Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгч, хохирогч Б.Г, Б.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г, Б.О нарт холбогдох 2222000850085 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. төрсөн, .......... настай, ам бүл ................. ......................... оршин суух, Б.Г

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ................... төрсөн, ............. настай, ам бүл ......................... .................... оршин суух, Б.О

 

         Шүүгдэгч Б.О нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан,

 

         Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ Б.О-тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед тархи доргилт, нүдний эвэрлэг, зовхины цус хуралт, чихний мөгөөрсний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

          Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би 2022 оны 04 сарын 05-ны өдөр найз Ч, Н нартай  аймгаас 30 км зайтай хөдөө айлд очъё гэсэн 2 найзын хүсэлтээр Г-ынд очсон. Очоод Г-ын 2 найзтай 7-уулаа, авч очсон 0,75 литрийн архийг уусан. Хотоос ирсэн 2 хүнийг нь танина, юм яриад сууж байтал хажуугаас Г “чи намар манай найзаас адуу авах гэж байгаад авч чадаагүй” гэхээр нь “чамтай наймаа хийх гээгүй” гэсэн чинь Г “чам шиг юм миний найзын адууг миалахгүй” гээд намайг дараад унасан. Тэгээд би тийрсэн боловч онож чадаагүй. Миний үйлдлээс болж Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хотоос ах эгч ирсэн байхад аймгаас ах эгчийн найз гээд ирсэн. О манай ах эгчтэй юм ярьж байхад нь би голоор нь ороод муудаж зодолдсон. Тэгтэл О миний нүүр рүү цохихоор нь зөрүүлж цохиод авдрын хажууд суутал О аягатай хоолоо шидээд гарсан. Тэгэхээр нь би “ингэж байгаа бол гаръя” гээд гарч зодолдсон. Миний үйлдлийн улмаас От хохирол учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

          Хохирогч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр От зодуулж уруул язраад, толгой өвдөх зовуурь учирсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэв.

 

          Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...  “...2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Г-ын гэрт байхад адуу авч чадаагүй чам шиг юм адуу голдоггүй юм гээд зэрэгцэж сууж байсан 2 хүнтэй хамт намайг арагш дарж унагаад 2-3 удаа нүүр рүү цохисон. Цаанаас нь хүмүүс татсан. Тэгээд гэрээс нь гараад намайг хавсарч унагаад баруун гар хүзүүн дээгүүр тохоод нүүрэнд 4-5 удаа цохисон. 2 гар хөдлөх боломжгүй байсан учраас нүүрээ хамгаалахыг хичээж байсан. Тэгээд эхнэр нь гүйж ирээд боль гэсэн намайг тавиад явсан. Г-т зодуулсандаа гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Гэрч М.О-ийн “...Манай гэрт таньдаг хуурай ах, эгч 2 ирсэн. Тэгтэл бас аймгийн төвөөс Н, Ч, О нар ирсэн. Ирэхдээ нэлээн согтуу байсан. Тэд нар 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. О яагаад байгаа нь мэдэгдэхгүй баярхаад гэнэт л манай нөхрийг вогончигний хойд талд сууж байхад нь нүүр рүү нь гараагаар цохиод авсан. Тэгээд манай нөхөр босож очоод О-тай зууралдаад заамдаад авахаар нь бид нар салгаад нөхрөө газар суулгатал О эргээд дахиад л манай нөхрийн нүүр рүү нь хөлөөрөө өшиглөчихсөн. Тэгээд манай нөхөр уурлаад “чи яасан их юм ярьдаг юм, 2-уулаа эр хүн шиг зодолдчихъё, чи харин санал гомдолгүй гэдгээ бичээд гарын үсгээ зурчих” гэсэн. О “би тэгж новшрох эр хүн биш” гээд тэр 2 гарсан. Би араас нь Ч-тай гарсан чинь манай нөхөр О-ыг газар унагаад дээр нь сууж байгаад гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би очиж Г-ыг салгаж аваад Н, Ч, О 3 аймаг руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

 

Гэрч Н.Н-ын “...Аймгийн төвөөс О, Ч нарын хамт Г гэдэг хуурай дүүгийнхээ гэрт нь очихоор явсан. Хотоос манай найзууд Х, М 2 Г-ын гэрт нь ирсэн байсан. Гэрт нь 0.75 литрийн 1 шил архи хувааж ууж байгаад би хороог нь эргэж, төл малыг нь харах гээд гарсан. Тэгээд удалгүй гэр рүү нь ортол Г, О 2 хоорондоо маргалдсан шинжтэй байсан. Тэр 2 гадаа гарч хоорондоо заамдалцаж зууралдаад байсан. Тэгтэл Г О-ыг газар унагаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон.  Тэгэхээр нь бид нар салгаад О-ыг аваад явсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Тэр хоёрт ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/ 

