Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 187

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12-125 тоотод оршин суудаг гэх Сайхан овгийн Дэмбэрэлдоржийн Ерэнбаатар /ЧЛ-74052314 /-ын нэхэмжлэлтэй,

 

    Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, 9-43 тоотод оршин суудаг гэх Алагчууд овогт Балжиннямын Баярсайханд /МЕ-77012612/ холбогдох

 

  “Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        

   Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхзул нар оролцов. 

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          ... Миний бие нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б.Баярсайхантай 03,04 тоот түрээсийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 54-55 УБ, 20-54 Уб улсын дугаартай эксковаторуудыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл түрээсэлсэн. Нэг эксковаторын 15 хоногийн түрээсийн төлбөр 9.000.000 /есөн сая/ төгрөг байхаар гэрээгээр тохиролцсон.

           Б.Баярсайхан нь түрээсийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн төлбөрийг сар бүрийн 15,30-ны өдрүүдэд өгч байхаар тохирсон байсан.

Б.Баярсайхан нь 54-55 УБ болон 20-54 УБ улсын дугаартай эксковаторуудын түрээсийн төлбөрт 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 135.400.000 /нэг зуун гучин таван сая/ төгрөг төлөх ёстой байтал 101.000.000 /нэг зуун нэг сая/ төгрөгийг төлөхгүй, түрээсийн гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд дараах үндэслэлээр түрээсийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэхь хэсэгт зааснаар “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн гэрээний дагуу Ерэнбаатар нь өөрийн өмчлөлийн 54-55 УБ, 20-54 УБ улсын дугаартай эксковаторыг Б.Баярсайханы эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн үйл баримт нь талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг нотолж байна. Харин Б.Баярсайхан нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03,04 тоот түрээсийн гэрэний үлдэгдэл төлбөр болох 34.400.000 /гучин дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг төлөөгүй байна.

Иймд:

  1. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03,04 тоот түрээсийн гэрээний

төлбөрт 34.400.000 /гучин дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг

           2. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээний 4.2 дахь хэсэгт “... Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх ба төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө...” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу Б.Баярсайханаас алдангид 17.200.000 /арван долоон сая хоёр зуун мянган/ төгрөг

          3. Эксковаторуудын буцах трайлерийн төлбөрт 5.000.000 / таван сая/ төгрөг нийт 56.600.000 /тавин зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийг Б.Баярсайханаас гаргуулж өгнө үү! гэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар, хариуцагч Б.Баярсайхан нар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

           ... Тус шүүхэд хянагдаж буй Д.Ерэнбаатарын нэхэмжлэлтэй Б.Баярсайханд холбогдох түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56.600.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэгч Д.Ерэнбаатар миний бие нэхэмжлэлийн дараах шаардлагаас татгалзаж үлдсэн мөнгөн төлбөр дээр эвлэрэхээр болов.

          1. Алдангид нэхэмжилсэн 17.200.000 төгрөг, трайлерийн төлбөр 5.000.000 төгрөг, түрээсийн төлбөрөөс 19.400.000 төгрөг нийтдээ 41.600.000 төгрөгөөс татгалзаж үлдэх 15.000.000 төгрөг дээр эвлэрэхээр болов.

            2. Эвлэрч буй үнийн дүн болох 15.000.000 төгрөгөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцов.

           3. Төлбөрийг Д.Ерэнаатарын эзэмшлийн Төрийн банк дахь 105700140514 тоот дансанд тушаахаар тохиров.

           4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ... гэжээ.

  Зөвшөөрсөн:

 

         Нэхэмжлэгч: Д.Ерэнбаатар                                       Хариуцагч Б.Баярсайхан гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.Ерэнбаатар нь хариуцагч Б.Баярсайханаас “Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 56.600.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж  нэхэмжлэлийн шаардлага болох 56.600.000 төгрөгнөөс нэхэмжлэгч 41.600.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, үлдэх 15.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 15.000.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 232.950 төгрөгний тал хувь болох 116.475 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 116.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ерэнбаатарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ерэнбаатар болон хариуцагч Б.Баярсайхан нар нь 15.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 440.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 116.475 төгрөгийг хариуцагч Б.Баярсайханаас, 116.475 төгрөгийг Сүхбаатар сумын орон нутгийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ерэнбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Энэхүү захирамжид зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

    

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