| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2022/0102/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/99 |
| Огноо | 2022-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/99
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн "А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Л.Галав
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-д холбогдох эрүүгийн 2222000000079 тоот хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .............. төрсөн, ам бүл ............... .................. оршин суух, А.Б
Шүүгдэгч А.Б нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Цагаан-Ус гэх газарт 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Б-ын баруун бугалгад хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ "2022 оны 04 сарын 24- нд манайд О, Н нар ирсэн. Ирэхдээ нэг шил 0.75 граммын архитай ирсэн. Тэрийг архийг нь уучхаад хүний авчирсан архи уучихсан болохоор аймаг явсан. Аймгаас хэдэн шил архи аваад замдаа айлын хороонд буучихсан юм чинь гээд хорооны эзнийд очиж 2 шил архи уугаад согтсон байсан. Тэгээд шөнө төөрч байгаад өглөө Г-нд очтол 0.75 граммын нэг шил хугас архи гаргаж өгөхөөр нь уугаад бас согтсон. Урд өдөр нь үхсэн хурга өвчих гээд хутга халаасанд байсан. Тэгээд ийм зүйл болсон, согтуугаар хүнтэй муудалцсан байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Хохирогч Б.Б-ын "Би 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сайнцагаан сумын 1 дүгээр баг "Цагаан ус” гэх газарт байх хөдөө гэртээ очоод Г, О, Н бид хэд 0.75, 0.5 литрийн "Хараа” нэртэй архийг хувааж ууссан. Тэр архинаас би 6 удаа татсан байх. Тэгээд тэр хэд хөдлөөд яваад өгсөн. Тэрний дараа хажуу айлын О ирээд "нөхөр Б-нд тасарсан унтаж байна, очоод аваад ир” гэхээр нь тэднийд очсон чинь Г унтаж байхаар нь дуудсан боловч босоогүй. Тэгсэн Б машинтай ирээд "машинд суучих” гэхээр нь машинд суугаад хөдөө гараад, Б 0.75 литрийн "Хараа” нэртэй архи гаргаж ирээд, бид хоёр талд нь оруулаад байж байхад Б "би ахтай чинь найз болохоос чамтай найз биш гээд аархаад зайл, пизда минь” гээд байхаар нь машинаас нь буусан чинь хөдлөөд яваад өгсөн. Тэгээд би Б-ийн гадаа мотоциклоо орхисон байсан болохоор авах гээд алхаад очсон. Тэгсэн миний мотоциклыг Г унаад явчихсан байсан болохоор Б-аар гэртээ хүргүүлсэн. Гэрт ирээд би Г-ийн вагончикт ороход Б, Г, О нар байж байсан. Б-ийн эхнэр нь надтай хамт ирсэн юм. Би орж очоод Гэд хандаж "яахаараа мотоцикл унаад явчихдаг хүүр вэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б "яасан томорцон пиздаа вэ” гэхээр нь "өөртэй чинь яриагүй” гэж хэлтэл босож ирээд нүд рүү цохисон. Зууралдаж аваад би Б-ийн нүүр рүү нэг удаа мөргөсөн, тэгтэл халааснаасаа хутга гаргаж ирээд баруун талын булчин руу хатгах шиг болсон. Тэгээд гадаа гараад хувцсаа тайлаад үзсэн чинь хутга орчихсон цус гарч байсан. Тэгээд би О-аар цэвэрлүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б миний зүүн талын нүд рүү цохиж хөхрүүлсэн, хавтгасан, бас хутгаар баруун талын гарын булчин хэсэгт хутгалж гэмтээсэн. Хутгалуулсандаа гомдолтой байна” гэх мэдүүлэг/хх-16-17/
Гэрч Ц.О-ийн "Манайд Б 2022 оны 04 дүгээр сарын 25-н өдрийн 06 цагийн үед ирсэн. Тэгээд манай нөхөртэй өмнө нь задалсан байсан архийг хувааж уугаад бараг дуусаж байхад Б-ийн эхнэр нь гаднаас орж ирсэн. Араас нь Б орж ирээд манай нөхрийг "мотоцикл унаж явлаа, цагаач” гээд байсан. Тэгээд манай хүнийг заамдаж байгаа харагдсан, тэр үед нөхөр зуухны баруун хойд талд сууж байсан юм. Тэгтэл урд цонхны тэнд сууж байсан Б "юун сүртэй юм, пизда чинь” гээд босож ирээд, Б-тай зууралдаж аваад, зуухны хойд талд гараад, Б мөргөөд байсан. Бас Б Б-ын нүүр рүү цохиж аваад, Б нь мөргөөд зуух унагачих гээд байхаар нь "хүүш болиоч ээ” гэж хашхираад "айлын гал голомт унагачих гээд байна” гэж хэлсэн. Тэгээд зуухны баруун талд нь байхад тэр хоёрыг би салгах гээд Б-ийн гараас нь барьсан. Б-ыг болохоор цаашаа бай гээд цааш нь түлхсэн. Тэр үед Б байсан болохоор хамт тэр хоёрыг салгалцаад гарч зодолд гээд гэрээсээ гаргасан. Тэгсэн гадаа Б "цус гараад байна” гээд баруун гараа дээлнээсээ гаргасан байсан. Баруун талын гарын булчин дээрх шархнаас цус гарсан байхаар нь би цэвэрлэж өгсөн. Би Б-ын баруун гарын шархыг цэвэрлэхэд хутгаар шаасан юм шиг шарх байхаар нь юу болоод хаанаас хутга аваад биенээ шаачихваа гэж бодоод өөрийн гэрт байдаг хутгыг харсан чинь савандаа байж л байсан. Тэр үед би Б-г гартаа хутга барьж байсныг анзаарч хараагүй, тэр хоёрыг зууралдаж, зодолдоод эхлэхээр юм сүйтгэчих вий гээд сандраад салгах гэж үзсэн. Сүүлд би Б-с "хутга нь хаана байсан юм бол” гэж асуухад "Б-ийн хаасанд байсан юм байна лээ” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч Б.