 

          Гэрч Ц.Ч-ын “...Би Н найзынхаа хамт ажлынхаа О-ын хамт хөдөө ойрхон айл руу явсан. Хөдөө очсон айл нь Г гэдэг залуугийнх байсан. Тэднийд хотоос бас 2 хүн ирсэн байсан. Тэр айлд бид нар 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэгтэл О, Г нар адуу мал яриад хоорондоо маргалдаад байсан. Би гадаа гарч бие засаад ороод ирэхэд Г, О нар хоорондоо зууралдчихсан байсан. Тэгэхээр нь салгатал Г “гадаа гараад эр хүн шиг үзье” гээд гадаа гарсан. Тэгээд Г О-ыг хөлөөрөө хавсарч унагаад дээрээс нь 1 удаа цохисон. Тэгээд салгаад О, Н 2-ын хамт аймаг руу явсан ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

Гэрч А.Х-ийн “...2022 оны 04 дүгээр сарын эхээр би эхнэр М, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан суманд очиж найз Н-ын гэрт хоносон юм. Маргааш өдөр нь эхнэр, хүүхдүүдийн хамт найз Г-ын гэрт очсон. Г-ын гэр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багт байдаг юм, газрынх нь нэрийг тодорхой мэдэхгүй байна. Г-ын гэрт нь очиход Г болон түүний эхнэр О нар байсан. Тэгээд би найзтайгаа уулзаж тэр өдөр гэрт нь хоносон. Маргааш нь Н, Ч, О нар Г-ын гэрт ирсэн. Тэгээд бид нар Г-ын гэрт хоол идээд, 1 шил архи задлаад сууцгааж байсан юм. Н, Ч, О нар анх ирэх үед Н нь нэлээн согтуу байсан, О бас нэлээн халаалттай, Ч нь жолоо барьж ирсэн учир эрүүл байсан. Тэгээд хамт архи ууж сууцгааж байтал О, Г нар хоорондоо арилжаа наймааны талаар ярьцгааж байгаад маргалдаж эхэлсэн. Г нь гэртээ орондоо нүцгэн шахуу хэвтэж байсан. Тэгсэн чинь О босож очоод Г-ыг нүүрэн тус газарт нь өшиглөчихсөн. Тэгсэн чинь Г-ын хамраас нь цус гараад Г, О нар харилцан ноцолдоод дээр доороо ороод эхэлсэн. Би О-ыг дээрээс нь татаж арагш нь болгож холдуулсан, манай эхнэр М нь Г-ыг орных нь тэнд буланд нь шахаад байж байсан. Тэгээд би О-ыг дагуулаад гарах хооронд О нь ширээн дээр байсан аягатай хоол барьж аваад Г руу шидсэн. Шидсэн аягатай хоол нь манай эхнэрийн толгойг шүргэж өнгөрсөн. Тэгээд би О-ыг дагуулж гараад машинд нь суулгаад Ч-ыг аваад яв гээд хөдөлгөөд явуулсан. Н, Ч, О нар яваад 5, 10 минут болсон уу үгүй юу буцаад хүрээд ирсэн. Тэр үед нь би Г-ыг аваад хашааны ар руу зугтаалгасан. Тэгсэн чинь О нь дахиад Г-тай уулзъя баръя гээд дуудаад, дахиад О, Г нар уулзаж байгаад харилцан зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-ийн 25-26/

 

