн нүүр хэсэгт гараараа цохиж байсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Би дүү нарын хамт хашаандаа тоглож байтал ээж хашхирсан юм. Тэгээд би гэрт ортол аав ээжийг зодож байсан тул байшингаасаа утсаа аваад цагдаа руу залгасан. Тэр үед ээжийн хамрын хэсэгт урагдсан, нүд нь хөхөрсөн, мөр нь урагдсан байсан. Ээж, аавыг зодоогүй. Аав өмнө нь ээжийг нэг удаа зодож байсан. Тухайн үед аав архи уучихаад ээжийн нүүр хэсэгт 2 удаа алгадсан. Тэр үед гэмтэл учраагүй. Тэр үед аав, ээж хоёр архи уусан байсан. Аав дунд зэрэг, ээж бага зэргийн согтолттой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 149 дугаартай "С.Б-ийн биед дал ясны хугарал, тархи доргилт, нүдний эвэрлэгт цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, зовхи, бугалга, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дал ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад биед үүссэн гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 27-30/

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6/
  • Аюулын зэргийн үнэлгээ "бага” /хх-ийн 11-12/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 46-50/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/
  • Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айрагийн 1-27 тоотод байх өөрийн гэртээ бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч С.Б нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд "дал ясны хугарал, тархи доргилт, нүдний эвэрлэгт цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, зовхи, бугалга, нуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 149 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд учирсан "дал ясны хугарал, тархи доргилт, нүдний эвэрлэгт цус хуралт, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, зовхи, бугалга, нуруунд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Э.П зодох байдлаар учруулсан, шүүгдэгч Э.П, хохирогч С.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч нар болох нь шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч Б.Т нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Э.П-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж

ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.П-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч С.Бийн шүүгдэгчтэй зүй бус харьцсан үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Э.П-т Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан ялаас торгох ялыг сонгон доод хэмжээгээр нь оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн орлого олох нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд мөрийн баримтаар цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс мааралд шингээж авсан арчдасыг хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ............. овогт Э.П-ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ............ овогт Э.П-т 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэв- Очир нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс мааралд шингээж авсан арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
  3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.МӨНХБАТ