Б-ийн "2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Чихэрт гэх газарт байх гэртээ байхад О, Н, Г гурав согтуу ирсэн. Ирэхдээ 0.75 граммын Хараа нэртэй архитай ирээд тэр хэд хувааж уусан. Тэр гурав согтуу ирсэн болохоор талаараа хэвтэж байсан, архины ихэнхийг нь Б уусан. Тэгснээ "хүний архийг яаж зүгээр уух вэ” гээд ноолуур аваад явсан. Тэгсэн Н, О нар явах болоод Н-ын мотоцикл нь гэрэл байхгүй болохоор Гийн мотоциклыг унаад явсан. Г манайд унтаж байтал Б ирээд Гийг эхнэр нь дуудаад байна гээд бас Гийг цагаачид, гуйлгачид гээд эсэн шидээр хэлээд байсан. Г сэрээд явахгүй л гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр Б ирээд Б тэр хоёр машинтай яваад өгсөн. Г шөнө 2 цагийн үед сэрээд Б-ын мотоциклыг унаад явсан. Тэгсэн шөнө 5 цагийн үед Б алхаж ирснээ "Б машинаас буу гээд буусан чинь давхиад явчихсан, намайг гэрт хүргээд өгчих” гээд байхаар нь гэрт нь хүргэж өгсөн. Б-ынхтай хамт Г-ийнх байдаг юм. Тэгээд Гийн вогончиг потор ороход Г, Б хоёр 0.75 литрийн архи тавьсан, бараг дуусаж байсан. Тэгтэд миний араас Б орж ирээд Гийг "чи муу мотоцикл унаад явлаа, цагаачид битгий давраад байгаарай” гээд агсраад байтал Б босож очоод Б-тай зууралдаж аваад нүүр рүү нь цохисон. Тэгтэл Б буцаагаад нүүр рүү нь мөргөж байгаа харагдсан. Би хүнтэй утсаар ярих гээд байж байтал О эгч "хөөш ээ” гэхээр нь хартал Б гартаа хутга барьчихсан байхаар нь О эгчтэй нийлж байгаад хутгийг нь аваад гарч зодолд гээд л гаргасан. О эгч Б-ын цусыг цэвэрлэсэн. Би Б-ын барьж байсан хутгийг нь аваад халаасалчихсан. Тэгээд гэртээ ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/
Гэрч Д.Г-ийн "Өнөөдөр өглөө Сайнцагаан сумын 1 дүгээр багт Цагаан-Ус гэх газарт вагончигтоо унтаж байхад Б орж ирсэн. Тэр үед 6 цаг өнгөрч байсан байх. Б-г ирэхээр нь гэрт байсан 0.75 литрийн тал архи байсныг нь уусан. Тэр архинаас хоёр татсанаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Унтаж байгаад сэрсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан. Өчигдөр Б, О, Н бид хэд 0.75, 0.5 литрийн архи хувааж уусан. Б, Б хоёрыг маргалдсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 134 тоот "Д.Б-ын биед бугалгад хатгагдсан шарх, зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатгагдсан шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, зовхины зөөлөн эдийн няцрал нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 34-35/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 137 тоот "А.Б-ийн биед духанд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь тус тусдаа хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 40-41/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/
Согтуурал шалгасан "А.Бг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 57 минут, 2,06 хувийн согтолттой” гэх магадалгаа /хх-ийн 10/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг, Цагаан-Ус гэх газарт бусдад зодуулсан, баруун гарын бугалга хэсэгтээ хутгалуулсан үйл явдал болжээ.
Уг үйл явдлын улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд "бугалгад хатгагдсан шарх, зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан болох нь шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 134 тоот дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд учирсан "бугалгад хатгагдсан шарх, зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл”-г шүүгдэгч А.Б нь цохих, хутгаар хатгах зэргээр 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр учруулсан болох нь гэрч Б.Б, Ц.О, хохирогч Д.Б нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч А.Б-гийн хохирогч Д.Б-ыг цохих, хутгаар хатгах зэрэг үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогч Д.Бад 350.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх хуралддаанд оролцсон улсын яллагчийн санал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүдэгч нь хохирогч Д.Бад 350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч Д.Б нь шүүгдэгчээс бие махбод болон сэтгэл санааны хохиролд 4.000.000 төгрөгийг гаргуулна гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч өөрийн хохирол нэхэмжлэлийн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б нь өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирлын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжлэлийн талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
Иймд хохирогч Д.Б-ын нэхэмжилсэн 4.000.000 төгрөгийн хохирол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөвөн бамбар 1 ширхэг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан нийт урт нь 15.7 см, ажлын хэсгийн урт 6.2 см, бариул хэсгийн урт 9.5 см урт, хүрэн өнгийн модон иштэй /3 ширхэг шар хадаастай/ эвхдэг хутгыг тус тус эд мөрийн баримтаар тооцож, хэргийн хамт ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дуга зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ............... овогт А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............. овогт А.Б-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн зүйлгүй, шүүгдэгч А.Б нь хохирогч Б.Бад 350.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
б.Эрүүгийн хэрэг хянан шийтгэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хохирогч Б.Б-ын нэхэмжилсэн 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөвөн бамбар нэг ширхэг, 15.7 см урттай хүрэн иштэй эвхдэг хутга нэг ширхэгийг тус тус устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