Гэрч С.М-ийн “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би нөхөр Х, 2 хүүхдийн хамт Г-ын гэрт очиход Г болон түүний эхнэр О нар байж байсан. Тэгээд тэр өдрөө бид нар оройтож очоод хоол идээд тэндээ хоносон. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өглөө Н, О, Ч нар ирцгээсэн. Г гэртээ орноосоо босоогүй, орондоо хэвтэж байсан. Тэгээд бид нар хоол идээд архи задалсан. Тухайн үед Г, О нар урьд нь болсон наймааныхаа талаар ярилцаж байгаад түүнээсээ болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд О нь босоод Г-ыг орондоо хэвтэж байхад нь очоод өшиглөчихсөн. Тэгсэн чинь Г-ын уруулынх нь тэнд язраад хамраас нь цус гарсан. Тэгээд л О, Г нар харилцан зодолдож, Х бид хоёр дундуур нь орж салгах гэсэн боловч зодолдоод салахгүй байсан. Тэгж байхад манай нөхөр Х нь Г-ыг дагуулж гараад малын хашааны цаагуур холдуулж аваачсан. Тэгээд Г-ын эхнэр О бид хоёр О-ыг гэрээс нь гаргаад машинд нь суулгаад тэр хэдийг явуулсан. Тэгээд машин хөдөлж яваад вагончигийг тойроод Г-ын явсан зүг рүү очиж дахиад О нь Г-тай ноцолдож харилцан зодолдож эхэлсэн. Тэгээд Х бид хоёр татаж зулгааж байгаад О-ыг машинд нь суулгаж тэр хэдийг тэндээс явуулсан. Тэгээд О нь явахгүй эргэж ирээд байхаар нь О уйлаад яваад өгөөч гээд загнасан чинь Ч нь тэр хоёрыгоо дагуулж явсан. О нь уурлаж маргалдаж байхдаа аягатай хоол барьж аваад Г руу шидсэнд нь би оногдоод тэрнээс болж миний толгой хавдсан байсан. Мөн О нь Г-ыг өшиглөж байхад би дундуур нь орж өөрийн зүүн гарандаа өшиглүүлсэн. Тэр үедээ хөхөрсөн байсан. Миний хувьд зодоон болж байхад салгах гэж дундуур нь ороод биедээ бага зэрэг гэмтэл авсан, миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн үед миний биед учирсан гэмтэл шарх одоо бүрэн эдгэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128 дугаартай “Б.О-ын биед тархи доргилт, нүдний эвэрлэг, зовхины цус хуралт, чихний мөгөөрсний хугарал, дух, цээж, хүзүү, гуянд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, нүдний эвэрлэг, зовхины цус хуралт, чихний мөгөөрсний хугарал гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, хүзүү, цээж, гуя, хуйхан доорх зөөлөн эдийн няцрал цус хуралт нь гэмтийн зэрэгт хамаарахгүй.  Тухайн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр  сарын 19-ний өдрийн 131 дугаартай “Б.Г-ын биед уруулын дотор салстын язарсан шарх, уруулын дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулын дотор салстын язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 41-42/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд

Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Г, Б.О нар нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж зодсон, үйл явдал болсон байна.

          Уг үйл явдлын дараа Б.О-ын эрүүл мэндэд “тархи доргилт, нүдний эвэрлэг, зовхины цус хуралт, чихний мөгөөрсний хугарал, дух, цээж, хүзүү, гуянд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, Б.Гын  эрүүл мэндэд “уруулын дотор салстын язарсан шарх, уруулын дээд хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 128, 131 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч, хохирогч Б.О-ын биед учирсан “тархи доргилт, нүдний эвэрлэг, зовхины цус хуралт, чихний мөгөөрсний хугарал, дух, цээж, хүзүү, гуянд цус хуралт, хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийг шүүгдэгч Б.Г гараараа цохих байдлаар учруулсан болох нь гэрч Н.Н-ын “газар унагаж байгаад нүүр рүү нь нэг удаа цохисон” гэх, гэрч Ц.Ч-ын “Г О-ыг хөлөөрөө хавсарч унагаад дээрээс нь нэг удаа цохисон” гэх хохирогч Б.О-ын “шууд босож ирээд нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохисон” гэх мэдүүлгүүдээр,  шүүгдэгч, хохирогч Б.Г-ын биед учирсан “уруулын дотор салстын язарсан шарх, уруулын дээд хэсгийн зулгаралт” бүхий гэмтлийг шүүгдэгч Б.О цохих, өшиглөх байдлаар учруулсан болох нь гэрч А.Х-ийн “О босож очоод Г-ын нүүрэн тус газарт өшиглөсөн” гэх, гэрч С.М-ийн “О нь босоод Г-ыг орондоо хэвтэж байхад нь очоод өшиглөсөн” гэх, хохирогч Б.Г-ын “гэнэт босож ирээд миний нүүр рүү гараараа цохисон, тэгээд сууж байтал миний нүүр рүү өшиглөсөн” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Б.О, Б.Г нарын харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч  Б.О, Б.Г нарыг  тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Б.О, Б.Г нар нь харилцан биедээ гомдолгүй, өөрсдийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа” үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЗ/283 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүхэд ирүүлсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

          Шүүгдэгч Б.О, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч .................. овогт Б.Г, .............. овогт Б.О нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ овогт Б.Г, ............. овогт Б.О нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХБАТ